Quantcast
Channel: Ярилцлага – Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 756

Ш.Наранчимэг: Манай сонгодог урлаг дэлхийтэй мөр зэрэгцэж байна

$
0
0

33Монголын сонгодог урлагийн өлгий УДБЭТ-ын дуучин СТА Ш.Наранчимэг бие даасан тав дахь тоглолтоо “Хүний заяа” нэртэйгээр хийх гэж байна. Дуурийн театрын тайзнаа 13 жил дуулахдаа дэлхийн болоод үндэсний шилдэг дуурийн гол болон туслах дүрийг амилуулж ирсэн түүнийг тоглолтын бэлтгэл ажлаа базаагаад ид завгүй байх үед нь тоглолтын талаар болоод дуурийн дуучны амьдрал хийгээд ирээдүйн хүсэл мөрөөдлийнх нь талаар сонирхолтой яриа өрнүүлсэн юм.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Анх УДБЭТ-д хөл тавьж байсан үеэс тань яриагаа эхэлье.

-Би 2003 онд СУИС төгсөөд л шууд УДБЭТ-ын найрал дуунд орж байлаа. Найралд дуулж байхдаа л гоцлол дуучин болох гараагаа эхэлж, тэр үед гурван дуурийн гол болоод туслах дүрийг бүтээгээд байсан. Жил гаруй найрал дуу дуулж байгаад гоцлол дуучин болж байлаа. Одоо би 20 гаруй дуурийн гол ба туслах дүрийг дуулжээ. Оюутан цагаасаа хойших тоглолт гэж үзвэл энэ тоглолт маань миний долоо дахь, УДБЭТ-ын тайзан дээр хийж байгаа тав дахь тоглолт маань болж байна.

-Хамгийн анх УДБЭТ-ын тайзнаа дуулж байсан үеэ эргэн дурсвал?

-Анх удаа учраас их сандарч, эмээж байсан. Айж сандарч байгаагаа мэдэгдэхгүйн тулд л мэрийж дуулсан. Багшаасаа дараа нь асуухад сандарч байгаа нь мэдэгдээгүй гэхэд их баярлаж билээ. Багш маань нэгэнт л урлагийн хүн болсон учир айдсаа маш сайн нуудаг, сэтгэлийн хөдөлгөөнөө дарж үзэгчдэд уран бүтээлээ хүргэх ёстой гэж хэлж байсныг нь байнга санаж тайзан дээр гардаг. Хамгийн анх Чингис хаан дуурийн Хадааны дүрд тоглож байлаа. Хамгийн анхны дүр учир энэ дүрдээ их хайртай. Одоо Чингис хаан дуурийн Бөртэд дуулдаг болсон. Бас Моцартын Дон Жуан дуурийн Донна Элвирагийн дүрд дуулж байлаа. Тэр үедээ ч том дуурь байсан одоо ч том санагддаг. Пуччинигийн Богема дуурийн Мюзетта гээд бас том дүрд дуулж байлаа. Энэ гурван дуурьт дуулсны эцэст УДБЭТ-ын гоцлол дуучин болж, түүнээс хойш гурван дуурь маань 30 болжээ.

-Та сапрон хоолойгоор дуулдаг. Сапрон хоолойны онцлог нь юу юм болоо? 

-Тийм ээ, би сопрано хоолойгоор дуулдаг. Мэдээж эмэгтэй хүний хамгийн нарийн хоолой сопраногоор  гардаг. Дотроо сопрано хоолой хоёр төрөлтэй. Би драматик талруугаа сопрано хоолойгоор дуулдаг. Бас ямар дуурь дуулах гэж буйгаасаа хамаараад хоолой өөрчлөгдөх үе бий л дээ. Дэлхийн дуурийн дуучид Моцарт, Верди, Пуччини дуулдаг гээд ангилчихсан байдаг бол манай дуурийн дуучид бүгдийг нь дуулдагаараа онцлогтой. Нэгэнт л бид Монголын дуурийн дуучин болсоноос хойш бүгдийг нь дуулах ёстой болдог.

Үндэсний болоод гадаадын сонгодог дуурь дуулахад ер нь аль нь хэцүү байдаг юм бол?

-Аль, аль дуурь нь хэцүү л дээ. Гэхдээ үндэсний дуурь илүү хэцүү санагддаг. Учир нь монгол хэл дуурьд зориулагдаагүй юм. Маш их энерги, эрч хүч шаарддаг. Би бүхий л дуурь дээр эн тэнцүү энерги, эрч хүч гаргаж дуулдаг.

-Таны хувьд хамгийн их ур чадвар шаардсан бүтээл ямар дуурь байв?

-Дэлхийн гранд опера гэдэг утгаараа “Аида” дуурь надаас маш их ур чадвар шаардаж байлаа. Гурван цаг гаруй үргэлжилдэг энэ дуурьт нь дуулах хэсэг маш их. Ари, дуэт гээд  30 минут шахам тасралтгүй дуулдаг. Аида дуурийг дуулахад би ямар түвшинд байгаагаа мэдэж, надаас маш их ур чадвар шаардсан л даа. Мэдээж Тоска, Трубадур гээд дуурь байгаа л даа. Илүү их хүчтэй дуулалт шаарддаг, жинхэнэ драматик сопрано хоолойг Аида, Тоска дуурь харуулдаг. Трубадур дуурь дээр нугалаа, нарийн мэдрэмжийг гаргадаг. Гэхдээ дуурь бүр л торгон мэдрэмж, хоолойны асар их чадлыг шаарддаг даа.

- Дуурийн дуучид давхар жүжиглэдэг шүү дээ.

-Тийм ээ. Эхлээд удирдаач, оркестартайгоо гар нийлдэг. Энэ хооронд өрөлт орж, жүжиглэлтээ давхар бэлддэг. Урд 60 хүний оркестор, ард 60 хүний найрал, хажууд дуучид байгаа энэ үед бүх анхаарлаа л тал, тал тийшээ хандуулдаг. Бүх зүйл цаг, минутаар хэмжигддэг учир нилээн чармайлт, хөдөлмөр шаарддаг.

-Өвлийн улирал эхэлж, утаа ч ихэсч байна. Дуурийн дуучид хоолойгоо өвлийн улиралд яаж хамгаалдаг юм бол оо? Хотын их утаа дуучны хоолойд сөргөөр нөлөөлдөг байх. 

-Хоолойгоо хамгаалахын тулд мэдээж даарахгүй байх ёстой. Дулаан хувцаслаж байх хэрэгтэй. Шууд дуулаад гадагшаа гарч болдоггүй. Дуурийн дуучдын хувьд өвөл бараг л салхинд гарна гэсэн ойлголт байхгүй. Учир нь хоолойгоо гамнах ёстой. Бид утаатай орчинд хоолойгоо хамгаалах гэж, хэцүү орчинд л дуулах гэж чармайж байна даа. Гадаадад очоод дуурь дуулахад хоолой их гоё цээл болчихдог. Гэхдээ манай улс эрс, тэс уур амьсгалтай ч манай дуучид хэдий нь дэлхийн тавцанд гарчихлаа.

Уран бүтээлч хүний хувьд ийм дуурьд тоглочих юмсан гэсэн мөрөөдлийн дүр байдаг биз дээ?

-Мэдээж байлгүй яахав. Би УДБЭТ-д орсон цагаасаа л Пуччинигийн Турандот дуурийн Турандотын дүрд дуулахыг хүссээр ирсэн. Одоохондоо энэ дуурийг шинэчилж тавина гээд хаачихаад байгаа. Турандот дуурьд дуулах миний бас нэг мөрөөдөл юм.

-Дуурийн дуучин болоход хэн танд хамгийн их нөлөөлсөн бэ? Багш нараа дурсаач?

-Би наймдугаар ангиа төгсөөд л Хөгжим бүжгийн коллежид ирж байсан учраас эцэг эх маань хамгийн их дэмжсэн. ХБК-оо төгсөөд СУИС-т ороод, УДБЭТ-т ажиллаж байгаад хоёр жил болоод Итали улсад мэргэжил дээшлүүлсэн. Гавьяат жүжигчин Бүтэд багшдаа маш их баярлаж явдаг. Одоо бид хоёр яг л ээж охин хоёр шиг байдаг.

Дуурийн дуучны хувьд тухайн дүрээ судлахын зэрэгцээ хэлний хувьд ч чамгүй мэдлэгтэй байж, үг, утга агуулгаа ойлгох шаардлагатай болдог байх?

-Дуурийн дуучид нэг дуурь дууллаа гэхэд эхнээс нь дуустал цэг, таслалгүй судалж дуулдаг. Хаана, хэзээ дуулагдаж байсан, хэн дуулж байсан гээд бүгдийг нь судалдаг. Бидний хийх ёстой ажил учраас орчуулж дуулахад бол түүртээд байдаггүй.

Өмнө та хэд хэдэн тоглолт хийж байсан. Энэ удаагийн тоглолтын онцлог нь юу вэ?

-Энэ сарын 25-нд УДБЭТ дээрээ оркестортой тоглолтоо хийнэ. Өмнө нь би дандаа дэлхийн сонгодог, Монголын сонгодог гэж хольж дуулдаг байсан бол энэ удаа зөвхөн Монголын сонгодгийг дуулахаараа онцлог. Жишээлбэл, Гончигсумлаа, Бирваа, Лувсаншарав, Шарав, Жамцанноров гээд Монголын шилдэг хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийг хүргэнэ. Тоглолтын бэлтгэл гээд завгүй л байна даа.

Чөлөөт цаг гарах юм уу. Чөлөөт цагаараа юу хийж өнгөрүүлэх дуртай вэ?

-Дуурийн дуучдын хувьд чөлөөт цаг бага байдаг. Бид дууриас дуурьт шилжих хооронд хэдэн өдөр амардаг. Тэр хугацаандаа гэртээ байхыг л боддог. Бас хөдөө явах дуртай ч хоолой өвдөх магадлал өндөр байдаг учраас явахыг боддоггүй. Театр маань маш их дуу, шуугиантай учраас гэртээ чимээгүйхэн амрахыг л эрхэмлэдэг.

-Таны мөрөөдлийн тайз юу вэ?

-Мэдээж хэрэг дуурийн дуучин бүрт л ийм мөрөөдөл байдаг байх. Миний хувьд яг оноод нэрлэх театр байхгүй байна. Стэнфордын их сургууль, Улаан-Үүд, Солонгос гээд гадны зөндөө л тайзанд дуулж байлаа. Дуулсан туршлагаа харахад Монголын дуучид дэлхийн түвшнээс хоцрогдоогүй юм байна гэдгийг л ойлгосон. Амартүвшин Германд, Ариунбаатар Мариинский театрт дуулж, АНУ-д Алтанхуяг бүжиглэж байна. Японд бас манай балетчид бүжиглэж байна. Манай сонгодог дэлхийтэй мөр зэрэгцэж байгаа.

-Дуурийн театраа орхисны дараа ч дуулсаар байх уу?

-Би дуулаачийн багш хийе л гэж бодож байгаа. Театрт гоцлол дуучин 20 жил, хүсвэл 5 жил сунгаж болдог. Саяхнаас багшилъя гэж бодож эхэлсэн.

Хэрэв та дуурийн дуулаач болоогүй байсан бол гэж бодож байв уу?

- Хэрэв би дуурийн дуулаач болоогүй байсан бол спортын л хүн болох байсан байх. Ер нь л би ямар нэгэн зүйлд хүчээ үздэг тийм шинжийн хүн байгаа юм.

Шинээр төгсөж буй дуурийн дуучдад хандаж та зөвөлгөө өгвөл?

- Маш их хөдөлмөрлөх хэрэгтэй. Коллеж, их сургууль, доктор гээд бүх шатанд суралцах хэрэгтэй. Олон жил суралцах тусам л тухайн хүн үнэ цэнэтэй болдог. Ер нь дуурийн дуучин байна гэдэг асар их хөдөлмөр, тэвчээр шаарддаг учраас өөрөөс чинь л бүх зүйл шалтгаална гэдгийг хэлмээр байна.

М.Ариунцэцэг

newscom.mn


Viewing all articles
Browse latest Browse all 756

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>