Quantcast
Channel: Ярилцлага – Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 756

О.Эрдэнэ-Очир: Дэлхийн шилдэг хамтлагууд одоо бидний өрсөлдөгч болсон

$
0
0

        Латин бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тайзан дээр мөсөн хатныг амилуулж, олон улсын шүүгчдээс өндөр үнэлгээ авсан “Moon dance” хамтлагийн ахлагч, бүжгийн спортын дэд мастер О.ЭРДЭНЭ-ОЧИРТОЙ ярилцлаа. Монголын бүжгийн спортын түүхэнд нэгэн шинэ хуудас нэмсэн хамтлагийнхан энэ жил дэлхийн аваргын тавдугаар байрт шалгарч, Азийн бусад орноос авьяас, ур чадвараараа онцгойрч чадсан юм.

-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцоод ирсэн танай хамтлагийнханд баяр хүргэе. Европын шилдэг латин бүжигчдийг ардаа орхиход ямар хүчин зүйл нөлөөлсөн бэ?

-Баярлалаа. Манай хамтлагийнхан дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэлийг “Сарны цом”-ын дараагаас хийж эхэлсэн. Яг үндсэн бэлтгэлдээ өнгөрсөн наймдугаар сарын 1-нд орсон. Энэ үеэр бид “Авьяаслаг монголчууд” шоунд оролцож байлаа. Тэмцээнд оролцохоор бэлтгэсэн бүжгийнхээ хэсгийг шоуны үеэр үзүүлсэн учраас бидэнд асуудал үүсээгүй. Тиймээс бэлтгэл сургуулилтаа сайн хийсэн нь биднийг тэмцээнд амжилттай оролцоход нөлөөлсөн хүчин зүйлийн нэг. Дэлхийн аваргын үеэр зургаан минутад дэглэсэн бүжгээ үзүүлэх ёстой байдаг. Тэр хугацаанд аль бүжгийг хэдэн минут хийх нь дэглэлтээс шалтгаалдаг. Манай хамтлагийн бүжиг румбагаар эхэлдэг. Энэ жил бид “Мөсөн хатан” гэсэн зохиомжоор бүжгээ дэглэсэн. Өнгөрсөн жил фламинго стилийн бүжиг дэглэн тэмцээнд оролцож байсан юм. Бүжгээ дэглэсний дараа аяа тааруулан зохиолгодог. Энэ жил манай хамтлагийнхан аяа хийлгэчихээд Герман руу явуулж, мэргэжлийн хүнээр хянуулсан. Өмнөх жилүүдэд бүжгийн аяа Монголд хийлгээд явахаар тэмцээний үеэр алдаа гаргадаг байсан. Тиймээс энэ жил асуудал үүсээгүй. Бидний хийж байгаа бүжиг болгон өөрийн гэсэн цохилттой байдаг. Бүжигчид үүнд тааруулдаг учраас ая их чухал үүрэгтэй байдаг юм.

-Одоо хүртэл та бүгдийн цагийн зөрүү арилаагүй бололтой. Германд очиж тэмцээнд оролцоход цагийн зөрүү гарахгүй хэцүү байв уу?

-Бид уур амьсгал, цагийн зөрүүндээ дасахын тулд тэмцээн эхлэхээс хоёр хоногийн өмнө очсон. Германд очоод тэмцээн болтол сургуулийн заал түрээслээд бэлтгэлээ хийж байлаа. Тэмцээний өмнөх өдөр ерөнхий шүүгч хамтлагийн бүжгийг шалгаж, анхаарах зүйл байвал хэлж зөвлөгөө өгдөг. Бидний бүжгийг үзсэн шүүгч ямар нэгэн зөвлөгөө өгөөгүй учраас эхний шатанд ямар ч айдасгүй орсон. Тэгээд ч өмнөх жилүүдэд эхний шатны шалгаруулалтаас амжилттай гарч чадсан учраас санаа зовоогүй. Бид шилдэг зургаад үлдэж, тэмцээнд түрүүлэхийн төлөө явсан. Тиймээс ч сүүлчийн шалгаруулалтад нүүрний хувирал, бүжгийн гүйцэтгэл гээд бүхий л зүйлээ хамгийн сайнаараа хийхийг хичээсэн. Хичээл зүтгэлийн үр дүн ч гарч бид шилдэг зургаан хамтлагийн нэг болж чадсан. Хүмүүс ч гэсэн бидний бүжгийг шинэ соргогоор хүлээж авсан. Учир нь, бусад хамтлагийнхан өнгөрсөн жил бүжиглэсэн бүжгээ хийж байсан. Харин бид шинэ бүжиг дэглэж орсон нь зөв шийдвэр болсон доо.

-Дэлхийн аваргад нэг бүжгээр хэдэн ч удаа оролцож болдог юм уу?

-Ер нь тэмцээний үеэр нэг бүжгийг гурван удаа бүжиглэдэг. Тэмцээнийг 24 шүүгч хянаж байдаг. Тэд бүжгийн техник, хамтран бүжиглэх чадвар, зохиомж, хайрцаг дэглэлт, ая зэрэг зүйлийг нарийвчлан шүүдэг. Өнгөрсөн жил манай хамтлаг маш бага оноо дутаж долоодугаар байрт шалгарч байв. Тиймээс бид энэ жил алдаагаа давтахгүйг маш их хичээсэн. Тэмцээнд нийтдээ 40 оноотой авдгаас манай хамтлагийнхан 32-ыг нь авсан. Хэтэрхий хичээсэн учраас ч юм уу зарим охин хүнд үзүүлбэр дээрээ алдсан. Ер нь бид энэ жил бүжгийн хэцүү техник бүгдийг нь хийх зорилго тавьсан. Яг шилдэг зургаан хамтлагийн нэг болсноо сонсоод бид үгээр хэлэхийн аргагүй баярласан. Бүтэн жилийн хөдөлмөрийн үр дүнгээ үзэж, зорилгодоо хүрсэн учраас сэтгэл маш их хөдөлж байлаа.

-Тэмцээнд оролцсон хамтлагуудын алинаас нь эмээж байв?

-Оросын багийг бид шүтдэг байсан. Өнгөрсөн жилээс тэднийг өрсөлдөгчийн нүдээр хардаг болсон. Учир нь, тэмцээний сүүлийн шатанд олон удаа дэлхийн аварга болж байсан Австрийн хамтлаг нэг онооны илүүгээр бидний өмнө орсон нь бидэнд ялж чадна гэсэн итгэл өгсөн. Өнгөрсөн жил бидний өмнө буюу зургаадугаар байрт шалгарч байсан хамтлагаа бид энэ жил ардаа орхиж чадлаа. Бидний өмнө Оросын хоёр, Германы хоёр баг жагссан ч улсынхаа тоогоор яривал гуравдугаар байрт шалгарсан гэсэн үг юм.

-Азийн бүжгийн хамтлагуудаас анх удаа “Moon dance” шилдэгт багтсан. Тэмцээнд шар тивээс хэдэн хамтлаг оролцсон бэ?

-Хамтлаг бүжгийн төрөлд Азийн орнуудаас Монгол л өрсөлддөг. Учир нь, Азийн бусад оронд латин бүжиг их сайн хөгжсөн байдаг ч багийн төвшинд хүртэл хөгжөөгүй. Харин хосын төрөлд дээгүүр жагсдаг бүжигчид Азийн бусад оронд олон бий. Манай улсад багийн бүжиг сайн хөгжсөн нь “Хаврын баяр” тэмцээнийг зохион байгуулдаг байсантай холбоотой гэж бодож байна. Тэр үеэс бүжиглэсэн хамтлагууд гар нийлж, багийн төрлийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа юм. Дээр нь багийн сэтгэл зүй чухал гэдгийг саяын тэмцээнээс ойлгосон. Учир нь, бид явахаасаа өмнө спортын сэтгэл зүйч С.Долгорын лекцийг сонссон. Сэтгэл зүйч бидэнд ялагчийн сэтгэл зүй ямар байх ёстойг ойлгуулсан.

-“Мөсөн хатан” бүжгийн дэглэлтийг О.Саранхүү багш хийсэн үү?

-Манай хамтлагийн удирдагчаар О.Саранхүү, туслах багшаар О.Оюунбат ажилладаг. Энэ хоёр маань “Moon dance” хамтлагийн төлөө бүхнээ зориулдаг. Бидний хувьд тэмцээнд оролцоход санхүүгийн асуудал хамгийн хүнд байдаг. Тэмцээн олимпын төрөл биш учраас төр, засгаас ямар нэгэн байдлаар дэмждэггүй. Тиймээс өмнөх жилүүдэд дэлхийн аваргад оролцох зардлаа өөрсдөө хариуцдаг байсан. Энэ жил Улаанбаатар хотын бүжгийн спортын холбооноос бидний тэмцээнд оролцох зардлыг даасан. Ингэж бидний хамгийн том ачааг хөнгөлж өгсөн учраас бид зөвхөн бүжгэндээ л хамаг анхаарлаа хандуулсан. Тиймээс Улаанбаатар хотын бүжгийн спортын холбоонд баярлалаа гэж хэлье. Манай хамтлагийн гишүүдийн олонх нь оюутан 18-26 насныхан байдаг. Хичээл, ажлын чөлөөт цаг гарсан үед бүжгээ бэлтгэдэг. Бид ямар нэгэн байгууллагаас цалин авдаггүй үзэгчдийн алга ташилт, монголчуудынхаа уухайн түрлэгээр хүч хийж яваа залуу бүжигчид юм.

-Танай хамтлагийнхны бүжгээ бэлтгэдэг заалыг ажиглахад шал нь стандарт бус учраас хэцүү юм байна. Дэлхийн аваргын бэлтгэлээ энэ зааланд хийсэн үү?

-Тийм. Энэ зааландаа бид хайртай. Гэхдээ нэг дор 16 хүн бүжиглэх боломжгүй учраас тэмцээний бэлтгэлээ өөр газар хийх шаардлагатай байдаг. Тиймээс хувийн бэлтгэлээ л хийдэг юм. Манайд бүжиг бэлтгэхэд зориулсан олон улсын стандартад нийцсэн шал байдаггүй. Хамгийн гайгүй нь “Буянх-Ухаа” спорт цогцолборын заал байдаг. Тэнд ихэнхдээ үйл ажиллагаатай байдаг болохоор 23.00 цагаас хойш бүжгээ бэлтгэж үүрээр дуусдаг. Энэ нь оюутнуудад хүндрэлтэй байдаг. Гэхдээ бид бүжиглэх дуртай, бүжгийн спортдоо хайртай учраас дээр дурдсан бэрхшээл бидний хувьд сорил болдгоос саад болж чадахгүй.

-Энэ удаагийн дэлхийн аваргад оролцсон хамтлагийг бүрдүүлээд хэр удаж байна. Саяхнаас шинээр хүн элсүүлэхээр зар тараасан байсан?

-Манай клубийг 2009 онд байгуулсан. Анхны латин бүжгийн дэлхийн аваргад оролцсон хамтлагийг бүрдүүлсэн клуб юм. Улмаар 2013 оноос “Moon dance” хамтлагийг байгуулж, дэлхийн аваргад гурав дахь удаагаа оролцоод байна. Хамтлагийг анх байгуулахад бүжиглэсэн хүмүүсээс 50 хувь нь одоо байна. Ер нь клубийн тамирчдаас ур чадвартайг нь сонгож хамтлагтаа авдаг.

-Гадаадын багш нараас туршлага судалдаг уу?

-Өмнө нь Оросоос багш ирж бидэнд хичээл зааж байсан. Энэ зун Германаас багш ирнэ. Энэ багш дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхээс өмнө хоёр өдөр биднийг дасгалжуулсан. Энэ нь үр дүнгээ өгсөн гэж бодож байна.

-Өнгөрсөн удаагийн латин бүжгийн дэлхийн аваргад Монголоос хоёр хамтлаг оролцдог байсан. Энэ жил “Moon dance” ганцаараа оролцсон. Өмнө нь хамтдаа нэг тайзан дээр гардаг байсан учраас “Star” хамтлагийнхныг үгүйлэв үү?

-Бид нэг нэгнээ хурцалж тэмцээнд оролцдог байсан. Одоо бидний хувьд монгол хамтлаг өрсөлдөгч биш. Өрсөлдөгчид маань дэлхийн шилдэг хамтлагууд. Ингэж бодож, сэтгэж байж бидний ур чадвар ахина гэж боддог. Тиймээс л бид “Авьяаслаг монголчууд” шоунд оролцож юу хийж чаддагаа харуулсан юм.

-Хэрвээ “Авьяаслаг монголчууд” шоуны шилдгээр шалгарсан бол дэлхийн аваргад оролцох байсан уу?

-Бид тэмцээнд хасагдана гэж ороогүй ч хэрвээ шилдэг наймд шалгарсан бол дараагийн хүндээ боломж олгоод дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох байсан. Шоунаас хасагдсан гээд гутраагүй.

-“Moon dance”-ийнхэн ирэх онд юу хийхээр төлөвлөж байна вэ?

-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож амжилтаа ахиулах нь бидний хамгийн том зорилго. Үүнээс гадна хамтлагийн тайлан тоглолт хийх бодол бий.

Б.Сэлэнгэ

- See more at: http://www.unen.mn/content/69743.shtml?alias=entertainment#sthash.4eJtb5qw.dpuf


Viewing all articles
Browse latest Browse all 756

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>