Quantcast
Channel: Ярилцлага – Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 756

Д.ОТГОНЖАРГАЛ: Гадныхан надаас “Монголд чам шиг дуулдаг дуучид байдаг уу гэж…” их асуудаг…

$
0
0

e8db0b49642fe5b9b10b249b1737a6cdӨнөө цагийн эмэгтэй дуучдаас уянгалаг сайхан хоолой, бие хаа, гоо үзэсгэлэнгээрээ эрхгүй ялгарч чаддаг нэгэн бол СТА, дуучин Д.Отгонжаргал. Тэрбээр “Хайрлахын жаргал” нэртэй хоёр дахь бие даасан тоглолтоо Монгол бөхийн өргөөнд 3-р сарын 6 нд ганцхан удаа хийхээр товлоод байна. Түүнтэй тоглолтынх нь өмнө уулзаж, дэлгэрэнгүй ярилцлаа.

  • Сар шинэдээ сайхан шинэлсэн үү та. Юуны өмнө бидний урилгыг хүлээж авсан таньд баярлалаа. Баяраа хэрхэн тэмдэглэв дээ?

Та бүхэнд ч гэсэн баярлалаа. Сар шинийн мэндийг танай сайтыг шимтэн уншдаг нийт уншигч олон болон Монголынхоо ард түмэнд хүргэж байна. Монгол түмэн маань сар шинийн баярт их ач холбогдол өгч өргөн дэлгэр тэмдэглэдэг. Тэр жишгээрээ л ээж ах дүү хамаатан саднаараа тойрч суугаад л их сайхан баярлалаа. Сар шинийн баяр гэдэг бол жинхэнэ Монгол угсаатны зайлшгүй тэмдэглэх ёстой баяруудын нэг шүү.

  • Сар шинийн босгон дээр та Төрийн дээд “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаасан. Хүн бүрийн энгэрт гялалзаад байдаггүй тэр эрхэм шагналыг хүртсэн танд халуун баяр хүргэе…

За баярлалаа. Шагнагдана гэж ерөөсөө бодоогүй байсан. Анх 2014 оны Сонгодог тоглолтон дээрээ МУСТА хэмээх цолыг Улсын филармон буюу байгууллаасаа авч байлаа. Сая “Алтан гадас” хэмээх энэхүү нэр хүндтэй шагналыг авсандаа их баярласан. Мөн эсрэгээрээ илүү их айлаа. Яагаад гэвэл маш том үүрэг хариуцлага ногдож байна. Энэ утгаараа ихээхэн сүрдэж, айж байна. Цаашид илүү их хичээж, сайн уран бүтээл хийнэ дээ.

  • Таны “Хайрлахын жаргал” нэртэй хоёр дахь бие даасан тоглолт 03-р сарын 6-нд болох гэж байна. Тоглолтын бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ?

Би ганцаараа мөн  “Voice group” хамтлагийнхаа хамтаар том, жижиг нийлээд олон тоглолт хийсэн л дээ. Жижиг гэдэг нь цөөхөн үзэгчидтэй сонгодог тоглолт. Тийм тоглолтыг бол маш олон удаа хийж байлаа. “Хайрлахын жаргал” тоглолт маань миний бие даасан, бүрэн хэмжээний хоёр дахь тоглолт. Монгол бөхийн өргөөнд 2018 оны 3 дугаар сарын 6-нд “Олон улсын эмэгтэйчүүдийн баяр”-ыг тохиолдуулан хийх юм. Энэхүү тоглолтын тайзан дээр надаас гадна миний уран бүтээлийг дуулж, бүжиглэж, хөгжимдөх нийт 90 гаруй хүний бүрэлдэхүүн  байна.  Маш өргөн бүрэлдэхүүнтэй, том хэмжээний нийлмэл урлагийн бүтээлүүдийн тайлан тоглолт гэж ойлгож болно.

  • Та саяхан “Миний ээж тэмээчин” дууны клипний нээлтээ хийсэн. Тус уран бүтээлд танд олон хүн талархалтай хандаж бас цөөнгүй хүмүүс нулимстай үзсэнээ цахим хуудсуудараа илэрхийлсэн байсан. Ер нь кино нээлт л гэхээс биш дууны клипний нээлт хийсэн тохиолдол Монголд бараг байхгүй байх. Таныг салхи хагаллаа гэж ойлгож болох уу?

Яг нарийн сайн судлаад үзэхээр МУГЖ, дуучин Т.Ариунаа эгчийн нэг дууны клипний нээлт болж байсан гэсэн. Бас “MN 25 дугаар суваг” телевизийн “Making the Band” нэвтрүүлгийн оролцогчид клипний нээлт хийж байсан удаатай юм билээ. Тэгэхээр салхи хагалсан гэж шууд ойлгож болохгүй байх л даа. Анх клип хийсэн багийнхантайгаа “манайхан ер нь клипний нээлт гэж нэг их хийдэггүй юм байна. Нээлт хийвэл хүмүүс хэр хүлээж авах бол…Хэр зөв үйлдэл болох бол…” гэж асуусан юм. Гэтэл манай хэд зөвшөөрч, маш итгэлтэй байсан. Их сонин.. манай хэд надад нээлт болтол ерөөсөө клипээ үзүүлээгүй, би анх клипээ нээлтийнхээ өдрөө үзсэн ш дээ. Нээлт маш сайхан болсон шүү.

  • Тэгвэл та бас нээлтэд уригдаж ирсэн хүмүүсийн адил клипээ анх удаа үзсэн байх нь…Ямар сэтгэгдэл төрж байв?

Мэдээж анх удаа үзэх гэж байгаа болохоор их догдолж, бас “ямар болсон бол…” гэж жаахан эмээж байсан. Тэгээд үзээд “аргагүй л сайхан уран бүтээл болж дээ” хэмээн бодож, баярлаж суулаа. Бас клипийг хамтран бүтээлцсэн, оролцсон бүх л хүмүүстээ баярлаж, бахдаж баярын нулимс унагаасан шүү.

  • “Миний ээж тэмээчин” дууг Төрийн шагналт зохиолч, СГЗ П.Пүрэвсүрэн үгийг нь бичиж, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Сангидорж агсан аялгууг нь бичсэн байдаг. Энэ хоёр агуу уран бүтээлч хоёулаа Баянхонгор нутгийнх. Та ч бас Хонгор нутгийн бүсгүй. Тэгэхээр дууг дахин дуулах, чанартай уран бүтээл болгочих юмсан гэсэн чин хүсэл танд байсан байх…

Энэ дуу бол XX-р зуунд бүтээгдсэн, нэгэн зуунаас нөгөө зуун дамжигдаж ирсэн гайхалтай бүтээл юм. Анх А.Сарантуяа гээд эмч бүсгүй гитартай дуулж Монголын ард түмний сонорт хүргэсэн байдаг. Дуулагдсан даруйдаа л олон хүний сэтгэлд хүрч, сонсох дуртай дуунуудынх нь нэг болж чадсан байдаг. А.Сарантуяа гуай эмч хүн мөртлөө тийм сайхан дуулсан байдаг нь гайхалтай. Дараа нь бас Зууны манлай поп дуучин, МУГЖ Б.Сарантуяа эгч дуулсан. Бас л ард түмэнд үнэхээр сайн хүргэсэн. Түүнээс хойш маш олон хамтлаг дуучид дуулсан даа.  Би хүүхэд байхдаа энэ дууг сонсож, дуулж өссөн. Энэ гайхалтай уран бүтээлийг дуулна гэж бодож байгаагүй.  Тийм зориг зүрх ч байхгүй байсан л даа. Ч.Сангидорж ахын маань хүү С.Сансаргэрэлтэх ах манай “Ану хатан” киноны бүтэн хөгжмийг бичсэн. Маш олон киноны хөгжим, симфони бичсэн гайхалтай хөгжмийн зохиолч л доо. Ч.Сангидорж ахын бүх уран бүтээлийн эрх нь С.Сансахгэрэлтэх ахад байдаг. Тийм учраас надад хамгийн анх санал болгож энэ уран бүтээлийг дуулах бүх шалтгааныг тавьж өгсөн. Би өөрөө сонгодог дуучин учраас дөрвөн бадаг дөрвөн дахилт бүтэн дууляа гэж бодож энэ сайхан уран бүтээлээ дуулсан. Энэхүү бүтээл нь өөрөө үнэтэй, тансаг учраас үнэхээр л энэ дууг дахин дуулж, клипжүүлнэ гэвэл маш чанартай клипжүүлэх хэрэгтэй гэж бодсон. Зуун дамжсан энэ суут хүмүүсийн бүтээлийг гайхамшигтай хүмүүс дуулаад Монголын ард түмэнд хүргэсэн атал тэрийг бид нар дахин шинэчилж дуулаад, муу клип хийж болохгүй шүү дээ.

  • Таныг 10 гаруй жилийн өмнө СУИС-ыг төгссөн гэж сонссон юм байна. Харин та энэ хугацаанд ганцхан цомог гаргасан байдаг. Магадгүй чанартай, даацтай уран бүтээл хийх гэсэн бодлого уу, эсвэл…

Намайг тэгж өндрөөр үнэлж бодож буйд үнэхээр их баярлалаа. Таны хэлсэн бол үнэн. Аливаа нэгэн уран бүтээлийг дуулахаар шийдсэн бол маш сайн ажиллаж, судалгаа хийж дуулах хэрэгтэй гэж би боддог. Түүнээс гадна хөгжмийн зохиолч, яруу найрагч нартайгаа сайн ойлголцож, ярилцаж байж сайхан уран бүтээл төрөх учиртай. Нэг уран бүтээл төрөхөд хөгжмийн найруулгыг хийхэд их цаг хугацаа ордог.  Би СУИС-ийг Гоцлол дуучин гэх мэргэжлээр төгсөөд 13 жил болж байна. Энэ 13 жилийн хугацаанд 13-хан дуутай “Хайрлахын жаргал” цомгоо гаргасан. Тэр дуунууд маань миний хувьд маш их цаг хугацааг илээсэн,  асар их хүмүүсийн хүч хөдөлмөр, оюун ухааны бядыг шалгаж, зүрх сэтгэлийн мяндсан утсыг хөндсөн бүтээлүүд мөнөөсөө мөн. Энэ ташрамд танай сайтаар дамжуулаад намайг тоож сайхан дуу, яруу найраг, хөгжим, аялгуу, эгшигээ бүтээж өгдөг бүх сайхан зохиолч нартаа баярлалаа гэж хэлмээр байна. Бүтээсэн дууг маань Монголын ард түмэнд хүргэхэд хамгийн гол нөлөө үзүүлдэг дууны найруулга хийдэг хөгжмийн зохиолч нар мөн хамтран ажилладаг бүхий л уран бүтээлчиддээ баярлалаа гэдгээ хэлье.  Эд нар минь байхгүй бол бид нар мянга сайхан гургалдай шиг дуулаад ямарч нэмэргүй.

ЯМАР Ч ДУУЧИН ГАДААД ХЭЛ ДЭЭР ДУУЛАХ ЧАДВАРТАЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ

  • Таныг хүмүүс дэлхийн хэмжээний дуучин гэлцдэг. Мөн дуунуудаа олон хэл дээр дуулдаг. Эх хэлээрээ дуулах гадны хэл дуулах хоёрын хооронд хэр ялгаа байдаг вэ?

СУИС-ийн дуулаачийн ангид сурч байх үед маш олон хэлээр дуулуулдаг байсан. Тухайлбал ганцхан дууг Орос, Итали, Англи, Унгар, Герман, Франц, Солонгос, Япон гээд бараг 10 орны хэлээр дуулдаг. Гэхдээ 10 орны хэлээр дуулдаг гээд 10 орны хэлээр  ярьдаг гэсэн үг бол биш дуулдаг. Ерөнхийдөө бусад орнуудын утгийг нь Англи хэл дээр бичсэн байдаг. Тиймээс Ангил хэлнээс орчуулна. Тэгэхээр бид нар ямар утгатай дуу дуулаад байна вэ, гэдгээ мэддэг гэсэн үг л дээ. Гадаад хэл дээр дуулах нь Монгол хэл дээр дуулахаас тэс өөр зүйл. Илүү их судалгаа хийгддэг. Бид нараас шалтгаалах олон зүйл гардаг.  Монгол эх хэлээрээ дуулна гэдэг тэр сайхан яруу тансаг үгийн цаана юу агуулагдаж байна вэ, гэдгээ цаг хугацаа шаардахгүйгээр шууд л мэддэг. Харин ардын дуу бол их хүнд түүний утга агуулга санаа их хүнд байдаг.  Ер нь бол гадаад хэл дээр ямар ч дуучин дуулах чадвартай байх хэрэгтэй гэж би боддог. Дуучин хүнд дуулах чадвараас гадна хэллэг маш чухал.  Итали хэлээр яг л итали хүн шиг дуулах хэрэгтэй. Сайхан дуулж чаддаггүй юм аа гэхэд хэлж байгаа хэллэгээ итали хүн шиг л хэлэхэд “браво” гээд л аваад гарчихна/инээв/.

  • Та бол сонгодог жанарын дуучин. Сүүлийн үед Г.Ариунбаатар, Э.Амартүвшин гээд мундаг дуучид дэлхийд сонгодог урлагаар Монголынхоо нэрийг гаргаж явна. Гэтэл монголчууд маань сонгодог хөгжим, дууг нэг их сонсож, сонирхдоггүй юм шиг санагддаг. Та энэ талаар ямар бололтой байдаг вэ?

Анх намайг сургуулиа төгсөж байх үед сонгодог урлагийг ойлгодог хүн ховор байлаа.  Гэхдээ дуурийн театрт тоглогдож буй дуурь байнга ирж үздэг үнэнч үзэгч сонсогчид цөөхөн боловч бас ч гэж чамлахааргүй байсан л даа. Дуурь тавигдах бүрт манай ангийнхан очиж үздэг байлаа. Бид нар туулайчилж үздэг байсан/инээв/. Оюутан хүмүүст чинь мөнгө тэр болгон олдохгүй шүү дээ. Гэхдээ СУИС-ын оюутнууд дуурийн театртай гэрээтэй байдаг болохоор үзэж болдог, гэхдээ үзэгчдэд садаа болохгүйгээр үздэг байсан. Би олон ч удаа тэгж үзсэн. Харин сүүлийн үед таны хэлдгээр Т манай дуучид дэлхийн хэмжээнд Монгол улсынхаа нэр алдрыг цуурайтуулаад Монголын сонгодог урлаг гэдгийг дэлхийд таниулаад баталчихлаа. Намайг гадагшаа яваад дуулахад “Монгол улсад чам шиг дуулдаг дуучид байдаг уу гэж…” их асуудаг. Би хариуд нь “Надаас сайн дуулдаг дуучид зөндөө байгаа. Та нар монгол улсад зочлоод, соёл урлагийн салбарууд болон дуучидтай хамтарч ажилла. Та нар үнэхээр ангайна. Манайд маш олон үнэхээр сайхан дуулах цар хүрээ, школ, зүс царай сайтай дуучид байгаа…” гэж хэлдэг. Би СУИС-ын заах арга барил сайтай багш нараараа үнэхээр бахархадаг. Тухайлбал миний багш МУГЖ О.Ичинхорлоо, төгөлдөр хуурийн багш Т.Энхтуул нар байна. Тэд бол аргагүй л төгс багш нар. Дэлхийд гарсан олон мундаг дуучдыг энэ гайхалтай хүмүүс л бэлдэж гаргасан. Тийм учраас энэ хүмүүсээр бахархахгүй байхын аргагүй. Бас Монгол улс энэ хүмүүсийг үнэлэхгүй байхын арга байхгүй.

  • Аав тань Баянхонгор аймгийн теарт дуулдаг байсан гэж сонссон юм байна. Тэгэхээр та ааваасаа дуулах авьяасыг нь өвлөсөн үү?

Манай удамд дуучин хүн байдгийг би өөрөө мэддэггүй байсан. СУИС-д орход нилээдгүй их эсэргүүцэлтэй тулгарсан. Ах эгч нартаа загнуулна. Тэр үед урлагаар хоолоо олж иднэ гэдэг хэцүү байлаа.
Тухайн үед урлагийн олон сайхан сор болсон уран бүтээлчид архинд ороод хайран сайхан амьдралаа үрэн таран хийж байсан үе л дээ. Тиймэрхүү зүйлээс шалтгаалаад намайг их л эсэргүүцэж байсан даа. Тэгээд сургуулиа төгссөний дараа аав минь их сайхан дуулдаг байсан гэж мэдсэн. Их сонин шүү. Аав минь Баянхонгор аймгийн театрт хэдхэн сар дуулсан юм билээ. Олон хүүхэдтэй учраас дуучин хүний цалин амьдралд нь хүрэлцэхгүй болохоор өөр ажил хийж, театраасаа гарсан гэдэг. Бас ээжийн минь аав буюу миний өвөө их сайхан дуулдаг хүн байсан гэж хүмүүс ярьдаг. Дуулахаас гадна цагаан гартай Тэрбиш гэж Говь-Алтай аймагтаа их алдартай мэс заслын эмч байсан гэлцдэг. Уртын дууг бол үнэхээр сайхан дуулдаг. Ямартаа л манай өөвөөгүйгээр найр наадам эхэлдэггүй байсан гэдэг. Энэ бүхнийг би хожим нь л сонссон. Эрт мэдсэн бол тухайн үед ногоон гэрлээр СУИС-д орох байсан байх гэж боддог. Манайхан надаас энэ бүгдийг нууж байсан нь эсэргүүцлийн нэг арга хэлбэр нь л байсан байна лээ л дээ/инээв/.

  • Таныг гаднаас тань харахад аливаад их шийдэмгий санагддаг. Та ер нь ямар зан чанартай хүн бэ?

Тийм шүү, их зөв дүгнэсэн байна. Би их шийдэмгий зантай. Гэхдээ сэтгэлийн хөөрлөөр аливаа асуудлыг шийддэггүй л дээ. Ер нь дотроо маш их зүйлийг бодож тунгаасны эцэст шийдвэрээ гаргадаг. Дотроо өөрөө өөртөө шийдвэрээ гаргачхаад дараа нь бусад хүмүүст ил гаргадаг. Их шударга ил цагаан зантай, хэлье гэж бодсоноо шууд хэлчихдэг гэх үү дээ.

  • Урлагийн хүн мэдээж цаг зав муутай байдаг. Ар гэртээ, охиндоо зав гаргаж чаддаг уу?

Аль болох цаг зав гаргахыг хичээдэг. Мэдээж жилийн дөрвөн улирал завгүй байна гэж байхгүй л дээ. Уран бүтээлийн ачаалал ихтэй үедээ зав чөлөө хомс байдаг. Ачаалал бага үедээ гэр бүлдээ хангалттай зав гаргадаг. Би ээж охин хоёртойгоо хамт амьдардаг. Миний охин хичээлдээ их сайн сурдаг. Хэрэгтэй юмыг нь би авч өгнө. Охинтойгоо хамт байх үедээ бүхий л зүйлээ зориулахыг хичээдэг. Ээждээ ч мөн адил. Ингэж их хөдөлмөрлөж байгаагийн минь цаад мөн чанар нь энэ хоёрынхоо төлөө юм шүү дээ. Мэдээж миний туйлын зорилго бол сайн уран бүтээл хийх.

  • Таныг хүмүүс их сайхан бие, хаатай, царай зүсдэг гэж ярьдаг. Та ер нь гоо сайхандаа хэрхэн анхаардаг вэ?

Гоо сайхандаа цаг зав гаргаж ёстой чаддаггүй ш дээ. Ер нь бол гоо сайханд ордоггүй. Нээх үнэтэй, гоё гоо Сайханы бүтээгдэхүүн ч хэрэглэдэггүй. Миний хувьд гоо сайханд фитнесс маш чухал гэж боддог. Бас их унтаж амрах хэрэгтэй. Дуучдын хоолой унтаж амрахаар илүүтэй их сайхан гардаг. Залуу нас гоо үзэсгэлэнгээ унтаж амарч байж л хадгалж үлдэнэ шүү дээ. Миний хувьд фитнессд бол сайн явдаг шүү. Бас саунд сууж хөлсөө гаргадаг. Мөн гэрийнхээ хоолыг ихэвчлэн иддэг. Шаардлага гарахгүй бол гадуур хоол иддэггүй. Иймэрхүү байдлаар л өөрийнхөө гоо сайханд анхаардаг даа.

  • Та аялах их дуртай юм шиг санагдсан…

Тийм шүү. Би аялах маш дуртай. Дэлхийн олон оронд очиж соёл урлаг хэрхэн яаж хөгжиж байна вэ, гэдгийг нь голлон анхаарч, өөрийн биеэр очиж үзэх дуртай. Тийм аяллуудыг маш олон удаа хийж байсан. Урлагийн буян гэдэг бол маш том буян. Урлагийн буянаар дэлхийн маш олон оронд очиж урлагийн номер үзүүлж дуулж, хуурдлаа. Энэ бол миний амьдралын салшгүй нэг хэсэг болж үлддэг.

  • Таны ээж тань бас их уран үйлчил хүн байдаг гэж сонссон. Таныг ч бас хувцсаа өөрөө оёж өмсдөг гэж сонссон юм байна?

Үгүй ээ, би одоо хувцсаа өрөө оёдоггүй/инээв/. Арван жилд байхдаа форм, шарикаа л өөрөө оёж өмсдөг байсан. Манай ээж үнэхээр уран үйлчин хүн байдаг. Ээж минь саяхныг хүртэл хэдэн зуун хосын хуримын дээлийг нь оёж өгсөн байдаг шүү.

  • Тэгвэл ээж тань таны тоглолтын хувцсыг оёдог уу?

Одоо бол юм оёдоггүй, хараа нь их муудсан. Ач зээ нарынхаа баривчыг бол янзын сайхан оёчихно шүү.  Ээж маань залуу байхдаа янзын сайхан дээлнүүдыг урлаж, оёсон байдаг. Ер нь 60 нас хүртлээ дээл оёсон. Монгол улсдаа алдартай олон хүмүүсийн хуримын дээлийг оёдог байсан. Бүх төрлийн дээлийг төвөггүй сайхан урлачихдаг.  Мөн төрийн түшээ, сайдууд ээжээр дээлээ хийлгэдэг байлаа.

  • Та жинхэнэ монгол эмэгтэйн гоо үзэсгэлэн хийгээд үнэ цэнэ юунд оршдог гэж боддог вэ?

Би саяхан наадахын чинь талаар инстаграм хуудсандаа пост оруулсан. Эмэгтэй хүн үнэнч байх ёстой.  Мөн үнэтэй байх ёстой.  Үнэнч байна гэдэг нь үнэтэй гэсэн үг . Үнэнг ямарч мөнгөөр худалдаж авч болдоггүй.  Ийм л эмэгтэй хүн байх учиртай. Эмэгтэй хүний үзэсгэлэн ухаан сэтгэлд нь оршдог. Маш энгийн байх хэрэгтэй. Энэ бүгд нийлээд эмэгтэй хүний цэвэр гоо үзэсгэлэн. Би бас тийм байхыг их хичээдэг. Гэхдээ чадахгүй байна л даа. Би өөрөө эмэгтэй хүнийхээ хувьд ямар ч шунал байдаггүй. Харин гадны гоё хөгжим сонсоод л ийм л аялгуутай, сайхан уран бүтээл хийх юмсан гэж шунадаг.

  • Тэгвэл жинхэнэ монгол эр хүн гэж ямар хүнийг хэлэх вэ?

Жинхэнэ монгол эр хүн сая ярьсан зүйлийн нөгөө тал нь. Хань ижилдээ үнэнч байх ёстой. Хамгийн гол нь худал хэлдэггүй байх. Би худал яридаг хүнд үнэн голоосоо дургүй. Ямар нэгэн жижиг шалтгаан байсан ч үнэнээр нь хэлэх ёстой юм. Би өнөө өглөө чамд үнэнээ л хэлсэн. Эгч нь шөнийн хоёр цаг хүртэл тоглолтын бэлтгэлтэй байсан учраас унтчихсан байна гээд. Мөн дээрээс нь ухамсартай ухаантай байх хэрэгтэй. Мөнгө төгрөг, баян тансаг амьдрал, эд хөрөнгө чухал биш. Миний ах нар хүргэчүүд их ухаантай энгийн хүмүүс байдаг.Үр хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлж буй арга барил нь их сайхан ухаалаг санагддаг. Ойр дотныхоо хүмүүсийг харж байхад ер нь ийм л хүн байх ёстой юм байна шүү дээ гэж боддог. Охин хүүхэд аав шиг ээ, харин эрэгтэй хүүхэд шиг ээ л хүнтэй сууна гэж ярьдаг. Энэ нь энэ хоёрын хооронд нарийн нандин холбоосыг олоод харчихсан байна гэсэн үг. Өөрөөсөө өөр бусдыг ийм л байгаасай гэж хүсээд байгаа хэрэг л дээ.

  • Анзаараад байхад та төрийн том арга хэмжээ, үйл ажиллагаа, гадаад айлчалд их явж байгаа харагддаг. Магад энэ таны авьяас чадвар, биеэ авч яваа байдал гоо үзэсгэлэнтэй холбоотой байх тийм үү?

СУИС бол эхлээд авъяас чадвар дараа нь нүүр царай бие хаа харж шалгаруулж  авдаг.  Урлагийн бүхий л  сургуулийн шалгуур тийм л байдаг.  Мөн уран бүтээлч хүн тайзан дээр үнэхээр төгс харагдахыг хичээх хэрэгтэй. Маш гоё даашинз сонгодог байх, үзэгчидээ хүндлэх хэрэгтэй. Манай хамтлаг маш олон төрийн тоглолт арга хэмжээнд оролцдог. Бидний гол зорилго бол монгол хүн бүрийг эх  орон ч сэтгэлгээтэй болгох, эр орноо хайрлах, боловсорлтой хүмүүн болгохын тулд дуу хуураараа илэрхийлдэг.

  • Хамтлаг гэснээс нээрээ танай хамтлагийг тарсан гэж ярих болсон. Үнэхээр тарсан юм уу?

Үгүй ээ, манай хамтлаг байгаа. Ирэх намар тоглолтоо хийнэ дээ. “Voice” хамтлаг байгуулагдаад 11 жил болсон байна.

  • Таныг тайзнаа гарсан байхыг харахад их ихэмсэг, сүрдмээр харагддаг. Харин уулзаад ярилцахад тэс өөр элгэмсэг, шулуун шударга бүсгүй санагдлаа.  Энэ их ажлын дундуур цаг зав гаргаж урилгыг маань хүлээж авсан танд баярлалаа. Удахгүй болох тоглолтонд тань амжилт хүсье. Таны хэлэх үгээр ярилцлагаа өндөрлөх үү…

За тэгэе. Чи намайг сая харлаа шүү дээ, ямар завгүй байгааг../инээв/. Мөн танд их баярлалаа. Үнэхээр завгүй цаг хугацаанд минь уйгагүй шалсаар байгаад яриа авсанд чинь…/инээв/. Мөн танай сайтын эрхэм уншигч түмэнд энэ хорвоогийн хамгийн сайхан бүхнийг хүсье.Үргэлж ундарч, дэлгэрч явах болтугай. Тун удахгүй  “Хайрлахын жаргал”  тоглолтон дээр уулзая даа.

Ярилцсан: М.Дайриймаа

Эх сурвалж: setguulch.mn

Viewing all articles
Browse latest Browse all 756

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>