“Монгол модель” агентлагийн загвар өмсөгч С.Сарнайтай ярилцлаа. Тэрбээр 2014 онд Азийн “Star model”-иор шалгарсан бөгөөд “Miss world next top model”тэмцээний “Miss Internet” шагналыг авч байжээ. Загвар өмсөгч бүсгүй маань Боловсрол суваг телевизийн “Яг түүн шиг” шоуны найман оролцогчийн нэг билээ.
-Өнгөрсөн долоо хоногт “Яг түүн шиг” шоунд “Lana Delrey”-г дууриасан. Энэ хүнийг дууриахад хэр байв?
-Энэ хүнийг дууриахад сайхан байлаа. Дуучин, жүжигчин бас модель хүн учраас надад дууриахад илүү ойр санагдсан. Түүний хоолой бас минийх шиг бүдүүндүү юм билээ. Ер нь шоуны бэлтгэлээ сайн хийж байгаа.
-Үзэгч болон шүүгчдээс мэргэжлийн дуучнаас дутахааргүй дуулж байна гэсэн үнэлгээ авч байсан. Дуулах сонирхолтой юу?
-Энэ бол СУИС-ийн багш Ч.Насантогтохын гавьяа юм. Надад итгэл өгч, хоолойн дасгалууд хийлгэж байгаагийн үр дүн гэж бодож байна. Мөн би дуулах дуртай.
-“Байна уу, ээжээ” дууг хамтарч дуулсан гэл үү?
-Би өмнө нь хэд хэдэн дууны клипэнд тоглож байсан. “MR.Dogs” хамтлагийн “Миний шүтээн” дууны клипэнд тоглосон. Мөн дуучин Д.Болдын “Үүлэн домог” дууны клипэнд тоглосон. Сүүлд “Guys” хамтлагийн дуучин М.Мягмар ахтай хамтран “Байна уу, ээжээ” дууг дуулсан.
-Цаашдаа өөрөө дуу гаргах бодол бий юу?
-Хөгжмийн зохиолч Г.Онон ах бид хоёр үеэлүүд. Ахтайгаа хамтраад дуу гаргах талаар ярилцдаг л юм. Цаашдаа дуу гаргахыг үгүйсгэхгүй.
-Эмэгтэй хүнээс илүү эсрэг хүйстнээ сайн дууриагаад байна уу?
-Би эхний хоёр дугаар дээр их биеэ барьсан. Өмнө нь хэзээ ч тайзан дээр гарч, дуулж, бүжиглэж байсангүй. Бүжгээ мэдэж байсан хэрнээ үгээ мартчих гээд, үгээ санахаараа бүжгээ мартах гээд хэцүү байсан. Олон зүйлд санаа зовоод биеэ барьчихдаг юм билээ.
-Энэ шоуны тайз таныг нээж өгсөн гэж ойлгож болох уу?
-Тийм ээ. Энэ шоуны тайзан дээр гарснаар илүү нүүр хагарч эхэлсэн. Загвар өмсөгч хүн тайзан дээр дуугүй алхаад л орчихдог байсан бол энэ удаа дуулж, бүжиглэж, жүжиглэж байна. Хүмүүс “Чи өчнөөн тайзан дээр гардаг байж, юундаа сандраад байгаа юм бэ” гэдэг. Энэ бол хоёр өөр ертөнц.
-Алдарт дуучин “Mariah Carey”-гийн “Without you” дууг сайхан дуулсан. Дууриахад хэцүү байв уу?
-Ч.Насантогтох багш “Чиний хоолой чинь хангалттай хүрнэ. Зөвхөн биеэ барихаа л больчих” гэж захисан. “Хар сарнай” хамтлагийн дуучин Амараа ахыг дууриасны дараа байсан болохоор арай гайгүй байсан шүү.
-“Хар сарнай”-гийн Амараа баяр хүргэсэн гэл үү?
-Тэгсэн. С.Амармандах ах над руу баяр хүргэж мессеж бичсэн юм. Өөрийгөө хараад зөндөө инээсэн гэсэн.
-“Яг түүн шиг” шоунд оролцох саналыг хэрхэн хүлээж авсан бэ. Яагаад оролцох болов?
-Боловсрол суваг телевизээс над руу “Манай хамт олон “Яг түүн шиг” шоу” хийх гэж байна. Өөрийг чинь өмнө нь “Байна уу, ээжээ” дууг дуулж байсан болохоор энэ шоунд оролцох санал тавьж байна” гэж ярьсан. Би дуртай байсан хэдий ч айсан. Гэхдээ энэ шоунд оролцсноор маш олон зүйл сурах юм байна гэдэг үүднээс зөвшөөрсөн. Мөн моделиудын талаарх буруу ойлголтыг өөрчлөхийг хүссэн учраас уг шоунд оролцохоор шийдсэн юм.
-Яагаад чухам загварын салбарыг сонгох болсон бэ?
-Загвар өмсөгч болох нь миний багын мөрөөдөл юм. Миний ээж ч гэсэн намайг дэмжиж, загвар өмсөгч болгоно гэдэг байсан.
-Таныг зохиолч Ш.Дулмаагийн зээ охин гэдгээр нь мэдэх юм байна. Танай гэр бүлд өөр урлагийн хүн бий юу?
-Яруу найрагч, зохиолч Ш.Дулмаа бол миний эмээ. Эмээгээ дууриагаад шүлэг бичдэг үү гэдэг. Би шүлэг бичдэггүй. Урлагийн талаас ээжийн маань ах дуурийн дуучин Д.Ганхуяг, түүний хүү Г.Онон, Г.Тэнүүн нар гээд олон хүн бий.
-Бидэнд гэр бүлээ танилцуулахгүй юу?
-Миний ханийг Э.Мөнх-Эрдэнэ гэдэг. Хөлбөмбөгийн “FC Улаанбаатар” багийн хамгаалагчаар тоглодог. Хөлбөмбөг тоглоод 10 гаруй жил болж байна. Бид хоёр “Говь” компанийн каталогийн зураг авалтын үеэр танилцаж байлаа. Бид одоо нэг хүүтэй. Хүү маань одоо найман сартай. Хүүтэйгээ хамт байхыг хичээж, бүхнийг амжуулах гээд л явж байна.
-Япон улсад олон жил амьдарсан учраас Монгол хэлээ сурахад хэцүү байв уу?
-Би Япон улсад 12 жил амьдарч байгаад 2011 онд эх орондоо ирсэн. Тэнд арван жилээ төгсөөд, загвар өмсөгчөөр ажиллаж байсан. Тэнд гэр бүлийнхэнтэйгээ л монголоор ярилцана. Бусад үед англи, японоор ярьдаг байлаа. Эхэндээ миний дуудлага өөр, жаахан хэцүү байсан шүү. Тэгээд Монголдоо ирж “Сити” дээд сургуулийг хувцас дизайнерын мэргэжлээр төгссөн.
-Өөрийн тань “Мonroze” брэнд ямар онцлогтой вэ?
-Энэхүү брэндийг өөртөө итгэлтэй эмэгтэйчүүдэд зориулан секси, биеийн галбир гаргасан хувцсуудыг хийдэг. Мөн хулдаасан материалаар цүнх, корсет зэрэг өвөрмөц хувцас хийхийг хичээдэг.
-С.Сарнай тийм даруухан хүн үү?
-Би хэлэх гэсэн зүйлээ шууд хэлчихдэг хүн. Шулаан шударга хүн гэдгийг маань хэн ч хэлэх байх.
Эх сурвалж News.mn