Quantcast
Channel: Ярилцлага – Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 756

Э.Агиймаа: Төсөөлснөөс олон хүн намайг дэмжиж байгаад баяртай байна

$
0
0

“Яг түүн шиг” шоуны гурав дахь дугаарын ялагчаар дуучин Э.Агиймаа тодорлоо. Өмнөх дугааруудад хүчтэй өрсөлдөгч гэдгээ харуулсаар ирсэн тэрээр үзэсгэлэнт Селин Дионыг тайзнаа “урлаж” ялагч болсон юм.

“Яг түүн шиг 2023” шоуны гурав дахь дугаарын ялагч болсонд баяр хүргэе. Celine Dion-ийг Монголын тайзнаа авчрахад танд ямар давуу тал байв?

Баярлалаа. Хоолойн тембер ойролцоо байсан болохоор дуулах учраа эрт олсон. Тиймээс өөрийгөө хөгжүүлж, “ургуулан” илүү өөртөө итгэлтэйгээр дуулж чадсан болов уу. Мөн нүүрний бүтцийн хувьд адилхан шөвгөр царайтай байсан учир хувирахад арай амар байсан.

“Яг түүн шиг” шоуны VI улирлын турш нийт 10 дугаар үзэгчдэд хүрнэ. Гурван дугаарын ард гарчихлаа. Цаашид гарах долоон дугаарт ямар дүр таараасай гэж хүсэж байна вэ?

Эрэгтэй хүн л битгий таараасай гэж бодож байна. Эсрэг хүйстнээ дуурайхад яагаад ч наалдахгүй их хэцүү юм билээ. Миний хувьд эмэгтэй хүн дундаа хоолойны цар хүрээ дөхөм хүмүүс таараасай гэж их хүсэж байгаа. Учир нь өнгөрсөн дугаарт Рианнаг дуурайхад хоолойны хувьд тэс өөр байсан учир маш их эрэл хайгуул хийж, олон удаа түүнийг сонссон ч яаж дуугарах учраа олохгүй, амаргүй даваа байсан.

Шүүлтийн хувьд ямар саналтай байдаг вэ?

Шүүгч болон үзэгчид биднээс маш их зүйлийг хүлээж байдаг учир шүүгчдийн зүгээс хэлсэн зөвлөгөөнүүдтэй санал нэг байдаг. Өөрийн олж хараагүй зүйлээ шүүгчдийн санал шүүмжээс олж авч байна.

Нүүр хувиргалтын багийнханд үзэгчид сэтгэл дундуур байгаа нь ажиглагдаж байна. Та оролцогчийн зүгээс ямар саналтай байдаг вэ?

Оролцогчдыг хувиргахын тулд бүгдээрээ маш сайн ажиллаж байна. “Энэ хүнийг муухай болгочихъё” гэж хувиргахгүй нь ойлгомжтой шүү дээ. Ази хүмүүсийг өнгөт арьстан болон европ хүмүүс рүү дөхүүлэх үнэхээр хэцүү байдаг. Миний хувьд нүүр хувиргалтын багийг маш их хичээж ажиллаж байгааг мэдэх учраас тэдний талд орно.

Э.Агиймаа: Төсөөлснөөс олон хүн намайг дэмжиж байгаад баяртай байна

“Яг түүн шиг” шоу эхэлсэн цагаас хойш үзэгчид найм хуваагдаж, өөрт таалагдсан оролцогчдоо дэмжиж байна. Энэ дотроос зөвхөн таныг л дэмжиж буй цөөнгүй олон хүн байгаа нь танд хэрхэн мэдэгдэж  байгаа вэ?

Миний хувьд уран бүтээл хийгээгүй 4-5 жил болж, урлагаасаа хол байлаа. “Яг түүн шиг” шоунд анх оролцохоор шийдвэр гаргасныхаа дараа “Намайг дэмжих хүн хэр олон байх бол” гэсэн айдас байсан ч төсөөлснөөс маш олон хүн намайг дэмжиж байгаад үнэхээр их хайр хүрч байна. Намайг илүү гоё үзүүлбэр үзүүлээд ялаарай гэж хүч өгч байгаа хүн олон байгаа учир итгэлийг нь алдахгүйгээр улам их хичээх болно гэдгээ амлая.

 Та “Яг түүн шиг” шоуг ямар боломж гэж харж байна вэ?

Шоунд оролцох санал тавьсан “Боловсрол” телевизийн хамт олонд маш их баярлаж байгаагаа хэлмээр байна. Энэ шоу нь уран бүтээлч хүнд маш их өгөөжтэй, карьерт нь үнэтэй хувь нэмэр оруулан түлхэц өгдөг. Шоугаа амжилттай дуусгасны дараа уран бүтээлийн карьераа хөөх төлөвлөгөөтэй байгаа.

Гурван дугаарын дүрээс хамгийн хүнд нь аль байсан бэ?

Анхны дугаарын дүр Жастин Тимберлэйк байсан. Тэр үзүүлбэрийн бүжгийг богино хугацаанд сурахын хажуугаар хоолойг нь яаж гаргах вэ, дууныхаа үгийг яаж цээжлэх вэ зэрэг олон зүйл зэрэгцээд амаргүй байсан. Миний хувьд тийм ачааллыг амьдралдаа бараг авч байгаагүй юм билээ. Нэг л мэдэхэд лифтнээс гарч ирээд, хүмүүсийн алга ташилтын уур амьсгалд автаад бодож байсан бүх зүйлээ мартчихсан. Гэхдээ муугүй ард нь гарч, үзэгчдэд таалагдсанд үнэхээр баяртай байгаа.

“Яг түүн шиг” шоуны хандалт, үзэгчдийн сэтгэгдлийг анзаарахад энтертайнмент чиглэлийн шоунууд дундаа шилдэг нь байж чадаж байна. Номер нэг шоу байна гэдэгтэй санал нийлэх үү?

Санал нийлэлгүй яах вэ. Миний хувьд энэхүү шоуг эерэг энергитэй, дулаахан уур амьсгалтай шоу гэж хардаг. Нийгмийн эрээн бараан, муухай бүхнийг мартуулж, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж, хүмүүсийг хооронд нь ойртуулан хоёр цагийг аз жаргалтайгаар өнгөрүүлж байгаа гэдэгт итгэлтэй байна. Энэ үзүүлбэрүүдийг үзэгчдэд хүргэхийн тулд 300-аад хүн нэг хүн шиг ажиллаж зүтгэдэг юм шүү.

Зохион байгуулалт сайн байж аливаа ажлын ард амжилттай гардаг. “Яг түүн шиг” шоуны зохион байгуулалтыг хэрхэн дүгнэх вэ?

Уран бүтээлчдийн багийн ихэнх нь залуучууд байдаг. Тийм ч учраас ажилдаа огт түүртэхгүй, эрч хүчний ундаргатай юм шиг ажилладгийг харсан. Би хэнийх нь ч нүднээс унтарсан цог олж хараагүй. Хамтарч ажиллахад үнэхээр таатай байгаа бөгөөд төлөвшил гэдгийг өөртөө маш сайн суулгасан гоё хамт олон гэж хэлмээр байна.

 Жазз дуучин Ц.Хулан, Б.Маралжингоогийн хамт “Women”тоглолтоо тун удахгүй буюу энэ сарын 27-нд толилуулж, удаан хугацааны дараа фенүүдтэйгээ уулзах гэж байна. Та “Урлагаасаа хөндийрсөн ч сэтгэл холдож чадахгүйгээ ихээр ойлгосон” гэж хэлж байсан. Энэ тоглолтоороо ямар Агиймаагийн “дүрээр” үзэгчидтэй уулзах вэ?

“Яг түүн шиг” шоуны хажуугаар тоглолтын бэлтгэл ажлаа хийж, их завгүй өдрүүдийг өнгөрөөж байна. Эмэгтэйчүүд хамтрахаараа ямар хүчирхэг болдог вэ гэдгийг харуулж, олон олон эмэгтэйд мессеж өгөх зорилгоор тоглолтоо “Women” хэмээн нэрлэсэн. Миний хувьд 4-5 жил уран бүтээлээсээ завсарлахдаа хувь хүн болоод бие хүнийхээ хувьд дахин өөр нэг Агиймааг бүтээснийг энэ тоглолтоос олж харах байх. Үзэгчдэдээ хандан хэлэхэд “Заавал хүрч ирж үзээрэй, олон гоё зүйл хүлээж байгаа шүү” гэдгийг амлаж байна.

Урлагаасаа завсарлага авах болсон шалтгаан тань юу вэ?

Ар гэртээ анхаарал тавьж, гэр бүлээ төвхнүүлье гэж урлагаасаа түр завсарлага авсан. Нам жим байсан энэ хугацаандаа гурван сайхан хүүхдийн ээж боллоо. Буцаад уран бүтээлдээ орох ёстойг чин зүрхнээсээ мэдэрсэн учраас эргэн ирж байгаа.

“Яг түүн шиг” шоунд таныг дэмжиж буй фенүүддээ хандаж юу гэж хэлэх вэ?

Зөвхөн намайг гэлтгүй, дэмжиж буй оролцогчоо шоуг дуусан дуустал дэмжээрэй, бүгдээрээ хичээж байгаа шүү гэж хэлмээр байна. Мөн хамт оролцож байгаа долоон оролцогчдоо бүгдэд нь хайртай гэдгээ энэ ярилцлагаар дамжуулж хэлье. Агиймаа нь гоё гоё, чанартай уран бүтээлүүдээр фенүүдтэйгээ удахгүй уулзана. Намайг дэмжиж байгаа та нартаа чин сэтгэлээсээ хайртай шүү, баярлалаа.

Э.Агиймаа: Төсөөлснөөс олон хүн намайг дэмжиж байгаад баяртай байна

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл


Viewing all articles
Browse latest Browse all 756

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>