Quantcast
Channel: Ярилцлага – Miss.mn
Viewing all 756 articles
Browse latest View live

The Wasabies: Урлагийн салбарт дурлаж орсон болохоор сорилт бүхэн гоё

$
0
0

241004-07062019-1559875987-636050153-maxresdefault

БИД ЦАХИМ ЕРТӨНЦӨӨР АЗИД ТАНИГДАХЫГ ХҮСДЭГ

Монголын хамгийн отгон охидын хамтлагийн гишүүдийг “Залуус” буландаа урьж ярилцлаа. “Оддын академи” шоунаас “The Wasabies” хэмээх өсвөр насны таван охин хамтлаг болон нэгдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрчээ. Сонсоход богино мэт боловч тэд энэ хугацаанд уран бүтээлийн хувьд маш их амжилт гаргасан. Э.Аминхүсэл, Д.Энхгэрэл, Ө.Ангелина, Э.Анужин, Э.Буяндулам хэмээх таван охины цаашдын зорилго, хүсэл мөрөөдлийнхөө талаар юу гэж өгүүлснийг сонирхуулъя.

-“The Wasabies” өсвөр насны охидын хамтлаг анх гарч ирсэн үеийг өнөөдөртэй харьцуулахад  урлагийн салбар дахь байр суурь, сонсогчдын хандлага хэрхэн өөрчлөгдсөн байна вэ?
-The Wasabies: “Оддын академи” шоу өнгөрсөн оны нэгдүгээр сарын 22-нд дуусаж байсан. Тухайн үед шоунаас таван гишүүнтэй охидын хамтлаг байгуулахаар болж, бид тав шалгарсан.

Хамтлагийн бүх гишүүн бүр хятад, англи хэлийг заавал сурах ёстой гэж үзсэн

Анхны уран бүтээл болох Girls Generation дууг дөрөвдүгээр сард нь гаргаж байлаа. Шоунд орж байх үедээ бид тав өрсөлдөгчид байсан бол өнөөдөр таван ам бүлтэй нэг гэр бүл болж, ижил зорилготой болсон. Хувь хүний тал дээр ч гэсэн өөрсдөдөө хариуцлагатай болсон байх гэж бодож байна. The Wasabies хамтлаг анх гарч ирэхдээ их өнгөлөг дүр төрхтэй байсан болохоор к-поп хамтлагийг дуурайлаа гэсэн сөрөг сэтгэгдлүүд их байсан.

Одоо бол манай хамтлагийг хүмүүс их ойлгодог. Энэ охид шинэ зүйл үзүүлэх гээд байгаа юм байна, ямар нэгэн зүйл дуурайгаад байгаа биш үлгэрлэж байна гэдэг ч юм уу. Хүмүүсийн хандлага өөрчлөгдөж байгаа.

-Хамтлагийнх нь нэр ямар утгатай юм бэ. Яагаад The Wasabies гэж нэрлэх болов?
-The Wasabies: Wasaby гэж сүшитэй хольж иддэг Японы халуун ногоотой амтлагч байдаг. Энэ нэрийг манай хамтлагийн продюсер өгч байсан. Бусдаас өвөрмөц нэртэй байхыг хүсэж, эрэл хайгуул хийж байх үед энэ нэрийг санал болгосон юм. Wasaby амандаа багахныг хийх төдийд маш их халуу дүүгдэг, хүчтэй амтлагч. Тийм болохоор манай хамтлаг уран бүтээл болон бүхий л зүйлээрээ хүчтэй байхыг бэлгэдээд энэ нэрийг өгсөн.

-Хамгийн анхны уран бүтээлээ гаргасны дараах сэтгэгдэл ямар байсан бэ?
-Д.Энхгэрэл: Анхны уран бүтээлээ дөрөвдүгээр сард гаргаж байсан. Тэр өдрөөс хойш сарын хугацаанд сайнтай, муутай шүүмж их байлаа. Тухайн үед бүх хүний сэтгэгдлээс өөрсдөдөө аль хэрэгтэйг нь олж авахыг хичээсэн. Тэр үед яг к-поп урсгалыг дуурайсан, энэ нь ийм, тэр нь тийм гэж өөлөх тал руугаа байсан юм. Анхны дуугаа гаргасны дараа догдлоод, сэтгэл санаа хөөрчихсөн байсан. Анхны гэдэг утгаараа бидэнд их үнэ цэнтэй.

-Ө.Ангелина: Шүүмжээс алдаа дутагдлаа хараад, бага багаар засаж эхэлсэн. Одоо хүмүүсийн харах өнцөг өөр болсон. Зарим хүмүүс бусдадаа биднийг зөвөөр ойлгуулах гэж хичээдэг болжээ.

-Уран бүтээлээ хэдэн насныханд зориулж хийхийг зорьдог вэ. Дууныхаа сонголтыг хэрхэн хийдэг вэ?
-Д.Энхгэрэл: Бид зөвхөн Generation Z буюу 1995 оноос хойших үеийнхэнд зориулж уран бүтээлээ хийдэг. Гэтэл сүүлийн үед бүхий л насны хүмүүс сонсдог болсон байна. “Шарк танк” нэвтрүүлэгт орсноос хойш бидний дууг сонсох хүмүүсийн хүрээ тэлсэн. Дууны сонголтыг манай хамтлагийн продюсер Б.Наранзун бидэнтэй ярилцаж байгаад сонгодог.

-Ө.Ангелина: Аль болох хүнд хүртээлтэй, сонсголонтой, цоглог уран бүтээл гаргахыг зоридог.

-Э.Буяндулам: Нэг хэвэнд баригдалгүй уналт, өсөлттэй, уянгын болон бүжгийн хэмнэлтэй дуу хийхийг хичээж байна.

-Бусад охидын хамтлагтай харьцуулахад өнгө төрхийн хувьд ялгарч чадаж байгаа. Дүр төрхөө хэрхэн бүрдүүлдэг вэ?
-Э.Аминхүслэн: Манай хамтлагийн стилистээр хамтлагийн ахлагч Буяндулам ажилладаг. Энэ дуун дээр ингэх ёстой, тэгэх ёстой гэсэн юм байхгүй. Биеийнх нь онцлог болон ямар хувцас өмсөхийг хүсэж байгаа зэрэг өөрийн сонирхол, дүр төрхөд нийцүүлээд хувцасныхаа стилийг тодорхойлдог.

-Ө.Ангилена: Обьектдоо тааруулж хувцасны стиллээ гаргадаг гэсэн үг л дээ. Дууныхаа утгыг тодорхой болгосны дараа обьект болон зохиолоо гаргадаг.

-Э.Буяндулам: Би мэргэжлийн стилистээр сураагүй. Хувцас загварт сонирхолтой болохоороо энэ ажлыг хийдэг юм. Тухайн үеийнхээ трендийг хөөхөөс илүүтэй дуундаа таарсан объект, зохиолдоо таарсан өнгө төрхийг бүрдүүлэхийг хичээж ажилладаг.

-Нэг дууны клип хийхэд хэр хугацаа зарцуулж байна?
-Д.Энхгэрэл: Клипний хугацаа дуу болгон дээр янз бүр байдаг. Таван гишүүнтэй болохоор хугацаа харьцангуй өөр. Нэг сарын хугацаанд хийгдэх дуу байна. Зарим уран бүтээл маш удаж гарсан нь бий. Обьект олдохгүй байх тохиолдол хүртэл гарч байлаа. Клипний зураг авхуулахад байгалийн хүчин зүйл жаахан хэцүү байдаг.

Э.Буяндулам: Урлагийн хүн хатуужилтай байх ёстой. Ямар ч нөхцөлд ганцаараа ажиллаагүй. Хамтлагийн бусад гишүүн, мөн уг ажлыг хамтран хийж буй баг байна. Тэр олон хүнд хүндрэл учруулахгүйн тулд ямар ч хэцүү нөхцөлд дасан зохицох хэрэгтэй. Өвөл богино юбкатай, өндөр  өсгийттэй зураг авахуулах үе ч бий. Салхи, жаварнаас нуугдаж нэг газар байж байгаад “кадр” гэх үед бүгд зэгзийгээд алхдаг. Хүйтэнд даараагүй, халуунд халаагүй юм шиг л байх хэрэгтэй. Наранд түлэгдэж борлох зэрэг нь энгийн л зүйл. Аймаар хэцүү экстрем сорилт бол байхгүй. Өөрсдөө урлагийн салбарт дурлаж, орсон болохоор тэр бүх сорилтыг давахад сайхан байдаг.

-Танай хамтлагийн дуунуудыг сонсож үзэхэд англи, солонгос хэлээр дуулж байсан. Азид танигдах хүслээ биелүүлэхийн тулд олон хэлтэй байх шаардлагатай болно. Хамтлагийн гишүүд хэдэн гадаад хэлтэй вэ. Цаашид ямар хэл сурахаар төлөвлөж байна?
-Д.Энхгэрэл: Би хятад, англи хэлтэй. Ер нь хятад хэлийг илүү чухалчилж сурч байгаа.

-Э.Буяндулам: Хамтлагийн бүх гишүүн бүр хятад, англи хэлийг заавал сурах ёстой гэж үзсэн. Миний хувьд Солонгос судлалаар төгссөн учир солонгос хэлтэй. Мөн төгс биш ч гэсэн англиар ярьдаг. Одоо хятад хэл сурч байгаа. Бага зэрэг орос хэлтэй.

-Э.Аминхүслэн: Англи хэлээ сайжруулж, хятад хэл сурах зорилготой байгаа. Мөн япон хэл сурахаар төлөвлөсөн.

-Ө.Ангелина: Би унаган орос хэлтэй. Англиар тодорхой хэмжээнд ярьдаг. Дүрмээ илүү сайжруулахаар сурч байна. дараа нь хятад хэл сурна даа.

-Э.Анужин: Англи хэлтэй. Одоо солонгос хэлний ангид сурч байгаа. Мөн хамтлагийн гишүүдтэйгээ адил хятад хэлийг сурна.

• “Шарк Танк” нэвтрүүлэгт орсноос хойш бидний дууг сонсох хүмүүсийн хүрээ тэлсэн.
• Зорилгодоо хүрэхийн тулд бид продюсертэйгээ олон ажил төлөвлөсөн. Урт удаан хугацаанд оршин тогтнохыг хүсэж байна.
• Продюсерын зүгээс дуу болон бүжгийн бэлтгэлээ сайн хий, гадаад хэл сур, өөрсдөдөө анхаар гэсэн шаардлагуудыг байнга тавьдаг.

-Монголд тэмцээн уралдаанаас гарч ирсэн олон хамтлагууд байдаг. Тэд уран бүтээлээ хийж эхлээд удалгүй тарчихдаг. Танай хамтлагийн хувьд энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?
-The Wasabies: Манай хамтлагийн хамгийн том зорилго нь онлайн орчинд Монгол гэдгээрээ брэнд хийгээд Азид танигдахыг хүсдэг. Энэ зорилгодоо хүрэхийн тулд уран бүтээлээ туурвисаар байна. “The Wasabies” хамтлаг өнгөрсөн тавдугаар сарын 4-нд анхны “Girls Generations” нэртэй цомгийнхоо нээлтийг хийсэн. Энэ цомогт нийт зургаан дуу орсон. Одоогоор бид зургаан дуу, таван видеотой байгаа. “Өмнө нь шоу төслөөс гарч ирсэн хамтлагууд удаан оршин тогтноогүй. Та нар ч гэсэн тэдэн шиг тарчихгүй биз дээ” гэж сонсогчид их асуудаг. Зорилгодоо хүрэхийн тулд бид продюсертэйгээ олон ажил төлөвлөсөн. Урт удаан хугацаанд оршин тогтнохыг хүсэж байна.

-Хамтлаг болохоосоо өмнө тус тусдаа уран бүтээл гаргаж байсан уу?
-Э.Анужин: Миний хувьд 2016 онд “Universe best songs” тэмцээнд орж, дөрөвдүгээр байр эзэлж байсан. Тэгээд дуучин Б.Амархүүтэй хамтран “дурлалын од” дуугаа гаргаж байсан.

-Д.Энхгэрэл: Миний хувьд мөн адил “Universe best songs” 2017 оны шилдэг оролцогч. Бие даан гаргасан дуу байхгүй ч хүнтэй хамтарч гаргасан дуу бол бий.

-Хамтлагийнхаа продюсерын талаар ярихгүй юу. Та бүхэнд тавьдаг шаардлага, тулгайлсан гэрээ байдаг уу?
-Манай хамтлагийн продюсерээр хөгжмийн зохиолч, урлаг судлаач Б.Наранзун ажилладаг. “Оддын академи”-ийн чиглүүлэгч продюсерээр ажиллаж байсан. Тэр үеэс хойш өнөөдрийг хүртэл продюсертэйгээ ажиллаж байна. Хамтлагийн дуу бүтээнэ гэдэг амар биш. Таван өөр дуу хоолой, өнгө төрхийг нэг дуунд шингээнэ гэдэг үнэхээр хэцүү. Тэр бүрт тааруулаад, өөр өөр төрлийн дуу туурвиж өгдөг. Продюсерын зүгээс дуу болон бүжгийн бэлтгэлээ сайн хий, гадаад хэл сур, өөрсдөдөө анхаар гэсэн шаардлагуудыг байнга тавьдаг.

-“Шарк Танк” нэвтрүүлэгт ороод 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалт авсан. Энэ нь та бүхний уран бүтээлд хэр дэмжлэг болж байна?
-The Wasabies:Манай хамтлаг “шарк танк” гээд бизнесийн санаа уралдуулдаг нэвтрүүлэгт орсон анхны урлагийн салбарынхан болсон. “Та нар зоригтой, мундаг байна” гэж урлагийн ах эгч нар хэлсэн. Д.Энхтүвшин, Ж.Оюунгэрэл шаркаасаа хөрөнгө оруулалт авахаар болсон. Одоо  хөрөнгө оруулалтынхаа гэрээг зурах дутуу байгаа.

-Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна?
-The Wasabies: Анхны цомогт орсон “Runaway” дууны клипний зураг авалтад энэ сард орохоор төлөвлөж байна. Энэ дуу манай анхны цомгийн сүүлийн дуу. Үүний дараа шинэ цомгийнхоо дуунд орно. Хоёр дахь цомгийнхоо эхний дууны хоолойн бичлэгт орчихсон байгаа.

Г.Санжааханд

“Засгийн газрын мэдээ” сонин

 


Б.ТӨГСБАЯР: Өөрөө дурлаж, хүсч, зориод энэ мэргэжлээ эзэмшсэн болохоор хэцүү, шантрах зүйл байдаггүй

$
0
0

Цагдаагийн байгууллагын түүхт 98 жилийн ойг тохиолдуулан Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Эргүүлийн офицер, Цагдаагийн дэслэгч Б.Төгсбаяртай ярилцлаа.

Arslan.mn

Та цагдаа болох гэж эчнээгээр сурдаг байсан гэж сонссон?

Эмэгтэй хүүхдүүд бага байхдаа эмч, багш болохыг мөрөөддөг байсан бол харин би эсрэгээрээ цагдаа болохыг мөрөөддөг байсан. Би цагдаагийн мэргэжлийг эзэмшихийн тулд Цагдаагийн сургуулийн эчнээ ангид орж суралцаж байсан. Хүүхэд насны минь мөрөөдөл өнөөдөр ингээд биелэлээ олсонд их баяртай байдаг. Цагдаагийн албаараа бахархах үе зөндөө л байсан. Наад захын хүмүүс биднийг хүндэлж, хүндэтгэж харьцдаг. Төрийн өмнөөс түмэн олны аюулгүй байдлыг сахин хамгаалахын төлөө ажилладаг болохоор тэр байх.  Ядарсан нэгэнд тус хүргэх, аюулаас аврах, хулгай хийж байгаа хүнийг үйлдэл дээр нь бариад иргэний эд зүйлсийг буцааж өгөхөд чин сэтгэлээсээ баярласан иргэдийг хараад өөрийн эрхгүй мэргэжлээрээ бахархаж байсан үе чамгүй олон.

Та эргүүлийн офицероор хэдэн жил ажиллаж байгаа вэ?

Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2003 оноос хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй 15 дахь жилдээ ажиллаж байна. Одоо тус дүүргийн долоодугаар хорооны нутаг дэвсгэрт бүртгэгдсэн дуудлага мэдээллийг хүлээн авч, Тамир-117 чиглэлийн авто эргүүлийн офицерийн үүргийг гүйцэтгэж байна. Бид 24 цагаар ажиллаж, шуурхай дуудлага, мэдээллийн дагуу иргэдэд туслалцаа үзүүлж, хуулийн зөвөлгөө өгч ажилладаг. Нэгэнт өөрөө дурлаад, хүсч зориод энэ мэргэжлээ эзэмшсэн болохоор нэг их хэцүү, шантрах зүйл байдаггүй. Хүүхдүүдийн ээж, гэрийн эзэгтэй гэдэг үүднээс цагдаагийн байгууллагад ажиллахад цаг наргүй хүндрэлтэй ч нэгэнт сонгосон мэргэжилдээ туштай байхыг хичээж ажилладаг.  Өмнө нь хороон цагдаа хийдэг байхдаа хорооныхоо иргэдтэй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тулж харьцана, иргэдтэйгээ ойрхон ажилладаг болоод ч тэр үү хороон цагдаагийн ажилдаа илүү дуртай байсан.

Arslan.mn

Та өөрийнхөө ажилладаг хамт олноо уншигчдад нэг гайхуулаач?

Тэгэлгүй яахав /инээв/. Манай хэлтсийн хувьд яг хотын төвийн бүсийг хариуцдаг. Гадны зочин төлөөлөгч ирэх, эргүүл хамгаалалтанд гарах  гээд бусад дүүрэгтэй харьцуулахад олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, жагсаал цуглаан их болдог болохоор ачаалал арай ихтэй. Тэглээ гээд алба хаагчид эцэж цуцалгүй аль чадахаараа л хичээж сайн ажилладаг.  Манай хамт олны уур амьсгал маш сайхан. Ажилдаа хэдий ядарсан ч хамт олны инээд хөөр, бие биенээ гэсэн сэтгэлийг хараад урам авах шиг болдог. Ядарснаа ч мартчихдаг үе зөндөө бий. Хүний ажиллах нөхцөл, уур амьсгал хэдий чинээ сайхан байна тэр хүн улам ихийг хийж бүтээх, ажиллах чин хүсэл сонирхолтой болдог. Манай хамт олон яг л тийм хамт олон. Би бас залуу хүмүүстэй их ажиллахыг эрмэлздэг. Тэднээс мэдэх сурах зүйл зөндөө их. Тэдэндээ ч зааж зөвлөөд сайхан л ажиллаж байна. Манай хэлтсийн хувьд эмэгтэй алба хаагчид олонтой. Тиймээс би “Эмэгтэйчүүдийн зөвлөл”-ийг байгуулаад ажиллаж байна.

“Эмэгтэйчүүдийн зөвлөл” гэхээр эмэгтэй алба хаагчид руугаа чиглэсэн ажлууд хийнэ гэсэн үг үү?

2013 онд хэв журмын тасгийн даргатайгаа ярилцаад анх “Эмэгтэйчүүдийн зөвлөл”-ийг байгуулж байсан. “Эмэгтэйчүүдийн зөвлөл” нь эмэгтэй алба хаагчдад зориулсан соён гэгээрүүлэх, мэдлэг олгох, мэргэшүүлэх зэрэг олон ажлыг зохион байгуулдаг. Тухайлбал, хэлтсийнхээ соён гэгээрүүлэх бүх төрлийн тэмцээн, уралдаан, урлагийн наадам зэргийг гардан зохион байгуулдаг. Хамгийн том хийсэн ажил гэвэл БНСУ-ын Үндэсний галын академитай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэ хүрээнд бид БНСУ-д очиж эмэгтэй албан хаагчдаа дөрвөн жил дараалан анхан шатны түргэн тусламж үзүүлэх сургалтад хамруулсан. Харин сүүлийн жилийн сургалтанд эрэгтэй алба хаагчид санал тавьж бас хамрагдсан байгаа. Уг сургалтанд хамрагдсанаар гэмтэж бэртсэн хүнд анхан шатны тусламж үзүүлэх наад захын мэдлэгтэй болсон. Цагдаа нарын хувьд хүнд анхан шатны тусламж үзүүлэх мэдлэгтэй байх ёстой гэж үздэг хүний нэг учраас бид энэхүү сургалтыг жил дараалан авч байна. Албан хаагчид гэмтсэн бэртсэн, ухаан алдсан хүмүүсийг хараад 103 дуудаад хүлээх биш, харин ч анхан шатны тусламжийг нь үзүүлээд сууж байх нь илүү чухал.

Arslan.mn

Цагдаагийн алба хаагчийн эрхэмлэх зүйл юу вэ?

Цагдаагийн алба хаагч хүний төлөө төрсөн юм шиг ажиллах ёстой гэж боддог. Төрийн өмнөөс бусдыг айлгаж, сүрдүүлэх бус ард түмнээ хайрлаж, учирч болох эрсдэлээс хамгаалж, хүндэтгэлтэй хандах нь бидний ажил. Үүгээрээ л цагдаагийн мэргэжил хамгийн сайхан нь.

Ийм мундаг бүсгүйн ар талыг дааж явдаг ханийнхаа талаар танилцуулахгүй юу?

Миний хань Б.Булган ОБЕГ-т ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан онцгой байдлын хурандаа цолтой хүн байдаг. Миний том хүү одооо Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэст аврагч, гал сөнөөгчөөр ажилладаг, харин бага хүү маань ахлах сургуульд сурдаг. Манай гэр бүлийн гишүүд бүгд хүсэл сонирхолынхоо дагуу ажил, мэргэжлээ сонгосон. Хань бид хоёр хүүгээ ийм, тийм мэргэжил сонго гэж хэлээгүй өөрийнхөө л хүсэл сонирхолоороо ажиллаж байгаа. Цэргийн байгууллагын хүмүүс хариуцлагатай, шаардлага өндөртэй тэр утгаараа манай нөхөр, хүүхдүүд бас яг ийм хандлагатай байдаг. Миний хань миний ажил, мэргэжлийн онцлогийг мэддэг, мэдэрдэг учраас их ойлгодог. Миний хувьд ажлынхаа хажуугаар гэрийн сайн эзэгтэй баймаар байдаг. Гэтэл ажил маань энэ бололцоог их л хомс өгдөг. Баяр наадмаар цуг баярлана гэсэн ойлголт бараг л байхгүй. Цагдаа хүний хань бас их л тэвчээртэй хүмүүс шүү. Энэ бүхнийг ойлгож, хамт байдаг. Тэд нарынхаа итгэлцэл ойлголтгүйгээр бид ажил үүргээ сайн гүйцэтгэж чадахгүй шүү дээ. Энэ дашрамд ханьдаа миний мэргэжлийг ойлгож, хүндэлж хүлээж авдагт нь баярлалаа гэж хэлмээр байна.

Ярилцсанд баярлалаа.

Баярлалаа. Монголын цагдаагийн байгууллагын нийт алба хаагчид, бидний түшиг болсон гэр бүлийн гишүүд, үеийн үед ажиллаж байсан ахмадууд, удирдлагууд та бүхэндээ Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хамт олноос Цагдаагийн байгууллагын түүхт 98 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье.

Реппер Гинжин: “Тrap” сонсож эхэлсэн бол буцахад хэцүү жанр

$
0
0
712-156686769095a5ef1eac701e90a44473021905d62c
Энэ удаагийн “Хөгжим хэмнэл” буландаа “Лойчихсон” бүлгийн реппер Гинжин буюу уран бүтээлч Г.Гарьдыг  урилаа. Тэрээр өнгөрсөн зургадугаар сард Тайваньд болсон “GMAwards”-д эх орноо төлөөлөн оролцсон юм. Тус улсын хэвлэлүүд “Монголын хип хопын хөгжил өндөр түвшинд явааг реппер Гинжин харууллаа” хэмээн түүнийг бичжээ. Түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Сүүлийн үеийн уран бүтээлийн сонин хачнаас яриагаа эхэлье. Энэ зун ямар уран бүтээл дээр ажилласан бэ?
-Сүүлийн үеийн сонин гэвэл саяхан “Playtime” олон улсын хөгжмийн наадамд оролцсон. Мөн хип хоп сонирхогчдод зориулсан “Хип хоп агаартай парти” шоунд оролцлоо. Хип хоп хөгжим, үдэшлэгийг өргөн дэлгэрүүлэх зорилготой энэ  шоуг “100g” буюу “Hundred G” нэртэй шинэхэн байгууллага зохион байгуулсан. Японоос DJ ирсэн нь шоуны гол онцлог байв. Төлөвлөсөн олон ажлаас хамгийн чухал нь цомгийн бэлтгэл ажилдаа орох.
Монголын хамгийн гоё улирал бол зун гэдэгтэй хүн бүр санал нийлэх болов уу. Миний хувьд зундаа агаар салхинд гарч, амарч зугаалж амждаггүй. Шинэ уран бүтээл хийх  хүсэл минь зун их оргилдог гэх үү дээ. Ихэнх дуу маань үүрийн 4-5 цагийн үед бүтсэн байдаг юм.
-Саяхан гаргасан “Ganbei” дуу хит болж байна. Англи,Монголоор хослуулж дуулсан нь онцлог байлаа?
– Ganbei гэдэг нь хятадаар төлөө гэсэн үг боловч махчлан орчуулвал хуурай болтол нь гэсэн утгатай.  Нэг ёсондоо хундагаа хоосон болтол нь ууж, ёроолд нь үлдээхгүй байхыг гэж хэлж байгаа юм. Дэлхий дахинд тэр тусмаа Америкийн хип хоп хөгжимд энэ зун тиймэрхүү хэмнэл, өнгө аястай дуунууд хит болж байна. Тиймээс Монголдоо мөн адилхан дуу хийхийг эрмэлзсэн. Сайн дуу болсон гэж бодож байгаа.
Англиар үглэх бол миний гол онцлог. Ер нь монголчууд дуундаа аль болох англи хэл  ашиглаасай гэж хүсдэг. Учир нь англиар үглэж байж гадны зах зээл рүү орох үүд хаалга нээгдэнэ. Гэхдээ мэдээж монгол өнгө аяс, хэв маягаа орхигдуулж болохгүй.
– Та хэзээнээс trap урсгалаар дуулж эхэлсэн бэ?
-Миний хамгийн анхны trap хөгжим бол “EZ Loc” нэртэй байхдаа 2009 онд хийсэн “Би” гэсэн дуу байдаг юм. “Trap”-ийг яг тийм гэж тодорхойлоход хэцүү жанр. Онцлог  нь дуулж байгаа зүйлдээ байдаг. Чи нэгэнт trap-ыг ойлгож сонсдог болсон л бол буцахад их хэцүү жанр.
-Зургадугаар сард Тайваньд болсон “GMAwards”-д оролцсон. Олон улсын уран бүтээлчид оролцдог том арга хэмжээ гэж сонссон?
–  Би Тайваньд аялал жуулчлал зочид буудлын менежментээр төгссөн. Тайвань бол сурч тэр тусмаа амьдрахад ээлтэй, нэрэндээ таарсан тайван улс. “GMAwards”-д анх удаагаа оролцсон. Монголоос оролцсон анхны уран бүтээлч нь би байсан байх. Тайвань улсын “Grammy Awards” гэж хэлэхэд буруудахгүй өргөн цар хүрээтэй арга хэмжээ болсон. Тайванаас гадна олон улсын нэртэй дуучид, продюссер, лабел бичлэгийн компаниудын фестивал зохион байгуулагчдын төлөөллүүд оролцдогоороо давуу талтай.  Энэ фестивалд өөрийн ур чадвараа харуулж чадвал  олон орны уран бүтээлчидтэй танилцаж цаашид тэдэнтэй хамтран ажиллах боломж нээгдэнэ. Тухайлбал, Тайванийн реппер  YZ-тэй хоёр жилийн өмнө хамтарч дуу хийсэн. Гэхдээ  клипийг нь хийж амжаагүй байсан юм. Сая “GMAwards”-д очихдоо  бичлэгээ хийчихсэн. Удахгүй цацагдана. Энэ клип Америкийн billboard, Азийн hypebeast гэсэн онлайн сэтгүүл дээр гардаг. Мөн Dough boy-той хамтарч ажиллаад эхэлсэн. Ер нь YZ, Doughboy хоёроос гадна олон уран бүтээлчтэй хамтарч уран бүтээл хийхээр ярилцсан.
-Улаан хивсний ёслолд нь дээл өмссөн байсан. Мөн “Arasso” дуун дээр?
-Дээл бол  монголчууд үеийн үед өмсч байх ёстой нандин өв соёлын нэг. Өөр улсын арга хэмжээн дээр жинсэн өмд эсвэл  албаны хослолтой оролцвол  тийм ч сонин биш байх болов уу. Тиймээс үндэсний хувцас дээлээ өмсөхөөр шийдсэн юм.
-Тайваний сайтад “Монголын хип хопын хөгжил өндөр түвшинд явааг реппер Гинжин харууллаа” гэсэн байна. Ер нь Монголын хип хоп дэлхийн хэмжээнд хүрэх эхлэлээ тавьчихсан уу?
– Би өөрийн хэр хэмжээ, чадлаараа хип хопыг дэлхийн хэмжээнд хүргэх гэж хичээж явна. Өнөөдрийн хувьд бид хөгжим, чанар, оюуны хувьд ч дэлхийн бусад орноос хоцрогдолтой хэвээр байна. Гэхдээ удахгүй тэдэнтэй мөр зэрэгцээд уралдаад гараад ирэх байх гэж найдаж байгаа. Эхлээд сонсогчид шинийг эрэлхийлж, шинэ зүйл сонсож сурах буюу хөгжих хэрэгтэй байна. Сонсогчид хөгжихгүй бол уран бүтээлчид шинийг эрэлхийлж шинэлэг дуу хийхэд хэцүү шүү дээ.
-2007 оноос хип хоп-д нэгдсэн. Анх ямар хамтлагийн дуунуудыг сонсож энэ урлагт хөл тавьсан талаар дурсвал?
-Би багаасаа “Lumino” хамтлагийн фэн байлаа. Мэдээж “Ice Top”, “Digital”, “Хоёр хүү”, “Дайн ба энх” гэсэн  хамтлагийг сонсдог байсан. “Lumino” надад энэ хөгжмийг хийхэд их нөлөө үзүүлсэн. Хэнээс ч ичиж зовохгүй хараат бусаар хүссэнээ хэлдэгт хип хопын сайхан чанар оршдог. Мөн асар их золиос гаргаж энэ хөгжимд бүх амьдралаа зориулж байгаа хүн бүрийг би хүндэлдэг.
– “Лойчихсон” бүлгийнхэн сүүлийн үед их эрчтэй явж байна. Байгуулагдаад 10 жил болчихлоо. Сонин ихтэй байгаа болов уу?
-Бид 2009 онд албан ёсоор “Лойчихсон” хэмээх дуугаа клипжүүлж байсан.  Тэр үеэс хойш “Лойчихсон” нэртэй бүлэг болохоор шийдсэн юм. Түүнээс өмнө A.M.C гэдэг нэртэй байлаа. Бид crew эсвэл хамтлаг гэхээсээ илүү найзуудын холбоотой байдаг учраас шинэ хүн нэмэгдэх, хасагдах асуудал гараад байдаггүй. Энэ сарын 10-нд FLA анхны цомгийн нээлтээ хийсэн. Маш гоё болсон. Энэ жил FLA маш шаргуу хөдөлмөрлөсний үр шимээ хүртэх шиг боллоо.
-Таны цаашдын зорилго, мөрөөдөл тань юу вэ?
– Өөрийн гэсэн зоогийн газартай, хувцасны компанитай болох гэсэн олон мөрөөдөл бий. Бүгдийг нь биелүүлэхийн төлөө зүтгэнэ.
Б.Должинжав
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.Төмөр: Монголын баг сагсны ДАШТ-д зодоглох цаг ойрхон

$
0
0

Сагсан бөмбөгийн 18 дахь удаагийн ДАШТ эхлэхэд ердөө 4 хоног үлджээ. Дэлхийн олон сая үзэгчдийн анхаарлыг татаж буй уг тэмцээнийг NTV анх удаа эх орон даяар албан ёсны эрхтэй дамжуулах юм. Тэгвэл тус тэмцээнийг тайлбарлан хүргэх хөтлөгч Б.Төмөртэй ярилцлаа.  

-Өдрийн мэнд. Удахгүй болох сагсан бөмбөгийн ДАШТ-ний сонин сайхнаас яриагаа эхлэе?

-Энэ удаагийн ДАШТ олон онцлогтой болж буй. Жишээ нь энэ жилээс дэлхийн аваргын тэмцээнд 32 баг оролцдог болсон нь өмнө нь уг тэмцээнд орж чаддаггүй байсан багуудад боломж олдох магадлал өссөн. Мөн Азид буюу БНХАУ-д  зохиогдож байгаа учраас манай үзэгчдэд цагийн таатай нөхцөл таарч, ажил, сургуулиа тараад гэртээ ирэх үед тоглолтууд гарч таарч байгаа.

-Тэгэхээр ДАШТ-ний тоглолтуудыг бид хэдэн цагаас хүлээн авч үзэх боломжтой вэ?

-Хамгийн эхний тоглолт 16:00 цагаас бол дараагийн тоглолтууд 20:00, 22:00 гээд тун боломжийн цагаар явагдах хуваарьтай байна.

-Энэ ДАШТ-ний үргэлжлэх хугацаа болон багуудын тоглолтын хуваарийн тухай тодорхой мэдээлэл өгөөч?

-Энэ удаагийн ДАШТ-нд 32 баг оролцож, 8 хэсэгт хуваагдсан байгаа. Нэг хэсгээс хамгийн олон хожилтой хоёр баг гарах юм. Нийт 92 тоглолт болох тов гарсан байгаа. Сагсан бөмбөгийн ДАШТ 5 жил завсарлаад дахин зохиогдож байгааг сануулах нь зөв. Хамгийн сүүлд 2006 онд Ази тивд энэ тэмцээнийг хийж байсан. Уг тэмцээн дандаа Европ юм уу Америк тив гэх мэт манай цагийн бүсчлэлээс өөр газар зохиогдож байсан учраас энэ удаагийн ДАШТ-ний уур амьсгал, мэдээ мэдээлэл бидэнд илүү ойрхон, хүртээмжтэй байх болов уу.

-Энэ жилийн ДАШТ-нийг Монголд NTV телевиз албан ёсны эрхтэй шууд дамжуулж буй юм билээ. Ямар онцлог байдлаар шууд дамжуулах вэ?

- NTV телевиз өнгөрсөн зуны спортын хамгийн том үйл явдал болох хөлбөмбөгийн ДАШТ-нийг маш амжилттай, чанарын өндөр түвшинд орон даяар дамжуулсан. Түүнчлэн спортын томоохон төсөл, контентуудыг албан ёсны эрхтэй үзэгчдэд хүргэсэн туршлага, баг, хамт олон байгааг дурдах нь зөв. Энэ жил ч ялгаагүй сагсан бөмбөгийн ДАШТ-ний 92 тоглолтын эрхийг бүгдийг нь албан ёсны эрх, техник хэрэгсэл, дуу дүрсний чанартай гаргахын сацуу хэсгийн тоглолтуудыг Star, SPS телевизүүдтэй хуваан дамжуулах гэж байна.

Мөн бид энэ жилийн сагсан бөмбөгийн ДАШТ-ний тайлбарлагч, дасгалжуулагчдыг аль болох мэргэжлийн баг бүрдүүлэхээр зорьж ажиллалаа. Жишээ нь, манай шууд дамжуулалтын бүрэлдэхүүнд  Монгол Улсын шигшээ багийн ахлагч Г.Баттөр, Монгол Улсын эмэгтэйчүүдийн шигшээ багийг дасгалжуулж байсан, мэргэжилтэн Б.Мандуул мөн, хоёр залуу дасгалжуулагч манай багт орж ажиллах болно. Бид яагаад дасгалжуулагчдыг сонгосон бэ гэвэл, талбай дээр болж буй тактик, тоглолтын нөхцөл байдлыг мэргэжлийн тоглогч, дасгалжуулагчдын нүдээр тайлбарлаж, үзэгчдэд хүргэвэл илүү сонирхолтой, ойлгомжтой болох болов уу гэж бодсон.

-Хэсгийн тоглолтыг хоёр телевизтэй хуваан дамжуулах тухай ярилаа. Тэгэхээр хэсгийн зарим тоглолт давхцана гэсэн үг үү. Энэ тухай дэлгэрүүлж ярина уу?

-Хэсгийн 4 тоглолт яг зэрэг явагдах хуваарьтай байгаа. Тиймээс бид бүх тоглолтыг шууд дамжуулах үүднээс NTV телевиз үндсэн сувгаараа болон ONTV сувгаар дамжуулахаас гадна Star, SPS телевизтэй хамтран шууд дамжуулах гэж байна. Монголын телевизийн түүхэнд бие даасан дөрвөн телевиз бүх техник хэрэгсэл, тайз арын албаны бүрэлдэхүүнтэйгээр шууд дамжуулалтыг зэрэг хийх гэж байгаа нь анхны тохиолдол гэж хэлж болно.

-Түрүүн та хэллээ. ДАШТ-ний шууд дамжуулалтын бүрэлдэхүүнд мэргэжлийн дасгалжуулагчдын баг ажиллах тухай илүү дэлгэрүүлж, тайлбарлагчдыг танилцуулахгүй юу?

-NTV, Star, ONTV телевизүүдэд эдгээр тайлбарлагч, дасгалжуулагчдын баг ажиллах бол SPS телевиз өөрсдийн үндсэн хөтлөгч, аналистуудаар хэсгийн тоглолтуудыг хүргэх юм.  Манай тайлбарлагчдын бүрэлдэхүүнд багтсан Б.Мандуул, Ч.Ижилболд нар гадны сургуульд дасгалжуулагчийн чиглэлээр боловсрол эзэмшсэн. Мөн А. Алтан-Очир дасгалжуулагч багаа хоёр ч удаа лигийн аварга болгосон туршлагатай. Түүнчлэн Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ багийн ахлагч, тамирчин Г.Баттөр нарын мэргэжилтнүүд шууд дамжуулалтын бүрэлдэхүүнд багтсан. Эдгээр мэргэжилтнүүдийг урьсан гол шалтгаан бол яг мэргэжлийн үүднээс тайлбарыг хэрхэн хүргэх вэ гэдгийг бид үзэгчдэд сонирхуулахыг хүсч байна. Жишээ нь, миний хувьд энгийн тайлбарлагч. Бид тухайн өдөр болсон тоглолтыг юу болсон чигээр нь ярьж, хүргэх бол эдгээр мэргэжлийн дасгалжуулагч, тамирчид тусдаа нэвтрүүлгээр тухайн тоглолтын арга барил, дасгалжуулагчийн шийдэл, онцлох үйл явдал зэргийг задалж, үзэгчдэд сонирхолтой байдлаар хүргэнэ.

-Ямар баг түрүүлэх таамагтай байгаа вэ. Мэдээж АНУ-ын баг жил бүр л түрүүлэх гол багаар нэрлэгддэг. Танд арай өөр таамаг байгаа юу?

-Миний хувьд  сагсан бөмбөгийн эх орон гэгддэг америкчууд энэ удаагийн тэмцээний гол фаворит биш гэж үзэж байгаа. Учир нь, Европын багууд тэр дундаа Франц, Испани, Сербийн шигшээ тун хүчирхэг байна. АНУ-ын багийг дээрх дурьдсан Европын төлөөллүүд буулган авах бүрэн боломжтой. Тиймээс энэ жилийн ДАШТ-ний бас нэгэн онцлог бол өрсөлдөөн маш ширүүн байгаа. Би хувьдаа үзэгчийн нүдээр аль баг түрүүлэх вэ гэж таамаг дэвшүүлбэл сербийн залуучуудыг нэрлэмээр байна. Учир нь сүүлд болсон гурван том тэмцээнд сербүүд дандаа мөнгөн медаль хүртэж, харамсалтай ялагдсан. Тэд АНУ-ын шигшээ багт гурван ч удаа хожигдоод байгаа. Тиймдээ ч Сербийн шигшээгийн залуусын цаг нь ирсэн болов уу гэсэн хүлээлт байна.

-Монголын залуучуудын хамгийн дуртай спорт бол мэдээж сагсан бөмбөг. Энэ спортоор 3х3 гэх мэт төрөлд бид давгүй амжилт үзүүлж эхлээд байна. Мэргэжлийн тайлбарлагчийн хувьд Монголын шигшээ хэзээ ДАШТ-нд зодоглох бол?

-Дараагийн ДАШТ-ийг 2023 онд Азийн гурван улс хамтран зохион байгуулна. Яг одоо лиг, 3х3 гэх мэт төрлөөр манай залуучууд үнэхээр сайн хөгжиж, сайжирч байгаа. Бид дараагийн ДАШТ-д эх орны шигшээгээ илгээхэд ч болохгүй зүйлгүй. Аливааг гэгээлгээр харах хэрэгтэй шүү дээ.

-Та анх сагсан бөмбөгийн спорттой яаж холбогдсон бэ. Хөтлөгч, тайлбарлагч болсон түүхээ хуваалцаач?

-Анх 1993 онд NBA хэмээх Хойд Америк гэлтгүй дэлхийд цар хүрээ нь дэлгэрсэн лигийн том тэмцээний цуурайг сонсож байлаа. Тухайн үед шууд тоглолт хүлээн авч үзнэ гэдэг ойлголт байсангүй. Үндэсний телевизийн оройн мэдээний завсраар хэсэгхэн бичлэг л үзүүлдэг байв. Ингээд Chicago Bulls багийн домогт од Майкл Жорданы тоглолтыг харж, сагсан бөмбөгийн спортод буцалтгүй орсон. Майкл Жорданы тоглолт олон ч хүүхэд, залуусыг уг спортод татан оруулж байсан ид үе юм. Би сагсан бөмбөгийн мэргэжлээр сурч, боловсрох хүсэлтэй байсан ч амьдрал дээр хэрэгжүүлж чадаагүй. Учир нь, 10-р ангиа төгсөх үед манай улсад спортын сэтгүүлчээр мэргэжилтэн бэлтгэж эхлээгүй байлаа. Бага идэр насандаа сагсны спортоор хичээллэж, бас хэрэндээ амжилт гаргасан байсан маань нөлөөлсөн гэхэд болох юм. Ер нь л сагсны спорттой ойрхон амьдарч ирсэн. Нэг хэсэг АНУ-д ажиллаж амьдарч байхдаа гадны тайлбарлагч, дамжуулалтыг тогтмол үздэг байсан маань тайлбарлагч болох хүслийн нэг хэсэг байж улмаар зорьсноо орхилгүй явсаар дуртай мэргэжлээрээ ажиллах бололцоо гарч ирсэн. Хамгийн анх 2012 онд телевизэд ажиллах боломж гарч ирж, Sport Box телевизээс гараагаа эхэлсэн.

-NTV телевиз спортын томоохон контентуудыг албан ёсны эрхтэй дамжуулсаар байгаа. Цаашид ч мөн энэ чиглэлээрээ тасралтгүй ажиллах уу?

-Өнгөрсөн зуны хөлбөмбөгийн ДАШТ, энэ жилийн сагсны ДАШТ, Дакар Ралли-2019, Н.Төгсцогт гавьяатын тулааныг эх орон даяар анх удаа албан ёсны эрхтэй хүргэсэн гээд NTV телевиз үзэгч, олон нийтийн өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж яваа гэж боддог. Тиймдээ ч энэ жилийн ДАШТ-нийг дамжуулах үе буюу 8-р сарын 31-нээс 9-р сарын 15-ны хооронд дотоод, гадаад гэлтгүй спортын олон үйл явдал давхцаж байгаа. Жишээ нь, Мазаалай лигийн тоглолтууд болон Монгол Улсын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн эрэгтэй багийн нэн чухал тоглолт болох ДАШТ-ний урьдчилсан шатны тулаан биднийг хүлээж байна. Гадны дамжуулалт гэвэл Бундеслигийг NTV телевиз 9 дэх удаагаа албан ёсны эрхтэй гаргана. Энэ бүгдийг бид дамжуулахаар бэлтгэл ажлаа бүрэн хангаад байна. Ямартаа ч үзэгчид 2 долоо хоногийн турш NTV телевизтэй хамт байснаар спортын олон сонирхолтой үйл явдлыг хүлээн авах боломжтой.

-Дэлхийн аваргын томоохон контентыг худалдан авах, шууд дамжуулах зэрэг  үйл ажиллагаанд ивээн тэтгэгчдийн оролцоог дурьдах нь зөв болов уу?

-Мэдээж аливаа контентыг үзэгчдэд хүргэхэд ивээн тэтгэгчдийн оролцоо тун чухал. Тиймдээ ч энэ удаагийн сагсан бөмбөгийн ДАШТ-нийг Худалдаа хөгжлийн банк, Скайтел групп, “Union Pay Mongolia”, АПУ ХК, Бишрэлт групп зэрэг байгууллагууд хамтран ажиллаж байгаа.

-Ярилцсанд баярлалаа.

Т.Батсугар

Г.Мөнхсүлд: Хоёр сарын хугацаанд 20 кг жин хаях энүүхэнд, 50 кг хаясан хүн ч байна

$
0
0

69624149_1328015707351557_6075829417467183104_o

Дасгал хөдөлгөөнийг хөгжмийн хэмнэлтэй хослуулан дугуйн дээр хийдэг спортын төрөл нь СПИННИНГ. Эргэлтэт дугуйн спорт зөвхөн турах, хөдөлгөөний дутагдлаас гаргах бус амьдралын эрч хүчийг бэлэглэж, стресс тайлдаг шидтэй. 60 минутын турш үргэлжлэх тэр хэмнэл, тэр хөдөлгөөн дасгал зөвхөн спорт бус энтертаймент урлаг. Энэ спортыг зориглон Монголд хөгжүүлэхээр дөрвөн жилийн өмнөөс хөдөлмөрлөж эхэлсэн залуу өдгөө гурван салбар нээчихсэн, залуу хүний эрч хүч, хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн ирээдүй өөд тэмүүлж явна. Түүний зорилго Монголоор хязгаарлагдахгүй. Түүнд Хятадын зах зээл харагдаж буй талаар итгэл төгс ярьж сууна. СПИННИНГийн анхдагч “Сүлд спиннинг” клубын захирал Г.Мөнхсүлдтэй ярилцсанаа хүргэж байна.  https://www.facebook.com/suldtrainer/

-ДӨРВӨН ЖИЛИЙН ӨМНӨӨС ЭНЭ СПОРТЫГ МОНГОЛД ХӨГЖҮҮЛЭХЭЭР ХӨДӨЛМӨРЛӨЖ ЭХЭЛСЭН-

-Спиннингийн талаар одоо мэдэхгүй хүн бараг байхгүй болж. Энэ спортын ач холбогдлын талаар яриагаа эхэлье?

-Спиннинг буюу эргэлтэт дугуйн спорт дэлхий дахинд хөгжөөд 30 жил болж байгаа. Нийтийн биеийн тамир, биеийн тамир, эрүүл мэнд, чийрэгжүүлэлтийн чиглэлээр, мөн шоу энтертайнмент чиглэлээр хөрвөдөг спорт. Бусад спортоос давуу тал, онцлог нь вакум орчинд аяны хэмнэлээр дасгал хийдэг. Урдаа нэг хөтлөгчтэй. Унадаг дугуйнаас өөр. Фитнессээс бас өөр.  Энэ спорт Монголд орж ирээд дөрвөн жил болж байна. Г.Мөнхсүлд би энэ спортыг Монголд хөгжүүлж, энэ спортын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж явна. Гэхдээ би энэ спортыг Монголд оруулж ирсэн гэж онгирох дургүй. Яагаад гэвэл миний хийж бүтээж байгаа ажлыг энэ спортоор хичээллэгсэд дүгнэж үнэлэх ёстой. Нийгэмд чиглэсэн олон олон үйл ажиллагаа хийсэн. Монгол улсад илүүдэл жин гэдэг зүйл маш их болсон байна. Сүүлийн хоёр жилийн өмнө гаргасан судалгаагаар таван хүн тутмын гурав нь илүүдэл жинтэй гэсэн судалгаа гаргасан байна. Тиймээс нэн түрүүнд илүүдэл жингүй улс орон, ард түмэн, гэр бүл, найз нөхөд бий болгох гол зорилгыг тавьж явдаг. Тиймээс “Сүлд” спиннинг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд илүүдэл жингийн эсрэг тасралтгүй үйл ажиллагаа явуулсаар байна.

-Танай спиннингийг зорих хүмүүс маш их байдаг юм байна. Нууц нь юундаа байдаг юм бол?

-Сайн мэдэхгүй байна. Гэхдээ манайх анхдагч гэдгийг хаана ч хэлнэ. Дөрвөн жилийн өмнө спиннинг гэж хүмүүс мэддэггүй байсан. Хүмүүс гүйлтийн зам дээр гүйгээд хажууд нь спиннингийн дугуй байхад огт сонирхдоггүй байлаа. Аяны хэмнэлээр дасгал хийнэ гэх ойлголтгүй байлаа. Харин одоо захын хүн мэддэг болчихсон. Спиннинг гэдэг спорт тусдаа клуб болж явж байна. Энэ хүртэл энэ спортыг таниулж байгаа нь бахархалтай. Мөн чанар, сургалтын асуудал чухал. Сүлд спиннингийг зорьж байгаа зорилго нь юу вэ, ямар үр дүнд хүрэхийг хүсч байгаа нь чухал. Заавал их жинтэй хүмүүс л жингээ хасах гэж ирдэггүй. Бага жинтэй ч хүн өөрийгөө бие чангалж, улам гоё биетэй болохыг хүсдэг тэр бүрт нэг бүрчлэн тулж ажиллаж, хүн бүрийн хүссэн үр дүнд хүргэхийн төлөө ажиллах ёстой. Бүх зүйлийг төлөвлөнө. Тухайн хүний хооллолтод ямар асуудал байна. Ямар шалтгаанаар таргалсан, ямар жинтэй болохыг хүсч байгаа, сэтгэлзүйн хувьд бэлэн үү гэдгийг тодорхойлдог. Энэ бүхэнд дасгалжуулагч маш их үүрэгтэй. Хүн бүртэй сэтгэлээсээ ярилцаж, үгийг нь сонсдог байх ёстой.Тийм ч учраас манайхыг зорьдог байх гэж боддог. Цаашид ч гэсэн илүү чанартай сургалт хийж, боловсон хүчиндээ анхаарч, стандартын хувьд ч илүү сайжирч ажиллахыг зорьж байгаа.

-Дөрвөн жилийн хугацаанд танай спиннингээр хэчнээн хүн хичээллэсэн бол. Тоо гаргаж үзсэн үү?

-Тоогоо алдсан байх аа. 2016 онд л гэхэд 2000 хүн үйлчлүүлээд гарсан байдаг. Түүнээс хойш жил ирэх тусам үйлчлүүлэгчид маань өсч байна. Цаашид бид үйл ажиллагаагаа улам өргөжүүлж, хилийн чанадад зах зээлээ нэвтрүүлэх ямар боломж байна вэ гэдгийг судалж байна. 2017,2018 онд Европт хип хоп жанраар спиннингийг хөгжүүлсэн Кэй Томпсон гэж алдартай дасгалжуулагчийг эх орондоо хоёр удаа урьж авчиран сургалт зохион байгуулж байсан. Ер нь Азид, Европт ямар түвшинд хөгжиж байгааг туршлага судлахаар алдартай дасгалжуулагчдийг авчирч сургалтууд хийлгэсэн. Бид цаашлаад 21 аймаг, суурин сумд энэ спортыг хөгжүүлж болно гэж боддог. Хүн бүрт л хүргэх нь миний зорилго. Мэдээж саад бэрхшээл байна. Тэр бүхнийг даван туулж, хүн бүрийг спортоор хичээллүүлж, стрессээ тайлдаг болгох нь миний зорилго юм даа. Спортоор хичээллэснээр хүн ямар нэг ажлыг төлөвлөж сурдаг. Зан харьцаанд ч төлөвшил суулгадаг. Спорт бол ерөөсөө л хүмүүжил байдаг.

-157 КГ ЖИНТЭЙ 26 НАСТАЙ БҮСГҮЙ САРЫН ХУГАЦААНД 15 КГ ХАСААД ШАНТРААД ХАЯСАН-

-Жингээ хасах гэж спиннингээр хичээллээд өөрөө хичээхгүй бол жин хасахгүй байх. Энэ тохиолдолд уурлах, багшид буруу өгөх тохиолдол гарах уу?

-Танай спиннингт яваад хамгийн их жин хаяж байсан тохиолдлуудыг хэлэхгүй юу?

-Тарган хүний сэтгэл зүй маш эмзэг байдаг. Багш хүн ийм хүнийг жингээ хасахад яаж нөлөөлдөг юм бэ?

-157 кг жинтэй бүсгүй турахаар шийдээд таны дасгалжуулалтад хамрагдаад явж байсан. Тэр хүн жингээ хасч чадсан уу?

-157 кг жинтэй 26 настай бүсгүй манайд явж байсан. Сарын дотор 15 кг хасаад маш боломжийн байсан. Гэтэл ар гэрийн шалтгаан, хүүхэд шуухад харах хүнгүй гэх мэт шалтгууд хэлсээр байж дасгалаа хийхээ больсон. Би их харамсдаг. Уг нь тууштай явсан бол өнөөдөр 50 байтугай кг хасчихсан байх байлаа. Нэг удаа утасдана. Хоёр дахь удаагаа “Хүүе хаая” гэж санаа тавина. Гурав дахь удаагаа тэр хүн өөртөө санаа тавихгүй бол тэгээд л орхидог. Өөрийнх нь байх ёстой жин 70 кг. Бид хоёр хүссэн жиндээ хүртэл 5 сар хичээллэх ёстой байсан. Гэтэл өөрөө шантарсан гэх юм уу ямар нэг шалтгаан яриад байсан. Тэртээ тэргүй өөрөө өөрийгөө өөрчлөнө гэж зориг шулуудсан өчнөөн олон бүсгүй байна шүү дээ. Тэр хүсэл тэмүүлэлтэй хүмүүстэй ажиллахыг би сонгосон.

-Дөрвөн жилийн өмнө спиннингийн спортыг Монгол Улсад оруулж ирсэн түүхээ хуваалцахгүй юу?

-Миний хувьд багш дасгалжуулагч мэргэжлээр Биеийн тамирын дээд сургуулийг төгссөн. Фитнессийн багшаар гурван жил ажилласан. Тухайн үед мэргэжлээрээ энэ спортыг хөгжүүлэх боломж байна гэж харсан. Хоёрдугаарт бизнес гэж залуу хүний нүдээр хараад хөгжүүлэх ёстой юм байна гэж шийдсэн. Хоёр жил нойр хоолгүй зүтгэсэн дээ. Би өөрөө спортоор хичээллэдэг, илүүдэл жинтэй байгаагүй. Тэгээд бас дуулж бүжиглэх хоббитой байсан. Тиймээс нэг талаас сонсгол, урлагийн мэдрэмж, нөгөө талаас спортын суурь нийлээд энэ спортыг Монголд эхлүүлэхэд нөлөөлсөн. Энэ спортыг анх хөгжүүлж эхэлж байх үед би үнэхээр мөрөөдөлдөө автчихсан явж байсан. Юу ч байхгүй бөөн мөрөөдөл байлаа. Хүмүүс зун амраад явж байхад энэ спортоо хөгжүүлэх гээд сургалтууд зохион байгуулаад явдаг байлаа.

-Их л завгүй амьдралын хэмнэлтэй юм шиг санагдлаа. Гурван салбартай гэсэн. Энэ бүхэнд яаж хүрэлцэж ажилладаг юм бэ?

-Сэрүүлэг биш зорилго намайг сэрээдэг гэдэг үгийг би хэлэх дуртай. Хэзээ ч сэрүүлгээр сэрж үзээгүй. Өөрөө мэдрэмжээрээ л өглөө 6.30-д босдог. Ер нь миний ажил 7.00 цагт эхэлдэг. Орой 23.00 цаг гэхэд дуусдаг. Найз нөхөдтэйгээ уулзах цаг зав бараг гардаггүй. Ерөөсөө л гурван заалны хооронд явж байдаг. Залуу хүний хувьд залуу байхдаа бүхий л зүйлийг хийж үзэхийг хүсдэг. Хийж гүйцээх, хүсч мөрөөдөж байгаа олон зүйл байна. Хүн мөнхийн залуу байхгүй. Тиймээс залуу үедээ хийж бүтээгээд өтөл насандаа хийсэн бүтээснийхээ үр шимийг хүртээд сууж байх нь гоё байдаг байх гэж боддог. Хамгийн гол зүйл нь зааландаа энэ олон хүмүүсийн эрч хүчийг аваад, энэ хүмүүст эрч хүч өгөөд явна гэдэг хамгийн сайхан. Энэ спортоороо дамжуулж цаашид улам хөгжиж улс эх орондоо хувь нэмрээ оруулна гэж бодож явдаг даа.

-Саяхан спиннинг парти гэж хийсэн гэж сонссон. Маш өвөрмөц санаа. Спиннинг дасгал хийнгээ бүжиглэж, алжаалаа тайлах санааг яаж олов оо. Ер нь иймэрхүү эвэнтүүд олон хийсэн үү. Мөн цаашид өөр улсын зах зээлд гарах талаар ярьсан. Сэтгэж, хийж байж л амжилтад хүрдэг байх?

-Ярилцсанд баярлалаа.

Б.БУРМАА

А.Онон: Охин минь “Тавтай морилно уу” гэхэд Путин ерөнхийлөгч “Маш их баярлалаа, хонгор минь”гээд үнссэн гэнэ лээ

$
0
0

15676620125d709fbcdb275

ОХУ-ын Ерөнхийлөгч B.В.Путиний Монгол Улсад хийсэн айлчлал сонин, хачин ихтэй өндөрлөв.

Тэр дундаас хойд хөршийн ерөнхийлөгчийг Сүхбаатарын талбайд угтан авах ёслолын үеэр монгол үндэсний хувцастай бяцхан охин цэцэг барин угтсан юм. Ерөнхийлөгч В.Путин өвдөг нугалан сууж цэцэг барьсан охинтой мэндчилэн үнсэж буй мөч монголчуудын анхаарлыг татав бололтой. Бяцхан охины ээж А.Ононтой ярилцлаа.

-Ерөнхийлөгч В.Путинийг цэцэг барин угтсан бяцхан охины нэр алдар хэн бэ. Хэдэн настай вэ?

-Охиныг маань Намударь гэдэг. Зургаан настай. “English school” сургуулийн нэгдүгээр ангийн сурагч.

-Шинэхэн сурагч байх нь ээ?

-Тийм ээ.

-Ерөнхийлөгчийг угтах ёслолд хэр бэлдэцгээв?

-Охин маань чухал үйл явдалд оролцож байгаа болохоор сэтгэл их догдолж байлаа. Хувцсаа захиалж хийлгэхдээ их анхаарсан, зөндөө газруудаар явсан.

-Үг, үйлдлийг бас зааж байв уу?

-Зааж өгдөг юм билээ. Ингэж хэлээрэй, тэгж өгөөрэй гээд

-Ёслолын багийнхан зочдыг цаг гаруй хүлээцгээсэн. Нэлээд халуун өдөр ч болсон. Охиныг тань нэг хэсэг сүүдэрт байлгаж байгаад л авчирч зогсоогоод байна лээ. Хүүхэд болохоор ядарсан байх?

-Би яг тэр үед нь хажууд нь байгаагүй. Утсаар шууд бичлэг үзэж байсан. Харин цаана нь юу болж байгааг нь мэдээгүй. Ер нь их халуун өдөр болсон. Охин маань их халууцсан гэсэн.

-Ерөнхийлөгч В.Путин бууж ирээд охинтой тань мэндчилж байгаа мөчийг монголчууд одоо ч дурсаж байна. Танд ямар санагдаж байв?

-Тэгэлгүй яахав. Мэдээж том гүрний ерөнхийлөгч манай улсад айлчлаад охин маань цэцэг бариад угтаж байна гээд бодоход бидэнд төдийгүй охины маань амьдралд сайхан дурсамж болж үлдэж байна.

Үнэхээр дурсгалтай, гоё үйл явдал байлаа. Путин ерөнхийлөгч хөл дээрээ өвдөглөж суугаад охины минь харааны түвшинд зэрэгцэж очоод мэндчилж байгаа тэр мөч маш гоё санагдсан. Хүүхдийг хараа, өндрийнх нь түвшинд тааруулж харьцана гэдэг бол маш өндөр соёл.

-Охиныг тань үнсээд, хоорондоо хэсэгхэн хором ярилцах шиг болсон. Юуны тухай ярилцаж вэ?

-Манай охин орос хэл дээр “Тавтай морилно уу” гэж хэлсэн. Хариуд нь Путин ерөнхийлөгч “Маш их баярлалаа, хонгор минь” гэсэн гэнэ лээ. Бас дараа нь “Намайг үнсчихээд урдаас хараад инээсэн” гээд охин маань их хөөр баяртай ирсэн.

-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бас дэргэд нь байсан шүү дээ?

-Тийм ээ, Ерөнхийлөгч маань бас охинтой маань мэндчилээд нэр, насыг нь асуусан байсан.

-Олон нийт Ерөнхийлөгч Путиний хүндэтгэлтэй харьцааг онцолж, охиныг тань ихээхэн өхөөрдсөн сэтгэгдэл илэрхийлсээр байна. Та бүхэн тэр сэтгэгдлүүдийг уншиж л байгаа биз дээ?

-Хүмүүсийн сэтгэгдлийг уншлаад л байгаа. Зарим нь шүүмжилж байсан. Дараа нь бодоход “Нээрээ бодоход тийм байж шүү” гэж бодох ч үе гарч байна. Жишээ нь, бид гутлыг нь солих байж гээд л. Цаанаасаа нэг их шаардлага тавиагүй болохоор бид байсан гутлыг нь л өмсгөсөн. Гэхдээ сөрөг гэхээс эерэг сэтгэгдлүүд дийлэнх байгаа учраас уншаад л баймаар байна.

-Хувцсыг нь бэлдэхдээ ямар нэгэн зүйлийг бэлгэдэв үү?

-Монголынхоо хөх тэнгэрийг бэлгэдэж цэнхэр, номин цэнхэр өнгийг сонгохыг хичээсэн. Оёдолчинтойгоо ярилцаж байгаад охин маань цайвар царайтай болохоор цэнхэр өнгө гоё зохих байх гэж сонгосон. Бидэнд тавьж байсан шаардлага бол хэт гялалзсан, ганган байх дэмий гэж хэлж өгсөн.

-Б.Намударь охин ах дүү хэдүүлээ вэ, аав ээж нь ямар ажил эрхэлдэг хүмүүс вэ?

-Манайх ам бүл долуулаа. Охин маань дээрээ ах, эгч хоёртой, доороо хоёр дүүтэй.

-Ямар авьяастай вэ?

-Дуулж, бүжиглэх дуртай. Дээр нь бас номын хуудас эргүүлэх их дуртай. Дөнгөж нэгдүгээр ангид орсон болохоор уншиж сурахаараа номонд илүү дуртай болох байх аа.“Том болоод мисс болно” гээд л явдаг охин доо (инээв).

-Дуучин А.Хаянхярваа охиныг “Хайртай дүү Наамуу цэцэг өгсөн” гэж олон нийтийн сүлжээнд жиргэсэн байсан. Та бүхэн ах дүүс үү?

-Бид гэр бүлийн л найзууд.

-Гадны улсын ерөнхийлөгчийг угтах ёслолд оролцох болсноо та бүхэн яаж мэдсэн бэ. Шалгуур шүүлэг хэр тавив?

-Шалгуур тавилгүй яах вэ. Яг нарийн юу, юу шалгасныг сайн мэдэхгүй байна. Би өөрөө нялх хүүхдээ хараад гэртээ байдаг хүн. Хүүхдээ ирж шалгуулаарай гэхэд нь явуулсан.

-Ярилцсанд баярлалаа

Б.ЭНХЗАЯА

Эх сурвалж : Өдрийн сонин

А.Баярцэцэг: “Марко Поло” миний амьдралыг өөрчилсөн

$
0
0
712-1568330819_Z8A4770_copy
Дэлхийн миссийн тэмцээнд оролцох монгол загвар өмсөгчийн шалгаруулалт тун удахгүй болох гэж байна. 2016 оны Дэлхийн миссийн шилдэг 11 оролцогчийн нэг, жүжигчин, загвар өмсөгч А.Баярцэцэгтэй ярилцлаа.
–Энэ жил таны хувьд их үр бүтээлтэй жил боллоо гэж харж байна. “Холливуд Монголд” том төслийг хэрэгжүүллээ, дэлхийд бестселлер “Дүр бүтээх увидас” номыг орчуулж гаргаснаас гадна олон кинонд дүр бүтээлээ. Одоо юун дээр төвлөрч ажиллаж байна?
-Өнгөрсөн жил  үнэхээр завгүй өнгөрлөө. Бараг сар бүр нэг кино наадам болж байгаа нь  Монголын кино урлагийн салбарын хувьд бахархууштай зүйл  юм. Өнөөдрийн байдлаар Хятадын кино өдрүүд  тохиож байна. Мөн  “Алтан хальс” кино наадам саяхан болсон.
Удахгүй “Улаанбаатар” кино наадам болно гэхээр кино урлагт хайртай хүмүүсийн хувьд сар болгон нэг томоохон арга хэмжээтэй байгаа нь надад бахархууштай санагдаж байгаа. Энэ хэрээр манай кино урлаг хөгжих үндэс нь тавигдаж байгаа гэж бодож байна. “Холливуд Монголд” төслөөс олон зүйлийг сурж мэдлээ. Энэ бол кино фестиваль биш кино уран бүтээлчдийн боловсролын наадам юм. Дэлхийн хэмжээний Холливудын шилдэг уран бүтээлчдийг уриад бидэнд ямар боломж байна, Монгол хүмүүс Холливудын кинон дээр яаж ажиллах юм, би юугаа сайжруулвал Холливудын киноны шалгаруулалтад тэнцэх юм бэ гэсэн олон боломж бололцоог нээж өгсөн арга хэмжээ болсон. Хоёр жилд нэг удаа зохион байгуулах төлөвлөгөө бий. Түүний дараа “Чононгоо” фильмийн “Ээж хадны домог” киноны ээжийн дүр дээр ажилласан. Өмнө нь ээжийн дүрд нь ардын жүжигчин Д.Мэндбаяр гуай тоглож “Ээж” нэрээр олны хүртээл болж байсан.
-“Хөх тавилан” киноны зураг авалт дуусчихсан уу?
-Өнгөрсөн жил Говь-Алтай аймгийн Цогт суманд байдаг  Ээж хайрхан дээр Төрийн шагналт зохиолч Д.Норов гуайн “Хөх тавилан” туужаас сэдэвлэн бүтээсэн “Хөх тавилан” киноны зургийг сарын хугацаанд авсан. Сүүлийн үед тоглосон кинонууд бэлгэшээлтэй сайхан газар зураг авах, тэр газартай холбоотой түүх домгийн тухай кинонд дүр бүтээх хувь олдож байгаа нь их ерөөлтэй  зүйл гэж бодож байна.  Киноны зураг авалт дуусчихсан. Олон улсын  кино наадамд явуулах учраас өвлөөс дэлгэцнээ гарах байх. Үртэй болохын төлөө яваад байгаа эх хүн ч юм шиг, эсвэл улсынхаа төлөө хүн бэлтгээд байгаа тагнуулч ч юм шиг аль ч талаас нь ойлгож болохуйц комплекс зохиол. Гэхдээ найруулагч Алтантуяа үртэй болохын төлөө  тэмцэж буй эмэгтэй хүний сэтгэлийг илүү гаргахыг зорьж ажилласан. Бадамцэцэг бол үртэй болохын төлөө явж буй эмэгтэй хүний дүр. Эмэгтэй хүнээс өөр хэн ч үртэй болохын төлөө амьдралдаа хэзээ ч ийм их зовлон шаналаллыг туулж чадахгүй гэдэг санааг харуулахыг зорьсон.
– “Би нар” уран сайхны кинонд мөн ээжийн дүрийг бүтээсэн. Өөрөө ээж болж амжаагүй хүний хувьд дараалан ээжийн дүрийг бүтээж байгаадаа юу мэдэрч байна?
– Ээж болоогүй байж сүүлийн үед ийм олон ээжийн дүрийг бүтээж байгаагаа гайхаж байгаа. Удахгүй ээж болохыг зөгнөөд ч байгаа юм шиг. “Ээж хадны домог”, “Би нар” киноны ээж хоёр цаг хугацааны хувьд ялгаатай ч  мөн чанараараа адилхан. Ээж хүн үрийнхээ төлөө бүх  сэтгэлээ зориулж, хайр бүхний дээдийг агуулж байдаг гайхалтай хүн байдаг.
-Сэтгэлд тань  хоногшсон  өөрийг тань өөрчилсөн кино  аль нь вэ?
-Миний амьдралд хамгийн их итгэл найдварыг өгч, намайг өөрчилсөн кино бол “Марко Поло” юм. Энэ киноны II анги дээр тоглох боломж олдсон нь гайхалтай хэрэг байсан. Жүжигчний мэргэжлээр ажиллахад ямар ч баталгаа байхгүй. Чи монголын бус дэлхийн хэмжээний жүжигчин болохыг мөрөөдөж байлаа гэхэд заримдаа сэтгэлээр унах, гутрах зүйл их гарна.
Яг тэр үед боломжтой юм байна, зөв замаараа явж байгаа юм байна, илүү их хичээгээд цааш явъя гэсэн итгэлийг Марко Поло кино надад өгсөн. Эргээд харахад Монголын түүхийг дэлхий дахинд таниулах, Монгол соёлыг дэлхийд түгээх асар том төсөл дээр ажилласан минь нэр төрийн хэрэг байсан.
– Түүхэн кинонд тоглоход морь унах, нум сум харвах шаардлага гардаг байх?
– Уран бүтээлүүдэд дүр бүтээхэд хийж чаддаггүй зүйлээ чадах шаардлага гардаг. Тэр хэмжээгээр жүжигчний ур чадвар өсч хөгждөг. “Хотол цагаан гүнж”, “Эрхий мэргэн” кинонд тэнцээд  морь унаж, нум сум харваж сурах ёстой юм байна цаашлаад морин харваа хийж сурах ёстой гэдгийг ойлгосон. Цаг зав гарвал хөдөө очоод морь унаад, нум сум харваж хичээллэж эхэлсэн. Ажиллах гэж байгаа дүр маань урам зориг өгч, хүмүүсийн итгэлийг дааж явах юмсан гэж бодсон учраас өөрийгөө тал талаас нь хөгжүүлэх шаардлагатай болсон. Одоо ч илүү сайн морь унаж сурах юм сан гэж бодож байна. Мөн Ази жүжигчид тулааны урлагаар хичээллэхэд давуу тал их бий. Олон улсын кино шалгаруулалтад ороход тулааны анхан шатны зүйлээ хийж чаддаг байх юм бол давуу тал болно. Таеквондо, каратэгийн хар бүстэй болтлоо хичээллэх ёсгүй  ч бүжиг шиг техникийг нь мэддэг, эвсэлтэй байх ёстой.
-Таныг үргэлж шинэ зүйлд суралцдаг хүн гэж хардаг. Энэ жил ямар чадварыг өөртөө суулгав даа?
-Би мотоцикль унаж сурсан. Миний хүсэл байсан юм. Хэзээ нэгэн цагт кинонд мотоцикл унах шаард­лага гарах байх. Сүүлийн гурван жил найзтайгаа баруун аймгуудаар мото­цикльтой аялсан. Хүссэн газраа майхнаа босгоод, өөрт таалагдсан үзэсгэлэнтэй газруудад хоноод явах үедээ мотоциклоор  аялахын эрх чөлөөг мэдэрсэн.
– Та ер нь олон орноор аяладаг хүн. Аялж явж байхдаа бусад орны ололттой зүйлийг олж харж, эх орондоо хэрэгжүүлэх юм сан гэж бодож байв уу?
-Аялал гэдэг хувь хүний нүдийг нээж асар их өөрчилдөг юм. Хорвоо дэлхийн хүмүүс юу хийж, юу бодож, яаж амьдарч байгааг өөрийн нүдээр харж мэдэрнэ гэдэг бол юутай ч харьцуулшгүй сайхан мэдрэмж. Би олон газраар аялсны үр дүнд өнөөдөр өөрийгөө бүтээсэн гэж боддог.  Хэрэв хаашаа ч аялаагүй бол миний бодож сэтгэж байгаа зүйл хумигдмал байх байсан болов уу. Залуу, мөнгөгүй байхдаа аялж, адал явдалтай учирна гэдэг бол хамгийн гайхалтай мэдрэмж гэж боддог. Би Европт сурч байхдаа Испаниас Португал хүртэл оюутны хямдрал гээд таван еврогоор нисч байсан. Таван евро нь Монгол мөнгөөр 15 мянган төгрөг гэсэн үг л дээ. Аялаад үзэхээр хүн өөрийгөө голж эхэлдэг юм билээ. Европоор аялахад тухайн орны бидний насны хүн бүр Англиар ярьдаг. Испани хүн байлаа гэхэд хиллэдэг орон болох Португал, Итали, Францаар ярина. Тухайн үед миний үеийн 21 настай хүүхэд таван хэлээр ярьж байсан шүү.
Дэлхийн хэмжээнд гаръя гэвэл бид таван хэлтэй хүнтэй өрсөлдөх нь. Тиймээс Англи хэл, гуравдагч хэлийг сурч өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй гэдгийг сурч авсан. Залуусыг их аялаасай гэж хүсч байна. Улс орныг хөгжүүлэхэд хувь хүний хөгжил маш чухал. Хүн болгон өсч хөгжиж байж улс хөгждөг.
–  Испани, Өмнөд Африкд их сургууль төгссөн гэдгийг тань мэднэ. Гадаадын сургуулиудын сургалтын хөтөлбөр Монголынхоос ямар ялгаатай байдаг юм бол?
-Би Монголд Компьютер техник менежментийн сургууль төгссөн. Суралцаж байх хугацаандаа Европын холбооны тэтгэлгээр Испанид нэг жил суралцсан. Манай сургууль Өмнөд Африкийн их сургуультай гэрээтэй учраас давхар Өмнөд Африкт мэргэжил эзэмших боломжтой болсон. Монголын сургалтын систем онолыг тултал нь хэлж өгдөгөөрөө сайн. Харин практик муутай. Испанид сурдаг байхад онолыг лекц дээр заадаггүй байсан. Оюутнууд гэртээ  номоо уншиж судлаад асуулттай ирээд лекц дээр багштайгаа ярилцана. Илүү их гэрийн даалгавартай учраас аливааг олон талаас нь шинжлэх, дүгнэх, цаг алдахгүй байх, бие дааж мэдлэг эзэмших чадварыг суурилуулах олон давуу талтай юм шиг санагдсан.
– Та бол эрч хүчтэй, нийгэмд эерэг энергийг түгээж байдаг хүний нэг. Гэхдээ бас заримдаа гуниглах, ганцаардах, бууж өгөх үе гарна биз?
– Ийм үед аялж, агаарт гарч, урам зориг өгдөг илтгэлүүд сонсч эрч хүчээ нөхдөг. Өглөө цайгаа уух, нүүрээ будаж байхдаа 5-6 минутын  урам зориг сэргээх илтгэл сонсдог. Эерэг бодлын хүч, хэрхэн өөртөө итгэлтэй болох уу гэсэн подкаст  сонсч, урам зориг өгөх ном уншина.
-Айлын ганц охин  болохоор нэлээд эрх өссөн үү. Ээж аавынхаа тухай яривал?
– Гэр бүлийн хүмүүжил тухайн хүний ирээдүйг тодорхойлдог. Манай ээж их сургуулийн багш, аав инженер, эдийн засагч хүн. Их сургуулийн нэг ангийн хүүхдүүд. Ганц охин учраас эрхэлж өссөн. Гэхдээ чангалах үедээ чангалж их зарчимч өсгөсөн. Аав ээж хоёрын өгсөн хамгийн гол сургамж нь “Чи хэн ч байж болно. Хамгийн гол нь хүн чанартай, шударга байх ёстой” гэсэн захиас юм. Тэр нь одоо ч миний үнэ цэнэ болоод оршиж байна.
-Эмэгтэй хүн тэр дундаа заг­вар өмсөгч хүн эрүүл мэнд, гоо сай­хандаа илүү их анхаарах ёстой байдаг байх?
– Хүн аз жаргалтай л байх ёстой. Надад байнга үйлчлүүлдэг тусгай газар байхгүй, маш энгийн. Аз жаргалтай байх юм бол цаанаасаа энерги нь нүүрэнд нь харагдаж байдаг юм болов уу.  Хүн стресс багатай жаргалтай байх тусам үрчлээтэх магадлал маш бага байдаг гэсэн судалгаа байдаг. Зарим хүмүүс намайг наснаасаа залуу харагддаг гэж хэлдэг. Эмэгтэй хүний үзэсгэлэнтэй харагдах нэг үндэс нь аз жаргалтай байх, сэтгэл амар амгалан байх юм. Өөртэйгээ илүү ажиллаж, зөв хүнээр өөрийгөө хүрээлүүлэх хэрэгтэй. Байнга өөрийгөө эерэг энергиэр цэнэглэж, дуртай зүйлээ хийж, мөрөөдлийнхөө төлөө яв. Бүх зүйлд сэтгэл хангалуун, талархалтай ханд. Тэгсний дараа арьсаа арчлах зөвлөгөөнүүдийг дагана даа. Эмэгтэй хүн гэдэг өөрөө маш их хайрыг түгээж байдаг. Эх хүн болж бүхэл бүтэн шинэ амьдралыг өөрөөсөө ургуулж гаргадаг гайхамшиг. Дэлбээлж буй цэцэг мэт ялдам харагддаг ч сэтгэл зүй нь маш хүчтэй. Шаардлагатай үед маш их зоригийг өөрөөсөө гаргаж чаддаг, ялдам үедээ ялдамхан болж чаддаг гайхалтай зан чанар эмэгтэй хүнд л байдаг. Ээжийгээ хараад эмэгтэй хүний энерги, мэдрэмж, хүч, алсын хараа, зоригоор бахархдаг. Эмэгтэй хүн болж төрсөндөө өдөр бүр баярладаг шүү.
– Манай улс дэлхийн миссийн тэмцээнд оролцох загвар өмсөгчөө удахгүй шалгаруулах гэж байна.  Улсаа төлөөлж оролцоно гэдэг загвар өмсөгч бүрийн мөрөөдөл байдаг. Та ч бас ийн мөрөөдөж байсан уу?
– Дэлхийн Миссийн тэмцээнд оролцоно гэдэг нэр төрийн хэрэг төдийгүй миний  мөрөөдөл байсан. 2014 онд олон улсын миссийн  тэмцээнд оролцож байхдаа энэ бол зөвхөн гоо бүсгүй шалгаруулах төдий тэмцээн биш гэдгийг ойлгосон. Хамгийн анхны тэмцээнд дэлхийн өнцөг булан бүрээс 83 орны үзэсгэлэнт бүсгүй оролцож байсан. Энэ бол соёлын асар том солилцоо, эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгах, соёл, зан заншлаа танин мэдүүлэх том боломж гэж бодсон. АНУ-ын нийслэл Вашингтон хотноо 2016 онд болсон Дэлхийн Миссийн тэмцээний шилдэг 11-т шалгарсан нь  олон хүний хүч хөдөлмөрийн үр дүнд гарсан амжилт байсан.  Олон хүний итгэлийг дааж энэ том тэмцээнд оролцож байгаа учир эх орныхоо нэрийг  дэлхийд дуурсгахын төлөө эцсийн хүчээ шавхаад чадах бүхнээ хийсэн. Тиймээс 2016 он дан ганц миний хувьд бус Монголчуудын хувьд дурсамжаар дүүрэн жил байсан  мэт санагддаг. Есдүгээр сарын сүүлээс эхлээд Английн Лондон хотноо кино жүжигчний мэргэжлээр мастерынхаа сургалтад суух гэж байгаа. Мөн 2019 оны Дэлхийн Миссийн  сүүлийн шат Лондон хотод болно.  Үүнийг би Монголоо төлөөлөн оролцож байгаа  бүсгүйдээ бүхий л зүйлээрээ туслах таатай боломж гэж харж байна.
-Ер нь монголын мисс шилдэ­гэээр шалгарах боломж байгаа гэж та боддог уу?
– Боломж байгаа гэж хардаг. Хамгийн гол нь ухаалаг байгаасай.  Тэмцээн гэдэг чинь яаж түрүүлэх вэ гэсэн богино хэмжээний төсөл бол­чихоод байна. Ганцхан тухайн миссийн амжилт бус улс орны нэр хүн­дийн хэрэг учир олимпийн тэм­цээнд оролцож байгаа тамирчин шиг үүрэг  хүлээдэг. Youtube-ээс бусад улсын миссүүдийн хүмүүнлэгийн ажлыг үзэж жил бүр  аль улс ямар хүмүүн­лэгийн ажлаар түрүүлж байна гэд­гийг судлах хэрэгтэй. Туршлага су­далъя гэвэл олон боломж байгаа. Хам­гийн чухал нь цаг хугацаагаа сайн ашиглах ёстой.
Б.Должинжав
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.Гүнзаяа: Зорилгоо биелүүлэхэд нэг алхам ойртлоо

$
0
0
712-15693773389d005f2c9a737ff9a47f320f294c17e1
Дэлхийд өргөн цар хүрээтэй зохион байгуулдаг “Miss Universe”  наадамд өнгөрсөн жил манай улс анх удаа оролцогчоо илгээж байсан. Тэгвэл энэ жил уг наадамд оролцох сайхан бүсгүйг саяхан шалгаруулж, мисс Б.Гүнзаяа дэлхийн тавцанд эх орноо төлөөлөхөөр болсон юм. Бэлтгэл сургуулилт, сурталчилгааны зураг авалт гээд цаг зав муутай яваа түүнтэй уг наадмын талаар цөөн хором ярилцлаа.
-“Miss Universe Mongolia” тэмцээн хэдхэн хоногийн өмнө болж, та титмийн эзэн болсон. Шалгаруулалт ямар болсон талаар мэдээлэл өгнө үү?
-Миний хувьд энэ тэмцээнд алдаа, оноотой оролцсон ч их зүйл сурлаа. Тэмцээнд шинээр авьяас чадвараа сорьж байгаа охидоос гадна туршлагатай оролцогчид ч байсан. Тэднээс их зүйл суралцаж, өөрийгөө улам зоригжуулж, хурцалсны дүнд титмийн эзэн боллоо. Миний хамгийн гол баримталж байсан зүйл бол бэлтгэл, бэлтгэл бас дахин бэлтгэл байсан. Үүний үр дүн нь амжилт ирдгийг харуулж чадсандаа баяртай байна.
-Тэмцээний дараа таны цахим хуудастаа бичсэн зүйл олон хүнд хүрсэн. Олон жил хөдөлмөрлөсний үндсэн дээр зорилгынхоо нэгэн хэсгийг биелүүлэхээр болоод байна шүү дээ?
-Тийм ээ. Титмийн эзэн болсны дараа аавыгаа өөрийн эрхгүй бодсон. “Miss Universe наадмыг “Гоо сайхны олимп” гэдэг. Ийм өндөр зэрэглэлийн наадамд оролцохын тулд оролцогчид бүхий л авьяас чадлаа дайчилдаг.
Хүн бүрийн хамгийн эрхэм зүйлсийн нэг нь гэр бүл байдаг. Дэлхийн хэмжээний тэмцээнд оролцохоор хичээж, өөрийгөө дайчилж байгаа охиноо ямар ч аав, ээж хараад дэмжинэ. Намайг ч гэсэн миний гэр бүл төдийгүй найз нөхөд маань ч дэмжсэний дүнд зорилгоо биелүүлэхэд нэг алхам ойртлоо.
Олон улсын тэмцээнд оролцож амжилт гаргах, үндэсний хэмжээний тэмцээнд өрсөлдөх их ялгаатай юм байна. Ерөнхийдөө бүтэн жилийн турш бэлтгэж, хичээж зүтгэсний дүнд олон улсын тэмцээнд оролцох эрхтэй болж байна.
-Дэлхийд тэргүүлэх тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор болсон танд бэлтгэх зүйл чамгүй олон байгаа байх. Бэлтгэлээ юунаас эхэлье гэж бодож байна вэ?
-“Miss Universe” дэлхийд нэгдүгээрт ордог тэмцээн юм. Хамгийн ардчилсан, чөлөөт байдлаар шалгаруулалтаа явуулдаг. Бэлтгэлийн хувьд үндэсний шалгаруулалтад оролцохоос өмнө эхлүүлсэн. Тиймээс байнгын бэлтгэлтэй байгаа гэж ойлгож болно. Мөн бэлтгэл сургуулилтаа чиглүүлэгч багштай хийж байгаа учир санаа зовох асуудал бага гардаг. Үндэсний тэмцээнд оролцоход тусалж дэмжсэн баг хамт олон маань яг энэ эрчээрээ олон улсад өрсөлдөхөд дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байна. Миний хувьд өмнө нь зургаан өдөр бэлтгэл хийдэг байсан бол одоо гараг алгасахгүй байх шаардлагатай болж байна. Үүн дээр нэмээд сэтгэл зүйн бэлтгэлийг маш сайн хийх ёстой. Ерөнхийдөө тэмцээн дууссанаас хойш бэлтгэх ёстой зүйлээ хийж эхлүүлж байна. Эх орныхоо тухай танилцуулга, илтгэлийг бэлтгэх ёстой. Олон улсаас сайхан бүсгүйчүүд оролцоно. Энэ тухайд тэднээс дутах зүйл байхгүй ч танилцуулга, илтгэл зэрэгт анхаарахаар ажлаа эхлүүлээд байна. “Miss Universe” тэмцээн БНСУ, АНУ, Филиппин гэсэн гурван улсын аль нэгд нь болно гэсэн мэдээлэл байна. Яг аль улсад болох нь удахгүй тодорхой болох байх.
Б.Сийлэн
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

52 ширхэг хөзрийг 17-хон секундэд цээжилсэн авьяастан

$
0
0

4jprq

Орчин цагийн хүүхэд залуусын ой ухаан, цээжлэх чадвар дээд зэрэгт хүрчээ.

Энэхүү авьяасаа нээн илрүүлж дэлхий дахинд эх орныхоо нэрийг гаргаж яваа өсвөрийн тамирчдын нэг бол Э.Лхагвадулам. Чаддаг зүйлээрээ эх орноо сурталчилж, аав, ээжийнхээ нэрийг цуурайтуулна гэдэг юутай бахархам.

Өөрийн амжилтаа “Гиннесийн ном”-д бүртгүүлсэн түүнийг энэ удаа онцолж “Шинэ танил” буландаа урилаа. Уг нь бол тэр хэдийнээ дэлхийд танигдсан. Гэвч монголчууд тэр бүр сайн танихгүй, мэдэхгүй.

Э.Лхагвадулам ДАШТ-ээс есөн медаль хүртэхдээ хоёртын тоолол төрөлд дэлхийн дээд амжилтыг шинэчилсэн. Улмаар 30 минутад 5,597 цифр цээжлэн, алдалгүй санасан амжилтыг нь “Гиннесийн ном”-д бичих болсноор бахархахгүй байх аргагүй.

“Ажнай” корпораци, Монголын оюун ухааны академийн тамирчин тэрбээр ой тогтоолтоор гурван жил хичээллээд ийм амжилт гаргасны сацуу дэлхийн өсвөр үеийн 10, насанд хүрэгчдийн хоёр дээд амжилтыг эзэмшсэнээс гадна их мастер цолд хүрчээ. Өсвөрийн дэлхийн аварга Э.Лхагвадуламын ярилцлагыг хүргэе.

-Өнгөрсөн он таны хувьд мартагдахгүй сайхан жил болж өнгөрчээ. Дэлхийн дээд амжилтыг шинэчлэхдээ “Гиннес”-т бүртгүүлээд л… Эндээс ярилцлагаа эхлүүлэх үү?

-Юун түрүүнд биднийг амжилт гаргахад дэмжин, хурдан шуурхай мэдээлэл хүргэж байдаг хэвлэл мэдээллийнхэндээ баярлалаа. Өнгөрсөн он үнэхээр сайхан байлаа. Оны өмнө Хонг Конгт зохион байгуулсан 27 дахь удаагийн ДАШТ-д өсвөр үеийн ангиллын 10 төрөлд оюунаа сорихдоо дөрвөн алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн. Насандаа дэлхийн дэд аварга болж, багаараа хүрэл цом өргөлөө.

Тэгэхдээ хоёртын тоолол төрөлд дэлхийн дээд амжилтыг шинэчилснийг минь “Гиннесийн ном”-д бичих болсон нь баяр дээр баяр нэмсэн. Ийм сайхан амжилтаар 2018 оныг үдсэн болохоор өмнөх шинэ жилүүдээс илүү гоё, утга учиртай байлаа. Ээж, бид хоёрын хувьд хамгийн сайхан дурсамжтай жил.

-Ийм амжилт гаргана гэж бодож байв уу?

-Төсөөлж ч байгаагүй. ДАШТ-д өрсөлдөхдөө чансаагаа ахиулъя, өсвөр үеийн дэлхийн хошой аварга больё л гэж зорьсон. Ой тогтоолт хэмжигдэхүүнтэй спорт тул багцаа авах боломжтой.

Тамирчид бие биеийнхээ амжилтыг андахгүй. Тиймээс тухайн тэмцээнд ямар амжилт гаргахаа багцаалахад дөхөм байдаг. Хэр баргийн тамирчин бэлтгэлийн үеэрх амжилтаа томоохон тэмцээнд давтаж, ахиулж чаддаггүй. Үүнд сэтгэл зүй нөлөөлдөг байх. Би бэлтгэлийн үеэр 30 минутад 6,000 гаруй цифр цээжлэн, тэр хавьцаа дөхүүлж санасан.

Түүнийгээ ахиулахгүй юм гэхэд давтахад л дэлхийн дээд амжилтын эзэн болох боломжтой байв. Тиймээс бүх зүйл надаас л шалтгаалсан. Энэ жил ДАШТ-д өрсөлдөхдөө 5,597 цифр алдалгүй санаснаар дэлхийн дээд амжилтын эзэн болсон. Ийм амжилтыг өмнө нь олон улсын их мастер Н.Энхшүр (5,445) эзэмшиж байсан. Түүний амжилтыг 152 цифрээр ахиуллаа.

-Хоёртын тоолол төрлийн дүрмийг сонирхуулахгүй юу?

-Цээжлэх тоонууд зөвхөн тэг, нэг гэсэн хоёр цифрээс бүтнэ. Тэгэхдээ 001, 10, 111 мэт өөр. Эсвэл 11, 11 гээд давхардаж байрлаж болно. Нэг нүүр 25 мөртэй. Мөр тус бүр 30 цифртэй. Тэгэхээр нэг нүүр 750 цифртэй гэсэн үг.

Энд, тэнд нь байрлуулсан тоонуудыг 30 минутад тогтоон, цагийн дотор алдалгүй санадаг. Түүнийгээ яг дарааллынх нь дагуу цаасан дээр бичнэ. Тэгэхдээ тухайн мөрнөөс нэг цифр алдвал 15 оноо авна. Хоёрыг буруу санавал оноо авахгүй. Цагтаа амжихгүй, сандраад андуурч бичих тохиолдол бишгүй.

Найман хуудас гаруй, дунджаар 6,000 орчим цифрийг санаж, бичихдээ миний хувьд нэг цагийн хугацаанд арайхийж амжуулдаг.

-Үнэхээр гайхалтай. Онцгой амжилтын эзэн болсон талаараа сонсоод юу бодсон бэ?

-Хоёртын тооллын төрөлд өрсөлдсөн даруйдаа амжилт гаргаснаа мэдээгүй. Орой нь монгол тамирчидтайгаа хамт амарч байхад тэмцээний дүн гарсан юм. Хятадын нэг тамирчин надтай цахим хуудсаар холбогдон зургийг минь илгээснээ “Баяр хүргэе” гэсэн.

Тэр зургийн тайлбарт “Лхагвадулам дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ” гэсэн байсан. Бөөн баяр бололгүй яах вэ. Маргааш нь Олон улсын ой тогтоолтын холбооноос намайг дэлхийн дээд амжилт шинэчлэн, “Гиннесийн ном”-д бичигдэх болсныг хэлсэн. 16 настай тамирчин насанд хүрэгчдийн ангиллын дэлхийн дээд амжилтын эзэн боллоо гээд тэд их олзуурхан, онцоллоо.

Тэмцээний дүнгийн талаар ээж надаас өмнө сонссон байсан. ДАШТ-ий албан ёсны сайтаас мэдээлэл авсан гэсэн. Баярт мэдээгээ ээжид хэлэхэд хэдийнээ мэдчихсэн “Баяр хүргэе. Охиноороо бахархаж байна” гэсэн.

-Та өнгөрсөн жил дэлхийн өсвөрийн аварга болсон. Энэ жил түүнийгээ батлан, хошой аварга болохыг зорьсон нь мэдээж. Ийм амжилтын эзэн боллоо гэх бахдал, зорилгодоо хүрч чадсангүй гэх харамслын аль нь илүү төрж байна вэ?

-Сэтгэл хангалуун байна. Монголын оюун ухааны академийн салбарыг гурван жилийн өмнө Дархан-Уул аймагт нээхэд анхны тамирчдын нэг нь болсон, би. Ээжийнхээ зөвлөснөөр 13 насандаа энэ спорттой холбогдсон. Жил гаруйн дараа улсын аваргаас алт, мөнгөн медаль хүртдэг юм байна. Тэр үед “Миний охин дахиад жаахан хичээвэл илүү өндөр амжилт гаргахаар байна.

Чамд маш их нөөц байна” гэж хэлсэн нь их урам өгсөн шүү. Т эр ондоо ДАШТ-д анх удаа оролцоод “Нэг цагийн олон багц” төрөлд мөнгөн медаль хүртэн, өнгөрсөн жил өсвөрийн дэлхийн аварга болсон. Ихэнх орны тамирчид бэлтгэлээ өдөрт дунджаар 12 цаг хийдэг. Гэтэл бид санхүүгийн хүндрэлийн улмаас тэгж чаддаггүй. Тэмцээний өмнө cap гаруйн хугацаанд базаагаад л оролцдог. ДАШТ-ий өмнөх бэлтгэлээ ч тэгж хийсэн.

Дэлхийн шилдгүүдтэй оюунаа сорьсон болохоор бүх төрөл эн тэнцүү өрсөлдөөнтэй байлаа. Ялангуяа БНХАУ, БНАСАУ-ын тамирчдыг онцолъё. Хятад ой тогтоолтоор хичээллэдэг 40 гаруй мянган тамирчинтай. Тэднээс шигшээд дэлхийн дэвжээнд 200 гаруйг нь сойсон гэсэн. Ер нь оюуны спортыг улс орнууд маш сайн дэмжиж жилийн турш тусгай бэлтгэл хийлгэдэг юм билээ.

Бэлтгэлийн зөрүү асар их ч ур чадварын хувьд бид тэднээс дутдаггүй. Монгол тамирчдыг төрөөс дэмжин, бэлтгэлээ гаднынхан шиг хийвэл өнөөгийнхөөс ч өндөр амжилт гаргах боломжтой.

-Энэ жилээс насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөх нь. Бусад төрөлд, дээд насандаа дэлхийн дээд амжилтыг шинэчлэх нөөц хэр байгаа бол?

-Их бий. Насанд хүрэгчдийн ангиллын дэлхийн хоёр дээд амжилт эзэмшдэг, энэ жил ДАШТ-д гаргасан амжилтаараа бүх тамирчнаас тавдугаарт бичигдсэн нь үүний илрэл болов уу. Дэлхийд өнгөлөх боломж, нөөц зөвхөн надад бус, хүн бүрт бий.

Аливаа зүйлийг удаан тогтоодог, амархан мартдаг хүн ч ийм боломжтой. Тухайн хүний хичээл, зүтгэлээс л бүх зүйл шалтгаална. Ой тогтоолтоор бүх насныхан хичээллэх боломжтой. Тамирчин болохгүй ч аливаа зүйлийг богино хугацаанд цээжилдэг, мартдаггүй болчихвол амьдралд хэрэгтэй шүү дээ.

Олонх тамирчин бусдын утас, дансны дугаар зэргийг хадгалдаггүй. Хэн нэгний утасны дугаарыг асуухад бодож байгаад л шууд санана. Би ч тэгж чадна. Ой тогтоолтын олон улсын тэмцээнд оролцдог 400 гаруй тамирчин Монголд бий ч ивээн тэтгүүлдэг, харьяалагддаг байгууллагатай нь хуруу дарам. Төрөөс дэмждэггүйн улмаас олонх нь тэмцээнд тэр бүр өрсөлдөж чаддаггүй.

-Таныг ивээн тэтгэдэг байгууллага бий юү?

-Намайг “Ажнай” корпорац ивээн тэтгэдэг. 2017 оноос намайг ивээлдээ авсан. Үүнд би маш их баярладаг. “Ажнай” корпораци болон Оюун ухааны академийн хамт олон, ээждээ талархал илэрхийлмээр байна.

-Өнгөрсөн жил Ерөнхий боловсролын сургууль төгссөн ч дээд сургуульд элсээгүй гэж дуулсан. Амжилтын төлөө гаргасан шийдвэрийг тань гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авав?

-Би ээжтэйгээ амьдардаг. Ээжтэйгээ ярилцаж байгаад ингэж шийдсэн юм. Сургуульд сурдаг байхдаа хичээл гэсээр бэлтгэлдээ бүрэн анхаарал хандуулж, цаг гаргаж чаддаггүй байсан. Тиймээс спортдоо бүхнээ зориулахын тулд сурахаа нэг жил хойш тавьсны үр дүн гарсан шүү.

Хэлний мэдлэгээ сайжруулах зорилгоор удахгүй гадаад явна. Ер нь ирээдүйд гадаадад боловсрол эзэмших бодол бий. Түүнийгээ эх орныхоо хөгжилд зориулж, Монголдоо амьдрахыг хүсдэг.

-Багаасаа бусдаас онцгой байв уу. Эсвэл уйгагүй бэлтгэл, хөдөлмөрийн үр шимээр өнөөгийн амжилтад хүрсэн үү?

-Шүлэг хурдан цээжилдэг байсныг эс тооцвол бусдаас онцгой байгаагүй ээ. Өнөөгийн амжилтад хүрэхэд авьяасаас илүү зөв системтэй бэлтгэл, хөдөлмөр нөлөөлсөн болов уу. Гадаадад тэмцээнд оролцоод ирэхэд хичээлээсээ нэлээд хоцордог байв. Ганцхан шөнө давтаад л түүнийгээ нөхчихдөг байсан. Тэмцээн, бэлтгэл гэсээр энэ жил элсэлтийн ерөнхий шалгалтад огт бэлдэж чадаагүй ч ангийнхнаасаа хамгийн өндөр оноо авсан нь ой тогтоолтоор хичээллэдгийн л өгөөж юм даа.

-Оюуны спортын аль төрөлд нь илүү дуртай вэ. Онцолж бэлтгэл хийдэг үү?

-Бүгдэд нь дуртай. Аль нэгийг нь онцолж бус, бүгдийг нь жигд хийдэг. Миний сонирхлыг “Хурдны хөзөр” төрөл их татдаг. Дэлхийн дээд амжилтыг нь Б.Шижир-Эрдэнэ эзэмшдэг юм. Түүний багц буюу 52 хөзрийг 12 секундэд цээжлэн, алдалгүй санасан амжилтыг одоогоор хэн ч эвдээгүй байна.

-Бөхчүүд барилдан, буудлагынхан буудаж бэлтгэл хийдэг. Ой тогтоолтынхон бэлтгэлээ хэрхэн базаадаг нь сонирхол татаж байна.

-Тамирчин бүхний арга барил өөр. Би өдөр бүр бэлтгэл хийдэггүй. Тэмцээний өмнө л базаадаг. Мэдээж зав гарсан үед гэртээ хөнгөн бэлтгэл базаадаг.

-Ээж нь ой тогтоолтын спортыг хэр сонирхдог вэ. Хичээллэе гэдэг үү?

-Ёстой сонирхдоггүй. Миний хамгийн эрхэм хүн бол ээж. Намайг үргэлж дэмжин, бүх зүйл дээр миний талд бат зогсдог. Тэмцээнд явахад “Миний охин чадна. Битгий сандраарай. Охиноороо бахархдаг шүү” гэж урам өгдөг. Дэлхийн дээд амжилтыг шинэчлэн, “Гиннесийн ном”-д бичигдэх болсноос илүү ээжийгээ баярлуулж, ачийг нь бага ч гэсэн хариуллаа гэж бодохоор сайхан байна. Ээжийгээ баярлахыг харах хамгийн сайхан.

Өвөө минь дайнд оролцож явсан. Эх орныхоо төлөө амиа үл хайхран зүтгэснийг нь үнэлсэн медалиуд нь одоо ч манайд бий. Тэдгээрийг нь хараад өвөөгөөрөө бахархан, улам хичээх урам авдаг.

-Медалиа тоолдог уу. ДАШТ-ий хэчнээн медалиар энгэрээ мялаагаад байгаа вэ?

-ДАШТ-ий 20 гаруй медаль бий байх. Медалиа тоолж үзээгүй. Ойролцоогоор 100 гаруй бий.

-Н.Энхшүр, Н.Мөнхшүр хоёр ОХУ-ын “Россия 1” телевизээс бэлтгэдэг “Гайхамшигт хүмүүс” нэвтрүүлэгт урилгаар оролцон, Э.Энхмөнх, С.Марал нар “Авьяаслаг монголчууд” шоунд өрсөлдөн олны талархал хүлээсэн. Гадаад, дотоодын шоуны урилга авсан уу?

-Саяхан Оросын “Гайхамшигт хүмүүс” нэвтрүүлэгт Х.Ивээлийн хамт оролцсон. Гайгүй сайн бэлтгэлтэй байсан учраас саналыг нь хүлээж авсан юм. Дажгүй байлаа.

-2019 он дуусахад гурван сарын хугацаа үлджээ. Та шинэ он гарснаас хойш юу амжуулав?

-Ерөнхийдөө өөрийгөө хөгжүүлэх тал дээр л анхаарлаа хандуулсан. Нэг их олон тэмцээнд оролцсонгүй, бас гайхуулах сүйдтэй амжилт ч гаргасангүй. “Гайхамшигт хүмүүс” шоу нэвтрүүлэгт оролцсоныг эс тооцвол шүү дээ.

ДЭЛХИЙН ДЭЭД АМЖИЛТЫГ ЭЗЭМШИГЧ Э.ЛХАГВАДУЛАМЫН ТУХАЙ

Тэрбээр багаасаа өвөө дээрээ өсөж, өвөө шиг ээ мундаг хүн болно гэж үргэлж боддог байжээ. Өвөөгийнхөө бахархал болох нь түүний мөрөөдлийн нэг хэсэг байв. Түүний өвөө нь ахмад дайчин байсан.

Дэлхийн хоёрдугаар дайнд оролцож, Халхын гол, Эрээн цав, баруун хязгаарын нутаг, Байтаг богдын тулгаралт, Их Жаргалантын тулаатын чиглэлээр удаа дараа орж ирсэн хилийн зөрчил тулгаралтад биечлэн оролцож байсан дайчин юм. Өвөө нь бурхны орныг зориход түүний хамгийн хэцүү үе байсан гэнэ. Түүнд хичээл бүр нь сонирхолтой байсан хэдий ч тийм ч сайн сурагч байсангүй.

Хангалттай хичээж байгаа юм шиг хэдий ч нэг л ахиж өгөхгүй байлаа. Анхны тэмцээн болох бүсийн аварга шалгаруулах тэмцээндээ амжилттай оролцож чадсангүй. Энэ нь түүнд шинэ сэдэл болж ой тогтоолтын спортдоо улам дурлан илүү их хөдөлмөрлөж дараагийн тэмцээндээ бага багаар амжилтаа ахиулж урагш зүтгэсээр байв.

Дараа жилийн бүсийн аварга шалгаруулах тэмцээндээ тэр аварга болов. Анхны олон улсын тэмцээндээ нэг мөнгөн медаль хүртэн олон улсын гараагаа амжилттай эхэлж Солонгосын нээлттэй тэмцээнд долоон медаль, таван дэлхийн рекордыг шинэчлэн өсвөр насандаа аварга болжээ. Энэ амжилт түүний эд эсийг идэвхжүүлж, улам дээшээ тэмүүлэх хүч болсон гэдэг.

Аравхан минутад 10 багц буюу 520 ширхэг цээжлэн алдаагүй санаж ой тогтоолтоор спортоор хичээллэгч тамирчид болон дэлхий нийтийг цочроов. Тэр нэг багц буюу 52 ширхэг хөзрийг 17 секундэд тогтоожээ.

Хоёртын тоолол төрөлд Гиннесийн рекордыг шинэчлэн ой тогтоолтын спортоос гиннесийн номд бичигдэхээр болсон гурав дахь хүн болов. Тэрбээр одоо өсвөрийн 10, насанд хүрэгчдийн ангилалд хоёр дээд амжилт эзэмшиж байна. Тэр одоо дэлхийн шилдэг тамирчин болжээ. Өвөөдөө өгсөн амлалтдаа хүрч өөрийгөө ялан дийлж тууштай зүтгэж өнөөдрийн амжилтад хүрчээ.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

Хоукин Феникс: Жокер бүтээхэд хэцүү дүр

$
0
0
712-1570148693Joker-2
Нийгэмд гадуурхагдсан алиалагч Артур Флек Жокер хэмээх алиалагчийн багтай гэмт хэрэгтэн болж хувирдаг тухай кино өнгөрсөн сард Венецийн кино наадмаас “Алтан арслан” шагналыг хүртсэн. Мөн энэ киноны гол дүрд тоглосон жүжигчин Хоукен Феникс  Оскарын шагнал хүртэхийг хүсч байгаа гэнэ. Бэтменийн мөнхийн дайсны дүрийг бүтээсэн түүнтэй хийсэн ярилцлагыг “El Mundo.es” цахим хуудаст нийтэлсэн байна.
-Та комикс ном болон Бэтмен, Жокерийн тухай кинонд тоглохынхоо өмнө мэддэг байсан уу?
-Үнэнийг хэлэхэд энэ талаар их мэддэггүй байсан. Гэхдээ хүүхэд байхдаа Бэтмен, Аркхам Асулимийн тухай номыг уншсанаа санаж байна. Дараа нь Тим Бартон, Кристофер Ноланы киног үзсэн.
-Тим Бартон найруулагчаар нь ажилласан энэ кинонд Жек Николсон, Хит Лежер нар бүтээсэн. Таны хувьд  энэ дүрийг өөрийн болгох эхлэл аль байсан бэ?
-Энэ дүрийг өөрийн болгох эхлэл нь инээмсэглэл байсан. Тодруулбал, кино зохиолд инээмсэглэл нь түүний хувьд их зовлонтой хэцүү байдаг гэж бичсэн байсан. Энэ нь надад их сонирхолтой санагдсан.Тиймээс би эхлээд Тодд Филлипстэй уулзсан. Тэр надад  хүмүүсийн инээдийг хүргэх хэдэн бичлэгийг үзүүлсэн. Энэ бүхэн миний ухаан санааг задалснаас гадна энэ дүрийг шинээр харах аргыг харуулсан.
-Түүний хувьд инээмсэглэл ямар утга учрыг илэрхийлдэг вэ?
-Энэ бол нийгэмд хэлмэгдэж гадуурхагдсан түүний зан чанарын нэг хэсэг юм. Тэр зан чанар нь миний анхаарлыг их татсан учраас Тодд Филлипсээс Жокерын инээмсэглэлийн талаар оруулж киноны зохиолыг өөрчлөхийг хүссэн. Мөн дүрээ бүтээхдээ энэ хэсгийг зөв тоглож чадах эсэхдээ эргэлзэж байсан.
-Яагаад эргэлзэв?
-Хэцүү байсан учраас. Би түүний инээмсэглэлийг өвөрмөц, жинхэнэ гэж санагдахаар  байгаасай гэж хүссэн.Гэхдээ хэрэгтэй үед инээмсэглэж чадна гэдэгтээ итгэлтэй биш байсан. Киноны гол дүрийг бүтээхийн тулд шаардлагатай бүхнийг хийсний дараа тайван ном уншаад суух, сэтгэл хөдөлмөөр зүйл хийх, өглөө 06:00 цагт босох, зураг авалтад явах, нүүр буддаг өрөөгөөр орох ч хоорондоо их ялгаатай. Хэсэг хугацаанд үүнийг туршиж үзсэн. Тиймээс Тодд Филлипс надад их чармайх хэрэггүй гэж хэлснийг санаж байна. Гэхдээ энэ дүрийг өөрийн болгож авах сэжим болсон инээмсэглэл дээр их ажилласан.
-Жокер бол бүтээхэд их хэцүү дүр гэдэгт эргэлзэх хэрэггүй байх ?
-Би ч тэгж бодож байна. Ер нь  хэзээ ч түүнийг мэддэг гэж хэлж болохгүй. Учир нь олон дүр төрхтэй. Түүнийгээ байнга өөрчилж явдаг. Тиймээс хэзээ ч би өөртөө “Би болчихлоо” гэж хэлж байгаагүй. Тодд Филлипсид би талархах ёстой. Учир нь надад энэ дүрийг судлахад шаардагдах хугацаа өгсөн. Мөн миний анх төсөөлж байснаас их хугацаа зарцуулах ажил байсныг ойлгож, мэдэж байсанд түүнд их  баярладаг. Хамтран ажиллах энэ үеэр олон зүйлийг олж мэдсэн.
-Дүрдээ орохын тулд бие бялдраа хөгжүүлж, бүжгээр хичээллэсэн гэсэн?
-Тийм ээ. Миний бүтээсэн дүр шатаар бүжиглэж буудаг хэсэг болон алиалагчийн хийдэг бүхнийг сурахад бүжиг дэглээч Майкл Арнолд надад тусалсан учраас би азтай.  Тэр надад ойлгуулах хүртэл анх энэ бүхнийг сурахад туслалцаа хэрэггүй гэж бодсон нь буруу байсан. Майкл Арнолд, Артур Флекийг Жокер болж хувирснаар түүний үйл хөдлөлөөс нь харж болох омог бардам занг гаргахад тусалсан олон бүжгийг надад заасан.
-Нэрт жүжигчин Роберт де Ниротой хамтран тоглох ямар санагдав?
-Түүнтэй тоглосон эхний зураг авалт болон Жокер болж өөрчлөгдсөн Артурын дүрд тоглодог хэсэгт  дүрээ сайн гаргахад санаа зовж байснаас өөр их зүйл бодоогүй.  Олон жил шүтэн биширч ирсэн жүжигчинтэйгээ хамт тоглож байна гэж төсөөлдөг байсан. Харин дараа нь миний хувьд түүнтэй хамтарч ажиллах үеэр ажил төрлийн харилцаатай байж уран бүтээлдээ анхаарсан.
-Кинонд Артур Флекийг Жокер болж өөрчлөгдөж байгааг өөр аргаар харуулсан байсан. Түүний амьдрал хэцүү байсныг мэдснээр нинжин сэтгэлтэй болгож болох байсан?
-Мэдээж. Надад энэ  киноны талаар мэдрэмж, үзэл бодлоо илэрхийлдэг үзэгчдийг уривал таалагдахсан. Би киноны талаар  мэдэхгүйгээр, танилцуулгыг нь үзэлгүйгээр өөрөө үзэж мэдрэх дуртай. Нэмж хэлэхэд энэ кино нь  үзэгчдээ хүссэнээрээ гол дүртэйгээ харилцахыг уриалсан кино гэж бодож байна.
-Артур Флекийг та юу гэж харж байна вэ?
-Энэ тухайд хэлэхэд хэцүү байна. Учир нь түүний зан араншинг тайлбарлахад ганц хариулт хангалтгүй. Шударгаар хэлэхэд Артур яагаад Жокер болсон шалтгаан байгаа гэж бодохгүй байна. Үүнийг тодорхой харуулсан хэсэг гэж байхгүй. Түүнд хүүхэд байхад нь тохиолдсон бөгөөд энэ нь их утга учиртай гэдэгт би итгэлтэй байна.
-Адал явдлыг харуулсан зураг авалтын хэсэгт та тоглосон уу?
-Би машинд мөргүүлэх зэрэг осолтой хэсгээс бусад хэсэгт  чадах бүхнээ хийхийг оролдсон. Гэхдээ нэг зураг авалтын үеэр гудамжинд  хогийн сав өшиглөдөг хэсэгт Тодд Филлипс надад тэр хэсэгт намайг байх шаардлагагүй. Орлон тоглогч чинь энэ хэсэгт тоглож болно гэж хэлсэн. Гэвч  би түүнд “Надад хувин өшиглөхөд орлон тоглогч хэрэггүй” гэж хариулсан. Дараа нь хэд хэдэн удаа өшиглөсний дараа өөрийгөө гэмтээж байгаагаа мэдсэн. Энэ хэсгийн дараа миний хөл их өвдөж байсан учраас гэртээ харих хэрэгтэй болсон. Түүнээс хойш бусад хүний үгийг сонсдог болсон. Гэхдээ тэд намайг шоолохоо болиогүй.
-Жокер амьдрахын тулд алиалагч болдог. Таны хувьд алиалагч гэж юу вэ?
-Би мэдэхгүй юм. Үнэндээ би энэ тухай одооноос бодож байгаа. Бид алиалагчдыг өөрийнхөөрөө л  хардаг.
-Алиалагч шиг нүүрээ будаж сурсан уу?
-Будаж сурахыг хичээсэн. Нүүрээ будаж сурахад хувиараа бэлтгэл хийсэн. Нүүрээ дан цагаанаар будуулсан харагдах санаа төрсөн. Учир нь энэ нь надад их өөр, аймшигтай санагдсан. Мөн нүүр хувиргагчид Жокерт тохирсон үс өгсөн.
-Тэгэхээр Жокерын дүрийг бүтээх ямар санагдав?
-Их таалагдсан. Надад Жокерын олон дүр төрх, хувирамтгай зан ааш таалагдсан. Эцэст нь хэлэхэд  миний төсөөлж бодож байснаас хамаагүй их зүйлийг надад зааж өгсөн.
Х.Оюунболд
Эх сурвалж: Зууны мэдээ сонин 

Гоо сайхны СУПЕР САЛОН-Tenger Bella Beauty

$
0
0

Монголын гоо сайхны салбарт олон жил ажиллан туршлагажсан чадварлаг мэргэжилтнүүд бүхий Tenger Bella Beauty салоныг зорин очиж, тус хамт олны үйл ажиллагааг сурвалжлан, Захирал М.Отгонцэцэгийг “Жаргалан” булангийнхаа зочин хойморт урин оролцууллаа. Гоо заслын технологич мэргэжилтэй тэрээр өөрийн ур чадвараар салбартаа нэлээн танигдсан нэгэн. Tenger Bella Beauty салон нь “Тэнгэр Вилла” хотхон дотор, бие даасан тусдаа хауст байрладаг тул орчны тохижилт, эрүүл ахуйн шаардлага хангасан стандарт   үйлчилгээ зэргээрээ ижил төст бусад газруудаас ялгарах давуу талтай юм. Tenger Bella Beauty-гийн гоо заслын технологичид мэргэжлийн өндөр түвшинд үйлчилгээ үзүүлдгээрээ хэдийнээ олны танил болсон билээ. Өөрийнхөө үнэ цэнийг мэддэг, тохилог тансаг орчныг эрхэмлэдэг бүсгүйчүүд маань Tenger Bella Beauty салоноор үйлчлүүлээд гарахад сэтгэл ханамжийг үнэхээр төгс мэдрэхээр аж.

 

Эдний мэсгүйгээр арьс өргөж чангалах, хөгшрөлтийн эсрэг “Ultera hifu 3” аппарат болон эрүүлжүүлэн турааж алжаал тайлах үйлчилгээ нь их алдартай. Энэ салоныг зорин ирэгсэд гоо сайхны иж бүрэн үйлчилгээг нэг дороос бүрэн авдгаараа онцлогтой. Мөн тус салоноор дараах эмчилгээ үйлчилгээг ямар ч мэсгүйгээр хийлгэх  боломжтой. Үүнд:

  • Лазер эмчилгээ: Сэвх толбо, хацрын улаан, нүхжилт
  • Дерма эмчилгээ: Батгашилт, сэвх толбо, арьсны өнгө сэргээх
  •  Шивээс: Хөмсөг контур, уруул
  • Эрүүлжүүлж галбиржуулан тураах аппарат: Хөх өгзөг өргөх
  • Сормуус, маникюр болон бусад үйлчилгээ
  • ЛАЗЕР ЭМЧИЛГЭЭ /Өвөл, хавар, зун, намар дөрвөн улиралд хийлгэх боломжтой/  Арьсны өнгө сэргээж, залуужуулна, арьс нүхжилт, батга, сэвх , нөсөө толбо, хацрын улайлт, илүүдэл үс ургалтыг зогсоох (хөл, гар, суга, бикини ) үйлчилгээ

 

 

  • “V LINE” илүүдэл унжсан арьс чангална, эмзэг мэдрэг арьс хэвийн болгох, арьсыг гэрэлтсэн тунгалаг толигор болгох
  • АРЬС ЧАНГАЛАХ “LIFTING” АППАРАТ  Энэхүү аппарат нь арьс татах гоо сайхны мэс ажилбартай ижил үр дүнтэй бөгөөд өндөр нягтралттай хэт авиан тусламжтайгаар эд эс сэргээн, унжиж суларсан арьс, булчинг өргөж чангалан, үрчлээ арилгаж, нүүрний хэлбэрийг V хэлбэртэй болгон арьсанд  Гиалурон, коллаген идэвхжүүлж толигор булбарай арьстай болоход тусална.
  • АРЬС ЭМЧИЛГЭЭ /DRP MICRONEEDLING/ Энэхүү аппарат нь арьс чангалах, батга, нүхжилт, толбо, үрчлээ, арьсны язралт, сорви арилгах  үйлчилгээтэй. Арьсны гүнд Америкийн DRP Аппаратны тусламжтайгаар 100% гиалуроны хүчлийг шингээж өгснөөр арьсны коллагеныг дахин сэргээж арьсыг эрүүлжүүлэн залуу, толигор, булбарай гэрэлтсэн мэт болгоно.

 

  • Японы залуужуулах массажны гайхамшигт үйлчлэлийн ид шид нь нас, насны эмэгтэйчүүдийн сонирхлыг ихэд татдаг бөгөөд булчин чангаруулж, арьс өргөн, торгомсог зөөлөн болгож, залуужуулдгаараа давуу талтай. Уг массажны гол онцлог нь мэдрэлийн цэгүүдэд хүрч үйлчилснээр хөгшрөлтийн шинж тэмдгийн эсрэг хийгддэг. Биеийн алжаал ядаргаа тайлагдаж, цусны эргэлт сайжран, арьс өнгөлөг толигор болдог. Улмаар хүний биеийн биологийн идэвхт цэгүүд сэргэж, эд эрхтэн, организмын тогтолцоонд нөлөөлж залуужуулах үйлчилгээтэй.
  • Нүүр, хүзүү, цээж, дал мөр, гар, хөл хамрагддаг массаж /Америкт үйлдвэрлэгддэг “Le meiux brend”-ын бүтээгдэхүүнээр үйлчилгээ үзүүлдэг/

 

 

Дашрамд дурдахад, зөвхөн эмэгтэйчүүд ч гэлтгүй эрчүүд маань ч гоо сайхандаа анхаарч тав тухтай тансаг орчинд, мэргэжлийн өндөр түвшинд, чанартай үйлчилгээнд орох боломжтойг дуулгахад таатай байна. Хэрэв хайртай дотны хүндээ юу өгөхөө мэдэхгүй, үнэтэй цагаа дэмий үрэн бэлэг хайж байгаа бол та эргэлзэх зүйлгүйгээр Tenger Bella Beauty салоныг зориорой. Тус салоны “Эрхийн бичиг”  хамгийн тансаг, хамгийн зөв бэлэг байх болно.

Гоо сайхны бүхий л үйлчилгээг эндээс авах боломжтой. Өөрөөр хэлбэл, энд байхгүй зүйл гэж алга. Та зүгээр л Tenger Bella Beauty салонд очоод үз. Бусдыг нь ТЭД хийнэ.

 

 

М.Отгонцэцэг: Манай шивээсний давуу тал нь үйлчлүүлэгчийг өөрийн мэт хөмсөгтэй харагдуулдаг

-Tenger Bella Beauty гоо сайхны салон байгуулагдаад хэр удаж байна вэ?

-Манай салоны түүх олон жилийн тэртээгээс буюу 18 жилийн өмнө эхэлсэн. Бидний хэдэн найзууд “Сити” дээд сургуулиа төгссөний дараа гоо сайхны чиглэлээр хамтран салон ажиллуулж байсан бөгөөд харин 3 жилийн өмнөөс салоноо Tenger Bella Beauty болгон өөрчлөн ажиллуулж байна.

-18 жилийн замнал гэдэг бас л хангалттай дадлага туршлага хуримтлуулахаар хугацаа шүү. Та хэдийн голлон анхаардаг чиглэл нь юу вэ?

-Монголд “үстэй шивээс”-ийн технологи төдийлөн дэлгэрээгүй байхад бид хийж байлаа.  Бараг л 12 жилийн өмнө дөө. Гэтэл саяхнаас л “үстэй шивээс” хийдэг гэх газрууд манай гоо сайхны зах зээлд олноор бий болж эхэлсэн.

-Тэгвэл танайх “үстэй шивээс-ний технологиор Монголдоо бараг анхдагч юм байна. Энэ технологио анх хаана суралцсан бэ, гадаадын улс орнууд руу явж сурсан уу?

-Үгүй, үгүй. Сургуулиа төгссөний дараа гоо сайхны үйлчилгээ явуулаад удаагүй байхад гадаадад үстэй шивээс хийлгэсэн нэг үйлчлүүлэгч хөмсгөө засуулахаар бидэн дээр ирсэн юм. Тэгэхэд л үстэй шивээс гэх ойлголттой анх танилцсан. Ингээд хийдэг технологи, хэрэглэдэг багаж төхөөрөмжийг нь сонирхон судалж байх үед Солонгосоос гоо сайханчид Монголд ирж өдөрлөг зохиосон юм. Тэр өдөрлөгийн үеэр шивээсийг хэрхэн хийх талаар бидэнд зааж зөвлөхөд нь ямархуу багажаар хийж байгааг нь маш сайн ажиглаж авсан. Тухайн үед тэр багаж нь манайд байдаггүй байсан л даа.

-Тэр өдөрлөг хэдэн онд болж байв?

-2007 оны үед шиг санаж байна. Тэрнээс өмнө бол бид энгийн шивээс хийдэг байсан юм. Ингээд “үстэй шивээс” хийдэг төхөөрөмж хэрэгслээ Америкаас Солонгосоор дамжуулж авч байлаа.  

 

-Өнөөгийн байдлаар Монголд гоо сайхны салоны зах зээл өрсөлдөөн ихтэй байгаа. Ихэнх нь л хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи хэрэглэдэг хэмээн олон нийтэд өөрсдийгөө сурталчилдаг. Тэгвэл танайх эдгээр ижил төст үйлчилгээтэй газруудаас юугаараа давуу талтай вэ? Танай салоны онцлог?

-Бидний голлох давуу тал буюу брэнд маань ХӨМСӨГНИЙ “MICROBLADING” ҮСТЭЙ МЭТ ШИВЭЭС. Үүнийг хийхдээ хөмсөгний үсний ширхэгийн дагуу, маш нарийн зураасаар, үсний ургалтын чиглэлд үстэй  мэт харагдуулж шивнэ. Энэхүү шивээсний давуу тал нь үйлчлүүлэгчийг өөрийн мэт хөмсөгтэй харагдуулдаг. Өөрөөр хэлбэл, энэхүү шивээс нь ямар ч хиймэл бус, яг өөрийн хөмсөг шиг харагддаг учраас зөвхөн эмэгтэйчүүд гэлтгүй, эрэгтэй хүн ч хийлгэж болох онцлогтой. Бид үйлчлүүлэгчийнхээ царай төрхөнд тохируулан шивэхээс гадна үйлчилгээндээ 3-5 хүртэлх жилийн баталгаа олгоно. Мөн манай контур шивээс сормуусыг өтгөн харагдуулж, нүдийг тодруулж өгдөг. Манай хуйхны шивээс ч бас их үр дүнтэй. Халцарч гялайсан толгойн хэсэгт хуйхны шивээс хийлгэснээр харагдах байдал илт сайжирдаг. Хуйхны шивээсийг хүмүүс заримдаа үс шилжүүлэн суулгахтай андуурах тал бий. Ер нь шивээс хийхэд мэргэжлийн өндөр ур чадвар шаардагддаг. Бидний “үстэй шивээс”-ний зорилго бол хөмсгийг ямар ч шивүүлсэн гэж харагдахааргүй, яг л өөрийнх мэт харагдуулахад оршино.

-Танай салон зөвхөн энэ шивээсний үйлчилгээг үзүүлдэг үү, эсвэл өөр төрлийн шивээс бас хийдэг үү?

-Үстэй мэт шивээснээс гадна мөн УУСГАЛТТАЙ БИТҮҮ ШИВЭЭС-ийг зөвхөн хөмсөг гэлтгүй контур, уруулд хийнэ. Энэхүү шивээс нь эхнээсээ төгсгөл хүртлээ уусгаж, хөмсгөө тодотгон, будсан мэт харагддагаараа онцлогтой. Тод хөмсөг сонирхдог болон шивүүлсэн шивээстэйгээ илүү удаан хугацаанд явах хүсэлтэй бүсгүйчүүд энэхүү уусалттай будалтыг түлхүү сонирхон хийлгэдэг. Хөмсгөө будсан мэт байдлаар харагдуулж арван жил ч байх боломжтой.

-Шивээс хийх үедээ мэдээ алдуулагч хэрэглэдэг үү? Хаанахын шивээсний будаг голчлон хэрэглэж байна вэ?

-Бид ямар ч төрлийн шивээс хийх тохиолдолд мэдээ алдуулагч тос ашиглан өвдөлтгүйгээр шивдгээрээ давуу талтай. Будгийн хувьд, Америк, Герман стандартын шаардлага хангасан шивээсний будгийг ашигладаг. Бидний үйлчилгээ үзүүлдэг шивээсний будаг нь найрлагадаа төмөр агуулаагүй, шивээс хийсний дараа хөхөрч ,улайхгүй, тогтоц сайн, өнгө нь хувирахгүй, арьсанд харшилж, нөлөөлөхгүй гээд олон давуу талтай.

-Танайх  хэрэглэгчдийнхээ насны онцлогт тохируулан  үйлчилгээ үзүүлдэг үү? Жишээ нь, тэтгэврийн насны ахмадуудад ямархуу төрлийн үйлчилгээ үзүүлдэг вэ, тэдэнд зориулан зөвлөгөө өгдөг үү?

-Бид хэрэглэгчдийнхээ насны онцлогт тохируулан багц үйлчилгээнүүд гаргасан байгаа. Ахмад настнуудад зориулан арьсны нөхөн сэргээх үйлчилгээг хөнгөлөлттэй нөхцөлөөр үзүүлдэг. Мөн тэдэнд алжаал тайлах, арьсны өнгө сэргээх үйлчилгээг үзүүлж байна.

-Үйлчлүүлэгчийнхээ нас, мэргэжил, ажлын онцлогийг харгалзан, тусгайлан үйлчилж байгаа юу?

-Хүмүүсийн ажил мэргэжлээс шалтгаалан нүүрний арьс нь янз бүрийн байдалтай болсон байдаг. Жишээ нь, өдөржин оффист суудаг хүмүүсийн хувьд компьютер, элдэв техник хэрэгслээс цацардаг туяаны уршгаар арьс нь нэлээн хуурайшилттай болдог. Иймд тухайн хүнийхээ арьсыг эхэлж оношилсны үндсэн дээр ямар үйлчилгээ үзүүлэхээ шийднэ гэсэн үг.

-Гоо сайхны үйлчилгээг мэргэжлийн хүмүүс технологийн өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ гэдэг их чухал. Танайх хүний нөөцийн ямар бодлого баримталдаг вэ?

-Манай салонд гоёлын шивээсээр арав гаруй жил дагнан ажиллаж мэргэшсэн гоо сайханчид  стандартын шаардлага хангасан багаж хэрэгсэл ашиглан эрүүл, тав тухтай, аюулгүй орчинд үйлчилгээ үзүүлдэг нь шивээсний чанар өндөр байж, хэрэглэгчдэд сэтгэл ханамжийн баталгааг хангалттай бэлэглэдгээрээ онцлогтой. Бид олон жилийн турш хамтран ажилласан бөгөөд хүний нөөцийн хувьд ихэд тогтвортой, мэргэшсэн хамт олон гэдгээрээ бахархдаг.

 

“Tenger Bella” салонд урьдчилан цаг авах Утас: 80660000 Хаяг: ХУД 11-р хороо,

Маршалын гүүрний баруун талд “Тэнгэр велла” хотхон 116-1 тоот. 

Марио Касас: Хүмүүсийн өмнө эхээс төрсөн биеэрээ байхаас ичдэг

$
0
0

Испанийн хамгийн эрэлттэй жүжигчин, “халуухан” залуу гэгддэг Марио Касасыг бид “Тэнгэрээс дээш гурван метрийн өндөрт” киноны гол дүрээр сайн мэднэ. Энэ кино дэлгэцнээ гарсны дараа Марио Касасын фэнүүд нь гэр, гар утсыг нь мэдэн, түүнийг байнга “мөшгих” болсноор жүжигчин залуу байр, утасны дугаар зэргээ үргэлж сольж иржээ. Дээрх киноны дараа Марио Испанийн кино урлагийг дэлхийд таниулсан олон киноны гол дүрийг амилуулсан билээ.

Тэрбээр өнгөрсөн есдүгээр сарын сүүлчээр “Instinto” сериалынхаа нээлтийн үеэр Москвад ирээд байхад нь “Hello” сэтгүүл энэхүү ярилцлагыг авчээ. Орчуулан хүргэж байна.

-Найруулагч нар кинонд таны хувцсыг тайлах дуртай. Гэхдээ бүрэн нүцгэлсэн зураг авалт байгаагүй байх. Танд эвгүй байдаг уу?

-Эвгүй байдаггүй гэж хэлмээр байвч нэг талаараа би ажлаа хийж байгаа, зураг авалтын багийнхан намайг дэмжиж байдаг. Нөгөө талаараа би тэдний өмнө эхээс төрсөн биеэрээ явахад ичдэг. Нүцгэн хэсгүүд сүүлийн монтажаар ихэвчлэн хасагдаж, дэлгэцэд гарахгүй үе бий.

-Магадгүй та сайхан харагдахын тулд спорт заал руу их явдаг байх?

-Би чинь сайхан залуугийн дүр бүтээж байгаа шүү дээ. Орлон тоглох хүнгүйгээр бүгдийг өөрөө хийнэ (инээв). Энэ сериалын гол дүр Марко бас л сайхан залуу. Иймээс би зураг авалт эхлэхээс хэдэн сарын өмнө спорт заал руу явж, хоолны нарийн дэглэм барьж эхэлсэн. Хайртай мотоциклоосоо татгалзсан. Гэрээний дагуу би гэмтэх ёсгүй байсан юм.

-Секс хамгийн их үүрэг гүйцэтгэдэг том кинонууд алдартай болоод байгааг юу гэж боддог вэ. Тухайлбал, “Грейгийн амьдралын 50 сүүдэр” шуугиан тарьсан?

-Сүүлийн жилүүдэд ямар нэгэн секс хувьсгал болсон гэж хэлж чадахгүй ч бид амьдралыг өмнө нь хаалттай байсан талаас нь авч үздэг болж. Үүний дагуу ийм уран бүтээлүүд их болсон. Саяхан л дэлгэцээр нүцгэн бие хараад олон хүн нүдээ тагладаг байсан. Гэхдээ одоо ийм хэсгүүд ихэнх уран бүтээлд нийтлэг үзэгдэл болжээ. Дэлгэцэд секс гарахыг би муу зүйл гэж боддоггүй. Байгаа зүйлээсээ ичих хэрэггүй.

-“Instinto” сериалд таны дүүд төрсөн дүү Оскар Касас тань тоглосон. Киноны хамтрагчийн хувьд зөвлөгөө өгч байв уу?

-Ямар ч зөвлөгөө өгч чадаагүй. Оскар надаас 12 насаар дүү ч илүү ухаалаг, багаасаа кинонд тоглож эхэлсэн. Түүний насан дээрх өөрийгөө бодохоор би Барселоноос Мадридад дөнгөж ирээд, карьераа эхэлж байсан байдаг юм. Тэр надаас олон зүйлээрээ илүү шүү. Энэ сериалд тэр надаас өмнө сонгогдож, сайн бэлдсэн байсан. Дүрийнхээ төлөө тэр нөхөн сэргээх эмчилгээний газарт өвчтөнүүдтэй удаан хугацаанд хамт байсан.

-Эрэгтэй дүүтэйгээ хамт кинонд тоглож, эмэгтэй дүүтэйгээ Москвад иржээ. Тэр таны төлөөлөгчөөр ажилладаг… Гэр бүлийн бизнес юмаа…

-Гэр бүл миний хувьд чухал үүрэг гүйцэтгэдэг. Бид бүх зүйлээ хувааж сурсан. Жишээ нь, надад санал болгосон киноны зохиолыг эцэг, эхдээ болон эмэгтэй дүү Шейладаа уншуулдаг. /Марио нэг эмэгтэй, гурван эрэгтэй дүүтэй/. Шийдвэр гаргахаасаа өмнө тэдний саналыг сонсох нь надад чухал байдаг. Энэ бол манай гэр бүл. Эцэг, эх маань биднийг ингэж өсгөсөн. Бие даасан, завгүй хүмүүс болсныхоо дараа ч бид хамт байхын тулд зав гарангуут гэртээ очдог. Дүү Кристианыхаа өрөөнд проектороор кино үзэж, заримдаа 2-3 өдөр хамт хонодог. Би одоогоор хүүхэдгүй ч ирээдүйд гэр бүлдээ яг ийм дотно харилцааг үүсгэнэ гэж бодож байгаа.

-Ямар кино үздэг вэ. Өөрийнхөө тоглосон киног үздэг үү?

-Энэ киног л биш шүү (инээв). Гэр бүлийнхнээ кинонуудынхаа нээлтэд урьдаг ч өөрийгөө үзэж чаддаггүй. Аль хэдийн бүтээчихсэн кино руу эргэж очих боломжгүй, тэгэх хэрэг ч байхгүй. “Instinto”-г аав, ээж хоёр аль хэдийн үзчихсэн байна лээ. Задгай хэсгүүдэд нь ойлгож хандсан. Тэд ер нь юмыг их ойлгодог хүмүүс.

-“Тэнгэрээс дээш гурван метр” киногоор та дэлхийд алдартай. Гэхдээ Испанид олон жилийн өмнөөс драмын эрэлттэй жүжигчин байсаар ирсэн. Романтик дүрээр л таныг хараад байхаар онцгүй байдаг уу?

-Үгүй дээ. Би романтик дүрээс бүр мөсөн салаагүй шүү дээ. Гэхдээ дийлэнх эмэгтэйчүүд романтик хэрнээ хэцүү залуусын дүрийг сонирхдог байх.

-Эмэгтэйчүүд одоо яаж байх юм. Анх гарч ирэх үеэр тань хотоор тайван явуулдаггүй байсан…

-Фэнүүд маань одоо жаахан тайвширсан (инээв). Миний тоглосон кинонуудаас романтикийг нь биш илүү чухал сэдэв хөндсөнийг нь үздэг болж.

-Найз бүсгүй тань хардахгүй байна уу?

-Найз бүсгүй маань (Марио 2018 оноос эртнээс найзалсан жүжигчин Бланка Суарестай үерхэж байгаа билээ) надад итгэж, ойлгож ханддаг. Эротик зураг авалтад ороход сайн ойлгодог. Тэр бас жүжигчин болохоор энэ бол ажил, өөр юу ч биш гэдгийг маш сайн мэддэг.

 

Эх сурвалж: Zindaa.mn

М.Анхцэцэг: Хөлс урсгасан хөдөлмөр, амжилт хоёр хэлхээтэй байдаг юм

$
0
0
712-157164626972912621_2474257389326915_7741730984000749568_n
Саяхан эх орон даяар нэгэн охиноор бахархав, омогшив. Тэр бол “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ, дэслэгч М.Анхцэцэг байсан юм. Түүнийг эх орондоо ирсэн даруйд нь уулзаж ярилцлаа.
Дэлхийн аваргын хүрэл медаль, дэлхийн цомын эзэн болсонд тань баяр хүргэе. Төрөөд удаагүй нялх биетэй байж, ямар мундаг юм бэ гээд хүн бүхэн бахархан суулаа …
-Баярлалаа. Тайланд улсын Паттайяа хотод болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн бас АНУ-ын Сан Диего хотод болсон “San Diego open-2019” дэлхийн цомд оролцоод ирлээ. Миний хувьд төрсний дараах хоёр дахь том тэмцээн байлаа. Өмнө нь ингэж ойрхон хоёр тэмцээнд оролцож байгаагүй. Энэ бол ганцхан миний амжилт биш. Намайг дэмждэг, энэ спортын төлөө сэтгэл зүрхээ зориулдаг бүх хүний амжилт.
Хүүхдээ төрүүлээд хэр удаж бэлтгэлдээ орсон бэ?
-Төрчихөөд хоёр сарын дараагаас эхлэн аажим аажмаар ойр зуурын бэлтгэл хийж байгаад дөрвөн сарын дараа үндсэн бэлтгэлдээ орсон. Үндсэн бэлтгэлдээ ороод хоёр сарын дараа Ази тивийн аваргаас мөнгөн медаль хүртсэн. Төрөөд удаагүй байгаа болохоор анх штанг өргөж байгаа хүн шиг л санагдсан шүү. Миний хань жүжигчин бөгөөд бид амьдраад хоёр жил болж байна. Бидний хувьд тун завгүй. Нэг нь театрт, нөгөө нь бэлтгэлийн зааланд өнждөг. Хэн нь түрүүлж ирнэ, тэр нь хоолоо хийж, гэр орныхоо ажлыг амжуулдаг. Өмнө нь бэлтгэлээ хийгээд ирэхэд бүх зүйл бэлэн байдаг байсан. Харин айлын эзэгтэй болсон болохоор бүхий л ажил хань бид хоёрын толгой дээр ирдэг юм байна. (инээв). Анхандаа жаахан хэцүү байсан шүү. Хань минь л маш сайн дэмжиж, ойлгодог болохоор эзэгтэйн амьдралдаа дасаж, гэр орны их ажлын хажуугаар дасгал бэлтгэлээ ч тасралтгүй хийж чаддаг болсон. Сая болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бид цугтаа явсан. Анх удаа хамтдаа явсан нь энэ. Уралдааны өмнө сэтгэл санаа тайвшруулаад мундаг байсан шүү, миний хань. Дэмтэй гэж жигтэйхэн. Харин нэг зүйлийг дурдахгүй өнгөрч болохгүй байх. Бидний үр хүүхдийг өсгөж, хүмүүжүүлж байгаа аав, ээждээ чин сэтгэлээсээ талархаж байна. Бурхнаас ч харамлаж явдаг миний сайхан аав, ээж хоёр Зэвсэгт хүчиндээ залуу насаа зориулсан хүмүүс. Саяхан хоёулаа тэтгэвэртээ гарч, намайг завгүй үед хүүхдийг маань хардаг ажилтай болсон доо. Хараад байхад энэ ажилдаа нэлээд дуртай байдаг бололтой шүү (инээв). Хааяа даа “Миний хоёр хүүхэд ажил алба, бэлтгэлдээ анхаар. Бид зээгээ харъя” гээд бэлтгэлгүй байхад хүртэл гэр рүүгээ авч явна гээд хүрээд ирдэг юм. Бэлтгэл, ажлаар шалтаглаж, зээгээ гэртээ аваачиж эрхлүүлэх гэсэн заль байхгүй юу. Аав, ээж, дүү нартаа хязгааргүй их хайртай.
Тамирчдын хөдөлмөр яггүй бэрх. Өнөөдрийн амжилт мэдээж амархан ирээгүй. Танд шантарч явсан үе ч бий байх. Чухамдаа тэрхүү хэцүү үед юунаас урам зориг авдаг вэ?
-Анх энэхүү спортыг сонгоход аав, ээж маань “Эмэгтэй хүнд хүнд спорт” гээд дургүйцэж байсан. Яваандаа л хүлээн зөвшөөрч, дэмжсэн. Бүр миний хамгийн сайн дэмжигчид болсон шүү. Штанг өргөөд зогсож байхад араас минь залбираад зогсож байдаг дэмжигч минь болж чадсан. Мэдээж энэ бол миний л сонгосон зам. Өөртөө “Хэзээ ч шантрахгүй. Даваад гарна. Би бүхнийг чадна” гэсэн ухамсрыг суулгаж чадсан. Бэрхшээлийг давж байж л амжилт гаргана шүү дээ. Бурхан хөдөлмөрт тааруулж шагнал өгдөг гэдэгт итгэдэг. Дэлхийн аваргаас хүрэл медаль авсан нь тэр хэмжээнд хөдөлмөрлөжээ гэсэн үг. Магадгүй надад алтан медаль авах боломж байсан. Харин авч чадаагүй нь дахиад хөдөлмөрлө гэсэн үг юм. Миний урсгасан хөлс, хөдөлмөр алтан медалийн энд хүрээгүй юм байна, би дахиад хичээх ёстой гэдэг ухамсраар бэлтгэлээ хийдэг юм. Хийсээр ч ирсэн.
Амжилт, ялагдал, бүх зүйлийн ард хамт байдаг багшийнхаа талаар …
-Багшийг маань Ц.Хосбаяр гэдэг. 1992 оны хүндийн өргөлтийн Ази тивийн аварга. Монголд домог болж явсан шилдэг тамирчин, сайн дасгалжуулагч. Багштайгаа дасгал сургуулилт хийгээд зургаан жил болж байна. Ард минь яг л асаалттай танк шиг зогсдог. Сэтгэл зүйч, эмч, аав, ээж, зөвлөгч гээд олон хүний үүргийг давхар гүйцэтгэдэг. Багш минь тамирчнаа сайн мэдэрч, зөвлөгөө өгч чаддаг мундаг хүн дээ.
Хүндийн өргөлт бол сэтгэл зүйн спорт гэж сонсож байсан …
-Тийм ээ, сэтгэл зүйн спорт. Сэтгэл зүйн бэлтгэл маш өндөр байх ёстой. Тулааны спорт бол хүнтэй ажилладаг. Харин хүндийн өргөлт өөрөө өөртэйгөө ажилладаг. Өөртөө итгэж, өөрийгөө ялан дийлж байж, штангаа өргөж чадна.
Дүү нар чинь бас хүндийн өргөлтөөр хичээллэдэг байх аа …
-Би гурван дүүтэй. Миний удаах дүү түлэгдээд, дахин хүндийн өргөлтийн спортоор хичээллэх боломжгүй болсон. Бага эмэгтэй дүү маань хүндийн өргөлтийн спортоор хичээллэдэг, эрэгтэй дүү маань “Алдар” спорт хороонд бэлтгэлээ хийдэг. Манай аавын эгчийн хүүхэд бас дэд мастер цолтой. Ер нь хамаатнууд маань ч сонирхож эхэлж байна. Дүү нартаа “Маш том зорилго тавиарай. Зорилгодоо хүрэхийн тулд хөдөлмөрлөөрэй. Үнэнчээр тууштай хөдөлмөрлөсөн хүнийг бурхан үргэлж шагнадаг” гэж хэлдэг дээ.
Одоо таныг ямар тэмцээн хүлээж байна вэ?
-Ирэх 12 дугаар сард зохион байгуулагдах “Тяньжинийн цом”, “Катарын цом” гээд дэлхийн хоёр том тэмцээн хүлээж байна. Ирэх оны 4 дүгээр сар хүртэл олимпын эрхийн оноо цуглуулах таваас зургаан тэмцээн байгаа. Энэ тэмцээнүүдээс бүх зүйл шийдэгдэнэ.
Нууц биш бол хүүгээ спортоор хичээллүүлэх бодол байгаа юу?
-Миний хань үндэсний бөхийн улаан хорхойтон. Урлагийн хүн ч гэлээ спортод их элэгтэй. Хүүгээ үндэсний бөхөөр “явуулах” мөрөөдөлтэй. Гэхдээ том болоод ямар мэргэжил, сонирхолтой хүн болохыг нь таашгүй. Өөрийнх нь хүсэл сонирхлыг дагана даа.
“Алдар” спорт хороонд хэзээнээс харьяалагдаж эхэлсэн бэ?
-2014 онд энгийнээр орж байлаа. Тэгээд дэд ахлагч, ахлагч болоод одоо дэслэгч цолтой. Аавын маань аав дайнд оролцож байсан, ээжийн минь ээж цэргийн байгууллагад мөн л насаараа ажилласан гээд би хоёр талаасаа цэргийн удамтай. Энэхүү залгамж халааг үргэлжлүүлээд явж байгаадаа баяртай байдаг. “Алдар” спорт хорооныхон маань ч намайг сайн дэмждэг шүү. Дасгалжуулагч Ч.Март ах, А.Отгонжаргал эгч хоёр маань байнга зөвлөгөө өгдөг. Үргэлж тусалж, дэмжиж байдагт нь баярлаж явдаг юм.
Цаг гарган ярилцсан танд баярлалаа. Олимпын аварга болохын ерөөл дэвшүүлье.
Б.НЯМДОРЖ
Эх сурвалж: “Соёмбо” сонин

Арван жил тууштай хөдөлмөрлөж, Тулгатын дүрийг бүтээх боломж олж авсан

$
0
0

tulgat

- Өмнө нь ассисент найруулагч хийдэг байхад жүжиглэх амархан санагддаг байлаа
- Б.Тамир ах “Энэ дүрийг амилуулна уу, ална уу өөрөө мэд” гэсэн

Амралтын өдрүүдэд үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө “уях” болсон “Фантастик” продакшны бүтээл “37 дугаар токча” олон ангит киноны талаар сонирхох хүн эрс нэмэгджээ. Ялангуяа, гол дүрүүдийг бүтээсэн жүжигчдийн ур чадварыг сайшааж байгаа юм. Тус кинонд Тулгатын дүрийг бүтээсэн залуу жүжигчин Р.Отгонбаяртай ярилцлаа. Тэрбээр арван жилийн турш тус продакшны бүтээсэн адал явдалт, тулаант, түүхэн кинонуудад ассисент найруулагчаар ажиллаж иржээ.

- “37 дугаар точка” киноны Тулгатын дүр таны бүтээсэн анхны гол дүр байх аа. Тус дүрд хэрхэн хуваарилагдсан тухайгаа хуваалцана уу?

- Арван жилийн тууштай хөдөлмөр, жүжигчин болох чин хүсэл минь надад Тулгатын дүрийг бүтээх боломж олгосон гэж боддог. Мөн “Фантастик” продакшны ах нартайгаа танилцсан нь намайг жүжигчний мэргэжилд хөл тавихад хамгийн том гүүр болсон. 2009 онд “Хэцүү анги” олон ангит киноны олны хэсэгт тоглож байхдаа жүжигчин М.Баярбат, Н.Батсайхан ах нартай танилцаж байлаа. Улмаар “Фантастик” продакшны анхны уран бүтээл болох “Дурсамж төгсгөлгүй” киноноос эхлээд бүх уран бүтээлд нь ассисент найруулагч хийж байсан юм. Ийнхүү арван жилийн дараа Тулгат гэх дүрд томилогдох завшаан тохиосон. “37 дугаар точка” киноны зохиол бичиж байгаа тухай сонсоод “надад дүр өгөх болов уу” гэж горьдож л байсан. Гэхдээ гол дүрд тоглоно гэж бодоогүй. Б.Тамираа ах нэг өдөр, “Ах нь чамд байр, машин өгч чадахгүй. Миний дүү өнөөг хүртэл бидэнтэй хамт байсан учраас Тулгат гэх дүрд тоглох боломж олгоё. Энэ дүрийг амилуулна уу, ална уу өөрөө мэд” гэж хэлсэн юм. Энэ үгэнд би маш их баярласан ч бага зэрэг айдастай хүлээж авсан. Дүрээ бүтээх явцад алдаа оноо их байж, загнуулж, зэмлүүлэх тохиолдол ч олон гарсан. Гэхдээ сайн тоглохыг хүсэж, надад итгэж буй хүмүүсийн урмыг хугалахгүйг маш их хичээсэн.

- “37 дугаар точка” киноны зураг авалт долоон сарын турш үргэлжилж, 700 гаруй хүний хөдөлмөр шингэсэн уран бүтээл болсон гэж байсан. Чамгүй шалгуур давсан байх. Үүнээс та юу сурч, хэрхэн өсөж хөгжсөн бэ?

- Маш их туршлага хуримтлуулсан. Өмнө нь ассисент найруулагч хийдэг байхад жүжиглэх амархан санагддаг байлаа. Яг камерын өмнө гарахаар үнэхээр хэцүү байдаг юм билээ. Дүрээ сайн судалж, зохиолоо ойлгож, өөртэйгөө ажиллах л чухал санагдсан. Тулгат бол сагсуу, ууртай залуу. Үүнийг гаргахын тулд 70, 80, 90-ээд оны залуусыг судлах шаардлагатай болсон. Анх зохиолын уншлага хийж эхлэх үед “ахын дүү нэг л болохгүй байна, жүжиглэхгүй байна. Тулгатад хувир” гэдэг байлаа. Тулгат болоод уншихаар “яагаад хэт их жүжиглээд байгаа юм” гэнэ. Өөрөө юу нь, яагаад болохгүй байгааг сайн ойлгодог гүй байв. Улмаар Тулгатын намтрыг зохион, ах нарын зөвлөмжийг тэмдэглэн, өөртэйгөө маш их ажиллаж, арай зүгширсэн. Ер нь киноны турш хүмүүсийн өгсөн зөвлөгөөг дагаж, продакшны ах нараасаа болон ахмад уран бүтээлчдээс маш их суралцсан. Түүнчлэн Ц.Төмөрхуяг багштайгаа аав, хүүгийн дүрийг бүтээсэн нь миний хувьд завшаантай хэрэг болсон.

- “Фантастик” продакшн нэг үеийн залуусын бүрэлдэхүүнтэй гэдгээрээ онцлог. Найзууд хамтарч уран бүтээл гаргахын давуу болон сул тал юу вэ. Хувийн харилцаа, албаны харилцаа хоёроо хэрхэн заагладаг бол?

- Манай продакшны ах нар СУИС-ийн нэг ангийг төгссөн. Тус сургуулиас урлагийн дэг, ёс зүйг маш сайн сурсан юм билээ. Түүнийгээ залуу жүжигчдэдээ үлгэрлэж яваа. Тиймээс ажил явагдаж байхад бүгд л өөр, өөрийн үүргийг гүйцэтгэдэг. Харин ажлын бус цагаар энгийн сайхан харилцаатай. Мөн бүх зүйлд “би” биш “бид” гэх үзлээр ханддаг бөгөөд нөхөрлөл, хүндлэлийн жанжин шугамаар хамтдаа хөгждөг уран бүтээлчид байдаг юм.

- Таны дүр хайртай нэгнээ харамлан өмчирхдөг айлын эрх хүүг харуулдаг. Энэ дүр Р.Отгонбаяр гэж хүний дотоод мөн чанар, зан суртахуунтай хэр нийцтэй байв. Дүр бүтээхэд өөртэйгээ зөрчилдөх үе байв уу?

- Надаас бүх талаараа өөр дүр. Тулгат бол зүрхний хийтэй, хэт ууртай нэгэн. Түүний дүрийг бүтээхэд хамгийн хэцүү зүйл нь уурлах байсан. Амьдрал дээр надад уурлах үе гардаг ч Тулгат шиг авирлаж байгаагүй болохоор эхэндээ дүрээ гаргахад нэг л болж өгдөггүй байлаа. Эмэгтэй хүнтэй харьцаж жүжиглэхдээ хамаагүй хандаж, хүчтэй хүрч болохгүй, дотроо зөөллөөд байсан чинь Тамираа ах “болохгүй байна, зөөлөн харагдаад байгаа учир хүчтэй авир гарга” гэсэн. Уурлаж буй хэсгийг олон удаа давтан авахуулахаар асар их “нерв”-тэж, жинхнээсээ зүрх савладаг юм билээ. Нэг удаа хамтран тоглогч бүсгүйгээ хүчтэй түлхэж, өөрийн эрхгүй хараалын үгс урсган, хяналтаа алдсан. Ийнхүү алдаж, оносоор дүрээ гаргахыг хичээсэн. Хэдий амархан байгаагүй ч уран бүтээлийн гараагаа амжилттай хийсэндээ баяртай байна. Үзэгчид ч сайхан хүлээж авсан.

- Дүр дээр ажиллаж, кинонд тоглох үед амьдралын хэмнэл, хэв маяг их өөрчлөгддөг байх. Үүнийг гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авдаг вэ, урлагийн хүнийг ар гэрийнхэн нь сайн ойлгодог байх ёстой болов уу гэж боддог?

- Тийм шүү. Ар гэрийнхэн ойлгодог байх сайхан. Манай эхнэр жүжигчин мэргэжилтэй, одоогоор “Мөрөөдлийн театр”-т бүжигчнээр ажиллаж байна. Адилхан урлагийн хүн учраас зовлон, жаргалыг нь сайн мэддэг. Тиймээс надад ажил мэргэжлийг минь ар гэрийнхэн ойлгохгүй байх хүндрэл үүсч байгаагүй. Эхнэрээ хөдөө тоглолтоор явахад нь би хүүхдээ хараад үлдэх үе ч бий. Харилцан ойлголцон, ажиллаж хөдөлмөрлөдөг. Харин урт хугацаанд зураг авалтаар явахад би охиноо, үр минь намайг их санадаг нь хэцүү байдаг.

О.Даваасүрэн

Засгийн газрын мэдээ

П.Оюунтөгс: Миний шүүгээнд дөрвөн улирлын 35 хувцас бий

$
0
0
712-157196053872650679_443215096304718_6086062134100230144_n
Цөөн зүйл дээр төвлөрөх, энгийн, бага зүйлээр ихийг бүтээх гэсэн түлхүүр үг  минимализмыг илэрхийлнэ. Минималист хүмүүс материаллаг зүйл худалдаж авахын  оронд цагаа өөрт хэрэгтэй зүйлд зарцуулахыг эрхэмлэдэг. Тэгвэл минималист хэв маяг Монголд хэрхэн нэвтэрсэн, онцлог, давуу талынх нь талаар Монголын анхны минималист блоггер, стилист П.Оюунтөгстэй ярилцлаа.
-Нэг үеэ бодвол хүмүүс минимализмын талаар ойлголттой болсон. Та монголд минималист хэв маягийг нэвтрүүлсэн анхны хүн. Дэлхийд минимализмын тухай ойлголт хэзээ нэвтэрсэн бэ?
-Үүнийг тодорхойлоход хэцүү. Минимализм хэв маяг өмнө нь байсан болохоос цоо шинэ зүйл биш. Харин гэнэт энэ хэв маягийг олон хүн сонирхож, нийгэмд трэнд болсон.  Тиймээс зарим хүн шинээр бий болсон зүйл мэт ойлгож байгаа байх. Ер нь энгийн байх нь сайхан гэдгийг хүмүүс анзаардаггүй, Хэрэглэж байгаа эд зүйл болгоноо гоё, сайхан гэж хүлээж авдаггүй байсан мэт санагддаг. Түүнээс Сократаас эхлээд эрдэмтэд энгийн амьдралын философийн талаар эрт үед ярьж л байсан. Хүн бүр өглөө юу өмсөх вэ гэсэн асуудалтай нүүр тулдаг. Сонгоод өмсье гэхээр юу ч байхгүй. Харин угаах гэхээр олон хувцас гарч ирдэг. Тоог нь цөөлчихвөл юу өмсөх нь тодорхой болно. Мөн өдөр  бүр ямар харагдаж байгаа бол гэж санаа зовдог.  Өөрөө ч мэдэлгүйгээр олон  зүйлээс болж бухимддаг. Жишээ нь ширээн дээрх хэтэрхий олон зүйл өөрийг нь бухимдуулаад байна гэдгийг ойлгодоггүй. Минималист байна гэдэг бүх зүйл энгийн ойлгомжтой байна гэсэн үг. Идэж уух нь хүртэл олон сонголттой байхаас илүү өөрт  хэрэгтэй хүнсийг хэрэглэнэ. Тэгэхээр минималист буюу энгийн байх нь олон асуудлаас чөлөөлж аз жаргал бэлэглэдэг маш чухал зүйл.
-Энгийн байх нь аз жаргал бэлэглэдэг гэлээ. Гэхдээ эмэгтэй хүн дэлгүүр хэсэж байгаад гоё хувцас хараад авч чадахгүй болохоор сэтгэл дундуур байдаг шүү дээ?
-Эмэгтэй хүн нүд булаасан, гоёмсог цамц харчихаад тэрийгээ авахгүй бол сэтгэл дундуур байх үе бий. Гэхдээ тэр цамцаа худалдаж аваад хоёр өдөр өмссөний дараа уйдаж, чухал биш санагдаж эхэлдэг. Материаллаг зүйл гэдэг ийм богино настай, хүний сэтгэхүйд үзүүлэх нөлөөлөл нь шинэ хэвээрээ байдаггүй. Хувцас, эд зүйлс хүнд урт хугацаанд аз жаргал бэлэглэдэггүй учраас хүмүүс минимализм буюу энгийн амьдралын хэв маягийг сонгоод байгаа юм. Хүн амьдралынхаа сүүлийн мөчид хэн нэгний үнэтэй машин, гоё хувцсыг биш тийм зан чанартай сайн хүн байсан даа гэж дурсана.
-Минималист болоход эхэндээ хэцүү байх юм шиг санагддаг?
-Имижээ  өөрчлөхийн тулд олон бүтэлгүй туршилт хийж байсан. Минималист болохоос өмнө олон хувцастай л байвал загварлаг гэж бодож, юу ч хамаагүй авч өмсдөг байлаа. Шүүгээнийхээ өмнө удаан зогсож цаг үрдэг байсан учир энгийн болохоор шийдсэн. Өглөө ажилдаа 05:00 цагт амжихын тулд 03:00 цагт босч ажлынхаа унаанд  амжиж суух ёстой. Гэтэл ач холбогдол өгөхгүйгээр тааралдсан хувцсаа өмсөөд гарахаар өдөржин  сэтгэл тавгүй, уулзалтаа хойшлуулдаг байсан. Хэтэрхий олон  хувцастай, тэрийгээ яах вэ гэж боддог байлаа. Гэтэл дэлхий нийтээрээ энгийн  амьдралын хэв маяг руу шилжиж байгааг  уншаад туршиж эхэлсэн. Шийдвэрээсээ олон удаа буцсан. Гэхдээ ямар ч зантай хүн байсан хамгийн анхны шийдвэр гаргах шалтгаан маш чухал. Харин шалтгаан нь хүчтэй байж амжилтад хүрнэ.
-Зөвхөн хувцас биш амьдрах хэв маяг үзэл бодол, хандлагаа өөрчилнө гэдэг хялбар биш?
-Минималист болох шийдвэр гаргах үед сэтгэл санааны гутралтай байж таарсан. Эмэгтэй хүн сэтгэл санаагаа дэмжиж, өөдрөг болохын тулд худалдан авалт руу дайрдаг. Эмэгтэй хүний дөрвөн улирлын хувцас нийлээд 100 ширхэгт багтана гэхээр хүмүүс яаж тийм юм байж болдог юм, их юм биш үү гэдэг. Хүн  бүрийн гоо зүйн мэдрэмж харилцан адилгүй байдаг. Илүү энгийн зүйл сонирхдог хүн олон асуудлыг шийдэж  чаддаг. Би өмнө нь сэтгэлээр унахаараа дэлгүүр ороод юу ч хамаагүй авчихдаг байсан. Өөртөө  ямар нэг шинэ зүйл нэмж байвал сэтгэл санаа сайхан болох юм шиг санагддаг байлаа. Харин одоо  гунигтай үедээ ямар нэг шинэ зүйл сурах тухай боддог болсон. Жишээ нь бокс, балет, фитнесс, иогоор хичээллэж өөрийгөө сорьж байгаа.
-Стилиэ өөрчлөхийг хүссэн олон эмэгтэй тань дээр ирдэг байх. Тэдэнд  хамгийн түрүүнд юу гэж зөвлөдөг вэ?
-Миний ажлын хамгийн дуртай хэсэг нь хүмүүстэй хамт дэлгүүр хэсэх. Яагаад гэвэл хүний бодит өөрчлөлт тэр дороо гардаг. “Би ийм сайхан харагдаж болдог байсан юм уу” гээд инээмсэглэхийг нь  харах хамгийн  сайхан мөч. Хүмүүс намайг стилист талаас нь хараад  хамт явж байхдаа олон хувцас авна гэдэг. Харин би хоорондоо хосолдог цөөхөн хувцас авахыг зөвлөдөг. Зарим бүсгүй тоонд нь ханахгүй байх тохиолдол гардаг ч сүртэй асуудал биш. Надаас зөвлөгөө авсан бүсгүйчүүдээс имиж бүрдүүлэлт сэтгэл ханамжгүй байсан тохиолдол нэг ч байгаагүй. Яагаад гэхээр өөрийгөө толинд харахад  өөр болчихсон байх нь  таатай байдаг юм байна л даа.  Эхлээд стилиэ дараа нь амьдралдаа өөрчлөлт хийж эхэлдэг. Өөрийгөө өөрчлөөд, өөртөө  итгэлтэй болохоороо хүн зоригтой алхам хийдэг. Амьдарлыг харах өнцөг нь өөрчлөгдөж ажлаа хүртэл сольж байсан тохиолдол бий.
-Эд зүйлсийнхээ тоог цөөлөхөөс гадна оюун санааны минималист гэж байдаг уу?
-Хүний сэтгэл ямар нэг зүйлд ханадаггүй. Өөрийгөө олоогүй, юунд дуртайгаа мэддэггүй болохоор юу ч хамаагүй авах гээд байдаг. Эд материал руу дайрахаас өмнө өөрийн оюун санааг цэгцлэх хэрэгтэй. Зарим хүн өөрт хэрэг болдоггүй  боловч хүнд заавал байх ёстой зүйл гэж бодоод худалдаж авдаг. Имиж бүрдүүлэхийн тулд би ямар дүр төрхийг хүсч байна вэ гэдгээ тодорхойлох нь зөв. Би лекцэнд ирсэн хүмүүст бясалгал хийхийг санал болгодог. Бодлоо эмх цэгцтэй болгож удирдаж сурвал ямар ч хувцас гоё харагдахаа больчихдог. Материаллаг зүйлийнхээ хэрэглээг хязгаарлаж чадвал өөр шинэ хаалга нээгддэг. 300 мянгаар гутал авах эсвэл  тэр мөнгөөрөө гэрийхэнтэйгээ аялалд явах хоёрын хооронд их ялгаа бий. Дараа өвөл тэр гутлаа харахад  гоё санагдахгүй. Харин аяллыг бол дурсана. Хайртай хүмүүстэйгээ хамт байх, бие биеэ хайрлах, сайхан дурсамж үлдээхийн үнэ цэнийг ойлгоно шүү дээ.
-Таны шүүгээнд хэдэн хувцас байгааг сонирхож болох уу?
-Миний шүүгээнд дөрвөн улирлынх нийлээд 35 болсон байна. Би хамт байсан хүмүүсээсээ “Эмэгтэй хүний шүүгээнд өвөл зуны гутал, цүнхтэйгээ нийлээд 50 ширхэг хувцас байвал ямар вэ” гэж асуухад нэг нь надад арай бага байна гэсэн бол  нөгөө нь яахав байж болох л юм гэж хариулсан.
-Минималист хэв маягаасаа хэзээ ч  буцахгүй юу?
-Хэрэгтэй цөөн зүйлтэй байхын аз жаргалыг мэдрээд явж байна. Яаж ч бодсон өмнө нь  мэдэрч байсан зовлонтой үеэс ирээдүйд мэдрэх аз жаргал илүү байна гэж боддог. Ямар ч байсан одоохондоо бүх зүйл сайхан, сонирхолтой байна.
-Таны гэр бүлийнхэн бас минималист уу?
-Манай ээж намайг юу хийдэг, юу ярьдгийг  мэддэг ч юу ч хаядаггүй. Шил байсан ч  өргөст хэмх дарна гээд далд хийдэг максимум стилтэй хүн. Гэхдээ ээждээ  нэг ч удаа энийгээ ингэ, тэрийгээ тэгээч ээ гэж  хэлж үзээгүй. Хүн бүрийн гоо зүйн мэдрэмж, таашаал авах өнцөг нь өөр. Тиймээс хүн бүрт минималист болохыг тулгадаггүй. Харин  энэ хэв маягийг сонгоод явж байгаа хүмүүс бусдыгаа уриалах хэрэгтэй.
Б.Гүнжид
Эх суралж: “Зууны мэдээ” сонин 

Д.Хулан: Би дахиж эротик дүрд тоглохгүй

$
0
0

togosooo 1

“37-р Точка” киноны уран бүтээлчдийн ярилцлагыг цувралаар хүргэж байгаа билээ. 

Энэ удаа кинонд “Өнчин цагааны ганган Тогосоо”-гийн дүрийг бүтээсэн Д.Хулантай ярилцлаа. Цаг товлон уулзахад тэрбээр бүтээсэн дүрээсээ тэс ондоо нэгэн байв. Д.Хулан нь СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн Хөгжимт, драмын жүжигчний ангийн дөрөвдүгээр дамжааны оюутан юм.


-Та “37-р точка” кинонд тоглох болсон түүхээ бидэнтэй хуваалцахгүй юу?

-Анх “Фантастик” продакшны ах нар надтай холбогдоод пробонд орох санал тавьсан. Проб өгөх гээд очиход найруулагч Тамир, Бат-түшиг ах хоёр сууж байсан. Гэхдээ эхний өдөр проб аваагүй. Надад текст өгөөд “Чи наадахаа сайн уншчихаад ир. Ийм ийм учиртай дүр шүү” гэж хэлээд явуулсан л даа. Ингээд маргаашнаас нь эхэлж дөрвөн өдрийн турш проб өгсөн. Дүрийг минь надад сайн ойлгуулах гэж өдөр бүр текст өгч явуулж бэлдүүлдэг байсан юм билээ. Дөрөв хоногийн дараа “За, миний дүү тэнцлээ. Сайн бэлдээрэй” гэсэн. Тухайн үед нүдэнд нулимс цийлгэнээд, нисэх мэт л баярласан. Арай зүүд биш байгаа ч гэж бодогдож байлаа.

-Анх зохиолоо уншаад Тогосоогийн дүрийг яг хэрхэн ойлгож, хүлээж авсан бэ?

-“Нэлээн айхтар хүүхэн байна. Яана даа” гэж бодсон. Надад их хүнд дүр шиг санагдсан. Нэг талаас эрхэмсэг, эмэгтэйлэг гоё хүүхэн. Нөгөө талаас чамгүй их муу талуудтай, буруу замаар явсан хүүхэн байхгүй юу. Зохиолоо уншчихаад заавал энэ дүрийг гоё бүтээх ёстой л гэж бодсон. Тогосоогийн дүр надаас найм, ес эгч болохоор дуу хоолой, биеийн хөдөлгөөн гээд бүх л зүйлээ өөрчлөх, судлах, ажиллах шаардлагатай болсон.

-Жүжигчин хүн үргэлж  дүрээ өмөөрч тоглодог юм гэсэн. Таны хувьд?

-Ямар ч эмэгтэй хүн доромжлуулах ёсгүй. Тэр тусмаа эрх мэдэлтэй хүмүүст. Эрх мэдэлтэй нь ядуу зүдрүү хүмүүсээ дорд үзэх эрхгүй. Эмэгтэй хүн ер нь л жоохон юман дээр уярч хайлдаг. Хэзээ ч хүнд дурлахгүй юм шиг мөртлөө зүгээр л “Чиний ээж чинь хажууд байгаа шүү” гэж хэлсний төлөө сэтгэл нь догдолчихсон байдаг. Тогосоо амьдралын төлөө хичээгээгүй биш хичээсэн, гэвч хазгай гишгэсэн. Тэр эмэгтэйг буруутгах шалтгаан байхгүй.

-Тогосоогийн дүрд тантай адил төстэй талууд байгаа юу?

-Мэдэхгүй ээ. Надад лав адил төстэй тал ажиглагдаагүй ээ. Ээжийгээ ярьдаг хэсэг дээр сэтгэл нь нэлээн зөөлөрч ирдэг. Ээждээ маш их хайртай дүр. Би ээжийнхээ тухай ярихаар хоолой зангираад нулимс цийлгэнээд явчихдаг. Магадгүй тэр зан нь л адил төстэй байх.

-Кинонд тоглосноос хойш таны амьдралд ямар өөрчлөлт орсон бэ?

-Мэдээж өөрчлөлтүүд их бий. Миний хүмүүстэй харилцах харилцаа, хүмүүсийн надтай харилцах харилцаанд өөрчлөлтүүд орсон. Наад зах нь, сошиал ертөнц дээр хүртэл бүх юм өөрчлөгдөөд ирсэн. Олон дагагчтай болсон. Маш олон хүмүүс “Мундаг тоглосон байна” гэж урам өгч, сэтгэгдлээ илэрхийлсэн. Би бодохдоо хүмүүс Тогосоогийн дүрийг эергээр биш, эсрэгээр нь хүлээж авна гэж бодсон. Сөрөг хандлагууд  нэлээд ирэх байх даа гэж дотроо түгшиж байтал ёстой тэгээгүй.

-Киногоо эргээд үзэхэд “Энэ хэсэг дээр ингээд тоглочихдог байж дээ” гэсэн бодол төрж байв уу?

-4-р ангийн Лутаад амьдралаа ярьдаг хэсэг дээр арай жоохон дутуу ажиллаж дээ гэж харагдсан. Тухайн хэсгээ ойлгосон гэж бодсон ч бүрэн ойлгоогүй юм билээ. А.Баттүшиг ах маань “Киногоо гарахаар заавал үзээрэй, чи өөрийнхөө алдаа дутагдлыг харна аа“ гэж байсан. Нээрэн л энэ хэсэг дээр ингээд ажилласан бол арай өөр байх байж гэж бодогдсон.

-Нууц биш бол, кинонд тоглох явцад дүрүүдийнхээ хэн нэгэнд дурлаж байв уу?

-Барслхагва /Лутаа/ ахыгаа бодит амьдрал дээр ширүүн байрын хүн гэж боддог байсан. Яг ингээд дүр дээрээ ажиллаад Барсаа ахтай ойр дотно харилцаад ирсэн чинь тэс өөр санагдсан, гоё залуу шүү. Киноныхоо тухайн хэсэгт шохоорхоод л өнгөрсөн.

-Хамтран тоглоход ур чадвараараа таныг үнэхээр бишрүүлсэн хүн гэвэл хэнийг нэрлэх вэ?

-Кино баг хамт олон маань бүгдээрээ л яах аргагүй үнэхээр мундаг хүмүүс байсан.

-Та найз залуутай юу?

-Найз залуу байгаа.

-Нэг салбарынх уу?

-Бид хоёр нэг мэргэжлээр суралцдаг. Аав шиг минь буурь суурьтай, ямарваа зүйлийг аль болох ойлгож, хүлээцтэйгээр ханддаг мундаг залуу бий.

-Найз залуудаа тоглох гэж буй дүрийнхээ талаар, ийм ийм сценүүд байгаа шүү гэж хэлэхэд яаж хүлээж авсан бол?

-“Яана аа тэгээд яахын бэ, нээрэн юм уу, хөөх” гэж хүлээж авсан./инээв/ Хэсэг дуугаа сууж байснаа “Нэгэнт л энэ мэргэжлээр сурч байгаа юм чинь зүгээр ээ. Хайр нь ойлгож байна. Тогло, тогло” гэсэн. Магадгүй тэр минь надаас өөр мэргэжлээр суралцдаг байсан бол хэзээ ч намайг ойлгохгүй. Ухаантай болохоороо л намайг ойлголоо гэж боддог.

-Бодит амьдрал дээр Тулгат шиг баян залуу таны амьдралд гарч ирвэл та яах вэ?

-Найз залуутай байхад уу. /инээв/ Баян залуучууд яг үнэндээ хэнд хэрэгтэй юм бэ. Бид өөрсдөө хичээгээд л тэдний зэрэгт хүрэхэд болно. Өөрсдөө л өөрсдийнхөө ирээдүйг бүтээнэ. Найз залуутайгаа одоо бүгдийг тэгээс эхэлж байгаа. Тэрнээс биш, баян залуучууд онц биш шүү дээ.

-Эр хүний юуг нь түрүүлж харж үнэлдэг вэ?

-Мэдээж царайг нь л түрүүлж харна. Хүмүүс шал худлаа хувцсыг нь хардаг, сэтгэлийг нь хардаг гэдэг. Яг үнэндээ би бол харьцаж байгаа хүнийхээ царай луу нь түрүүлж харна. Дараа нь гутлыг нь хардаг. Эрэгтэй хүн цэвэрхэн гуталтай явах нь чухал санагддаг. Бүх юманд оролцох гээд байдаг туйлбаргүй, савчсан эрчүүд байдаг даа. Тиймэрхүү нөхдүүдэд яснаасаа дургүй. Яг үнэндээ тийм залуучууд маш олон болчихжээ. Буурьтай суурьтай, хаана юу ярихаа мэддэг. Нэг уурлах юм бол ганц л жинтэй үг хэлдэг тийм л эр хүнийг хүндэлдэг.

-Өнөөгийн залуусын юунд шүүмжлэлтэй ханддаг вэ?

-Яг үнэндээ би өөрөө шоудах дургүй. Иймэрхүү зүйлд анхаарал, ач холбогдол өгдөггүй. Яах вэ, хаа нэг жилд ганц нэг удаа гардаг боловч архи, пивоноос хол байдаг. Тамхи татдаггүй.  Хараад байх нь ээ, залуучууд маань маш их шоу цэнгээн хөөдөг юм шиг санагддаг.

-Кинон дээрээ тамхийг их л сурцтай татаж байсан болохоор тамхи татдаг пм байна гэж дүгнэж байлаа?

-Бодит амьдрал дээрээ хэзээ ч тамхи татдаггүй. Тогосоогийн дүр бол тамхи татах, шоудах гээд яг миний эсрэг үйлдлүүдийг их хийдэг.

-Баар цэнгээний газар орж байсан уу?

-Үзэхийн хувьд үзсэн. Гэхдээ надад зориулагдсан газар биш юм байна  лээ. /инээв/

-Кинонд таны секс сцен хэдэнтээ гардаг. Тухайн хэсгүүдэд тоглох яг ямар байсан бэ?

-Яг тийм хэсгүүдийн зураг авалт ер нь хүндрэлтэй санагдсан. Эвгүй шүү дээ. “Энэ бол кино. Бодит биш” гэж өөртөө хэлдэг байсан. Яг дүр дээрээ ажиллахад тийм хэцүү байгаагүй. Барсаа ах бид хоёр нэг их тэгж бие биедээ ойр хүрээгүй.

-Ээж, аав ойр дотнынхон тань яаж хүлээж авч байх юм?

-Ээждээ анх хэлэхэд бага зэрэг дурамжхан хүлээж авсан. “Ээж ээ, охин нь энэ кинонд тоглочихъё оо. Оюутан хүнд кинонд тоглох боломж хэр баргийн гарахгүй. Юуны тулд энэ мэргэжлээр сурч байгаа билээ” гэхэд ээж маань нэлээн бодож байснаа “Миний охин чадна гэвэл тогло. Ээж нь чамдаа итгэнэ. Сэтгэл санаагаа бэлдээрэй” гэж хэлсэн.

-Таныг ихэр гэж сонссон юм байна?

-Тийм ээ. Ихэр маань “Эрх зүйч” мэргэжлээр сурдаг. Биднийг хоорондоо их өөр гэдэг. Ихрүүд хоорондоо өөр зүс царайтай байхыг алийг тэр гэхэв. Би өөрөө айлын том. Хоёр эрэгтэй дүүтэй.

-Та Тогосоогийн дүрээр нийгэмд танигдлаа. Үүнээс хойш найруулагчид танд дандаа ийм төрлийн дүр хуваарилах болов уу. Магадгүй эротик кинонд тоглох санал ирвэл хүлээж авах уу?

-Эротик хэсэгтэй кинонд дахиж орохгүй. Эротик киноны санал ирвэл хэзээ ч тоглохгүй. Тогосоогийн дүрээс маань эсрэгээрээ жаахан охины дүр ч юм уу, эсрэг дүр байх юм бол шууд орно.

-Кино багийн залуучуудаас танд дурлаж байсан хүн бий юу?

-Байхгүй ээ /инээв/. Тэр хүмүүс бүгдээрээ л ажилдаа хамаг бүхнээ зориулсан. Яг энэ киноны төлөө бүх зүрх сэтгэлээ зориулсан хүмүүс. Түүнээс биш, дундуур нь дурлал мурлал яриад явах завтай хүмүүс ч байгаагүй.

-Эмэгтэй хүний нүдээр кинонд тоглосон залуусаас хамгийн хүслэнт залуу нь таныхаар хэн байсан бэ?

-Мэдээж манай Баярбат ах гоё ах шүү дээ. /инээв/ М.Баярбат ахын уснаас гардаг хэсгийг үзээд “Хөөх, ямар гоё юм бэ” гэж бодсон. Ер нь манай ах нар бүгдээрээ л мундаг.

-Та киноны цаашид өрнөх үйл явдлаас бяцхан сэжүүр хэлж болох уу?

-Ёстой болохгүй. Тэр олон хүний хүч хөдөлмөрийг “спойлердоод” байвал асар их хүч хөдөлмөр, сэтгэл зүрх талаар урсана.

-Тогосоо цаашид зөв, сайхан хувь заяатай золгох болов уу?

-Дараа дараагийн ангиас үзнэ үү. /инээв/ Цаашид ч гэсэн хүмүүсийн зэвүүцлийг л их хүргэнэ. Дурлал мурлалтай учрахгүй ээ.

Эх сурвалж: Долоо хоног тутмын “Толь” сонин

Ярилцсан: Сэтгүүлч Б.Болортуяа

Хууль зүйн ухааны магистр М.Нарантуяа: 2020 оноос УИХ-ын гишүүдийн 50 хувь нь эмэгтэйчүүд байх боломжтой

$
0
0

c65a4e2c646d99a80fdeadb2fa3ebaed

- Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцооны сэдэв сүүлийн үед их хүчтэй яригдах боллоо. Ялангуяа сонгууль дөхөөд ирэхээр эмэгтэйчүүдийн байгууллагууд, эмэгтэй улс төрчид идэвхижиж эхлэх юм. Таны хувьд эмэгтэй улс төрчдийн бодлого, чиглэл, байр суурийн талаар тодорхой судалгаа хийж бодлогын судалгааны хүрээлэн хүртэл байгуулж ажиллаж байгаа юм байна. Та өөрийнхөө талаар товч танилцуулж одоо хийж байгаа ажлынхаа талаар манай уншигчдад дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

- Намайг Мишигжавын Нарантуяа гэдэг. Хууль зүйн ухааны магистр, бизнесийн ухааны магистр. Би олон жилийн турш хүйсийн тэгш байдал, ялангуяа эрэгтэй хүүхдүүд, эрэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийн талаар судалгаа явуулж, өсвөр насны эрэгтэй хүүхдүүд нийгмийн харилцаанд анх орохдоо үргэлж хоцрогдож байдаг талаар эрдэм шинжилгээний ажил хийж байсан юм. Айлын эрэгтэй хүүхдүүдийг “энэ маань яахав эрэгтэй юм чинь арга нь олдоно, охидуудаа эрдэм номын мөр хөөлгөе” гэх үзэл санаа манай ард түмэнд их байдаг.

Энэ нь эрэгтэйчүүдийн мэдлэг боловсрол, нийгэмд эзлэх байр суурь хоцрогдох үндэс болж байгаа жишээ маш олон байдаг. Өнөөдөр ч гэсэн наад захын их дээд сургуулийн захын ангийн хаалгыг татаад харахад 20 эмэгтэй, 5 эрэгтэй сууж байгаа юм. Энэ бол манай нийгмийн жендерийн тэгш байдлын хамгийн наад захын дүр төрх. Үүнд мэдээж эгэл жирийн иргэдийн амьдралын нөхцөл байдал томоохон нөлөө үзүүлж байгаа юм. Харин улс төрийн идвэхи оролцоо 30 -аас дээш наснаас илүү идэвхижиж байгаа нь судалгаанаас харагдаж байна. Ингэхдээ эрэгтэйчүүд илүү давамгай байдалтай байдаг бөгөөд үүнд мөнгө санхүүгийн шалтгаан илүү жин дарж байгаа харагддаг. Үүнээс гадна Азийн ихэнхи орнуудад, ялангуяа Монгол Улсад сүүлийн үед ихээхэн хүч түрж орж ирээд байгаа Япон, Солонгос зэрэг орнуудад түгээмэл байдаг “Гэрийн эзэгтэйн соёл” их нөлөө үзүүлж байна. Нөхөр ажилдаа явлаа. Гэрийн эзэгтэй нөхрийн олж ирсэн мөнгийг зөв зүйтэй зарцуулах, үр хүүхдүүддээ халамж анхаарал хандуулах, ар гэрийн амьдрал ахуйг авч явах, гэрийн эзэгтэй нарт зориулсан элдэв төрлийн мөнгө үрсэн иога, фитнес, гоо сайхан, элдэв үзвэр үйлчилгээнд ихэнх цагаа зарцуулж улс төр, нийгмийн чиглэлийн ажилд идэвхи сонирхол муудсан байдаг.

- Эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоо энэ байдалаараа бараг устаж мэдэхээр байгаа юм бишүү?

Тэгж харж болно. Хамгийн гол нь улс төрийн намуудын дүрэм, УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн тухай хуулиуд дээр “эмэгтэйчүүдийн квот” гэх зүйлийг зааж өгснөөр энэ идэвхигүй байдлыг улам ч дордуулж байна. Жишээ нь өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд эмэгтэйчүүдийн квотыг 20% байхаар зааж өгсөн байдаг. Үүнийгээ Үндсэн хуулийн зөрчил болгохгүйн үүднээс “Аль нэг хүйсийн” гэж дэлхийд байхгүй хачин нэр томъёо гаргаж заасан байдаг. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан яс үндэс, шашин шүтлэг, хүйсээр нь ялгаварлан гадуурхахгүй байх зарчмын эсрэг үйлдэл болсон юм.

-Одоо байгаа 20 %-ийн квот нь доод хязгаарыг зааж өгсөн байдаг. Гэтэл дээд хязгаарыг зааж өгөөгүй байх тул 100% ч байх боломжтой гэж УИХ-ын гишүүд тайлбарлаж байсан санагдаж байна?

Тиймээ. Тэр бол эмэгтэйчүүдийг юу ч ойлгохгүй, мэдэхгүй, улмаар та нар 20 хувиас дээш гарахгүй шүү гэж эрээ цээргүй аашилж буй эрэгтэй улс төрчдийн бардамнал юм. АН болон МАН-аас УИХ-д нэр дэвшиж байгаа эмэгтэйчүүдийн төлөөллийг аль аль намын хувьд хэзээ ч 20 хувиас дээшээ гаргахгүй гэсэн далд бодлого юм. Эмэгтэйчүүд сонгох эрхийн төлөө хэдэн зуун жил тэмцэж байж өнгөрсөн зууны сүүлээр л сая нэг юм хөгжингүй орнуудад сонгууль өгөх эрхээ олж авсан.

Харин өнөөдөр 21-р зуун гарчихаад байхад сонгогдох эрхийн төлөө дайн болж байна. Яагаад УИХ-ын 50 хувь нь эмэгтэйчүүд байж болохгүй гэж. Сонгуулийн хуульд байгаа 20 хувийн хязгаар  тавьсан заалт нь эмэгтэйчүүдийн нүдийг боосон, сэтгэл хуурсан төдий зүйл. АН болон МАН-уудын хувьд 35-36 эмэгтэйг УИХ-д нэр дэвшүүлэх бүрэн боломжтой, ийм хүний нөөц хангалттай байдаг. 20 хувь гэдэг бол эрэгтэйчүүдийн лобби гэдэгтэй эмэгтэйчүүд бид санаа нийлэх цаг болсон. УИХ-ын байгаа байдал, Монгол Улсын өнөөгийн байгаа байдалд хүйсийн тэгш харилцаа бий болсон цагт л томоохон зөв өөрчлөлтүүд гарах болно.

- Яагаад эмэгтэйчүүд улс төрд орж ирэх ёстой гэж? Яагаад заавал эмэгтэйчүүдийг 50 хүртэл хувьд нь улс төрийн намууд нэр дэвшүүлэх ёстой гэж?

Миний хамгийн хариулах дуртай асуулт байна. Асуултыг асуултаар л хариулъя. Өнөөдөр Монгол Улсад шүүхээр шийдэгдэж байгаа гэмт хэргийн хэдэн хувь нь эмэгтэй гэмт хэрэгтэнүүд байна? Ялангуяа авилга, албан тушаалын хэрэгт?… Та нар эмэгтэй авилгач гэж сонссон уу? дуулсан уу? Байхгүй ээ. Монголыг донсолгосон албан тушаалын гэмт хэрэгтнүүд дунд эмэгтэй хүмүүс байна уу? Байхгүй. Шүүхээр эцэслэн шийдэгдээгүй ч ЖДҮ-ийн зээлийн асуудал байна. Энэ дунд МАН-ын 2 эмэгтэй гишүүний нэр дуулдаж байна.

Гэхдээ тэд эрчүүдийгээ бодвол магадлал багатай. Зээл авсан байдаг юмаа гэхэд эрэгтэйчүүд шиг ББСБ-д хийж мөнгө хүүлээгүй. Харин зориулалтын дагуу, бас тойрогтоо зарцуулсан байх жишээний. Гэхдээ тэд маань ЖДҮ гэдэг том давалгаанд цохиулаад ахиж босч ирэхээргүй болтлоо улс төрөөс арчигдацгааж байна.

- Эмэгтэй улс төрчдийн дахин эргэн ирэлт гэж байдаг болов уу?

Эмэгтэй улс төрчид эрэгтэйчүүдийг бодвол маш хатуу зарчимч, шударга байдаг. Эргэж буцаж элдэвээр зууралдаж нийгмийн шившиг болдоггүй. Ганцхан жишээ нь Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Ин Хэ байна. Шүүхийн шийдвэрт давж заалдаагүй, улс төрөөс гарлаа гээд анхан шатны шүүхээс өгсөн ялыг шууд хүлээн зөвшөөрч өнөөдөр ялаа эдлээд явж байна. Дэлхийд ямар ч эрэгтэй улс төрчийн гаргаж байгаагүй зоригтой алхам.

Гэтэл манай Монгол Улсын эрэгтэй улс төрчдийг хараачдээ. Эргэж буцсан, ахиж ноцсон, уучлалт гуйх сэтгэлгээ байхгүй, тэгсэн хэрнээ эмэгтэй улс төрчидрүүгээ элдэвээр нэр хоч өгч дайрч давшилж байдаг. Монголын улс төрийн түүхэнд УИХ-ын сонгуульд нэг ялагдсан эмэгтэй нэр дэвшигч ахин нэр дэвшсэн тохиолдол маш ховор, УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаад сонгуульд ялагдаад дараагийн сонгуульд нэр дэвшсэн эмэгтэй хоёрхон байдаг.

- Таны хувьд 2020 оны сонгуульд эмэгтэйчүүдийн оролцоо ямар байх бол?

Сонгуулийн тухай хуулийн 126.2 буюу “Нам, эвслээс нэр дэвшиж байгаа нэр дэвшигчийн 20-иос доошгүй хувь нь аль нэг хүйсийн нэр дэвшигч байна” гэсэн заалтыг авч хаясан үед л Монгол Улсын Их Хурлын сонгууль сая эмэгтэйчүүдийн оролцоог хангасан сонгууль болно гэж бодож болно. Доод хязгаарыг заасан хэдий ч бодит байдал дээр дээд хязгаарын заалт болоод байгаа,  Үндсэн хуулийг ноцтой зөрчиж ялгаварлан гадуурхсан, дэлхийн аль ч улс орны сонгуулийн хуульд байдаггүй, ойлгомжгүй энэ заалтыг хуулиас хасах, эсвэл 50 хүртэл хувь болгож өөрчлөх ёстой.

Ингэсэн цагт л Монгол Улсад эмэгтэйчүүдийн сонгогдох эрх хангагдаж, тэгш байдал тогтож, сая эмэгтэйчүүд төр удирдалцах түвшинд хүрлээ гэж хэлж болно. Энэ заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл өгч хянуулахаар бид ажиллаж байгаа.

- Ярилцсанд баярлалаа. Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэхийн төлөө явж байгаа ажилд тань амжилт хүсье.

Өглөөний сонин

Ж.Амарзаяа: Өөрийгөө жаахан голж, эргэлзсэн ч Долгорын дүрээс ер айгаагүй

$
0
0
Хөгжмийн нэрт удирдаач, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Жамсранжавын охин СТА Ж.Амарзаяатай ярилцлаа. Тэрбээр өдгөө “Black box” театрын жүжигчин, “G еntertainment” студийн найруулагчаар ажиллаж байгаа юм. Сүүлийн үед үзэгчдийг дэлгэцийн өмнө уях болсон “37 дугаар Точка” киноны Долгорын дүрийг бүтээснээр нь хүмүүс андахгүй таних түүнтэй ярилцлаа.
-Та бол монголчуудын хайртай сод авьяастны үргэлжлэл. Тийм ч болохоор аавын тань ажил, амжилтаар хэмжих гээд байдаг болов уу. Гэтэл та хүүхэд байхаасаа балетын урлагт хайртай байсан гэдэг. Бүр ааваасаа нууцаар шалгуулаад тэнцэж байсан гэх юм билээ. Хүүхэд насныхаа талаар яриач?
-Миний аав бол Дуурийн театрын ерөнхий удирдаач байсан. Тэр үед Б.Жамъяандагва гуай, Э.Оюун зэрэг мундгууд аавын минь эргэн тойронд байсан. Энэ хүмүүсийг хамгийн ойроос харж тэдэнд эрх өссөн би азтай. Ийм л хүмүүс намайг урлагийн гавьяат зүтгэлтний хүүхэд гэж их онгироодог байсан.
Тухайн үед би гимнастикаар хичээллэдэг, хөл, гар тэгшхэн, тийм охин байлаа. Балетад хайртай, үзэх дуртайгаас гадна аавын нөлөө их байсан гэж бодогддог.
Ах, эгч нар гадагшаа яваад ирэхдээ надад балетын хувцас, гутал их авчирч өгнө. Тэр нь миний хүслийг их бадраадаг байжээ. Аравдугаар ангиа төгсөж байхдаа “Миний балетчин болох хугацаа дууслаа даа” гэж бодсон ч балетчин болмоор л санагдаад ер тогтдоггүй байж билээ. Одоо өөрийгөө бодохоор гайгүй балетчин болох байсан байх гэж санадаг.
Нэг түүх яръя л даа. Б.Жамъяндагва тэргүүтэй хүмүүс ОХУ-ын Фермийн Балетын сургуульд элсэх хүүхэд шалгаруулж авах үе таараад би тэнцчихлээ. Гуравдугаар ангийн хүүхэд ямар ч байсан сургуульд нь орчихлоо гэсэн бодолтой, гуравдугаар шатны үзлэгт нь орох гэж байтал аав мэдчихээд эрс эсэргүүцсэн. Манайх тэгэхэд арванхоёр давхар байрны хамгийн дээд давхарт нь байдаг байв.
Аав охиноо балетчин болгохгүй гээд намайг арванхоёр давхарт түгжиж байсан гээд бод доо. Биеэр дамжуулж гаргадаг урлаг, хамгийн хүнд хөдөлмөр учраас аав тэгтлээ дургүйцсэн байх. Чи эмэгтэй хүн. Үр хүүхэд гаргахаас эхлээд хэцүүг бие, махаараа туулна гэдэг байв.
Тухайн үед бараг цонхноос үсэрчихмээр л санагддаг байсан ч аав намайг хорьж чадсан. Миний өгөгдөл юу ч байсан юм. Яг үнэндээ аав тэр талаар мэдэхийг ч хүсээгүй. Тэр үед би аравхан настай хүүхэд үхлийн тухай бодоход аав, ээж минь яах бол гээд бас боддог л юм билээ.

-Таны өдгөө жүжигчин болсон нь ч аавын нөлөө юү?
-Миний аавын ганц дүү Одончимэг гээд эгч бий. Драмын театр, Хүүхэд залуучуудын театрт утга зохиолын ажилтнаар ажиллаж байсан. Одноо эгч бид хоёр хуйвалдаад жүжигчний сургуульд орж байлаа.
Нэг бол балетчин, үгүй бол жүжигчин болно гээд л. Ер нь бага байхын өөрийнхөө ирээдүйд, мэргэжилдээ санаа зовдог хүүхэд байжээ. Үргэлж л би ямар мэргэжилтэй болох вэ, жүжигчин үү эсвэл зураач болох уу гээд л аав ээжээсээ асуудаг хүүхэд байлаа.
Аравдугаар ангидаа жүжигчин болохоор шийдээд шалгалт өгч байсан. Тэр үед нийгэм одоогийнх шиг нээлттэй байсангүй. Бүх зүйл хаалттай. Мэргэжлийнхээ талаар ямар ч мэдээлэлгүй байв. Гэсэн ч эгчтэйгээ нийлээд янз бүрийн үг, шүлэг цээжлээд дүрдээ орж бие биедээ шүлэг, өгүүллэг уншиж өгдөг байлаа. Намайг жүжигчин болоход эгч минь л хамгийн их дэм болсон.
Авга эгч маань миний замыг зааж өгч аавд зөвшөөрүүлж байсан. Манай аав “Урлагт авьяасгүй хүн алхахгүй. Хэдий хөдөлмөрлөх ч урлагт тэнцэхгүй” гэж их ярина. Миний тоглосон нэг ч киног үзээгүй.

-Тэр үеийн нийгэм болон залуучууд ямар байсан бэ?
-Би 1977 онд XX сургуулийг төгссөн. Тухайн үед найруулагч И.Нямгаваа студи нээж, 20 хүүхэд шалгаруулж авсны нэг нь би. Яг тэр үед МУГЖ Б.Жаргалсайхан, Г.Урнаа, Ж.Мөнхсайхан нар ОХУ-ын Театр урлагийн академи буюу ГИТИС-ийг төгсөөд ирчихсэн байсан.
Тэр агуу сургуульд бид орох зорилготой шалгалт өгөөд байж байтал тэдний багш байсан Оросын мундаг алдартай жүжигчин Пaпаньв нас бараад манай ангийг авах багшгүй болчихсон байсан үе. Ингээд бид ГИТИС-д сурч чадаагүй.
Гэхдээ шалгарсан хүүхдүүд Киевт жүжигчин мэргэжлээрээ сурахаар явлаа. Бид арван гурвуулаа яг нэг айлын хүүхдүүд шиг амьдардаг байсан. Нэг гэрт амьдарна, хоолоо ээлжилж хийнэ. Хичээлээ хамт давтдаг.
Өглөө найман цагт хичээл ороод 23:00, 24:00 цаг гэхэд тарна. Ингэж л сурч байв. Оюутан байхад орос багш нар ямар ч муу юманд сатаарах, зүгээр сэлгүүцэх зав өгдөггүй байлаа. Маш их хичээлтэй, бид тэр байдалдаа дуртай ч байсан.
Ингээд бид 1992 онд сургуулиа төгсөөд эх орондоо ирэхэд театрын үйл ажиллагаа хүнд нөхцөлд орсон цаг байлаа. Ардчилал ялчихсан ч нийгмийн эвгүй цаг үед бид жүжигчин болоод төгсөж ирсэн. Театрыг үздэг хүн ч байгаагүй. Тэгээд И.Нямгаваа найруулагч театраа зараад, Хүүхэд залуучуудын театр ч үгүй болсон. Тэр үеийн нийгэм, цаг үеийн байдал маш хүнд байсан шүү.

-Төгсөж ирээд ажлын гараагаа хаанаас эхлүүлж байв?
-Л.Нямсүрэн, Д.Мэндбаяр, Н.Сувд, Г.Мягмарнаран зэрэг манай ахмад үеийнхэн, хошин шогийн С.Лхагвасүрэн нар Драмын бага театр гэж байгуулаад гарч байхад өндөр шалгуурыг давж тэдэнтэй хамт залуу жүжигчнээр ажилд орж байсан маань маш их аз. Тэгээд театрын жүжигчид хоёр жилийн хугацаанд хөдөө орон нутгаар соёлыг түгээж явж байснаа төд удалгүй хаагдсан.
Гэхдээ дөнгөж сургуулиа төгссөн залуу жүжигчин хүний хувьд драмын бага театрт агуу том уран бүтээлчидтэй ажиллах боломж гарч, суралцах завшаан олдсон нь миний амьдралын хамгийн чухал жилүүд байсан. Удалгүй театр маань байхгүй болж цаг үе ч ороо бусгаа байсан болохоор жүжигчин мэргэжлээрээ амьдрах хэцүү болсон.
Ингээд Санхүү, эдийн засгийн сургуульд эдийн засагч, нягтлан бодох мэргэжлээр сурахаар 1994 онд элсэж байлаа.

-Ардчилал, Картын бараанд шилжсэн үе байсан болохоор хүмүүс урлаг уран сайхан сонирхохоос илүүтэй хоногийн хоолоо арай гэж аргацаадаг үе байсан байх. Тэгэхээр та хос мэргэжилтэй байх нь ээ?

-Намайг СЭЗДС-д анх ороход эдийн засгийн коллеж байсан. Тэгээд явж байтал Эдийн засгийн дээд сургууль болчихсон. Энэ хугацаанд би юу амжуулсан бэ гэхээр хоёр хүүхэдтэй боллоо. Сургуулиасаа нэг нэг жилийн чөлөө авлаа.
СЭЗИС-д “Улаан сарнай” гэж бүжгийн хамтлаг байсан. Төмөрхүү багш маань намайг “Чи урлагийн дээд сургууль төгссөн юм чинь бүжгийн хамтлагт заавал ор” гээд хамтлагтаа авсан. Ингээд л тоо бодохгүй бүжиглэсээр байв.
Тооны чиглэлийн нягтлан бодох бүртгэлийн Нямсүрэн гээд мундаг багш маань намайг “Чи одоо бүжиглээд байх юм. Хэзээ сурах юм бэ, чи нэг план гаргаад сурчих” гээд намайг гуйдаг байж билээ. Би байдаггүй ээ. Тоогоор бүр явдаггүй шүү. Too орохоор ойлгохгүй, дээр ер сонирхдоггүй байлаа.
Тэгээд л “за одоо больё ,энэ сургууль дэмий юм байна. Миний амьдрал бол зөвхөн урлаг юм” гэсээр буцаад л нөгөө хаалган дээрээ хүрээд ирсэн дээ.

-“Black box” театрынхаа талаар яривал?
-“Хар хайрцаг” гэсэн үг. Хар хайрцаг гэдэг бол алив нэг улсын бодлого, чиглэл болж байдаг чухал, нандин зүйл. Тэр утгаараа театраа ингэж нэрлэсэн. Бид лаборатори театр болохсон, авангард, модернист чиглэлээр өөрсдийгөө сорихсон, бусдаас өөр театрын урлаг бий болгоё гэж зорьсон. Тиймээс л өөрийгөө сориод найруулагч, жүжигчин хийгээд явж байна.

-“Найруулагч хүний хувьд бүтээлээ дотоод ертөнц, ой тойндоо босгож ургуулж хийх дуртай” гэж та хэлсэн байсан. Уран бүтээлээ үзэгчдэд хүргэсний дараа өөрт ямар мэдрэмж төрдөг вэ. Бидэнтэй хуваалцаач?
-Би “37-р Точка”-ын хувьд Б.Тамир яаж байгаа бол гэж боддог. Хамгийн гол нь үзэгчид яаж хүлээж авах бол, миний санасан, зорьсон зүйлийг олж харж мэдрэх болов уу. Миний хийсэн зөв юм уу, буруу юм уу гээд л маш олон асуулт дотроос ургаж хариулт нэхнэ. Эсвэл бүр ойлгохгүй байсан ч яах вэ. Заримдаа хүн ойлгохгүй байх тусам ойлгомжгүй юм хиймээр санагдах үе ч бий.

-“37-р Точка” киноны Долгорын дүрийн тухайд онцлог нь юу вэ. Таныг Долгорын дүрийг амилуулж чадна гэж найруулагч харсан байна шүү дээ?
-“Фантастик” продакшны жүжигчин Б.Барслхагва миний шавь байсан. Барсаа “Та энэ кинонд орох уу. Яг л танд зориулагдсан дүр уранхай байна” гэсэн.
Ингээд Б.Тамиртай уулзаад би тоглож дийлэх болов уу гээд эргэлзтэл “Та дүрээ хардаа” гээд надад уншуулсан. Ийм дүр байгаа юм аа. “Та архичин болох ёстой” гэж хэлсэн. Би хувьдаа “Энэ дүрийг гаргаж чадах болов уу” гэж бодсоноос “Муухай харагдах юм байна” гэх мэтээр ер бодоогүй.
Өөрийгөө жаахан голж, эргэлзсэн ч Долгорын дүрээс ер айгаагүй. Бүтээсэн. Жүжигчин хүн дүрээ бүтээхийн тулд сүнсээ худалдахад ч бэлэн байдаг. Тэгж л дүрдээ амьдарч бүтээсэн. Зүгээр л нэг тоглоод өнгөрөх төдий биш. Манай багш нар ингэж л сургасан. Тийм учраас би энэ зарчмаар дүрээ бүтээхийг хичээдэг.
Долгор бол “37-р Точка” киноны эерэг дүр. Миний бүтээж байсан дүрүүд дандаа эерэг дүр байсан. Энэ удаад ч мөн Долгорынхоо дүрийг хайрлаж бүтээсэн.

-Нууц биш бол Долгор яг хэний ээж юм бэ. Үзэгчдийн дунд маш олон эргэлзээ төрүүлсэн дүр болоод байна. Цаашид Долгор яах бол яг хэний ээж вэ гэх мэт таамаг дагуулсаар байна?

-Миний мэдэж байгаагаар би Галт, Тулгат, Сувдаа гурвын ээж. Үзэгч бүр өөрийнхөөрөө тайлж уншиж л байвал тэр уран бүтээл. Амьдралд төрөх, үхэх хоёр л үнэн гэдэг. Үүнтэй л адил. Амьдрал дээр төрсөн хэр нь тэлсэн юм шиг, тэлсэн хэр нь төрсөн юм шиг хүмүүс зөндөө.
Киноны төгсгөлд тухайн үзэгч яаж хүлээж авах нь тэр хүний сонголт. Би төрсөн, төрөөгүй хүүхэд гэж хэлж чадахгүй. Надад нууцлаад байх юм байхгүй. Гэхдээ миний тоглолтоос харагдаад баймаар юм. Манай найзууд хүртэл залгаад “Чи хэний ээж юм бэ, цаашид яах бол” гэж их асууж байна.
-“37-р Точка” кино гарснаас хойш үзэгчид цаашид ямар уран бүтээлээр гарч ирэх бол. Дахиад өөр дүрээр харах юмсан гэсэн хүсэлтэй байгаагаа цахим орчинд бишгүй илэрхийлж байна. Уран бүтээлийн хувьд цаашдын төлөвлөгөө юу байна вэ?
-Б.Бадрууган агсны найруулсан “Уулын хөх сүүдэр”, “Ертөнцийн сүүлчийн чулуу” гээд уран сайхны кинонд 1996, 1998 онд гол дүрд нь тоглож байсан. Сор бүтээлүүдэд нь тоглосондоо маш их баяртай байдаг. Цаашид өөрийнхөө чадварыг шавхсан, намайг сорьсон тийм дүр бүтээхийг хүсэж байна. Магадгүй, эсрэг дүр ч юм уу. Тийм чансаатай бүтээлийн санал, дүр ирвэл дуртай хүлээн авна.
-Гэр бүлээ танилцуулж болох уу. Ам бүл хэдүүлээ вэ. Хэдэн хүүхэдтэй вэ?
-Манайх ам бүл тавуулаа. Нөхөр гурван хүүхдийн хамт амьдардаг. Миний нөхөр “G entertaiment “ студийн захирлаар ажилладаг. Ганболд гэж хүн бий.
-Нөхөртэйгөө хаана, хэрхэн танилцаж байсан бэ. Тантай адил урлагийн хүн үү?
-1995 онд мастер үсчин Болдхуяг гээд залуутай найз маань найзалдаг байсан. Нэг өдөр найз залуутайгаа намайг танилцуулна гээд цуг очсон чинь манай нөхөр байж байна. Яг тэнд уулзахад юу ч бодогдоогүй. Тэгээд талбай дээр шоу болоод найзуудаараа хамт явлаа.
Сүхбаатарын талбай дээр хүмүүс ёстой бужигнаж байтал яг давсаг хагарах нээ гэсэн чинь манай хүн Би чамд 00 олж өгөх үү гэхээр нь тэгье гээд хоёулаа яваад иртэл найзуудаа олдоггүй ээ. Тэгсэн манай хүн хоёулаа нэг газар сууя гэж байна. Тэгье тэгье гээд сууж юм ярьсан. Тэгээд л өнгөрсөн.
Анх уулзахад аймаар рок стильтэй, уранхай өмд өмссөн залуу байж билээ. Тэр үед тийм моод байгаагүй. Энэ одоо өмдөө сольж болдоггүй юм байхдаа гэж бодож билээ.
Тэгсэн нэг өдөр костюм өмсөөд үсээ нээх гоё янзалчихсан хүрээд ирсэн. Хараад шууд л дурласан. Тэгээд л тэр хүний дэргэд баймаар тийм мэдрэмж төрөөд энэ хүнтэй сууна гэсэн бодол орж ирсэн. Би самарт их дуртай. Хамгийн хөөрхөн юм нь хоёр алган дээрээ дүүрэн цөмсөн самар барьцан костьюмтай залуу намайг хүлээгээд байж байдаг билээ. “Энэ залуу надад үнэхээр хайртай юм байна даа” гэж бодож байсан.
Эмэгтэй хүн өөртөө хайртай хүнтэй суух ёстой. Тэр л аз жаргал.
-Амарзаяа гэдэг хүнийг цөөн үгээр тодорхойлбол мөн та ямар хоббитой вэ?
-Их хүнд асуулт байна. Хүн ер нь хүнийг дүгнэдэг ч өөрийгөө дүгнэж, зөв тодорхойлж чаддаггүй болов уу. Энэ талаар ёстой бодож байгаагүй юм байна. Ямар ч байсан би өөрөө өөрийгөө их зоригжуулдаг.
Ер нь эмэгтэй хүн болж өгвөл өөрийгөө амрааж байх ёстой. Үүнийхээ хажуугаар өөрийн сайн чаддаг ажлаа олсон л бол зогсолтгүй урагшлахыг л хичээдэг. Үргэлж өөрийгөө хөгжүүлж урагшилж байх ёстой. Хобби гэвэл би puzzle эвлүүлэх дуртай.
Миний өрөөнд өлгөөтэй байгаа энэ puzzle-ийг гэхэд л хоёр жил эвлүүлсэн. Есөн мянган өрөгтэй puzzle. Нэг суугаад хийгээд дуусахдаа гол нь биш. Үүнийг хийхэд миний бодол, эрх чөлөө, гуниг гээд бүгдийг хуваалцдаг. Ингээд эвлүүлсэн puzzle-aa өлгөчихөөд харах ч гоё шүү.

Т.ТУЯАЦЭЦЭГ, ҮНДЭСНИЙ ШУУДАН

Ч.Батзаяа: Айл гэр яаж бий болдогчлон “Ehlel”электрониксийн үйлдвэрийг байгуулсан

$
0
0

54_20191106102641

“Ehlel” таван үсэгнээс бүрдэх энгийн энэ үгийг брэнд болгож чадсан эрхэм бол Ч.Батзаяа. Түүний бага нас, амьдрал болон өнөөгийн амжилтанд хүрэхэд ямар бэрхшээл хатуужлыг даван туулсныг хүргэе. Түүнтэй ярилцаж суухад яагаад ч юм бэ “Шаргуу хэрнээ чимээгүй хөдөлмөрлө. Гаргасан үр дүн чинь чиний өмнөөс ярих болно” гэх үг л санаанд орж байлаа. 

-    Бага насных нь амьдралаар яриагаа эхэлье гэж бодлоо. Магадгүй өнөөдрийн амжилтанд хүрэх эхлэл нь хүүхэд настай нь холбоотой байсан байх?  

-    Завхан аймгийн идэр суманд төрсөн. Эцэг эхээсээ дөрвүүлээ, айлын бага. Анх 2000 онд 13 насандаа Улаанбаатар хотод ирж байлаа. Сумын төвөөс Улаанбаатар хот руу нүүж байхдаа маш гоё өндөр өндөр барилга, шатаар дээш доошоо гүйсэн завгүй хүмүүс гэхчилэн үнэхээр сайхнаар төсөөлж ирсэн. Гэтэл “Уучлаарай маш том гэр хороолол”.

Хотын гэр хороололд ирээд буцаад хөдөө байх нь гоё санагдаж эхэлсэн. Учир нь давчуухан, шороо тоос бужигнасан амьдрал. Тэгээд “Да хүрээ” автомашины зах дээр жижигхэн бизнес хийж эхэлсэн.

Захын 20 орчим контейнерт дугуй хураадаг ажил хийдэг байв. Талаас илүү хувь нь надаар дугуйгаа хураалгах дуртай байсан. 13-хан настай хүүхдээр хураалгах шалтгаан нь юу вэ гэхээр маргааш дахиад тэр зүйлийг авахад эвтэйхнээр хураадаг байсан.

Миний баримталдаг зарчим бүх зүйлийг эмх цэгцтэй, баталгаатай, найдвартай хийх.

Хэзээ ч хадаасан дээр гишгэх үйлдэл хийхгүй байхыг хичээдэг.

Заавал алдаж байж ухаарах ёстой биш. Түүнээс урьдчилан сэргийлж болно.

Хашаандаа хааяа нүх ухаад мөнгөө нуучихдаг байсан. Заримдаа нөгөөхөө олохгүй. Гэрийнхэндээ мөнгө зээлдүүлнэ.

Манай аав шоолдог байсан “Миний хүү чинь аль уурын зууханд ажилладаг билээ” гэж. Халтайсан хүүхэд л гэртээ орж ирдэг байсан. Би тэнд ажиллаж мөнгө цуглуулж байхдаа машины үйлдвэр барина гэсэн хүсэлтэй байсан. Намайг машины үйлдвэр барина гэхлээр хүмүүс шоолно. Би л дотроо машины үйлдвэр барих гэж мөнгө хурааж байгаа болохоос тэнд пүүз авах гэж мөнгө хурааж байгаа хүн ховор байсан. Энэ үеэс маш сайн сурч мэдлэг авах ёстой юм байна гэдгийг ойлгож ухаарсан. Онц сураад мэдлэгтэй болбол мөнгийг олж болно гэж бодсон хэрэг.

     Тэгээд Баянзүрх дүүргийн 79-р сургуулиас 27-р сургууль буюу одоогийн Амгалан цогцолбор руу шилжсэн. Муу сурагч шилжиж очоод 8д ангид хуваарилагдсан. Хамгийн арын ширээнд сууж байв. Яагаад гэхлээр хувийн хэрэг дээр нь “бүтэхгүй нөхөр” гээд биччихсэн. /инээв/ Би 79-р сургуульд сурч байхдаа 5 дахь өдөр нь хичээлдээ суудаггүй, ажил хийгээд явчихдаг байсан. Тэгээд 27-р сургуульд шилжиж очиход аав маань уйлж байсан.

“Чи одоо нэг сурсан шиг сураадхаач дээ” гэж. Аавынхаа нулимсыг харсан хүн өөрчлөгддөг юм билээ. Наймдугаар ангид сурахдаа өөртөө зорилго тавьсан. Өмнө нь хичээлдээ муу байсан эсэх нь хэнд ч хамаагүй. Би энэ удаад сурлагаараа нэгт жагсана гэсэн зорилт тавьсан. Улирлын амралт болж дүн гарахад эрэгтэй сурагчдаас нэгт жагссан. Эмэгтэй сурагчдаас биш шүү.

-    Их сургуульд ямар мэргэжил сонгон суралцаж байв?
-    10-н жилээ амжилттай төгсөөд Монгол улсын их сургуульд хамгийн анхны ЭЕШ өгсөн. Биологийн факультетийн Биотехнологийн ангид орж байлаа. Тухайн үедээ ЭЕШ өгөхөд жагсаалтын нэгт бичигдэж байсан.

-    Яагаад Биологийн мэргэжлээр суралцах болоо вэ?
-    Биологийн олимпиадад их оролцдог сурагч байсан. Тэр үед дүүрэг болон нийслэлийн олимпиадад маш сайн оролцож байр эзэлдэг байв. Тиймээс ЭЕШ өгөхөд хамгийн өндөр оноог нь авч байсан юм. Хоёрдугаар курс хүртлээ сурсан. Учир нь бизнесээ хийх мөрөөдлөө орхиогүй. Манай ээж сонин зардаг байсан. Тухайн үед зарын сонин их борлуулалт сайтай байсан. Тэгээд оюутан насандаа “Өнөөдрийн зар” нэртэй зарын сонин хэвлэж, 3 сар ажиллуулаад дампуурсан. /инээв/ Зарын сонин гаргадаг болчихвол би мөнгөтэй болно. Мөнгөтэй болчихвол мөрөөдлөө биелүүлнэ гэж бодсон.

-    Дампуураад сэтгэлээр унасан уу?
-    Нэг хаалга хаагдахад нөгөө хаалга нээгдэнэ гэж ярьдаг. Ингээд сониноосоо хойш өөрийн сонирхлоор бие дааж вэб сайт хийж сурсан. Дараа нь вэб сайт хийдэг компанид сарын 400 мянган төгрөгийн цалинтай ажилд орж байв. Компаниуд маш их вэб хийлгэдэг байсан. Энэ үедээ өөрийн гэсэн вэбтээ болох ёстой юм байна гэсэн санаа төрсөн.

Анхныхаа цалингаар америкаас домэйн нэрийг худалдаж аваад Amjilt.com-ыг үүсгэсэн. Дуу, кино, программ татдаг вэб нээсэн юм. Тухайн үед Amjilt.com, Ehlel.com, Xopom.com, Miniih.com тэргүүн вэб сайтууд байсан. Бүгд нэг үеийн залуус өрсөлддөг байв. Анх ажиллаж байсан компаниасаа тусдаа гарч бие даан өөрийн вэб хөгжүүлдэг компаниа нээсэн. Эндээс нэг зүйлийг харсан. Онлайн худалдаа болон зарын сайт их мөнгө олдог юм байна гэдгийг анзаарсан. 2012 онд онлайн худалдааг хийж үзсэн. Тэгэхэд нэг сарын дотор өмнө нь вэб хийж байсан хугацааны бүх мөнгөө олсон.

-    Борлуулалт сайтай байжээ?
-    Тийм шүү. Эрээнээс захиалсан бараагаа авчираад орой унтаад сэрэхэд зарагдчихдаг байсан. Борлуулалт үнэхээр сайн байсан учраас онлайн худалдааг үзүүлээд өгөх юм байна гэх бодол төрсөн. Энэ үеэс Алибаба компанийг судалж эхэлсэн.

-    Өөрийнхөө амьдралд суралцсан үе гэвэл ямар үеийг хэлэх вэ?
-    Одоо ч гэсэн суралцаж л байгаа. Өнгөрсөн хугацаанд намайг хамгийн их ухааруулсан зүйл гэвэл хямрал, уналтын үе байсан. Мөнгөгүй, өр зээлээ төлж дийлэхээ байсан тэр он жилүүд амьдралд хамгийн их сургасан гэж бодож байна. Амьдралаас шанаа авна гэж ярьдаг. Хөөрчихсөн хүнийг шанаадхад даруулгандаа ордог шиг л.

-    Сэтгэлээр унах үедээ өөрийгөө хэрхэн зоригжуулж, урам зориг өгдөг вэ. Эргээд сэхэхэд юу нөлөөлж байв?

-    Зорилго. Сэхэхгүй л бол болохгүй ш дээ гэсэн бодол. Аливаа зүйлийг хийхдээ “Үүнийг би заавал хийнэ” гэж өөртөө үүрэг өгдөг. Энэ миний алхам, нэг шат, үүрэг хариуцлага гэж хардаг. Миний хувьд аливаа зүйлийг бодитоор харж чаддаг. Чадаж байвал урамшаад чадахгүй бол гутардаг. Гэхдээ чадахгүй зүйл дээрээ төвлөрдөггүй. Зүгээр яаж чадах тухай л боддог. Сэтгэлээр унах, хөөрөхийг буруу гэж үздэг. Гаднаа ямар ч харагдаж болно. Шийдвэрийг яг тэгш гаргах ёстой.

Өглөө сэрээд боломжийнхоо төлөө зүгээр зүтгэ. Хэн болмоор байгаа юм. Чиний өнгөрсөн хугацаанд хэн байсан нь хэнд ч хамаагүй.

   Өглөөг хэрхэн угтаж, ажлын өдөр яаж өрнөдөг вэ?

-    Өглөө босоод нүүр, гараа угаана. Бурханд 21 удаа мөргөж, залбирдаг. Дараа нь гэртээ ажлынхаа өрөөнд орж процессыг харна. Барааны нийлүүлэлт, борлуулалт, элсэгчдийн тоо гэхчилэн бүх мэдээлэл тоон үзүүлэлтээр явагддаг. Тэгээд маркетинг, менежмент, сургалт, борлуулалт, үйлдвэрлэлийн албаны ажилчдынхаа сарын төлөвлөгөөний биелэлтийг шалгаж хянадаг. Хэрэв процессын дагуу биш байвал зайнаас арга хэмжээ авдаг байгаа. Түүний дараа өөрийн хувийн төлөвлөгөөгөө харна. Ихэвчлэн оройн 18:00 цагт ажлаа дуусгахыг хичээдэг боловч зарим тохиолдолд оройтдог.

-    Төлөвлөгөөгөө юун дээр бичдэг вэ?

-    Google keep дээр бичнэ. Ажлын ачаалал ихтэй үед алхам алхмаар төлөвлөдөг. Ачаалал багатай үед самбарт зурж байгаад цаасан дээр буулгаад “Google keep”-т оруулдаг. Төлөвлөгөөг гаргахдаа зурах нь их чухал. Төлөвлөсний дагуу ажлуудаа хийнэ. Цаг хугацаа хэмнэхийн тулд аль болохоор механик ажлаас татгалздаг.

-    Төлөвлөгөөний дагуу ажиллаж байх явцад тооцоолоогүй хүндрэл бэрхшээлүүд гардаг байх. Үүнийг хэрхэн шийдвэрлэдэг вэ?

-    Бүх зүйл төлөвлөснөөр хэзээ ч өрнөхгүй. Төлөвлөснөөс өөр асуудал гарч ирнэ. Хамтрагч чинь хаяж явна, зээл бүтэхгүй, реклам чинь хаагдана, тусгай зөвшөөрөл гарахгүй гээд төсөөлөөгүй өчнөөн бэрхшээл бий болдог. Бизнес хийж байгаа бол энэ бүх бэрхшээлүүд хэзээ ч дуусашгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Ямар ч тохиолдолд. Энэ бүх зүйл хэзээ дуусах юм бэ. “Голын ус хэзээ урсаж дуусах юм бэ” гэдэг зүйр үгтэй яг ижил. Үнэхээр амжилтанд хүрэхийг хүсч байгаа бол өнөөдөр хэн гэдгээ олж хар. Хаана очихоо мэдэх ёстой. Ямар ч тохиолдолд бид бүх зүйлийг өөрчилж сурах ёстой. Эсрэгээрээ илүү сайхан боломж ч бий болж болно.

Гэхдээ бэрхшээлийг урьдчилан харж тооцоолох нь зөв. Тухайлбал, баяр наадмаар олон хоног амрах, үйлдвэрийн машин эвдрэх ч гэдэг юмуу. Ийм тохиолдолд төлөвлөгөө хоцордог. Манай компанийн хувьд төлөвлөгөөгөө тулгаж хийдэггүй. 7 хоногт 1000 USB үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байлаа гэж үзэхэд хугацааг нь 10-12 хоногоор тооцож төлөвлөгөөндөө тусгадаг байгаа. Тэгэхгүйгээр тулгаж тооцвол эрсдэл маш өндөртэй байна. Мөн эрсдэлээ тооцож ажиллана. Зах зээл дээр байгаа барааны эргэлт 40 хувь гэж үзэх юм бол нийлүүлэлтээ хийдэг. Мэдээж төлөвлөх явцад хүндрэл гарах эрсдэлээ тооцож төлөвлөгөөгөө хугацаатай, баталгаатай байлгахыг хичээдэг.

-    Өөрийн тань “The NOM” ном худалдаанд гараад борлуулалт сайтай байгаа нь анзаарагдсан. Батзаяа номоо хэдий хугацаанд бичиж гаргадаг вэ?

-     Ер нь ярихаас илүү бичих дуртай. Сэтгэл огшиж бичмээр санагдах үе гардаг. Тэр бүртээ өөрийн /Batzaya/ гэсэн пэйждээ бичнэ. Сардаа юмуу долоо хоногтоо нэг удаа нийтлэл оруулдаг. Тэр нийтлэлүүдийн түүвэр нь юм. Тэдгээр бичсэн нийтлэлээ нэгтгэж ном болгодог гэсэн үг. Тиймээс ном гаргах тодорхой хугацаа гэж байдаггүй.

-    Яагаад мотиваци хийх болсон бэ. Илтгэл мотиваци хоёр нь юугаараа ялгаатай вэ?

-     Motivation Grid, Fearless Motivation гэхчилэн алдартай сувгуудыг их сонирхдог. Монгол хэлэнд хөрвөж буусан юмуу эсвэл монгол хүн зохиосон мотиваци нийтлэл бага байдаг юм билээ. Илтгэл бол тухайн сэдвийг нотлох эсвэл үгүйсгэх гээд байдаг. Эсрэгээрээ мотиваци нь нотлох ч хэрэггүй, үгүйсгэх ч шаардлагагүй бодит байдлыг хэлдэг. Хүнийг өдөөж, сэдэл төрүүлдэг мотиваци ховор байдаг юм билээ.

-    Анхны мотиваци эвэнтийг хэрхэн зохион байгуулж байв. Хэр амжилттай болж  байсан бэ?

-    Анх 150 мянган төгрөгийн такстай 200 хүний эвэнт зохион байгуулж байв. 30 сая төгрөг. Төрийн байгууллага болон амжилттай яваа залуусыг эвэнтдээ урьж яриулсан. Гэтэл өдрийн 13:00 цагийн үед үзэгчдээс “Таалагдахгүй байна. Мөнгөө буцааж авъя. 150 мянган төгрөгөөр ийм онол сонсох гэж ирээгүй” гэхэд нь гол зураад л явчихсан. Тухайн үед бүх мөнгийг бизнестээ хөрөнгө оруулах гээд хэрэглэчихсэн байсан.

Тэгээд та байж байгаарай гээд гуйсан. Миний ярих цаг ч ирлээ. Хэрэв ярьж чадвал санаа амар хоол иднэ. Ярьж чадахгүй бол ингээд л сүйрлээ гэсэн бодол толгойд бууж байсан. Ингээд 17:00 цагаас оройн 22:00 цаг хүртэл бүтэн таван цаг зогсоогоороо ярьсан. Сандрахад хүнээс хүч гардаг юм билээ. Сүүлдээ хөл бүр яалт ч үгүй өвдсөн. Ярьж дуусахад хүмүүс бүгд босч танхимаар дүүрэн нижгэнэсэн алга ташилт болж байсан.

-    Амжилт гэдэг нь таныхаар ямар ойлголт вэ?

-    Хүч. Амжилтанд хүрч чадвал асар олон хүнд нөлөөлж чадна. Хэн ч танихгүй хүн ямар нэг үг хэлвэл хүмүүс тоохгүй. Гэтэл чи амжилтанд хүрч чадвал хүнд нөлөөлнө. Энэ юу гэчих вэ гэж анзаарна. Тэр хэрээр хариуцлагатай байх ёстой. Бодит зөвлөгөө өгөх ёстой.

-    Амжилтанд хүрэхийг хүссэн залуус маш их байна. Тэр хэрээр амжилтанд хэрхэн хүрэх талаар зөвлөгөө, мэдээ мэдээлэл их гарах болж. Гэвч хүн хүссэн шигээ шууд амжилтанд хүрч чадахгүй байгаа нь юутай холбоотой гэж үзэж байна вэ. Энэ тал дээр уншигч болон шинэ бизнес эрхлэгчдэд зөвлөгөө өгвөл?

-    Эргэлзээ. Хийх гэж буй ажлаа огт бүтэхгүй мэт ойлгож хандах нь элбэг байдаг. Амжилтанд хүрэхийг хүсэж тэмүүлчихээд замын дундаас буцдаг. Жишээ татаж ярья л даа. Нэг залуу аль нэг компани дээр очиж бизнесийн санаагаа хэлж танилцуулъя гэж бодъё. Тэр уулзалт маш товчхон байх ёстой. Бас хүний үгийг сонсдог байх хэрэгтэй. Хүмүүсийн сул тал нь хүний яриаг сонсдоггүй.

Хүний үгийг сонсохгүй бол цаад хүн чинь чиний маш гоё санааг ойлгодоггүй. Гол санаагаа товчхон бөгөөд шулуун хэлж ойлгуулах нь чухал. Хамтарснаараа ямар үр дүнд хүрэх гэж байгаагаа ярих нь зөв. Чадна гэсэн итгэл үнэмшлийг төрүүлж, эргэлзээг нь тайлах хэрэгтэй. Түрүүлж мөнгө ярихгүйгээр ирээдүйг нь нүдэнд харагдтал ярь. Мэдээж анхны уулзалт амжилттай болохгүй нь элбэг. Дараа дараагийн уулзалт бүрт туршлагажина. Нэг өдөр л чиний уулзалт амжилттай болно. Гол нь зогсож болохгүй.

-    Гарааны бизнес буюу “Старт ап” хөдөлгөөн монголд маш хүчтэй явагдаж байна. Олон залуус шинэ бизнесийг эхлүүлж байгаа. Шинэ технологийг ашиглаж дэлхийн тавцанд гарч байна. Таны  хувьд мэдээлэл технологи болон электрониксийн үйлдвэрийг амжилттайгаар эхлүүлж, үйл ажиллагаагаа явуулж байгаа. Гарааны бизнесээ эхлэхэд ямар асуудал тулгарч байв. Хамгийн хэцүү алхам нь юу байсан. Хэрхэн даван туулсан талаар товчхон ярьвал?

-    Миний хувьд улсдаа электроникийн бараа бүтээгдэхүүн хийнэ гэдэг нь хамгийн том мөрөөдөл. Дээр дурьдсанчлан мөрөөдлөө олон жилийн өмнө олж авсан. “Электрон барааг хийснээр маш их мөнгө олох юм байна. Гар утасны чихэвч үйлдвэрлэвэл баян болох юм байна” гэсэн бодол толгойд байгаагүй. Хэн нэгнийг дуурайж, хэн нэгнээс зөвлөгөө аваагүй. Хүүхэд байхдаа “Sony, Sega” гээд тоглоомыг их хардаг байсан. Яагаад энэ тоглоомыг монголчууд өөрсдөө хийхгүй байгаа юм бэ гэж өөрөөсөө их асуудаг байлаа. Гэрийнхээ зурагт, комьпютерын гарыг хараад “үүнийг би хийх юмсан” гэсэн тэмүүлэлтэй байсан.

Монголд хийсэн электрон бараа хаана байгаа юм бэ гэж томчуудаас асуудаг байв. “Да хүрээ” зах дээр машин угаадаг байхдаа японд ийм гоё машин хийчихсэн байхад монголд яагаад хийдэггүй юм бэ. Тэр машинд сууж байсан мэдрэмж үнэхээр гайхалтай. Яаж ингэж хийдэг байнаа. Машин хийх гэсэн хүсэл маань намайг электрон бараа хийнэ гэсэн мөрөөдөл, тэмүүлэлтэй болгосон. Арван жилд байхаасаа энэ мөрөөдлөө огт гээгээгүй.

Манайд компьютер биш дан ганц гар байдаг байсан. Тэр гарыг барьж суугаад цонх руу ширтээд яг л компьютер дээр шивж байгаа юм шиг л төсөөлдөг байсан. Энэ мөрөөдлийг минь хөндлөнгийн хүмүүс тоглоом шоглоом хийж “явуулдаг” байсан. Тэгээд БНХАУ-ын Гуанжоу хотод очсон. Түм түжигнэж, бум бужигнасан газар. Хүний чадварыг жинхэнэ шалгадаг.

Чи чадвартай бол оргилд гар, чадваргүй бол хэн ч биш. Мөнгөтэй бол хаан болж болно. Мөнгөгүй бол чи хэн ч биш. Чиний хэн байх тэнд огт хамаагүй. Зөвхөн мөнгөний дүрэм л тэнд үйлчилнэ. Тийм хотод 20 гаруйхан насандаа очиж байсан. Эхний удаад тэндээс өөрийн хүсэж, санаж байсан зүйлээ босгож чадаагүй. Гэхдээ хичээж байгаад Алибаба компанитай гэрээ хийж чадсан боловч миний төлөвлөсөний дагуу бүх зүйл өрнөөгүй. 2016 оны 10 сард Монголдоо буцаж ирсэн.  Энэ үедээ жижигхэн ч гэсэн хамаагүй үйлдвэр нээнэ гэсэн зорилготой болсон. Тэгээд хамгийн түрүүнд чихэвч хийсэн.

Бүхнийг эхлүүлэхэд надад мөнгө байгаагүй. Гуанжоуд байх хугацаандаа бүх зүйлийг судалсан. Тоног төхөөрөмжөө хэрхэн яаж угсрах вэ. Яаж хийх вэ гэхчилэн. Жижиг өрөөндөө эд анги бүх зүйлийг нь угсарч өөрийн “Эхлэл” хэмээх логотой бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд гайхалтай сайхан мэдрэмжийг авч байсан. Ингээд явцын дунд гагнуурын машин, цавууны машин гэх мэт айл гэр яаж бий болдогчлон бүх зүйлийг нэмж явсаар өнөөдөр 2019.09.19-ний өдөр “Ehlel” электрониксийн үйлдвэрийг нээж чадсан.

Ярилцсанд баярлалаа.

Т.Дашмаа

Эх сурвалж: www.Zuv.mn

Алина Загитова: Шүхэртэй үсрэлт хийхийг хүсдэг

$
0
0
header_image_naWbjTQ
Пёнчаны олимпийн аварга 17 настай Алина Загитова Гранпригийн цуврал тэмцээнд оролцохдоо II байрнаас гараагаа эхлэв. Тамирчин бүсгүй урьдын адил уран гоё хөдөлгөөнөөрөө үзэгчдийн сэтгэлийг татсан хэвээр. Спортын адреналин түүний хувьд ямар хэрэгтэй, шүхэртэй үсрэлт хийх хүсэл, Этери Тутберизегийн удирддаг багийн өөрөөс нь бага залуу өрсөлдөгч охидтой хэрхэн харилцдаг, дөрвөн эргэлттэй үсрэлт хийх хувийн бодол зэргийн талаар Загитова ТАСС-ын сурвалжлагчтай ярилцах үеэр өгүүлжээ.
-Алина, цувралын эхний үе таны хувьд мөнгөн медалиар дууслаа. Үзүүлбэрийн дараа эхлээд юун тухай яриа өрнөсөн бол, шүүгчид хэтэрхий хатуу байсан тухай юу. Чөлөөт үзүүлбэрийн төгсгөлд цаг болоогүй байхад гараа буулгасны төлөө шүүгчид таны оноог буулгасан. Шүүгчид ингэж хатуу хандана гэж бодож байсан уу?
-Шүүгчдийн хувьд хатуу байсан нь үнэн. Миний санал нийлэхгүй хэсгүүд ч бас байсан. Гэхдээ ерөнхийдөө бүх зүйл ном ёсоороо л болсон. Энэ бол шүүгчид, тэдний үзэл бодол. Бүх юм өөрчлөгдөж байна. Уран гулгалтын дүрэм ч мөн адил. Энэ бол амьдарч сурах ёстой тийм л нөхцөл байдал. Бүх зүйлд бэлэн байх хэрэгтэй.
-Гранпри тэмцээн тамирчдын хувьд хэр чухал талаар мэргэжилтнүүдийн санаа бодол зөрдөг. Зарим нь энэ тэмцээнийг бэлтгэл сургуулилтаас нэг их илүү гарахгүй гэж үздэг. Нөгөө нь Гранпри, Европын болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, олимпийн тоглолтын алийг нь тэргүүнд авч үзэх вэ гэдгээ тамирчин өөрөө зөв хуваарилах ёстой гэдэг. Таны хувьд шувтаргын тэмцээнд шалгарах нь хэр чухал вэ?
-Тэр тухай би боддоггүй. Өнгөрсөн жил харин цувралын эхний үед, дараа нь хоёрдугаар үед, тэгээд Оросын аварга шалгаруулах тэмцээн, дараа нь бас Европын аварга шалгаруулах тэмцээнд яавал түрүүлэх тухай бодож, өөртөө “алив, дахиад, ялаад бай” гэдэг л зорилготой байсан. Тэгээд Сайтамад болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зүгээр л гулгах гэж гарсан. Тэр үед ёстой бүх юм санасан ёсоор болсон шүү. Би одоо ч тийм л санаа бодолтой байгаа.
-Гренобльд болсон Гранпри тэмцээний богино болон чөлөөт үзүүлбэрийн дараа та гулгалтаасаа жинхэнэ ёсоор сэтгэл ханамж авч байна гэж ярьсан. Гэхдээ маш ширүүн өрсөлдөж байгаа нөхцлийг харгалзаж үзэх аваас үүнд чинь итгэхэд нэг л бэрх санагдаж байна?
-Энэ бол адреналин. Би нэр алдартай олон тамирчинтай ярилцаж үзсэн. Тэдний ихэнх нь ийм зүйл дутагддаг гэж ярьж байсан. Нэгэн цагт спортын бэлэглэсэн адреналин тэдэнд бүгдэд нь хэрэгтэй. Чухам ийм шалтгаанаар карьерынхаа оргилд хүрсний дараа тэд шүхэртэй үсрэлт ч юм уу эсвэл олстой үсрэлт гэх мэт ямар нэг ховор зүйл хийх гэж зориуд тусгайлан эрж хайцгаадаг. Тийм болохоор би одоо зүгээр л энэ мөчөөрөө сэтгэлийн жаргал эдэлдэг, энэ бол үнэхээр сэтгэл ханамж мөн. Би заримдаа өмнөх гулгалтуудаа дахин үзэж, ямар гоё вэ гэж дуу алддаг юм. Тэр бүгдийг дахин хийх гэж бодсондоо биш, гэхдээ энэ цаг мөчид надад төрж байгаа бүхнийг үнэхээр их үнэлдэг юм.
-Та одоогоор хараахан шүхэртэй үсрэлт хийгээгүй гээд бодчихъё. Гэхдээ таныг ихэд анхаарч байдгийн хувьд бид урьдчилаад энэ тухай мэдэж болно биз?
-Одоохондоо тийм бодол алга, гэхдээ чин үнэнийг хэлэхэд би маш их хүсч байна. Үсэрч ч магадгүй юм. Хятадад, хаа нэгтээ дэлхийн хамгийн өндөр үсрэх байгууламж байдаг гэсэн.
-Хэрэв та үсэрвэл өдрийн гайхалтай шинэ мэдээ болно доо?
– Би гарчиг нь хүртэл ямар сүртэй байхыг төсөөлж байна (инээв). Хийснийхээ дараа л хийлээ гэж яръя. Тиймээс яг одоо яв цав тэгнэ гэж хэлэхгүй. Үүний тулд эхлээд бие, сэтгэлээ бэлтгэх хэрэгтэй. Их биш юм гэхэд дор хаяж гурван кг хасах хэрэгтэй. Гэмтэж бэртэх эрсдэлийг дээд зэргээр багасгах хэрэгтэй.
-Этери Тутберизегийн багийн охидтой та хэрхэн харилцдаг вэ. Яг үнэндээ тэд л өнөөдөр тантай ид өрсөлдөж байгаа биз дээ?
-Өрсөлдөөний тухайд гэвэл би зүгээр л гулгах гэж гардаг. Надад хэн нэгэнтэй тэмцэлдэх зорилго байхгүй гэж өмнө нь нэгэнт хэлсэн. Тийм ээ, шагналын тавцанд зогсохыг хүсэлгүй яах вэ. Гэхдээ зүгээр л гулгах нь миний хувьд илүү чухал. Охидын хувьд гэвэл тэд одоохондоо хүүхэд зангаараа хандаж байгаа, би ч тэднийг ямар нэг байдлаар ойлгож байгаа. Саяхан болтол би өөрөө тэдэн шиг л байсан шүү дээ. Одоо л харин аливаа юмыг тунгааж эргэцүүлж боддог болоод байгаа. Бид өөр хоорондоо өдөр бүр, янз бүрийн сэдвээр, заримдаа бүр үнэхээр галзуу юм уу гэмээр сэдвээр харилцдаг (инээв).
-Гренобльд таныг гулгаж дууссаны дараа танай бүжгийн дасгалжуулагч багш Данил Глейхенгауз хөдөлгөөн нэг бүр нь үзэгчдэд баяр баясгалан төрүүлэхүйцээр тийм өндөр түвшинд хүрсэн гэж ярьсан. Та үнийг мэдэрдэг үү. Бүжигчин хүний хувьд үзэгчтэй холбогдож байгаагаа хэр мэдэрдэг вэ?
-Хамгийн гол нь энэ бүхэн өөрт чинь таалагдах явдал гэж бодож байна. Үүнийг хэрвээ чи өөрөө мэдэрч байгаа бол үзэгчдэд хүрэх өнөөх эрчим хүч бий болно. Өнгөрсөн улиралд надад олон удаа тохиолддог байсан шиг зөвхөн яаж ийгээд тэвчих л асуудал байвал хүмүүст ямар ч баяр баясгалан, гоо сайхны сэтгэл ханамж авчрахгүй шүү дээ. Би хүмүүст баяр баясгалан бэлэглэж байгаа гэдэгтээ итгэлтэй байна.
Д.Энхээ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Viewing all 756 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>