Quantcast
Channel: Ярилцлага – Miss.mn
Viewing all 756 articles
Browse latest View live

Ж.Ган-Отгон: Хүүхдийн хүмүүжлийн 60-70 хувь нь гурван нас хүрэхээс өмнө төлөвшдөг

$
0
0
712-15808712080x0-1579164590653Боловсролын салбарт ЕБС-иудыг орон тооны сэтгэл зүйчтэй болгох тухай ярьж буй. Тиймээс энэ удаа МУИС-ийн докторант, сэтгэл судлаач Ж.Ган-Отгонтой боловсролын салбарт хичээл сургалтаар дамжуулан хүүхдийн сэтгэлзүйг яаж хөгжүүлэх вэ, хэрхэн чиглүүлэх боломжтой вэ гэсэн сэдвээр ярилцлаа.
-Өнөөдөр Монголын нийгэмд гэмт хэргийн гаралт буурахгүй байна. Үүнээс болж хүүхдүүд  хохирсоор байгааг бид олон тоон мэдээллээс харж болно. Мөн өсвөр насныхан дунд хүртэл  гэмт хэргийн хохирогч болох үзэгдэл гарсаар байна. Үүнийг бид яаж засч залруулах вэ?
-Энэ бүхэн Монголын нийгэмд сэтгэцийн эрүүл мэнд сул байгаатай холбоотой. ДЭМБ-ын тодорхойлсноор, эрүүл мэнд гэж энгийнээр илэрхийлэхэд өвчин эмгэггүй байх төдийгүй бие болон сэтгэцийн, нийгмийн эрүүл мэндийн төгс төгөлдөр байдлыг хэлдэг. Гэтэл өнөөдөр манай нийгэмд сэтгэцийн эрүүл мэнд хангалтгүй байна. Сэтгэцийн эрүүл мэнд гэдэг нь өөртөө таалагдаж, өөрийгөө байгаагаар нь хүлээн авах хувь хүний чадвар юм. Өөртөө таалагдаж, өөрийгөө байгаагаар нь хүлээн авахаас илүү бусдад таалагдаж, бусад шиг байхыг хүссэн масс олон болсон гэсэн үг. Өөрөөр хэлбэл өөртөө болон нийгэмдээ сэтгэл гонсгор, саад бэрхшээлийг даван туулахад хэцүү, асуудал нь мөнх үргэлжлэх юм шиг санагдах, идэвхгүй байх, олон нийтийн сүлжээ буюу комьпютерийн араас хоосон шүүмжлэх, өөрсдийн бодол мэдрэмжийг ухааран үүнийгээ “эрүүл” байдлаар илэрхийлдэггүй, хүнд байдалд орсон үедээ уурлаж уцаарлан, сэтгэлээр унадаг зэрэг шинжээр илэрч байна.
Энэ бүх нийгмийн сөрөг үзэгдлүүдээс болж, хүүхдүүд, өсвөр насныхан сэтгэлзүйн хямралд орох, стресстэж бухимдах, тэднийг сэтгэл зүйн хувьд эрүүл байх, сурч боловсроход нь хүртэл сөрөг нөлөө үзүүлэх олон хүчин зүйлс тохиолдож  байна гэж ойлгож болно. Харин энэ бүхнийг олон талын оролцоотой засч залруулж болно. Тухайлбал,  нийгэм, гэр бүл, ойр дотны хүмүүс, эмч, сэтгэл зүйч нийгмийн ажилтан, сургууль, багш нарын зүгээс хамтарсан багаараа анхаарч, хамтдаа дэмжсэнээр засч болно.
-Нийгмийн сэтгэлзүйг эрүүлжүүлэхийн тулд хүүхдүүдийнхээ сэтгэлзүйгээс эхлэх нь зөв шийдэл байж болох юм. Тэгвэл хүүхдийн сэтгэлзүйг зөв төлөвшүүлэхэд яагаад олон талын оролцоо чухал гэж?
-Хүүхэд нас, өсвөр нас гэдэг бие бялдар, оюун ухаан, сэтгэл санаа эрчимтэй өөрчлөгдөн хөгжиж байдаг үе. Энэ үед хүүхэд бусдаас хамааралтай байдлаас бие даасан байдалд шилждэг учраас эрсдэлтэй зан үйл хийх магадлал өндөр байдаг. Мөн бие даан шийдвэр гаргахад бэлэн биш байдаг учраас сурах хөгжих, сэтгэл санаа тогтвортой байх гээд олон зүйл дээр нь онцгойлон анхаарах шаардлагатай. Жишээ нь, хүний хөгжилд нөлөөлдөг дөрвөн чухал зүйл бий. Удамшил, амьдарч буй орчин, хүмүүсийн харилцаа хандлага, сургалт хүмүүжлийн ажил гээд.  Бие хүн болж төлөвшихөд удамшил чухал нөлөөтэй. Гэтэл тухайн хүүхэд ямар орчинд амьдарч байгаагаас илүү шалтгаалдаг байх жишээтэй. Гэр бүл, амьдарч буй орчин, аав ээж, ах эгч нь ямар хүмүүжилтэй байна. Хамт олныг нь ямар хүмүүс бүрдүүлж байна гэдгээс бие хүний сэтгэлзүй хөгжиж бүрэлдэж байдаг. Мөн эргэн тойрны хүмүүсийн харилцаа хандлага бас их чухал. Дараа нь сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа хүнийг хэрхэн хөгжүүлж, төлөвшүүлж байна вэ гэдэг нь чухалд тооцогдож байна. Энэ жишээ ЕБС дээрх орчин нөхцөл, найз нөхөд, ангийн багш зэргээс тод харагддаг. Мөн амьдарч буй орчин, суралцаж буй газар удамшлаас ч илүү их нөлөөлтэй байгаа нь асрамжийн төвүүдэд амьдарч буй хүүхдүүдийн зан төлөвөөс тодорхой харагддаг. Тэгэхээр удамшил болон орчны нөлөөг сургалт хүмүүжлээр хянаж, засч болно.
-Одоо бид хүүхэд онц сурах нь чухал гэж яриад байдаг боловч хүүхдийнхээ сэтгэлзүй рүү өнгийж харах нь ховор болчихсон юм шиг. Тэгэхээр сургуулийн орчинд сургалтаар дамжуулж хүүхдийг яаж зөв төлөвшүүлэх вэ?
– Бид хүүхдэд оношилгоо судалгаа хийж үзэхэд хамгийн чухал нөлөөлдөг зүйл нь гэр бүлийн орчин байсан. Мөн хамт олон, эргэн тойрны хүмүүсийн харилцаа хандлага хүний хөгжилд маш чухал нөлөөлдөг. Тэр утгаараа сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаагаар тухайн хүнийг зөв хүмүүжүүлж төлөвшүүлж болно. Жишээ нь, ЕБС, их дээд сургуульд суралцаж байгаа хүүхэд залуус амьдралынхаа гуравны нэгийг сургууль дээрээ өнгөрөөж байна. Сургуулийн орчноос тухайн хүүхдийн хөгжил төлөвшил их шалтгаална.  Нэг кэйс дурдъя. 11 настай нэг охин байнга хулгай хийгээд болдоггүй гэж багш нь хэлж байсан. Тэр охин төрүүлсэн аав, ээжээ мэдэхгүй. Асрах төвд бага настай байхад нь хүмүүс өргөж аваад өсгөсөн. Нэгдүгээр ангид орсноосоо хойш ангийнхаа хүүхдүүдийн бал, харандааг хулгайлаад, гадуур хулгай хийгээд болохгүй болохоор нь өргөж авсан ээж нь “Бид энэ хүүхдийг хүмүүжүүлж чадахгүй нь ээ” гээд гуравдугаар ангид байхад нь асрамжийн газарт буцааж авчирч өгсөн байгаа юм. Охины төрсөн эцэг эхийг нь тодруулах гээд Улсын бүртгэл мэдээллийн төвд очиж, бүртгэл шүүж байгаад аавыг нь олсон. Аав нь хулгайн хэргээр олон жил ял эдэлсэн хүн байсан. Ээж нь олдоогүй. Үүнээс харахад, хүүхдийн хүмүүжилд удамшил их чухал. Гэхдээ орчин үүнээс хүчтэй нөлөө үзүүлдэг. Хүний зан үйлийн бодит чиг хандлага нь үндсэндээ түүний олж авсан дадал зуршлаас шалтгаалдаг. Тийм учраас тухайн хүүхдийн онцлогт суурилсан арга зүйгээр сургавал илүү үр дүнтэй. Ингэхдээ тухайн хүүхдийн насны онцлогоос гадна сэтгэл зүйн онцлог, сэтгэл зүйн хэрэгцээг нь харгалзах нь маш чухал.
-Сургалтаар дамжуулан бид ямар зан чанаруудыг хүүхдэд суулгаж өгч болох вэ?
– Хүмүүсийн зан чанарыг төлөвшүүлэх нь маш нарийн төвөгтэй ажил. Нийгэмд тулгарч байгаа нэг асуудал бол маш идэвхгүй үеийнхэн гарч ирж байна. Энэ нь зөвхөн Монголд бус олон улсад тулгамдсан асуудал болж буй юм. Хариуцлага хүлээхээс зугтдаг, бүх юмыг бэлэнчлэх сэтгэлгээтэй болж өсөх гэх мэт. Энэ нь юутай холбоотой вэ гэхээр гол шалтгаан нь тухайн хүний хэн бэ гэдгийг өөрөө бус гэр бүлийнхэн, найз нөхөд, эргэн тойрныхон нь тодорхойлоод байдаг. “Чи муу сурдаг”, “Чи ёстой мундаг” гэдэг. “Би мундаг юм байна” эсвэл “Би муу хүүхэд юм байна”, “Сайн хүүхэд юм байна”, “Болохгүй хүүхэд юм байна” гэсэн ойлголтыг эргэн тойрныхон нь өгдөг.  Тиймээс хамгийн түрүүнд таньж мэдэхэд нь туслах хэрэгтэй. Би хэн бэ? Өөрөө шалтгаан нь байх учиртай. Ямар нэгэн болохгүй зүйлийн бурууг бусдаас хайх бус өөрөө шалтгаан байх гэдэг нь тухайн хүний хөдөлгөгч хүч болдог. Ийм гурван зүйлийн суурийг багаас нь зөв тавьж чадвал хүн зөв хөгжинө. Хүнээс нийгмийн хөгжил шалтгаална. Сургуулийн зан суртахууны хөгжил  нь төвөгтэй байдгийн учир нь, хүүхдүүд өдрийн дөрөвний нэг хугацаанд л багш нартайгаа хамт байж, нэг багш 30, 40 өөр зан чанартай хүүхэдтэй ажилладаг.
Сургалтаар дамжуулан зан үйлийг төлөвшүүлдэг үндсэн гурван зарчим байдаг. Эхлээд хүүхдүүдэд зөв дадлыг төлөвшүүлэн суулгах буюу байнга давтаж дадал болгох, сонголт хийх боломжийг олгох, итгэн үнэмшүүлж өөрийгөө үнэлж, өөрөөрөө байхад нь чиглүүлснээр зан үйлийг зөвөөр төлөвшүүлэх боломжтой.
-Зөвхөн мэдлэг олгох сургалтаар хүүхдийг хэт “бөмбөгдөөд”, зан араншингийн өөрчлөлтийг нь анзаардаггүйгээс болж нийгэмд хүүхэдтэй холбоотой хар бараан мэдээллүүд гарч байна гэж ярьдаг. Хүүхдүүдээ нас насанд нь яаж оношлох вэ?
– Сэтгэл зүйн хэрэгцээг тодорхойлох хамгийн чухал. Тухайлбал, сургуулийн орчинд хүүхдийг сургуулийн өмнөх нас, бага, дунд, ахлах нас гэж ангилдаг.  Бага насны хүүхдийг оношлохдоо зуруулдаг, тоглонгоо ярилцдаг. Тухайн хүүхдэд ямар хэрэгцээ байгааг нь тодорхойлдог. Нас болгонд, үе шат бүрт хэрэгцээ байдаг. Тэр хэрэгцээгээ хангаж чадаагүйгээс болоод хэрэгцээний хуримтлал хүүхдэд бий болдог. Яг тухайн насан дээрээ хэрэгцээгээ хангаж чадвал сэтгэл зүйн хувьд насанд хүрсэн, өөрийгөө таньж, чадсан төлөвшсөн хүн болно. Жишээ нь, сэтгэл судлалын хөгжлийн үе шатууд буюу фрейдийн психосексуаль үе шат гэж бий. Асрамжийн газрын хүүхдүүдтэй ажиллаж байхдаа СЭМҮТ-ийн эмч нартай хамтарч ажилладаг байсан. Тэд “Психосексуаль үе шат их чухал” гэж ярьдаг. Энэ хэрэгцээ хангагдаагүй хүүхдүүдэд их олон асуудал тулгардаг. Хулгай, донтолт зэрэг олон таагүй үр дагавар хэрэгцээний хуримтлалаас үүсдэг. Психосексуаль гэдэг нь хүн төрөхдөө л бэлгийн энерги буюу либидотой төрдөг гэж үздэг. Жишээ нь, психосексуаль үе шатыг зургаа ангилдаг. Хөхөх үе шат нь 0-1.8 насны үеийг хамардаг. Либидо буюу бэлгийн энерги төрөхөөс авхуулаад хүний биед шилжиж байдаг гэж үздэг. Хөхөх үе шатанд либидо нь амны хөндийн хэсэгт байрладаг. Хүүхэд ээжийнхээ мөөмийг хөхөхдөө аюулгүй, хайрлагдаж, хамгаалагдаж байгаагаа мэдэрдэг. Хөхөө хөхөөгүй, хайрлагдаагүй, бага насандаа орхигдсон, хайхрамжгүй хандсан хүүхдүүдэд айдас, түгшүүр хуримтлагддаг. СЭМҮТ-өөс 2013 онд судалгаа хийж үзэхэд монгол хүмүүсийн нейротизм буюу айдас түгшүүр, уур бухимдал сэтгэл гутрал, өөрийгөө үнэлэхгүй байх гэх мэт сөрөг сэтгэл хөдлөл дэлхийн дунджаас өндөр гарсан. Бага насандаа хайрлуулах хэрэгцээгээ хангаж чадаагүй хүүхдэд сөрөг сэтгэл хөдлөл насан туршид нь хадгалагдаж байна гэж үздэг.
 -Ийм хүүхдүүдэд ямар зан чанар илрэх вэ?
-Нөгөөх л нийгмийн сөрөг үзэгдлүүд бүрдэнэ. Авч чадаагүй хайраа өөр зүйлээр орлуулах, нэр хүндтэй болох, гоё сайхан харагдах, өөрийгөө зөвтгөх, бусдыг буруутгах, шүүмжлэх хандлага их илэрдэг. Компьютерийн араас сөрөг сэтгэгдэл бичдэг олон хүн байдаг. Магадгүй ийм байдлаар сэтгэл зүйн хэрэгцээгээ хангаж байгаа хэрэг. Хүний хөгжлийн үе шат бүхэнд шаардлагатай хэрэгцээ байдаг. Хөхөөр хооллосны дараа биеэ засч сурах үе шат бий. Энэ үе шат 1.8-3 нас хүртэл үргэлжилдэг.  Энэ насандаа тууштай байх, эцсийг нь үзэх, хариуцлагатай байх суурь бүрддэг. Ийм үед нь хэт өндөр шаардлага тавиад, “Чи өмдөндөө шээчихлээ” гээд загнаж, цохиод байвал хүүхэд хэт өөрийгөө барьдаг, өөртөө итгэлгүй болно. Дараа нь хүйсийн ялгаагаа мэдрэх үе шат буюу 3-5 насны үе. Энэ насандаа хүүхэд яагаад гэж их асуудаг. 0-7 насанд нь хүүхэд ямар хүн болж төлөвших нь 70 хувь нь бүрэлддэг. Тиймээс бага насны хүүхэдтэйгээ хамт, ойр дотно харилцаатай байх нь чухал.
–Бие хүн болж төлөвших 70 хувь бүрэлддэг гэхээр хамгийн чухал үе нь сургууль, цэцэрлэгийн нас юм байна. Энэ үед багш болон эцэг, эхчүүд ямар зүйлийг илүү  анхаарах ёстой вэ?
-Хамгийн чухал үе бол хүүхэд нас. Тухайлбал, далд үе буюу 6-12 нас. Энэ үед либидо нь хаана байгаа нь мэдэгдэхгүй болчихдог. Хүүхэд тайван байдаг, нийгмийн харилцаанд ордог. Сургуульд орж, шинэ харилцаанд орохоор танин мэдэхүй нь илүү хөгждөг. Бие хүний хөгжлийн Эриксоны онол гэж бий. Хүний хөгжлийн найман үе шатыг ангилсан байдаг. Тухайлбал, нялх 0-1 насандаа хүнд итгэл үүсч байдаг. Нялх хүүхдийг ганцхан ээж бус аав, эмээ өвөө нь хайрлаж халамжлах тэврэх энхрийлэхэд хайр энхрийллийг мэдэрч итгэл төрж байдаг. Тэгэхээр “Уйлсаар уйлсаар хүн болдог, майлсаар майлсаар мал болдог” гээд орхиж болохгүй нь. Уйлж байна гэдэг ямар нэгэн юм таагүй байна, анхаараач гэсэн дохио.  Балчир нас 1-3 настайд бие даасан байдал төлөвшиж байдаг. Энэ үед нь дэмжиж, ярилцаж, сонголт хийх эрх чөлөө өгч байх хэрэгтэй. Хэт бөөцийлсөн хүүхэд бие даах, асуудлыг шийдэх чадвар султай болдог.  Энэ үед хүүхэд өөрийн насандаа таарсан ажлуудыг хийж байх хэрэгтэй. Хүүхдээр тоглоомоо хураалгах гэрээ цэвэрлүүлэх, аяга угаах, хамт хоол хийлцэх зэрэг ойр зуурын ажлуудыг хийлгэж байх нь ажил хөдөлмөрөөр дамжуулан зөв хүмүүжил төлөвшлийг олгоход сайнаар нөлөөлнө. 4-5 нас бол тоглох нас. Тоглоомоор дамжуулаад, сонирхол бий болно. Энэ насанд нь олон зүйлийг үзүүлж харуулж, таниулж, яагаад гэдэг асуултанд нь идэвхтэй хариулж, хамтдаа урлагийн тоглолт, музей, үзэсгэлэн үзэж байвал илүү хөгждөг. Мэргэжил сонгох үндэс энэ насанд нь бүрэлддэг.
-Сургуулийн насанд?
-Сургуулийн насанд хүрэхээр нь тохирсон хөдөлмөр хийлгэх хэрэгтэй. Ингэвэл хариуцлагатай байж сурдаг. Өсвөр нас буюу 13-16 насан дээр хүүхэд бусдыг даган дуурайдаг. Хобби, сонирхол, авьяасаа танин мэддэг. Энэ үед өөрийгөө бусадтай харьцуулж, сэтгэл гутрал түгшүүр айдас, нийгмийн асуудлыг эмзэг хүлээж авдаг. Энэ мэтчилэн нас насанд хэрэгцээ байдаг, түүнийг нь хангах нь чухал.Хэрэгцээ хангагдаагүйгээс болоод түрэмгий, өөртөө итгэлгүй болох гэх мэт олон сэтгэл зүйн асуудал  үүсдэг. Түүнээс биш оюутан болоод ажлын байранд гараад гэнэт өөртөө итгэлгүй болчихдоггүй.
-ЕБС гэлтгүй их, дээд сургуульд хүртэл сэтгэлзүйн зөвлөгөө мэдээлэл, оношлогоо судалгааг хийж байвал нийгэм эрүүлжихэд тустай юм байна даа?
-Хүүхдийн хүмүүжил төвшил нь амьдралын бүхий л үйл ажиллагаагаар олж авсан мэдлэг, чадвар, дадал, амьдралын туршлага, ерөнхий соёлын бүрэлдэхүүнээс бүрддэг. Хамгийн сонирхолтой нь хүүхдийн хүмүүжлийн 60-70 хувь нь гурван нас хүрэхээс өмнө төлөвшдөг. Тиймээс нас насны онцлогт нь тохируулан ажиллах арга зүй  их чухал. Хүүхэд бүрт хэрэгцээ шаардлага байдаг.  Насанд нь тохирсон, хэрэгцээг нь хангасан сургалтын хөтөлбөр арга зүйтэй бол тухайн хүүхэд илүү өөртөө итгэлтэй болох, сэтгэл хөдлөл мэдрэмжээ зөвөөр илэрхийлэхэд суралцаад явна. Багш, сурган хүмүүжүүлэгч гэдэг нэг талаараа хүүхдийн сэтгэлзүйч. Тийм учраас сургууль болгонд сэтгэлзүйч заавал байх ёстой гэж боддог.
Б.Туул
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Стив Морел: Миний хайртай бүхэн Монголд байдаг учир монгол бүсгүйтэй гэр бүл болохыг хүсдэг

$
0
0

 

-9005066867414466256_900_x_600

  • Харахыг, мэдрэхийг хүссэн бүхэн минь Монголын хөдөө байсан юм. Нэг улсад хоёр ертөнц оршиж байгаа юм шиг гайхамшигтай шүү
  • Үнэнийг хэлэхэд заримдаа шантрах үе гардаг л юм. Энэ бүхнийг дуусгаж, эх орондоо очмоор санагдах ч үе бий. Гэхдээ морин хуураа харахаар энэ бодол маань замхардаг. Хуур надад үг хэлдэггүй ч өөртөө итгэх итгэл, урам зориг, хайр өгдөг
  • Би энд ирээд их өөрчлөгдсөн. Миний дотор орших Стив Монголд ирээд шинээр мэндэлсэн гэж хэлж болно. Монгол ёс заншил, язгуур соёлыг судалж эхэлснээр ухамсрын маань түвшин дээшилсэн
  • Би хэдийгээр сайн талаараа өөрчлөгдөж, өсөн дэвжсэн ч муу тал бас байна. Тухайлбал, би хүнд итгэдэггүй, өмнөхөөсөө илүү хашир болсон. Учир нь зарим монгол хүн маш хариуцлагагүй, хэлсэндээ хүрдэггүй. Энэ нь ажил хийхэд хүндрэл учруулдаг
  • Би энэ нутгийг их хүндэлдэг. Хүүхэдтэй болохоороо хамгийн түрүүнд монгол бичиг заана гэж мөрөөддөг

“Хуурын аялгуу дэлхийд энх тайван тогтоох шидтэй” хэмээдэг нэгэн эрхэмтэй уулзаж ярицлаа. Түүнийг “Тэнгэрээс буусан од” киноны Стивийн дүрээр монголчууд хэдийн мэддэг болсон. Монголын уугуул соёл уламжлал, зан заншлыг судалж буй түүнтэй ярилцсан цөөн хоромд “харийн хүн бидний өв, уламжлалыг хүндэтгэн хайрлаж байхад бид ямар байдаг билээ” гэх бодол эрхгүй төрсөн юм. Францын иргэн хэдий ч Монголын төлөө сэтгэлтэй Стив Морелын ярилцлагыг хүргэе. 

-Бидний саналыг хүлээн авсанд баярлалаа. Таны Монголд ирэх болсон шалтгаан, морин хууртай хэрхэн холбогдсон талаар хүмүүс дахин ярихааргүй мэддэг болсон. Тиймээс манай улсад анх ирэхэд төрсөн сэтгэгдлээс яриагаа эхэлье?

-Сайн байна уу, сайхан өвөлжиж байна уу. Анх морин хуурын аялгуу сонсоод л Монгол Улсын тухай судалж эхэлсэн. Интернэтээс бичлэг үзэж, Францад амьдардаг монголчуудтай уулзаж, ярилцдаг байлаа. Гэхдээ цэнхэр тэнгэр, цэлгэр талтай, уулс сүндэрлэж, ус мөрөн урссан нутаг намайг хүлээж байна гэж төсөөлсөөр анх нийслэлд хөл тавьсан. Мөн үсээ сүлжиж, дээлээр гоёсон эмэгтэй, морь унаж, уурга сугалдаргалсан эрчүүд байдаг болов уу гэж төсөөлдөг байв. Гэтэл онгоцноос буухад төсөөллөөс минь тэс өөр ертөнц намайг угтсан даа. Бүр “Онгоц маань буруу газар буучихсан юм болов уу” гэж гайхаж байлаа. Зургаан жилийн өмнө нийслэлийн өнгө төрх одоогийнхоос тэс өөр байсан. Онгоцны буудлын эргэн тойронд хог, хягдал ихтэй, зарим газар автомашины замгүй, архитектурын өвөрмөц шийдэл бүхий барилга, байгууламж ч цөөн байсан. Надад яг л засвар хийж байгаа улс юм шиг санагдаж, нэг үгээр би цочролд орсон. Хэл мэдэхгүй, таньдаг хүнгүй, танихгүй газар ганцаараа иртэл бүх зүйл төсөөлснөөс огт өөр болохоор хэцүү санагдаж байлаа. Тэгээд удалгүй нутаг буцах тухай ч бодож эхэлсэн. Яг энэ үед Ховд аймаг явсан юм. Тэнд очоод хайсан бүхнээ олсон. Харахыг, мэдрэхийг хүссэн бүхэн минь Монголын хөдөө байсан юм билээ. Нэг улсад хоёр ертөнц оршиж байгаа юм шиг гайхамшигтай шүү.

-Зургаан жилийн хугацаанд Улаанбаатар их өөрчлөгдсөн гэж ярилаа. Тэгвэл анх Монголд ирсэн Стив Морел энэ хугацаанд хэрхэн өөрчлөгдсөн бэ?

-Би Монголд ирснээсээ хойш нэг л удаа нутагтаа очсон. Намайг очиход гэрийнхэн, найз нөхөд маань “Стив чи танихгүй хүн шиг өөрчлөгдчихөж” гэж байсан. Үнэхээр би энд ирээд их өөрчлөгдсөн. Миний дотор орших Стив Монголд ирээд шинээр мэндэлсэн гэж хэлж болно. Монгол ёс заншил, язгуур соёлыг судалж эхэлснээр ухамсрын маань түвшин дээшилсэн. Би хэдийгээр сайн талаараа өөрчлөгдөж, өсөн дэвжсэн ч муу тал бас байна. Тухайлбал, би хүнд итгэдэггүй, өмнөхөөсөө илүү хашир болсон. Учир нь зарим монгол хүн маш хариуцлагагүй, хэлсэндээ хүрдэггүй. Энэ нь ажил хийхэд хүндрэл учруулдаг. Хэдий соёлын ялгаа, улс үндэстний онцлог байж болох ч хотын соёлтой, эрх чөлөөт нийгэмд хариуцлагагүй байх зохимжгүй. Улс орны хөгжилд ч дөнгө болно гэж боддог.

-“Тэнгэрээс буусан од” кинонд тоглосноос хойш монголчууд таныг илүү мэддэг болсон. Тус уран бүтээлд монгол бүсгүйд хайртай болдог гадаад залуугийн дүр бүтээсэн шүү дээ. Тэгвэл бодит амьдрал дээр та монгол бүсгүйтэй гэр бүл болохыг хүсдэг үү. Эсвэл эхнэрээ эх орноосоо сонгох бодолтой байна уу?

-Миний хайртай бүхэн Монголд бий учир монгол бүсгүйтэй гэр бүл болохыг маш их хүсдэг. Гэхдээ би хэчнээн хүссэн ч дүр төрх, цус минь монгол биш учир монгол хүнтэй гэрлэж болох эсэхэд эргэлздэг. Шинэ амьдрал, итгэл, урам зориг хайрласан энэ нутгаас бүсгүйг нь ч мөн авах нь шунасан хэрэг болох болов уу гэж боддог. Эсрэг, тэсрэг энэ бодол намайг хүлсээр, би өнөөдрийг хүртэл ганц бие явна. Хурим найраа хийж байгаа найзуудаа хараад дээл өмсөж, морь унаад хурим хийх юмсан гэж их боддог. Мөн хүүхдүүдээ монгол уламжлал, уугуул соёлтой ойр өсгөхийг хүсдэг.

-Монгол бүсгүйтэй гэр бүл болохыг хүсдэг ч эх орноос нь эмээдэг гэж ойлголоо. Манай нутгийг их хүндэтгэдэг бололтой. Мөн хүүхдүүдээ язгуур соёлтой ойр өсгөхийг хүсдэг нь сайхан санагдаж байна?

-Тийм ээ, би энэ нутгийг их хүндэлдэг. Хүүхэдтэй болохоороо хамгийн түрүүнд монгол бичиг заана гэж мөрөөддөг. Миний хүүхдүүд хэзээ ч крил бичиг сурчихаад, хүмүүн бичиг галиглахгүй. Учир нь босоо бичиг сүнстэй. Энэ бичгийн нуруу нь Монголын өв соёлыг чиглүүлэгч гэж би боддог. Тиймээс язгуур өв соёлтой ойр байхын тулд зайлшгүй монгол бичиг сурах хэрэгтэй. Хэрэв би өөр улсын эхнэртэй болчихвол энэ хүсэл минь талаар болно. Магадгүй над шиг Монголд үнэн сэтгэлээсээ хайртай, өв соёл, ёс уламжлалыг нь зүрх сэтгэлээрээ мэдэрч, судалдаг гадаадын иргэн таарвал гэр бүл болж болох байх (инээв). Гэхдээ одоогоор Монголыг над шиг мэдэрдэг гадаад хүнтэй таараагүй л байна.

-Та хувь тавиланд итгэдэг үү?

-Би хувь тавиланд итгэдэг. Надад сонголт байгаагүй юм шиг, би яг энд байж, ингэж амьдрах ёстой юм шиг санагддаг. Үнэнийг хэлэхэд заримдаа шантрах үе гардаг л юм. Энэ бүхнийг дуусгаж, эх орондоо очмоор санагдах үеч бий. Гэхдээ морин хуураа харахад л энэ бодол маань замхардаг. Хуур надад үг хэлдэггүй ч өөртөө итгэх итгэл, урам зориг, хайр өгдөг. Нэг үгээр, хуур миний дэлхий ертөнц, агаар ус. Хоёрхон чавхдаст нь хорвоогийн алаг өнгө бүхэлдээ багтдаг энэ хөгжимд дэлхийн хаана ч байхгүй шид бүхэн шингэсэн байдаг юм. Юун лам, гандан, шашин шүтлэг, хэрэг байхгүй. Ид шидтэй морин хуурыг сүнсээрээ мэдэрч байхад ямар ч асуудал тулгарахгүй гэж боддог. Би морин хуур эгшиглүүлж, Монголд ирэхийн тулд ээж, аавтайгаа харилцаагаа таслахад хүрч байсан удаатай. Яг үнэнийг хэлэхэд хуур миний хувьд ээж, аав, элгэн нутаг гээд үнэ цэнтэй бүхнээс минь илүү чухал. Учир нь энэ гайхалтай соёл хэдэн мянганы түүхтэй, алдаж боломгүй гайхамшиг. Хуурын аялгуу дэлхийг аварч, хаана ч энх тайван тогтоох чадалтай хөгжим гэж би боддог. Үүгээр ч зогсохгүй нар, бороо дуудаж, тэмээ, мал уярааж, уйлуулах чадалтай шүү дээ. Гэхдээ уртын дуу, морин хуурыг онолтой хэт хослуулах нь зохимжгүй байж магадгүй. Учир нь сүнстэй хөгжим учир зөвхөн онолоор тоглож, дуулж болохгүй юм шиг санагддаг. Мэдрэх хэрэгтэй.

-Аав, ээжийнхээ тухай өгүүлж болох уу?

-Өмнө нь би ээж, аавынхаа тухай нэг их ярьж байгаагүй л дээ. Учир нь монгол хүний хувьд гэр бүл хамгийн чухал. Тэд ээжийгээ бурхантай, аавыгаа уул, устай зүйрлэн шүтдэг. Харин миний хувьд байдал эсрэгээрээ. Тиймээс энэ тухай ярих амаргүй байдаг юм. Үнэнийг хэлэхэд морин хууртай учрах хүртэл миний амьдралын хамгийн том асуудал аав, ээж минь байсан. Танд муухай сонсогдож магадгүй. Гэхдээ 27 жилийн турш тэд надтай их муухай харьцаж “Стив чи юу ч чаддаггүй амьтан, чи онцгой биш” гэдэг байлаа. Харин монгол соёл, морин хуур надад хэзээ ч ингэж хандаагүй. Надад цус, амьдрах итгэл өгч, “би хог биш хүн” гэх бодол, итгэл төрүүлсэн. Тиймээс би морин хуурыг сонгосон юм. Мэдээж энэ сонголтыг гэр бүлийнхэн минь эсэргүүцсэн л дээ. Би тэдэнд намайг байгаагаар минь хүлээж авахгүй бол цаашдаа харьцах хэрэггүй гэдгийг хэлсэн. Танд болон монгол хүмүүст энэ бүхэн зүй бус санагдана. Гэхдээ би гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, аав ээжийн халуун хайрыг мэдэрч өсөөгүй. Монголд ирээд л гэр бүл гэж юу болохыг ойлгосон. Ямар гайхалтай санагдсан гэж санана.

-Та Монголын өв соёл, урлаг, зан заншлыг мэдэрч, судалж байна. Мөн олон мянган жилийн түүхтэй соёл уламжлалыг маань түгээн дэлгэрүүлэхийн тулд хичээж байгаа шүү дээ. Гэтэл монгол залуус үүнд их хойрго ханддаг. Морин хуур тоглож, монгол бичиг судалдаг хүн цөөн. Энэ талаар ямар бодолтой байдаг вэ?

-Зарим соёл хөгжиж, зарим нь үхдэг. Энэ магадгүй дэлхийн хууль байх. Монгол өв соёлд би үнэхээр хайртай, энэ миний амьдрал учир аль болох удаан оршиж, олон хүнд итгэл хайрлаасай гэж хүсдэг. Гэхдээ хатуу хэлэхэд, магадгүй мөхөх тавилантай бол мөхөх л байх. Үүний тулд хэн нэгнийг өөрчлөх шаардлагагүй. Тиймээс залуус өөрсдийн хүслээр л амьдрах хэрэгтэй. Миний бодлоор монгол залуучууд Европт очиж үзэх хэрэгтэй байх. Магадгүй тэнд амьдарч үзээд монгол өв соёлоо илүү ойлгож, хайрлах болов уу. Монголчууд соёлоо мэдэрдэггүй, автомат байдлаар ханддаг юм шиг анзаарагдсан. Зарим нь өв соёлоо шүтдэг ч яагаад гэдгээ мэддэггүй юм шиг санагддаг. Амьгүй хоосон шүтлэг үнэ цэнгүй. Сүнсийг нь мэдрэхийн тулд өөр улсад очиж, өөр соёлтой танилцах ёстой болов уу. Гэхдээ бусдын бодол, хандлагыг өөрчлөхөөс илүү чухал зүйл бол соёлын өвийг хадгалах юм.

-Та “Уугуул төв” сургалтын төвөөр дамжуулан монгол, гадаад хүмүүст морин хуур заадаг юм билээ. Энэ төвийг байгуулаад хэр удаж байна. Хэчнээн хүнд хуурын аялгуу заасан бэ?

-Үнэнийг хэлэхэд би сургасан, заасан гэдэг үгэнд дургүй. Би бусдад зааж байна гэхээс илүү мэдээлэл хуваалцаж байна гэж боддог. “Уугуул төв”-ийг өнгөрсөн жил нээсэн. Одоогоор 100 орчим шавьтай болсон. Манай сургалтын төв зарчимд баригддаггүй. Хэдий хотод байгаа ч хөдөөгийн хэв маягтай хичээллэдэг. Зарим нь өдрийн турш амарч, хичээллэдэг бол зарим нь 1-2 цаг давтаад явдаг.

Ярилцсанд баярлалаа

Засгийн газрын мэдээ

Д.Ариунаа: Тайван орчинд зургаа зурах дуртай

$
0
0

olloo_mn_1581558086_ariu

Нийтэд нэг их танил бус сонсогдох “Алтан хаан” галлерейг зорилоо. Учир нь тус галлерейд бяцхан хатагтай Д.Ариунаагийн “Ариунаагийн гайхамшигт ертөнц” уран бүтээлийн үзэсгэлэн дэлгэгджээ. Нэгэн найзынхаа санал болгосноор  Д.Ариунаагийн уран бүтээлийн үзэсгэлэнг ийн зорьсон хэрэг.

…“Алтан хаан” галерейд Монгол ахуй бүрджээ. Арьсан цүнх сэлтийг үүднээсээ эхлэн өрсөн галлерейн төв хэсгээс цааш “Ариунаагийн гайхамшигт ертөнц” үргэлжилнэ. Гэгээлэг амар амгаланг голчлон дүрсэлсэн зургууд бол Д.Ариунаа хэмээх шинэхэн танилын маань бүтээлүүд…

Түүнтэй цөөн хором хөөрөлдлөө.

-Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Долгормаагийн Ариунаа гэдэг. Би арван жилээ “Монгени” цогцолбор сургуулийг төгссөн. Сургуулиа төгсөөд СУИС-ын Монгол зургийн ангид урилгаар элсэн орсон. Одоо хоёрдугаар курст сурдаг.

-Хэзээнээс зурж эхэлсэн бэ?

-Багаасаа л зурах дуртай байсан. Тийм учраас манай гэрийнхэн намайг “Монгени” сургуулийн зургийн ангид оруулсан.  Есдүгээр ангиасаа Монгол зургаар дагнан зурж эхэлсэн. Миний хүсэл сонирхлыг сонсож, зураг зурахад дэмжсэн эмээ өвөөдөө баярладаг. Мөн намайг чиглүүлж өгсөн Оюун-Эрдэнэ багшдаа баярлаж явдаг. Миний хувьд зургаа зурах л хамгийн сайхан мөч байдаг. Өөрт төрсөн сэтгэгдлээ зургандаа буулгана гэдэг гоё мэдрэмж. Би кино үзэж, дуу сонссоны дараа сэтгэгдлээ зургандаа буулгадаг. Тайван орчинд зургаа зурах дуртай.

-”Ариунаагийн гайхамшигт ертөнц” анхны бие даасан үзэсгэлэн үү?

-Энэ удаагийн “Ариунаагийн гайхамшигт ертөнц” үзэсгэлэн маань миний бие дааж гаргаж байгаа хоёр дахь үзэсгэлэн.  Үзэсгэлэнг маань гаргаж өгч байгаа “Алтан хаан” галлерейгийн менежер Төгөлдөр, маркетингийн зөвлөх Лхамсүрэн, захирал Didier Boissiere нартаа баярлалаа.

Уран бүтээлийн цаашдын зорилгоосоо хуваалцаач?

-Сургуулиа төгсөөд өөрийн гэсэн арга барил, хэв маягтай болчих байх. Одоогоор бол сургалтынх болохоор багш нарынхаа зааж байгааг илүү сайн сурч авахыг хичээж байна.
-Танилцуулга дээрээ гадаад дотоодын маш олон зургийн уралдаанд амжилт үзүүлсэн тухай бичжээ. Хамгийн сүүлд ямар уралдаанд оролцов? 
-Хамгийн сүүлд Малайзын Ерөнхий сайдын 93 насны ойд зориулсан хөргийг нь зурах тэмцээнд оролцоод тэргүүн байр эзэлсэн. Мөн Малайзад суралцах эрх авсан ч түр хойшлуулаад байна. Одоогоор СУИС-д гэрээгээр сурч байгаа болохоор сургуулиа орхиод явж байсан. Үүнээс өмнө Хонконг зургийн уралдаанд орж тусгай байр эзэлсэн.
Анх  2014 онд Ерөнхийлөгчийн нэрэмжит хүүхдийн ертөнц гар зургийн уралдаанд дэд байр эзэлж байсан. Үүний дараа жил Төрийн ордонд багштайгаа хамт “Бодь модны чимээ” үзэсгэлэн гаргасан. Мөн  Оросын холбооны Улан-Удэ хотод үзэсгэлэн гаргасан. 2015 онд Засгийн газрын агентлагийн Монгол улсын шилдэг сурагч алтан медаль хүртэж байсан.  2016 онд Ерөнхийлөгчийн нэрэмжит хүүхдийн ертөнц гар зургийн уралдаанд тэргүүн байр эзлэн Урчуудын Эвлэлийн Хорооны авьяас алтан медиалиар, Нийслэлийн шилдэг сурагчаар шалгарч мөн алтан медиалиар шагнуулсан.  2017 онд Нийслэлийн шилдэг хүүхдээр шалгарч Япон улсад уригдан аялсан. Ингээд 2018 онд  ”Мөрөөдлийн ертөнц” сэдэвт Монгол зургийн үзэсгэлэн бие даан гаргаж байсан.
Бидний яриа түүний бүтээлүүдийн тухай үргэлжиллээ.

Би “Дэгжин бүсгүй”, “Намар” гэж нэрлэсэн хоёр зургаа онцолмоор байна. Зургандаа эмэгтэй хүн, амьтан хоёрыг оруулахыг хүсдэг.  “Намар” гээд энэ зураг маань намрын ойн өглөөний дүр зураг.

Хүмүүс ихэвчлэн нохой муур гээд тэжээвэр амьтдыг илүү их хайрладаг. Тэдгээрийг хайрлаж байгааг буруу гэж хэлээгүй л дээ. Гэхдээ бусад амьтдыг хайрлаасай гэдэг үүднээс энэ зургийг зурсан. Хүйтэн цустай, хүмүүсийн нэг их анхаарч тоодоггүй  гүрвэлийг энэ эмэгтэй хайрлан, энхрийлж байгаагаар үзүүлсэн.  

О.Онон
Оллоо.мн

Г.Эзэнмөнх: Аавынхаа мөрөөдлийг биелүүлж, урлагийн хүн болсондоо баяртай явдаг

$
0
0

85161476_517374812317601_1063178631108362240_n

“Эмоци” продакшны жүжигчин, МУСТА Ганбатын Эзэнмөнхийг урьж ярилцлаа. Тэрбээр хошин урлагаас гадна дэлгэцийн урлагт үзэгчдийн сэтгэл, зүрхэнд хоногшсон олон дүрийг амжилттай бүтээгээд амжсан. Мөн чамгүй дуулах авьяастай гэдгээ “Дуэт, дуэль” шоуны ялагч болж харуулсан билээ. Уран бүтээлийн завгүй ажлынхаа хажуугаар “Монгол шуудан” ТӨХК-ийн бизнес хөгжлийн хэлтсийн зар сурталчилгаа идэвхжүүлэлт хариуцсан мэргэжилтнээр ажилладаг уйгагүй хөдөлмөрч нэгэн юм.

-Боксын спортоор хичээллэж байсан гэдэг. Урлагийн мэргэжил эзэмшээд боксоо орхисон хэрэг үү?
-Жүжигчний мэргэжил эзэмшихээсээ өмнө дунд сургуульд байхад хөнгөн атлетикийн дугуйланд явдаг байлаа. Ер нь би бүх төрлийн дугуйлан секцэд бүртгүүлж явдаг хүүхэд байсан. Тэр дундаас хамгийн эрчимтэй явсан нь боксын секц. Өсвөр үеийн улсын аваргад 1996 онд явах гэсэн чинь ээж дургүйлхээд “Чи боксоо боль. Т.Үйтүмэн гавьяатын ярилцлагыг зурагтаар үзлээ. Боксын спорт чинь эрсдэл ихтэй, аюултай юм байна, тэмцээнд явж болохгүй”гээд хориглоод болдоггүй. Тэгээд ээжийн  хүссэнээр боксын дугуйлангаас гараад, сагсан бөмбөгийн дугуйланд орсон. Аравдугаар анги төгсөх хүртлээ сагсан бөмбөг тоглолоо. Оюутан болоод оюутны лигт нэг хэсэг тоглосон. Харин одоо спорт гэж явах цаг  зав боломж гарахгүй, урлаг, уран бүтээлийн завгүй ажилтай явна.

-Замын-Үүдэд бага нас тань өнгөрсөн гэл үү. Ямар хүүхэд байсан бэ. Жүжигчний мэргэжилтэй болох багын чинь мөрөөдөл байсан уу?
-Би уг нь Улаанбаатар хотод төрсөн хүүхэд. Дорноговь аймгийн төв Сайншандын Дэнжид миний хүүхэд нас өнгөрсөн. Сүүлд 9-10 ангиа Замын-Үүдэд төгссөн. Би нийгмийн идэвх сайтай хүүхэд байлаа. Бага ангиасаал урлаг, уран сайхны бүхий л тэмцээн, уралдаан, урлагийн үзлэгт оролцож, дуулж, бүжиглэдэг байв. Ардын бүжиг бараг арван жил бүжиглэсэн. Тэгээд бас болоогүй ээ, сургуулийнхаа шинэ жилийн алиалагч болно. Энэ бүхэн миний урлагийн мэргэжлийн суурь болсон байх. Жүжигчин болно гэж нэг их мөрөөдөж байгаагүй. Яагаад ч юм X анги төгсөөд гэнэтхэн СУИС-д  шалгалт өгч үзмээр санагдаад өгсөн чинь тэнцчихсэн. Хожим сонссон аав минь арван жилээ төгсөөд УБДС-ийн кино драмын ангид шалгалт өгч байсан юм билээ. Тэр шалгалтад аав тэнцээгүй гэсэн. Шалгалтад унасандаа хор шар нь хөдлөөд, өөр сургуульд оролгүй гурван жилийн цэрэгт явсан гэдэг. Би одоо урлагийн мэргэжлийн хүн болчхоод эргээд хархад огт санамсаргүй байдлаар аавынхаа хүсэл, мөрөөдөл, хийж бүтээж чадаагүй зүйлийг  гүйцээж яваа. Аавынхаа мөрөөдлийг биелүүлж  урлагийн хүн болж яваадаа дотроо  баярладаг.

-Жүжигчин хүн бүрт анхны дүр хэзээ ч мартагдашгүй дурсамжийг үлдээдэг гэдэг. Дэлгэцэнд мөнхөлсөн анхны дүр тань гэвэл?
-Их сургуулиа төгсөөд 2008 онд “Үхэж үл болно Чингис хаан” кинонд анхны дүрээ бүтээж байлаа.  Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн суманд хоёр сар зураг авалт нь үргэлжилсэн. Кино, дэлгэцийн уран бүтээл хэрхэн, яаж бүтдэг гэдгийг  тэндээс сурч, мэдэрсэн. Тэр кинонд туслах найруулагчаар ажилласан. Энэ миний анхны хамгийн том уран бүтээл. Түүний дараа 2009 онд “9009” гэдэг киноны гол дүрд тоглосон. 2010 бил үү, 2011 онд “Миний муу аав” кинонд Энхболдын дүрийг бүтээсэн.

-Одоо спортоор хичээллэж байгаа юу?
-Гар утас гэдэг спортоор хичээллэж байна даа. Утсаа имэрч, ухахаас өөр ч хөдөлгөөн хийхгүй шахам болжээ. Фитнест явмаар байв ч цаг зав гарахгүй юм.   Хааяа нэг заал авч, сагс тоглодог.

-Тайзны хөдөлгөөн гэдэг чинь бараг л спорт юм биш үү. Жүжигчид тайзанд дээр дуулж, бүжиглэн, гүйж , харайж, өнхрөөд байнгын хөдөлгөөнтэй байдаг биз дээ?
-Тийм шүү. Тайзан дээр бид дуулж, бүжиглэж, гүйж харайдаг. Тэр бүх дасгал хөдөлгөөн жүжигчин бидэнд фитнес, спорт  болчихдог юм. Нэг тоглолтыг сар гаруй хугацаанд бэлддэг. Өдөр болгон бүжиглэж, дуулна. Одоо бид шинэ тоглолтынхоо бэлтгэлд орчихсон яваа.

-Хэзээ шинэ тоглолтоо үзэгчдэд хүргэх  гэж байна вэ?
-Хорио цээр дуусахаар тоглолтоо үзэгчдэд хүргэнэ дээ. Ирэх гуравдугаар сарын 5-ны өдрөөс Соёлын төв өргөөнд тоглох төлөвлөгөөтэй бэлтгэж байна.

-“Эмоци” продакшнд хэзээ жүжигчнээр орж ажиллав аа?
-2013 онд “Эмоци” продакшныг анх байгуулагдахад орсон. Анхны уран бүтээлд нь оролцоод, одоо хүртэл тасралтгүй ажиллаж байгаа.

-Жүжигчин О.Тэмүүжин та хоёр их сургуулийн нэг ангийн хүүхдүүд бил үү?
-Тэмка бид хоёр 2003-2007 он хүртэл СУИС-ийн нэг ангид суралцсан, оюутан цагийн найзууд. Одоо хүртэл нэг ангийн хоёр салж, холдолгүй нэг продакшнд хамтран уран бүтээлээ хийж явна. Манай продакшнд нэг багшийн шавь олон бий. Тэмка бид хоёр Ардын жүжигчин Ж. Лхамхүү багшийн шавь. Бид хоёрын дараагийн дараа үеийн Ж.Лхамхүү багшийн шавь гэвэл Жерри буюу Т.Бадамжав, Б.Номин хоёр байна. Түүний дараагийн үеийн залуу гурван жүжигчин  бий. Манай продакшнд Ж.Лхамхүү багшийн үе, үеийн  7-8 шавь хамтран ажиллаж байгаа.

-Та дууны үгийг хошин хэлбэрт оруулан, өөрчилж дуулдаг. Энэ нь дууны шүлгийг дахин бичиж байгаагаас ялгаагүй, авьяас шаардсан зүйл. Үүнийг хэзээнээс эхлэв?
-МУСТА  Э.Төрмандахын  “Аархал”  дуу хит болж байсан үе ”Эмоци”-ийнхон нэг тоглолтын үеэр энэ дууны үгийг хошин хэлбэрт оруулж дуулсан юм. Харин түүний дараа дуучин МУСТА  Д.Намсрайноровын “Дурлан дурлан хайрламаар байна” дууны үгийг би өөрөө өөрчилж  дуулсан. Тухайн үед үзэгчид халуун, дулаанаар хүлээж авсанд их урамшсан. Түүний дараа дуучин Н.Мөнгөншагайгийн “Гангараа” дууны үгийг хошин хэлбэрт оруулсан.

-Дууны үгийг хошин болгож өөрчлөхөөс гадна шүлгийг нь бичиж, өөрөө дуулсан дуунууд байдаг байх аа?
-Аав, ээж хоёртоо зориулж хийсэн хоёр уран бүтээл бий.  Зохиолч, яруу найрагч  Ш.Гүрбазарын шүлэг, Цэн.Эрдэнэбатын ая “Урт наслаарай ээж ээ” дуундаа клип хийсэн. Мөн “Аавдаа” дууныхаа шүлгийг өөрөө бичсэн, аяыг нь О.Эрдэнэ зохиож, би дуулж, клип хийлгэсэн юм.  Би өөрөө дуулах дуртай.  Тайз, дэлгэцийн уран бүтээлийнхээ хажуугаар амжуулж дууны уран бүтээл гаргах төлөвлөгөө бол бий.

-Дууны үгийг нь өөрчилж дуулахаар дуучид болон үг, аяыг зохиосон хүмүүс хэрхэн хүлээж авдаг вэ. Дургүйцэх юм уу ?
-Харин ч эерэгээр хүлээж авдаг. Хошин урлагийг үздэг олон хүн бий. Тийм болохоор дуучдын уран бүтээлийг  олон хүнд хүргэн, сурталчилж байгаа гэдэг утгаар нь их дэмжиж, талархан хүлээж авдаг. Зарим дуучнаас миний энэ дууг хошин болгоод дуулаад өгөөч гэсэн санал хүртэл ирнэ. Бид дууны үгийг өөрчилж, хошин болгохдоо аль болох дууны утга, агуулгыг алдагдуулахгүй хошин байдлаар хүмүүст хүргэхийг чухалчилдаг.

- “Аавдаа”дууныхаа клипэнд  дүүгээ тоглуулсан юм уу?
-Манай дүү Г.Эзэнжаргалын хүүхэд тоглосон юм. Г.Эзэнжаргал дүүгийн  том хүүхэд Эзэнтэнгэр гэж лут нэртэй дунд сургуулийн сурагч  хүү бий.

-Ер нь танай гэрийнхэн бүгд ийм эзэн гэсэн нэртэй юу?
-Би эхээс тавуулаа. Бид тавд ээж, аав хоёр  Эзэнмөнх, Эзэнжаргал, Эзэнбат, Эзэнцэцэг, Эзэнтогтох гэсэн нэрийг өгсөн байдаг юм. Эзэнтогтох маань бурхан болсон. Бусад дөрвөн эзэн нь одоо бий.

-Авьяас, чадвар удамшдаг гэдэг. Танай охин Э.Есүй-Үжинд өөрийн чинь дуулж, бүжиглэх, жүжиглэж авьяас удамшах боломжтой.  Танай охин 4-5 наснаасаа эхлэн “Тик Ток”-д ээжтэйгээ бичлэг хийсэн байдаг. Эхнэр, охин хоёр тань их авьяас, мэдрэмжтэй юм билээ?
-Манай эхнэрт жүжиглэх авьяас бол байхгүй ээ. Харин урлагийн мэдрэмжтэй шүү. Миний уран бүтээл сайн, муу болох нь эхнэртэй минь холбоотой гэж хэлж болно. “Энэ чинь болж байна. Тэр нь болохгүй байна” гээд шүүмжлэх  жишээтэй. Намайг шүүмжилж, үнэтэй зөвлөмж, зөвлөгөө өгдөг хүн.  Харин том охин минь “Тик Ток”-ын од” шүү дээ. Хүмүүс “Тик Токчин охин” гэх нь бий. Одоо найруулагчид кинонд тоглуулах санал тавиад байгаа.  Манай аав, ээж хоёр урлагийн хүмүүс биш. Гэхдээ унаган урлагийн авьяас мэдрэмжтэй, их сайхан дуулж, бүжиглэдэг,  хөгжим тоглодог, урлагийн төлөө гэсэн сэтгэлтэй хүмүүс. Ээж сайхан дуулна, ардын бүх төрлийн хөгжмийг чадварлаг тоглодог. Надад аав, ээж хоёрын хөгжим тоглох авьяас удамшаагүй ч дуулж, бүжиглэх мэдрэмж бага боловч бий. Би жүжигчин хүн болохоор энэ талын авьяасаа илүү хөгжүүлэх шаардлага гардаг. Цэцэрлэгт байхдаа дуулж, бүжиглэж медаль авч байснаа санадаггүй. Гэтэл манай том охин  цэцэрлэгт байхдаа дуулж, бүжиглээд,  алт, мөнгөн медаль аваад байх юм.

- 25 дугаар суваг телевизийн “Дуэт дуэль” шоуны ялагч болсон.  Тэр нэвтрүүлэгт урилгаар оролцсон уу?
- 2013 онд  25 дугаар суваг телевизийн  “Дуэт дуэль” шоу нэвтрүүлэгт дуучин, МУСТ  Х. Мөнгөнцэцэгтэй нэг баг болж ороод түрүүлсэн. Олон авьяаслаг залуучуудтай өрсөлдсөндөө баяртай явдаг. Хүмүүс дуучин С.Сэрчмаагийн “Сэтгэлийн драм” гэдэг дууг Х.Мөнгөнцэцэг бид хоёрын дуулснаар хүлээж авдаг юм билээ. Тэр дууны үгийг ялимгүй жаахан өөрчилж бичээд дуулсан юм. Х.Мөнгөнцэцэг их гоё дуулдаг чадварлаг дуучин.

-Сүүлийн үед  дэлгэцийн ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Уул, ус, уурхай, газар нутгийн тухай өгүүлсэн нэг кинонд тоглосон. Хорио цээр тавигдах үеэр, нэг их удахгүй нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болно. Одоо цаашид хийх зүйл, бодож төлөвлөсөн олон ажил байна.

-Телевизийн олон ангит кинонуудад тоглосон.  Хэдэн кинонд тоглоод амжив аа?
-Анх  “Боловсрол” телевизийн  “Хувь тавилангийн ээдрээ”  гэдэг 60 ангит кинонд тоглосон. Тэгээд “Эмоци” продакшны “Их хотын залуус”, “Гурван найз”  гэсэн цуврал кинонд дүр бүтээгээд байна.

-Түүхэн кинонд дүр бүтээж байв уу?
-“Үхэж үл болно Чингис хаан” кинонд тоглосон. 2011 онд байхаа VIII Богд хааны  тухай  өгүүлсэн кинонд  Чингисийн алтан ургийн Дашням хан гэдэг их хэл амтай, өөрийгөө хаан болгох гэж зүтгэдэг ноёны дүрийг бүтээсэн. Энэ онд тэр киноны  II ангийг хийсэн. Энэ ангид нь Дашням хааныхаа дүрд үргэлжлүүлэн тоглосон. Миний зураг авалт дуусан, киноны бусад зураг авалт үргэлжилж байгаа.

-Түүх хэр сонирхдог вэ. МҮОНТ-ийн хүүхэд, залууст зориулсан түүхэн цуврал нэвтрүүлгийг хөтөлсөн биз дээ?
-Арваад жилийн өмнө МҮОНТ-ийн хийсэн уран бүтээл байгаа юм. Тус төслийг санаачлагч нь Ц.Оюундарь, зохиолч Г.Аюурзана нар энэ бүтээл дээр хөтлөгчөөр ажиллах боломж гарсан. Монголын төрт улсыг 2200 гаруй жилийн өмнө анх байгуулсан Модун Шаньюгаас эхлээд, Монголын эзэнт гүрэн, их хаад, бага хаадын үеийн түүхийг харуулсан их сайхан нэвтрүүлэг.

-Хоёр охиндоо Чингис хааны эгч, дүү хатдын нэрийг өгсөн нь түүх уншиж сонирхдогтой тань холбоотой юу?
-Би түүх сонирхон, уншиж, судлаад байдаггүй ээ. МҮОНТ-ийн нэвтрүүлгийг хөтлөхдөө түүхийн талаар бага зэрэг ном уншсан юм. Анх охинтой болчихоод  нэр өгөх болоход миний баруун, зүүн чихэнд Есүй-Үжин гэдэг нэрийг шивнэх шиг болсон. Тэгээд тэр мэдрэмжиндээ хөтлөгдөөд өгсөн нэр байгаа юм. Тэрнээс биш түүхийн ном зохиол уншин, судалж байгаад өгсөн нэр биш. Харин хоёр дахь охиндоо эхнэртэйгээ ярилцаж байгаад эгчийнх нь нэртэй ойролцоог нь бодоод Есүйгэн гэж нэр өгсөн. Ер нь бол Татар аймгийн Есүй, Есүйгэн гэдэг эгч дүү хатдын нэр юм билээ. Одоо тэгээд дараагийн хүүхэддээ Есүйтэй холбоотой нэр өгөх байх даа.

Үндэсний шуудан

Г.Ган-Эрдэнэ: Монголд сурдаг оюутнуудад атаархдаг байсан

$
0
0

  • Залуучууд ирээдүйдээ санаа тавьж, судалж, суралцдаг болсон нь анзаарагдсан. Хувь тавиланд итгээд, гараа хумхиад суудаг хүн цөөхөн болжээ
  • Хүмүүс намайг монгол залуутай үерхэж байгааг гайхаж хүлээж авсан нь сонин санагдсан. Би монгол хүнд л дуртай ирээдүйн нөхрөө эх орноосоо сонгоно гэж боддог байлаа
  • Тэрбээр Youtube хуудсандаа 105 мянга, Facebook-тээ 200 орчим мянган дагагчтай
  • Манайх энгийн л дундаж амьдралтай айл. Хүүхдүүдээ сайхан амьдраасай, сайн хүн болоосой гэсэндээ ээж, аав минь цаг наргүй хөдөлмөрлөж, өөрийнхөө эдэлж, хэрэглэх бүхнийг бидэнд зориулдаг. Бид ч эрвийх, дэрвийхээрээ хичээдэг

“Ардын аниа GiGi” нэрээр цахим хэрэглэгчдэд танигдсан Г.Ган-Эрдэнэтэй ярилцлаа. Lindenwood их сургуулийг Бизнесийн удирдлага мэргэжлээр төгссөн тэрбээр хэрхэн гадаадад суралцах, яаж АНУ-д ажиллах зэрэг влог хийж, хүмүүст хүргэдэг. Түүнчлэн эерэг энерги түгээх зорилготой хөгжилтэй бичлэг хийдэг түүнийг цахим сүлжээнд цөөнгүй хүн дагадаг. Монгол хүнтэй гэр бүл болж, эх орондоо амьдрах хүсэлтэй түүнтэй хийсэн ярилцлагаа хүргэж байна.

-Таныг сошиал инфлюенсер гэдгээр хүмүүс эчнээ мэддэг болсон. Бичлэгүүдийг чинь алгасалгүй үздэг хүмүүс ч цөөнгүй. Анх яагаад влог хийх болсноос яриагаа эхлэх үү?

-Өөрт тохиолдсон адал явдлыг бичлэг болгон хадгалах нь дурсгалтай учир оюутан байхаасаа л сонирхолтой бичлэг хийдэг байсан. Гэхдээ түүнийгээ зөвхөн компьютертээ хадгалдаг байлаа. Харин хүмүүсийн влогийг үзээд “бичлэгээ олон хүнд хүргэж болох юм” гэж бодогдох болсон. Ийнхүү шинэ жилийн үдшийг гэр бүлээрээ тэмдэглэж буйгаа бичлэг болгож, анх цахим хуудсандаа байршуулж байлаа. Надад маш сонирхолтой санагдсан. Гэхдээ өөрийнхөө юу хийж, хэрхэн амьдарч байгааг нийтлэх нь ач холбогдолгүй юм билээ. Тиймээс 10-20 минутын хугацаанд хүмүүст хэрэгтэй, сонирхолтой мэдээлэл хүргэхийг хичээдэг болсон. Гэхдээ миний бичлэгүүд нэг хэв маягт баригддаггүй. Учир нь хүмүүс наснаасаа хамаарч өөр, өөр төрлийн мэдээлэл хүлээж авдаг нь анзаарагдсан. Тухайлбал, хөгжилтэй, инээдмийн бичлэгийг арван жилийн хүүхдүүд их үздэг. Харин 20-30 насныхан хэрхэн төлөвлөгөө гаргаж, үр дүнтэй ажиллах, яаж өөдрөг байх зэрэг мэдээллийн шинж чанартай бичлэг хүлээж авах сонирхолтой байдаг. Тиймээс төрөл бүрийн влог хийж, аль болох нас, насны хүнд хүргэхийг зорьдог.

-Бичлэг хийж хүмүүст танигдана гэдэг амаргүй байх. Цаг хугацаа ч их шаарддаг болов уу. Хэзээнээс хүмүүс таныг “Ардын аниа GiGi”-р таньдаг болсон бэ. Мөн анх хамгийн их хүнд хүрсэн бичлэг юу байсан?

-Үнэнийг хэлэхэд, анх бичлэгийг маань олон хүн үздэггүй байсан. Миний хүрээллийн, таньдаг хүмүүс л хардаг байсан байх. Гэхдээ надад үнэхээр сонирхолтой байсан учир хүмүүс үзэх эсэх нь сонин байгаагүй. Тиймээс үзэхгүй байна гээд орхиогүй юм. Шөнийн турш бичлэгээ эвлүүлээд суух үе ч цөөнгүй байлаа. Мөн үүнийг хийснээр би их өөрчлөгдсөн л дөө. Өөрийгөө илэрхийлэх чадвартай болсон. Сул үг хэрэглэж ярьдаг байснаа ч больсон. Энэ мэт надад эерэг өөрчлөлтүүд бий болсон болохоор урам зоригтой влогоо хийж, нийтэлдэг болсон. Анх камер бариад ярихаар өөрөө өөртэйгөө яриад байгаа юм шиг эвгүй сэтгэгдэл төрдөг юм билээ. Өөрийнхөө бичлэгийн эвлүүлэх бүр ч инээдтэй. Хамгийн анх олон хүнд хүрсэн бичлэг бол миний хэрхэн турсан тухай влог байсан юм. Төсөөлснөөс их хандалт авсан шүү.

-Цахим сүлжээнд бичлэг нийтэлж, хандалтын тоогоор цалинждаг хүмүүс цөөнгүй болсон. Та Youtube-ээс цалин авч байв уу?

-Бичлэг маань олон хүнд хүрч эхэлснээс хойш надад бизнесийн санал маш их ирдэг болсон. Гэхдээ би тэдгээр саналыг хүлээж авдаггүй. Харин Youtube-ээс тодорхой хэмжээний цалин авдаг. Хөгжүүлээд явбал их мөнгө олох боломжтой юм билээ. Гэхдээ надад түүнд зарцуулах зав гардаггүй.

-АНУ-ын Сиэтл хотод дүүтэйгээ хамт амьдардаг гэсэн. Аав, ээж нь Монголд байдаг уу?

-Би Эрдэнэт хотынх. Нэг ах, нэг дүүтэй. Ах, дүү хоёр маань бас АНУ-д амьдардаг, харин аав, ээж хоёр минь Монголдоо байгаа. Би нэг зүйл хэлмээр санагддаг юм. Зарим хүн баян айлын хүүхдүүд л гадаадад сурч, ажилладаг гэж боддог. Бид гурвуулаа энд байдаг болохоор аав, ээж нь баян учраас хөрөнгөөр нь ингэж яваа гэж боддог хүн их байдаг байх. Заримдаа бичлэг, зурагны доор ийм сэтгэгдэл их харагддаг. Үнэндээ, манайх энгийн л дундаж амьдралтай айл. Хүүхдүүдээ сайхан амьдраасай, сайн хүн болоосой гэсэндээ ээж, аав минь цаг наргүй хөдөлмөрлөж, өөрийнхөө эдэлж, хэрэглэх бүхнийг бидэнд зориулдаг. Мөн бид ч эрвийх, дэрвийхээрээ хичээдэг. Байрны түрээс, хэрэглээний зардлаа өөрсдөө олж, аль болох “ачаа” болохгүйг эрмэлздэг.

-Таныг Ган-Эрдэнэ нэрээр чинь хүмүүс сайн мэддэггүй байх. Учир нь “Ардын аниа GiGi” нэрээрээ танигдсан. Яагаад ингэж нэрлэх болсон бэ?

-Анх Youtube-т хэрхэн англи хэл хэрхэн сурах, яаж турах зэрэг мэдээлэл өгөх зорилгоор бичлэг хийж эхэлсэн чинь “аниа надад туслаач, эгчээ надад зөвлөөч” гэсэн зурвас маш их ирсэн. Ихэвчлэн ЕБС-ийн хүүхдүүд холбогдож байсан болохоор тэгсэн байх. Үүнээс үүдээд “Ардын аниа” гээд нэрлэчихсэн юм. Gi Gi гэдэг нь миний овог, нэрийн товчилсон хувилбар л даа. Заримдаа надаас ах, эгч хүн “Ардын аниа, ардын элч ээ” гэж дуудахаар эвгүй санагддаг л юм. /инээв/

-ЕБС-ийн хүүхдүүд холбогдож, зөвлөгөө их авдаг гэлээ. Ер нь сүүлийн үед залуучууд хэл сурч, гадаадад сурах сонирхолтой болсон. Энэ талаар ямар бодолтой байдаг вэ?

-Тийм шүү. Залуучууд ирээдүйдээ санаа тавьж, судалж, суралцдаг болсон нь анзаарагдсан. Хувь тавиланд итгээд, гараа хумхиад суудаг хүн цөөхөн болжээ. Над руу маш олон хүүхэд холбогдож, зөвлөгөө авдаг. Би их сургуульдаа 40 хувийн тэтгэлэгтэй суралцсан. Магадгүй сайн судалсан бол илүү боломж байсан байх гэж боддог. Тухайн үед надад зөвлөгөө өгөх хүн байгаагүй. Тиймээс надаас тусламж хүссэн хүмүүст аль болох мэдээлэл өгөхийг хичээдэг. Гэхдээ манайхан жаахан залхуу, тууштай биш юм шиг санагддаг. Хэрэв зорьсон л бол ямар ч саад тулгарсан бууж өгөхгүй хичээдэг байх хэрэгтэй.

-Залуучууд гадаадад суралцаж, дэлхийн хэмжээний боловсрол эзэмших хүсэлтэй болсон нь илт анзаарагдлаа. Бакалаврын боловсролыг Монголд эзэмших, АНУ-д суралцах харилцан адилгүй байх?

-Би ЕБС-иа Эрдэнэт хотын “Мон-Турк” сургуульд төгссөн. Тэнд сурч, турк хэл сурсан болохоор цаашдаа Турк явна гэж боддог байлаа. Гэхдээ гэр бүлийнхнийхээ зөвлөснөөр энд ирсэн. Аав, ээжийн бяцхан охин хайртай бүхнээсээ хол, хүний нутагт бие дааж амьдарна гэдэг амаргүй юм билээ. Заримдаа Монголд сурдаг оюутнуудад атаархдаг л байлаа. Учир нь тэд ээж, аавтайгаа, эх орондоо сурч байгаа болохоор санаа зовох зүйл багатай, ямар ч зүйл тохиолдсон өмөөрч, өмгөөлөх өмөг түшиг нь хажууд нь байдаг юм шиг санагддаг. Харин хилийн чанадад суралцаж байгаа хүүхдүүдийн хувьд бүх зүйл эсрэгээрээ. Бүх л хариуцлага, ачаа өөрийн нуруун дээр ирдэг. Ямар ч асуудал тулгарч, юу ч тохиолдож байсан бүхнийг өөрөө зохицуулдаг. Ийм нөхцөлд амьдарч байх үед өвдөх хамгийн хэцүү юм билээ. Хүн сул дорой үедээ хайртай бүхнээ хамгийн их санадаг. Заримдаа Монголд оюутан байж үзмээр санагддаг л юм. Гэхдээ надад тийм боломж олдохгүй байх. Ирэх наймдугаар сараас эндээ мэргэжил дээшлүүлж сурахаар төлөвлөсөн. Гэхдээ АНУ-д бакалаврт сурсан нь сайн хэрэг гэж боддог. Учир нь амьдралыг харах өнцөг маш их өөрчлөгдсөн. Энд хүмүүс ямар нэг зүйлд баригдахгүй, задгай сэтгэдэг. Мөн асуудлыг зоригтой шийдэж, бие биеэ дэмжиж, хамтарч ажиллах чадвартай байдаг.

-Саяхан найз залуутайгаа авахуулсан зургаа цахим хуудсандаа нийтэлсэн “GiGi найз залуутай болжээ, монгол залуутай үерхэж байна” зэрэг мэдээлэл цацагдсан л даа. Найз залуугийнхаа тухай ярьж болох уу?

-Хүмүүс намайг монгол залуутай үерхэж байгааг гайхаж хүлээж авсан нь сонин санагдсан. Би монгол хүнд л дуртай. Тиймээс ирээдүйн нөхрөө эх орноосоо сонгоно гэж боддог байлаа. Найз залуугаа анх Сиэтл хотод зохион байгуулагдсан наадмын үеэр харсан юм. Тухайн үед сайн анзаараагүй. Дараа нь энд гар бөмбөгийн тэмцээний үеэр таарахад нүдэнд дулаахан залуу шиг санагдсан. Гэхдээ над руу муухай хараад байсан болохоор “надад дургүй бололтой” гэж бодож байлаа. Гэтэл үгүй байсан юм билээ. /инээв/ Бид хоёр үерхээд хоёр сар л болж байна.

-Монголчууддаа дуртай гэлээ. Ирээдүйд эх орондоо ирж ажиллах хүсэл байна уу?

-2-3 жилдээ энд амьдрах байх. Учир нь мэргэжил дээшлүүлж, сурахаар төлөвлөж байгаа. Харин цаашдаа Монголд амьдрахыг хүсдэг. Миний анзаарснаар Монголын компаниуд гадаадад боловсрол эзэмшсэн залууст маш их боломж олгодог. Энд их сургуульд сураад төгссөн олон залуус эх орондоо очиж ажиллаад сайхан амьдарч байна. Гэхдээ ажлын нөхцөл ямар байдгийг сайн мэдэхгүй юм. Би сургуулиа төгсөөд Amazon компанид ажилласан. Тэнд ажилчдадаа маш олон боломж олгодог. Жишээ нь, даатгал сайн хийдэг. Мөн заавал ажлын цагаар оффисын ширээний ард сууж ажиллах шаардлагагүй. Хүссэн газраасаа ажлаа хийх боломжоор хангадаг. Өөрөөр хэлбэл, ажлын бүтээмжид ач холбогдол өгдөг нь их таалагдсан. Монголын компаниуд ч гэсэн ийм системээр ажилаасай гэж бодогддог.

Засгийн газрын мэдээ

Э.Пүрэвжаргал: “Бүтэн амьдрал”киноны Цэнгэлмаагийн дүрд тоглосноос хойш маш их сөрөг мессеж ирдэг болсон

$
0
0

Сүүлийн үед “37-р точка”, “Бүтэн амьдрал” уран сайхны кинонд эсрэг дүр бүтээгээд буй жүжигчин Эрдэнэбилэгийн Пүрэвжаргалтай ярилцлаа. Түүнийг “Өөрт оногдсон дүрээ маш чадамгай бүтээж байна” гэж мэргэжилтнүүд үнэлээд байгаа юм. Иймд түүний уран бүтээл болон хувийн амьдралын талаар цухас ярилцлаа.

-Юуны өмнө танд сар шинийн мэнд хүргэе. Хүн болгон шахуу л “Гэртээ хэвтсээр байгаад уйдаж гүйцлээ” гэнэ. Таны хувьд энэ жилийн цагаан сарыг хэрхэн өнгөрүүлж байна даа 

-Танд болон танай сайтын хамт олонд сар шинийн мэндийг дэвшүүлэе. Төрөөс гаргасан захирамж, шийдвэрийг дагаад гэр бүлийнхээ хүрээнд л тэмдэглэж байна даа.

-Сүүлийн үед таны тоглосон кино нэлээн гарч байна. Үзэгчид ч тантай илүү танилцахыг хүсч байх шиг ээ. Тэгэхээр жүжигчин мэргэжлийг сонгосон түүхээсээ сонирхуулна уу?

-Багаасаа л урлаг соёлын хүн болохыг хүсдэг байсан минь ийм сонголт хийхэд нөлөөлсөн байх. Мөн олон төрлийн дүрд хувирах сайхан санагддаг юм. “Зохиомж” дээд сургуулийг Монгол Улсын төрийн соёрхолт Ц.Төмөрбаатар, соёлын тэргүүний ажилтан А.Цэгмид багшийнхаа удирдлага дор 2014 онд төгссөн. Тэр цагаас хойш 10 гаруй уран сайхны киноны гол болон туслах дүрд ажилласан.

-Анх ямар нэртэй бүтээлийн хэний дүрд тоглосон бэ?

-“Эгэлийн гайхамшиг” нэртэй арилжааны бус киноны Гэгээнээ гэдэг гол дүрийн эмэгтэйн дүрд тоглосон. Хөдөлмөрч, авьяастай, сайхан сэтгэлтэй бүсгүйн дүр. Уг кино маань Мандах, Гантулга нарын хамтын бүтээл. Миний бүтээсэн дүрүүдээс хамгийн эерэг, гоё нь.

-Одоо ид гарч байгаа “37-р точка” кинонд  тоглох саналыг хэн анх тавьсан бэ. Хэрхэн хүлээж авав?

-Дүрүүдэд сонгон шалгаруулалт хийж байна гэхэд нь би өөрөө очиж уулзсан юм. Тэд ч “Эргээд холбогдоно оо” гээд салцгаасан. Ингээд 2018 оны аравдугаар сард жүжигчин Б.Барслхагва ах утсаар холбогдож намайг сонгох болсноо хэлсэн.

-Дараа нь “Бүтэн амьдрал” кинонд тоглосон байсан. Дүрийн хувьд төстэй ч юм шиг. Нууц амрагийн дүр бүтээхэд хэр хүндрэлтэй санагдсан бэ?

-Дүрдээ ажиллаж байх явцдаа Цэнгэлмаа хэмээх өөрт оногдсон дүрээ маш их өмөөрч байлаа. Одоо ч гэсэн киногоо үзэх хүнд байдаг. Гэхдээ “37-р точка” энэ кино хоёрын зураг авалт хоёр жилийн зайтай хийгдсэн. Харин гаралт нь л ингэж ойрхон таараад байгаа юм.

-Үзэгчдээс танд сөрөг мессеж ирж байна уу. Мөн энэ хоёр бүтээлд тоглосны дараа гэр бүлийнхэн тань хэрхэн хүлээж авсан бэ?

-Маш их ирж байна. Гэхдээ ихэвчлэн тоглоом, шоглоомоор бичсэн байсан. Тиймээс би тэдгээр мессежийг муугаар хүлээж авахгүй байгаа. Дүр маань үзэгчдэд хүрч байгаа юм байна л гэж бодож байна. Би ер нь их эерэг сэтгэлгээтэй хүн л дээ. Тэгээд ч манай гэр бүлийнхэн миний мэргэжлийг хүндэлдэг. Тиймээс намайг ямар ч дүрд тоглосон эсэргүүцэх тохиолдол гаргадаггүй. Харин ч арын ажлыг минь хариуцаж, дэмждэг.

-Өнөөгийн нийгэмд залуу гэр бүлд нууц амрагийн явдал олон байдаг гэж та боддог уу?

-Тийм ээ, олон байгаа нь тун муу байна. Үүнийг би эсэргүүцэж, бүтээлээрээ дамжуулан дүрдээ ажиллалаа.

-Дараагийн уран бүтээлийн ажилдаа орсон уу. Ямар дүр байх бол …

-Өнгөрсөн жил гадаад, дотоодын маш олон кинонд тоглосон. Харамсалтай нь хөл хорио тогтоосон энэ үед кино театруудаар гаргах боломжгүй боллоо. Тодорхой цаг хугацааны дараа үзэгчдэд хүрнэ. Тэр цагийн тэсэн ядан хүлээж байна даа.

-Тэгвэл тэдгээр бүтээлд өдгөө гараад байгаа шиг дүр дахин давтах уу?

-Мэдээж тэс өөр дүр гарна. Жирийн нэгэн журамтай эхнэр, харын шашны шуламны тухай гэх мэт.

-Гэр бүлийнхээ хүнийг танилцуулна уу. Зарим залуу таныг ганц бие гэж бодоод танилцахыг ч хүсч байгаа юм билүү …

-Гэр бүлтэй. Өрх тусгаарлаад найман жил болж байна. Манай хүнийг А.Нямдаваа гэдэг. Математикийн программ хангамж мэргэжилтэй. Бид нэг хүүтэй.

-Хүүдээ Ханхүү гэж нэр хайрласан байсан. Хэн өгсөн бэ. Юуг билэгдсэн бол …

-Миний санаа л даа. Олон нэрнээс сонгож байгаад энэ нэрийг нөхөртөө хэлэхэд зөвшөөрсөн. Хүүгээ ханхүү шиг хайрлаж, өсгөхийг билэгдэж, энэ нэрийг хайрласан юм. Гэхдээ манай нөхөр анх сонсоод “Болох юм уу” гээд гайхаж хүлээж авч билээ.

-Та “Орилоон” нэртэй аймшгийн киноны Зулаагийн дүрд тоглосон байдаг. Бусад бүтээлтэй харьцуулахад энэ төрлийн кинонд тоглох ямар байдаг вэ?

-“Орилоон”, “Ороолон”, “АдминZ” гэсэн аймшгийн кинонд ажилласан. Ер нь энэ төрлийн кино жүжигчин хүнийг их задалдаг байх.

-Тэгвэл зураг авалтын үеэр жинхнээсээ айж байсан удаа бий юу. Объектууд нь нэг л эвгүй харагддаг …

-Тийм үе бий. Учир нь энэ төрлийн киноны зураг авалт ихэвчлэн хаягдсан балгас дотор хийгддэг. Тийм орчинд хийхээр тухайн жүжигчний ур чадвар ч илүү сайн гардаг юм шиг санагдсан. Мөн ихэвчлэн орой, шөнийн цагаар зураг авалт болдог.

-Таныг гар урлалд сонирхолтой гэж сонссон. Юу нь илүү татдаг вэ?

-Бага байхаасаа л хувцас загвар зохиож оёод өөрөө өмсдөг байлаа. Мөн зураг зурах сонирхолтой. Ер нь гар хийцийн зүйлд дуртай. Гэвч сүүлийн үед ажил их байгаа болохоор амжихгүй юм аа.

-Монгол Улсын Төрийн соёрхолт, УДЭТ-ийн ерөнхий найруулагч Н.Наранбаатарын найруулсан “Сүүлчийн шөнө” уран сайхны кинонд эротик дүр бүтээсэн байсан. Дахиж ийм санал ирвэл хүлээж авах уу?

-Тийм. “Сүүлчийн шөнө” кинонд Эмагийн дүрд тоглосон. Дээд сургуулиа төгсөөд хүлээж авсан хоёр дахь дүр маань юм. Харин дахиж ийм дүр ирвэл хэрхэн хүлээж авахаа одоогоор хэлж мэдэхгүй байна. Гэхдээ миний мэргэжил жүжигчин болохоор ямар ч дүрд хувирч чаддаг байх ёстой. Тиймээс зөвшөөрөх болов уу. “Сүүлчийн шөнө” бүтээлийн хувьд жүжигчин хүн залуу насныхаа гоо үзэсгэлэн, бие галбирыг кино хальсанд хадгалж үлдээвэл сайхан байх болов уу гэж бодож зөвшөөрсөн.

-Таныг тулааны урлагаар хичээллэдэг гэж сонссон. Одоо хичээллэж байгаа юу?

-Бага байхдаа таеквондо, кикбоксоор хичээллэдэг байсан. Харин өнгөрсөн жил Монголын орлон тоглогчдын холбооныхонтой хамтарч бие хамгаалах урлагаар хэсэг хичээллэсэн. Харамсалтай нь хэсэг хугацаанд тэрхүү бэлтгэлээ хийх боломжгүй болсон.

-Нууц биш бол ямар шалтгаанаар завсарласан бэ?

-“Бээжин филмм” академиас тэтгэлэг авч, өмнөд хөршид суралцах эрхтэй болсон юм. Ингээд өнгөрсөн жил дотуур байраа үзчихээд буцаж явахдаа Замын-Үүдийн зам дээр машинтайгаа онхолдоод маш хүнд бэртэл авсан. Тухайн үед би нөхөртэйгээ хүний машинд сууж явсан л даа. Бидний сууж явсан машины жолооч хурд хэтрүүлсэн үүднээс тийм осол гаргаж, сар хэртэй хугацаанд хэвтэрт өнжсөн. Биеэ нэлээн олон хадуулсан болохоор дээрх бэлтгэлээ түр хугацаанд хийх боломжгүй гэж эмч зөвлөсөн. Харин ирэх долоодугаар сард бүх хадаасаа авахуулах учраас бэлтгэлээ үргэлжлүүлнэ ээ.

-Таны үндсэн зан чанар ямар вэ. Миний бодлоор эршүүд юм уу гэж анзаарлаа …

-Тийм шүү. Зарим эрэгтэй хүнээс ч илүү зан ааштай байх. Хов живэнд орооцолддоггүй, хэн нэгнээс сонссон хэрүүлийн чанартай үгийг бусдад хэлдэггүй. Шударга зантай.

-Ярилцсанд баярлалаа. Цаашдын уран бүтээлд тань улам их амжилт хүсье.

Нийтэлсэн: У.Баярсайхан
MNB.mn

Дархан аварга Б.Бат-Эрдэнийн охин Бурмаа: Би аавынхаа малгайг үнэрлэх дуртай

$
0
0

df776eba21be057db0526b9043b0d495_x3

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Дархан аварга, УИХ-ын гишүүн Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийн дунд охин Бурмаатай ярилцлаа. Бөх сонирхогчид түүнийг аавыгаа дуурайж бөхийн спортоор хичээллэх болов уу гэж “горьдож” байсан. Гэвч тэрбээр тэс өөр буюу бодибилдингийн спортоор хичээллэж эхэлжээ. 

-Таныг бодибилдингийн спортоор хичээллээд гурван жилийн нүүр үзэж байгааг мэдлээ. Яагаад энэ спортыг сонгосон юм бэ?

-Тийм ээ, 2016 оноос эхэлж хичээллэсэн. Миний  багш бодибилдинг, фитнессийн  дэлхийн 4 удаагийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Г.Угалзцэцэг гэж гайхалтай бүсгүй бий. Багш маань сошиалд их идэвхтэй. Би түүний шавь болохоос өмнө фэйсбүүкээр дагаж, хүндэлдэг байлаа. Тухайн үед “Энэ хүнтэй нэг удаа ч гэсэн уулзаж үзэх юмсан” гэж боддог байв. Гэтэл “Хэвлийгээрээ инээмсэглэе” нэртэй шинэ анги нь нээгдэж, би очиж уулзсанаар өнөөдрийг хүрч байна даа.

-Анх ямар тэмцээнд оролцож байсан бэ?

-2016 оны хавар клубуудын нэрэмжит тэмцээнд оролцсоноос хойш идэвхтэй болсон. Мөн 2017 онд УАШТ-ээс шагналт 5-р байр, 2018 оны УАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Өнгөрсөн намар зохион байгуулагдсан IFBB Pro Qualifier  тэмцээнээс өөрийн ангилалдаа алтан медаль хүртсэн. Миний хичээллэдэг спортын төрөл олон ангилалтай. Би дээрх тэмцээнүүдэд атлетик ангилалд орсон. Миний зорилго энэ спортоор насан туршдаа хичээллэж, эрүүл амьдралын хэв маягийг бусдад үлгэрлэхийг хүсдэг. Өдгөө хөнгөн атлетикаар мастер ангиллын дэлхийн аварга болоод байгаа МУГТ Т.Цэрэндолгор гуай, Ц.Раднаа гуай, хүндийн өргөлтийн гавьяат тамирчин Баярмаа эгчийн аав Д.Намхайдорж гуай шиг байхыг хүсдэг.

-Ойрын хугацаанд оролцох тэмцээний төлөвлөгөө бий юу?

-Одоогоор ямар нэгэн тэмцээний төлөвлөгөө алга. Өнгөрсөн жил өвдгөндөө хагалгаа хийлгэсэн болохоор бэлтгэлээ ч сайн хийж чадаагүй байгаа. Гэхдээ энэ жилийн УАШТ-д орно.

-Үндсэн яриандаа ороход таныг бөх сонирхогчид “Энэ сайхан аваргын охин жүдо, эсвэл чөлөөт бөхийн төрлөөр хичээллэвэл олимпын аварга болох байсан байх даа” гэдэг. Бөхийн төрлөөр хичээллэх хүсэл байгаагүй юм уу?

-Намайг гаднаас харахад шууд л аав гэж харахаар байгаа биз дээ. Гэхдээ миний дотоод ертөнц ээжтэйгээ адилхан. Харин дүүгийн маань зан араншин аавынхтай төстэй шүү. Миний хувьд багаасаа л бөхийн спортоор хичээллэх бодол төрж байгаагүй. Тэгээд ч намайг бага байхад эмэгтэй бөх ховор байсан шиг санагдаж байна. Тиймээс би бөхийн спортын хүн болно гэж төсөөлж байгаагүй. Харин энэ амьдралыг сонгосон хүмүүсийг үнэхээр их хүндэлдэг мөн бахархдаг.

-Танай гэрт бөхчүүд цуглаж бөхийн тухай яриа өрнүүлэх нь ойлгомжтой. Харин та тэдгээрийн түүх мэт яриаг дэргэд нь суугаад сонсдог байв уу?

-Аав маань Улсын баяр наадамд 12, Цагаан сарын барилдаанд 13 удаа түрүүлсэн сайхан амжилттай бөх. Би ухаан орсон цагаасаа л аавынхаа жил бүр бэлтгэл хийдэг “Сүүж уул”-ын амралтад очдог байсан. Бараг тэнд өссөн гэж хэлэхэд болно. Одоо ч гэсэн би тэнд очихоороо гэртээ очсон мэт мэдрэмж авдаг. Тэр амралтыг хуучнаар НАХЯ байгуулсан гэдэг. Аав маань “Хүч” спорт хорооны тамирчин болсон цагаасаа тэнд бэлтгэлээ хийдэг болсон. Залуу бөх байхдаа жижиг байшинд нь байрладаг байсан бол улсын цол хүртэж, гэр бүлтэй болохдоо Гэр бүлийн байшинд нь биднийг байрлуулж өөрөө Монгол Улсын заан Д.Мягмар ахтай нэг өрөөнд байнга ордог байсан. Дараа нь аварга цолтой болсон чинь бид өвлийн байшин руу нь шилжсэн. Нэг үгээр хэлэхэд, аавыг дагаад бидний зиндаа дээшилж байна гэсэн үг л дээ (инээв.сурв). Зургаадугаар сард хичээл амрангуут тэнд амарчихаад наадмын өмнөх өдөр л хот руу ордог байлаа. Тэр үед бөхчүүдийн үеийнхээ хүүхдүүдтэй тоглож, сонин хууч яриаг нь сонсоно. Гэхдээ хүүхэд байсан болохоороо яг үнэндээ тэгж их сонирхдоггүй байсан. Тухайн үед сүмогийн их аварга Харүмафүжи Д.Бямбадорж, Монгол Улсын гарди Н.Ганбаатар, сүүлийн үе гэвэл жүдо бөхөөр одоо сайн барилдаж байгаа улсын начин Л.Өлзийбаяр ахын хүү Дүүрэнбаяр нартай хамтдаа наадмын галд гардаг байв. Гэтэл одоо үед бөхчүүд гэр бүлээрээ бэлтгэлд гарч, хүүхдүүд нь хамтдаа цагийг өнгөрүүлэхээ байжээ. Аймаг болгон бөхийн галтай болсон болохоор арга ч үгүй байх л даа. Нэмж хэлэхэд Сүүж хайрханы байгаль их гоё. Өглөө эрт хөхөө шувуу донгоддог нь одоо ч сэтгэлд тод үлдэж. Бороо орсны дараах үнэр нь ямар сайхан гээч. Тухайн үед бөхчүүд оройн тоондоо орохдоо “Дэлгэр Монгол орон” дууг дуулж, тараг уудаг заншилтай. Мөн биллиард тоглож, зарим үед бүжгийн цэнгүүн болдог байсан. Зодог, шуудгаа угаачnхаад байшингийнхаа ард хатаах гээд өлгөсөн байхад хөлснийх нь үнэр нэг л дотно шүү. Одоо ч би аавынхаа малгайг үнэрлэх дуртай. Сүүлийн жилүүдэд барилдахгүй байгаа болохоор тэр үнэр нь гарчихдаг юм байна. Бага багаар арилаад л байгаа.

-Бөхчүүдийн хүүхдүүдтэй ноцолдож, барилдаж байв уу?

-Үгүй ээ. Харин гэр бүлээрээ хөдөө амралт, зугаалгад явж байхдаа аав намайг хамаатны хүүхдүүдтэй барилдуулах дуртай байсан. Харин би тийм ч идэвхтэй барилддаггүй байв.

-Тэгвэл ээжийгээ дагаад гар бөмбөг тогловол тохирох байж дээ …

-“Загасчны морь усгүй” гэдэг дээ (инээв.сурв). Гэхдээ аав, ээж маань ч охидуудынхаа сонголтыг хүндэтгэдэг. Бидний орон зайг их чөлөөтэй байлгадаг. Түүнээс биш “Би бөх юм чинь та нар заавал бөх болох ёстой” гэдэггүй байсан. Гар бөмбөг сонирхогчид ээжийг минь “Том” Болороо гэдэг нэрээр нь андахгүй. Волейболын “гурван Болороо”-гийн нэг. 15 орчим настайгаасаа улсын шигшээ багийн тамирчин болж, тухайн цаг үеийнхээ хамгийн шилдэг тамирчдын нэг байсан.

-Таны эгч, дүү хоёр ямар нэгэн спортоор хичээллэдэг үү …

-Үгүй ээ. Эгч маань одоо Германд амьдарч байгаа. Архитектор мэргэжилтэй. Эгчийг Б.Баярмаа, дүүг маань Б.Сугармаа гэдэг.

-Аав тань та нарын нэрийг хайрласан болов уу?

-Тийм. Эгч долоодугаар сарын 10-нд буюу наадмаар төрсөн болохоор Баярмаа гэдэг нэртэй болсон гэдэг. Тэгээд ч аавыг улсын заан цол хүртсэн жил буюу 1986 онд. Харин би 1988 онд улсын арслан цолтой болсон жил мэндэлсэн бол дүү аавыг тав дахь түрүүгээ хүртсэн жил буюу 1992 онд төрсөн. Тэгэхээр бид аавдаа дандаа л цол, түрүү дагуулж төрсөн байдаг юм.

-Таныг Дархан аваргын охин гэдгийг бусад хүмүүс мэдсэний дараа харилцаа нь өөрчлөгддөг үү?

-Үгүй ээ. Гэхдээ би бага байхдаа аварга цолтой хүний хүүхэд гэдгээ нуудаг байсан. Учир нь өөрийн гэсэн орон зайтай байх гээд л. Харин насанд хүрснээсээ хойш ээжийнхээ аав улсын заан Д.Барамсай, эмээ Ц.Норжмаагийнхаа ах улсын хурц арслан Ц.Бадамсэрээжид, Дархан аварга ааваараа бахархаж, сайхан хүний үр удам болсондоо талархдаг.

-Долоодугаар сарын 12-нд аавыгаа Улсын баяр наадамд түрүүлээд гэртээ ирэхэд та нар яаж тосч авдаг байсан бэ?

-Ээж маань гэртээ яг л Цагаан сар шиг ширээ засч угтдаг. Мөн бөөн хөл болно. Харин бид түрүү бөхийн бэлгийг нь задлаад л. Тэр дотор дээлийн өнгө, дугуй булантай цай, ёотон, чихэр зэрэг байдаг. Харин Цагаан сараар түрүүлбэл гандангаас ирсэн идээ амссан их хувьтай. Хамгийн сайхан дурсамж гэвэл аавыг Улсын баяр наадамд түрүүлсэн жил болгон манай байрныхан цонх, тагт дээрээсээ баяр хүргэж, угтана. Манайх тэгэхэд тавдугаар сургуулийн хажууд байсан юм. Одоо ч энэ байрандаа байгаа л даа.

-Аавынхаа зодог, шуудгийг угааж байсан уу?

-Үгүй. Аав маань өөрөө угаачихдаг байсан.

-Таны ярианаас сонсоход та ямар ч байсан бөх болохгүй нь тодорхой юм байна. Харин бөх хүү төрүүлэхийг бөх сонирхогчид харж байгаа нь мэдээж. Аав, ээж тань энэ талд ямар бодолтой байдаг бол …

-Бөх хүү төрүүлэх хүсэл бий. Жишээ нь, Монгол Улсын гавьяат тамирчин, дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга Д.Сумъяабазар нар бөхийн удмаа гээлгүй авч яваа нь сайхан санагддаг. Аав, ээжийгээ мэндэд хүүгийнхээ бөхийн хөдөлмөрийг харуулах юмсан гэсэн бодол байгаа.

-Найз залуутай болов уу?

-Байхгүй ээ.

-Таны шаардлагад нийцэхгүй байна уу?

-Би тийм их шаардлага тавьдаггүй ээ. Гэвч залуучууд болзоонд урьдаггүй. Урихгүй байгаад нь ч гайхаж байна (инээв.сурв).

-Дархан аваргын охин гэж бодохоор эмээгээд байдаг юм болов уу?

-Тэгдэг юм болов уу, яадаг юм бол. Сайн мэдэхгүй байна.

-Хүмүүс Улсын аварга Э.Оюунболдоос эхлээд олон хүнийг таны аавын “нууц хүү” гэдэг. Үүнийг та яаж хүлээж авдаг вэ?

-Э.Оюунболд аваргын хувьд нэг нутаг болохоор тэгж хэлдэг байх. Тэгээд ч би нэг их хүндээр тусгаж авдаггүй ээ. Тэр ч бүү хэл, манай эгчийг Хакүхо М.Даваажаргалтай суух гэж байна гэж хүртэл ярьж байсан шүү дээ.

-Бөхчүүдийн хүүхдүүдтэй хэр их нөхөрлөдөг байсан бэ?

-Бага байхдаа улсын заан Р.Давааням агсан, Ц.Баярсайхан нарын хүүхдүүдтэй дотно нөхөрлөдөг байсан. Харин одоо амьдралын шаардлагаар олон нийтийн сүлжээгээр л харилцаж байна даа.

-Дунд сургуулиа хаана төгссөн бэ. Мөн үндсэн мэргэжил тань юу вэ?

-Нэгдүгээр сургуульд долоодугаар анги хүртлээ сурч байгаад Германд гурван жил сураад ирсэн. ЭМШУИС буюу одоогийн АШУҮИС-ийг Био-Анагаах судлаач мэргэжлээр төгссөн. Аавынхаа барилдааныг үзэх гээд Германаас Монголдоо ирээд онгоцны буудлаас гэртээ ч очилгүй Төв цэнгэлдэх хүрээлэн рүү ордог байсан мөч бий.

-Аав тань та нарыг ямар үгээр хүмүүжүүлдэг вэ. Үүгээр хоёулаа ярилцлагаа өндөрлөе?

-Ноён нуруутай, жудагтай, энгийн даруу байхыг л чухалчилдаг даа.

-Ярилцсанд баярлалаа.  

Нийтэлсэн: У.Баярсайхан
MNB.mn

Ээж минь надтай хамт Ялгууны дүрийг бүтээлцсэн

$
0
0
712-15846592833-20-1
Энэ удаагийн “Өөр зочин” буландаа “Адтай жаалууд” киноны Ялгууны дүрээр танигдсан  СУИС-ийн Хөгжимт театрын жүжигчний ангийн оюутан С.Алтанцэцэгтэй ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэндийг хүргье. 14 насандаа “Адтай жаалууд” кинонд тоглоод хүмүүст багагүй танигдсан. Одоо жүжигчин болохоор суралж байгаа байхаа?
-Би СУИС-ийн Хөгжимт театрын жүжигчний ангийн дөрөвдүгээр курсийн оюутан. Хүмүүс намайг  Ялгууны дүрээр маань сайн мэдэх байх. Анх “Лоолойгийн найзууд” нэвтрүүлгийн Шинээ, Ариунгоо хоёрыг хараад телевизээр гарахыг хүсдэг болсон. Тэгээд энэ хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөөд “Адтай жаалууд” киноны дүрийн шалгаруулалтад оролцсон.
Шалгаруулалтад оролцохдоо их сандарч тэвдсэн ч шалгалтаа сайн өгч охидын хүслэн болсон Ялгууны дүрийг авсан. Энэ нь надад их урам зориг болсон.
-Ялгууны дүрд тоглохдоо хэдэн настай байсан бэ. Дүрээ бүтээхдээ шантарч байв уу?
-Тухайн үед би 14 настай байсан. Дүрийнхээ зохиолыг уншаад яг л энэ охин шиг амьдралтай болох юмсан гэж нууцхан хүсч байсан. Мэргэжлийн хүн биш болохоор их хүндрэлтэй байсан. Найруулагчийн хатуу үг, дүрээ бүтээж чадахгүй загнуулах, кинонд хамт тоглож байгаа хүүхдүүдийн итгэл найдвар гээд нэг л алдаа гаргавал бүгд эхнээс нь хийх учир их хичээсэн. Жаахан хүүхдийн хувьд бас тэсэхээргүй энэ хүүхэд шантрах байх гэж хэлэхээр зүйл их. Гэхдээ миний хувьд энэ кинонд тоглох хүсэл мөрөөдөл байсан болохоор тэр бүхнийг ажрахгүй сайн давсан.
-Кинонд дээр байгаа Ялгуун бодит байдал дээр байгаа Алтанцэцэг хоёр хоорондоо хэр ялгаатай вэ?
-Мэдээж энэ хоёр хүн бол эсрэг тэсрэг. Надад дүр шиг ээ тийм баян тансаг, эрх, хүссэн бүхнээ авдаг ийм амьдрал байхгүй. Тэр хүүхдийн хүсэл нь дандаа л биелж байдаг. Харин миний хувьд Ялгууны дүрийг бүтээснээр хүсэл минь биелж хүссэн бүхнээ авч байна гэсэн үг юм. Энэ дүрээсээ ойлгож авсан хамгийн том зүйл бол хүүхдийг хэтэрхий их дураар нь байлгаж бэлэнчлэх сэтгэлгээнд байлгах нь өөрийг нь эвдэхээс гадна төлөвшилд муугаар нөлөөлдгийг ойлгосон.
-Зохиолоо цээжилнэ гэж хүндхэн даалгавар байдаг. Зохиолоо хэрхэн цээжилдэг байсан бэ?
-“Адтай жаалууд” 195 ангитай кино. Найруулагчаасаа зохиолоо аваад гэртээ очоод шөнө хэдэн цаг болж байгааг ч мэдэлгүй зохиолоо уншина. Маргааш нь найруулагч зохиолоо хаанаас нь ч хамаагүй асуухад хариулахад бэлэн болтлоо цээжилж байсан. Уншаад тогтоохгүй бол хуулж бичдэг байсан нь цээжлэхэд арай дөхөм санагддаг. Зохиолоо цээжлэхийн тулд бодит амьдрал дээр Ялгуун шиг байдаг нь дүрээ бүтээхэд болон үгээ цээжлэхэд хэрэгтэй байлаа.
-Биедээ баймгүй их ачаалалтай ажиллажээ. Гэр бүлийнхэн чинь хэр дэмжиж тусалдаг байв?
-Миний ээж үсчин учраас биеэ хэрхэн авч явах, гоо сайхан, үс засалт гээд зааж зөвлөдөг. Ялгууны хувцаслалт, үс засалтыг манай ээж судалгаа хийж гаргасан. Ээж минь урлагт хайртай. Тиймээс би ээжийнхээ мөрөөдлийг биелүүлж урлагийн салбарт хөл тавьсан гэж хэлэхэд хилсдэхгүй.
Намайг хөглөж урамшуулдаг цорын ганц хүн бол ээж минь. Надтай хамт миний дүрийн үгийг цээжилдэг байсан. Зуны гурван сар зураг авалт хийхэд гурван сар намайг дагаж яван зааж зөвлөсөн. Намайг ойлгож миний хажууд үргэлж байдаг ээждээ хайртай шүү гэдгээ танай сониноор дамжуулж хэлмээр байна.
-“Адтай жаалууд”-д тоглосноор амьдралд тань ямар өөрчлөлт гарсан бэ?
-Хүүхэд юманд хурдан дасдаг. Тэр ч утгаараа зорилготой, тэвчээртэй, хариуцлагатай болдог. Гэрээсээ гурван сар хол байсан болохоор ээж аавдаа юмаа даатгаж эрхлэх биш өөрөө бүхнийг хийж мөн бусдын үгийг сонсож, аливаа зүйлийг өөртэйгөө харьцуулж дүгнэлт хийх чадварт сурсан. Энэ бол миний амьдралд гарсан хамгийн том өөрчлөлт. Мэдээж кинонд тоглосон болохоор хүмүүс таньж, мэддэг болно. Гэхдээ кино гарч эхэлснээс хойш биднийг биеэ хэрхэн авч явах талаар найруулагч маань их зааж зөвлөдөг байсан. Биеэ тоож болохгүй гэж их захьдаг. Гэхдээ хүмүүс таниад ирэхээр хүүхэд байсан болохоор баярламаар сайхан санагддаг. Муу ч бай, сайн ч бай өөрийн дүрээрээ хүнд танигдсан нь бахархмаар зүйл.
-Кинонд тоглож байхдаа захиа авдаг байв уу. Мөн үзэгчдээс авч байсан хамгийн гоё бэлэг?
-Миний хувьд жаахан байсан болохоор их ичдэг байсан. Мэдээж найзлахыг хүсдэг байсан. Надад үерхэл гэхээсээ илүү найзууд байх нь сайхан санагддаг. Тийм болохоор найзуудын тоо нэмэгдсэн дээ. Нэг хүүхэд надад хос яст мэлхий бэлэглэсэн нь хамгийн гоё бэлэг.
-“Адтай жаалууд”-аас өөр ямар кинонд тоглосон бэ. Жүжиглэхээс гадна ямар авьяастай вэ?
-“Хүсэл мөрөөдлийн зүгт”, “Мөрөөдлийн зүгт” гэсэн хоёр кинонд тоглосон. Хоёулаа өсвөр насныханд зориулсан кино. Өөр авьяас гэхээсээ илүү өөрийгөө хөгжүүлэхэд их анхаардаг. Чөлөөт цагаараа ном уншдаг. Би өөрөө бүх зүйлийг мэдэхгүй. Харин номоор дамжуулж энэ хорвоог таньж болно гэж боддог.
-Цаашид ямар дүрд тоглохыг хүсдэг вэ?
-Би түүхэн кинонд дуртай. Тиймээс түүхэн киноны дүрд тоглохыг хүсдэг. Одоо надад сурах зүйл их байгаа болохоор бүрэн хөгжүүлчихээд л тоглоно гэж бодож байгаа.
-Одоо СУИС-ийн Хөгжимт театрын жүжигчний ангийн дөрөвдүгээр курст суралцаж байгаа гэсэн. Мэргэжлийнхээ онцлогоос хуваалцахгүй юу?
-Миний мэргэжлийн онцлог хүнээс ур чадвар шаарддаг. Тухайлбал, тайзан дээр жүжиглэхээс гадна дуулж, бүжиглэдгээрээ онцлогтой.
Б.Оюунзул
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

О.Саруул: Хэдэн мянган үзэгчдийн дунд төрийн далбаагаа намируулна гэдэг үнэхээр сайхан мөч юм билээ

$
0
0

1584085968_5da6a86987b10

Самбо бөхийн Залуучуудын ангиллын 2019 оны Дэлхийн аварга, ҮБТДС-ийн  III курсийн оюутан О.Саруултай ярилцлаа.

-Сайн байна уу. Уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

- Намайг Отгонбаярын Саруул гэдэг. 2000 онд Ховд аймгийн Мянгад суманд төрж өссөн. Гурван эмэгтэй, нэг эрэгтэй дүүтэй. Айлын ууган охин.
-Өнгөрсөн онд Самбо бөхийн Залуучуудын ангиллын 2019 оны Дэлхийн аварга гэх эрхэм алдрын эзэн болсон. Энэхүү тэмцээнийхээ талаар яриагаа эхлүүлье?
- Самбо бөхийн Залуучуудын ангиллын 2019 оны ДАШТ өнгөрсөн оны аравдугаар сарын 11-13-нд хооронд Үзбекстан улсын нийслэл Ташкент хотноо болсон.  Манай улсаас өсвөр, залуучууд нийлээд 28 тамирчин тэмцээнд оролцсон.  Үүнээс хоёр алт, гурав мөнгө, зургаан хүрэл медаль хүртсэн амжилттай эх орондоо ирсэн дээ. Миний хувьд Самбо бөхийн -68 кг жинд барилдаж, ОХУ, Киргиз, Украйны тамирчдыг  ялснаар  Самбо бөхийн залуучуудын дэлхийн аварга болсон.
-Дэлхийн аварга болж, Төрийн дууллаа эгшиглуулэх тэр агшинд төрсөн сэтгэгдэлээ хуваалцана уу?
-Сайхан байсан. Өөрийн эрхгүй баярын нулимс асгарч “Саруулаа чи чадчихлаа, ирээдүйн зорилго руугаа нэг алхам ойртож чадлаа” гээд өөртөө хэлсэн. Дэлхийн дэвжээн дээр эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүлж, хэдэн мянган үзэгчдийн дунд төрийн далбаагаа намируулна гэдэг үнэхээр сайхан мөч юм билээ.
- Амжилтад хүрэхэд, дасгалжуулагчийн ур чадвар чухал. Таны  дасгалжуулагч  ямар хүн байдаг вэ?
- Тэгэлгүй яах вэ. Энэ тэмцээнд МУГД Г.Энхбаяр, Ж.Баярсайхан гэсэн дасгалжуулагчтай бэлтгэлээ хийсэн. Үнэтэй зөвөлгөөнүүдийг өгч, сэтгэл санаагаар дэмжиж байдаг багш нартаа баярлалаа.
- Тэмцээний бэлтгэлээ хэр хугацаанд хийсэн вэ?
- Намраас хойш тэмцээнд оролцох хүртэл бэлтгэлээ хийсэн. Ажлын таван өдрүүдэд бүтэн, хагассайн өдөр хагас хийгээд, бүтэнсайн өдөр бүтэн амардаг. Жин хасна гэдэг хэцүү. Байнга хөдөлж хөлсөө гаргахгүй л бол өдөрт таван килограмм хасах боломжгүй. Зөвхөн хар шөл, халуун хар цай л уух ёстой болохоор ядрах, стрессдэх нь их байдаг. Жин хасаж байгаа үед хэн нэгэн юм асуухаар тэрийг нь ойлгохгүй “Аа тэгсэн үү, ингэсэн үү” гээд л нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргах тохиолдол олон. Заримдаа “Ёо ёо хүн жингээ хасаж байхад юугаа асуугаад ядаргаа болоод байгаа юм бэ?” гэж уурлах тохиолдол ч бас гарч байсан.
- Олон улсын тэмцээнд оролцоход төсөв санхүүг нь хаанаас гаргадаг юм бэ?
- Зардлыг өөрөөсөө гаргадаг. Тэгэхээр ээж, ааваасаа гуйх болдог. “Боломжтой бол энэ тэмцээнд оролцох мөнгө өгөөч, бүр болохгүй бол зээл аваад өгчихөөч” гээд л. Сүүлийн тэмцээний зардлыг маань Ховд аймгийн ЗДТГ-ынхан гаргаж өгсөн.
- Хэзээнээс эхэлж самбо, жудо бөхөөр хичээллэх болсон бэ?
-2014 оноос Ховд аймгийн БТСГ-ын жудо бөхийн дасгалжуулагч С.Ганхуяг багшийн улирддлагаа дор хичээллэж эхэлсэн.
- Мэдээж тамирчин хүн болгон их бага гэлтгүйгээр бэртэл, гэмтэл авдаг байх.  Магадгүй бэртэл авсан байх үед хамгийн хэцүү зүйл нь юу байдаг вэ?
- Байлгүй л яахав. Хамаг бие хөх няц болох, хуруугаа тулахаас эхлээд зөндөө бэртэнэ. Гэхдээ яваандаа энэ бүхэн юу ч биш болоод ирдэг юм билээ. Хамгийн хүнд бэртэл гэвэл 2018 оны Жудогийн насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээний үеэр бие халаалт хийж байгаад өөрөө ч мэдэлгүй өвдгөндөө бэртэл авч байсан. Үүнээсээ болоод өнгөрсөн зун нэг ч бэлтгэл хийгээгүй. Бусад өрсөлдөгч, тамирчид бэлтгэл хийж байхад би зүгээр сууж байсан. Энэ үед л хамгийн хэцүү байсан даа.
 - Дурсамж үлдээсэн тэмцээнээсээ эргэн дурсахгүй юу?
 - 2017 оны Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн. Энэхүү тэмцээн гуравдугаар сарын 20-нд  миний төрсөн өдрөөр болж таарсан юм.  Өглөө нь ээжрүүгээ залгаж “Намайг төрүүлж өсгөсөнд баярлалаа, охин нь тандаа хязгааргүй их хайртай шүү” гэж хэлсэн. Удалгүй тэмцээн эхлэхэд яагаад ч юм би их тайван байлаа. Бараг унтаагаараа. Барилдаж бууж ирээл унтаал тэмцээн эхэлснээс төгсгөл хүртэл ийм байдал үргэлжилсэн санагдана. Ингээд тус тэмцээнээс анх удаа залуучуудын аварга , шилдэг тамирчин болж байсан. Энэ тэмцээн надад хамгийн нандин дурсамжийг үлдээж чадсан юм.
- Эсэргээрээ энэ алдааг дахиж л давтахгүй юм шүү гэсэн бодолд автаж, харамсаж байсан тэмцээн бий юу?
- Нэг удаа байнга ялдаг байсан нэг өрсөлдөгчтэйгөө дэвжээн дээр дахин таарсан юм. Тэр үед дотроо “Аа үхсэн энэ юугаа чаддын бэ, би энийг байнга ялдаг, одоо ч гэсэн ялна” хэмээн бардаж байгаад ялагдсан юм. Тэр мөчид “би яг юу хийчих вэ, яах гэж өрсөлдөгчөө басав даа” гэсэн бодол толгойд эргэлдэж билээ. Үнэхээр харамсалтай байсан. Мэдээж тэр хүн намайг ялахын тулд урт хугацааны бэлтгэл хийж, миний чаддаггүй мэхийг сурсан нь ойлгомжтой. Энэ бүхний төгсгөлд дахин хэнийг ч басаж болохгүй юм байна гэдгийг ойлгосон.
-Энэхүү спортоор хичээллээд аль хэдийнээ таван жил болсон байна. Саруулийн хувьд ямар өөрчлөлт гарав?
 -Асар их өөрчлөлт гарсан гэж боддог. Таван жилийн өмнөх Саруул зөвхөн барилдах хүсэлтэй, түүнийхээ төлөө зоригтой алхам хийж чаддаггүй байсан. Урсгалаараа л явдаг байсан байх. Харин одоо бол тэс өөр. Мөрөөдлийнхөө төлөө алхам алхамаар урагшилж, илүү тэсвэр тэвчээртэй болсон гэж бодож байна.
- Өнгөрсөн хугацаанд няцах, шантрах үе гарч байсан уу?
 -2014 онд анх удаа улсын аваргад барилдаад эхний наймд ороод боолгуулж ухаан алдаж үзсэн. Үүнээс хойш “за барилдаад ч яахав дээ. Угаасаа бэлтгэл нь хүнд. Гар, хөл байнгын хөх няц, суниан мэх давтан гээд хэцүү байна” гээд л шантарч байж билээ. Харин одоо бол үгүй. Цаашид улам чармайх болно.
- Үлгэр дууриалал авдаг тамирчин бий юу?
 -Байгаа. Хилчин спорт хорооны тамирчин Д.Сумъяа эгч. Бид хэд хамт бэлтгэл хийдэг. “Эгчийн дүү ингэдэг шүү, тэгдэг шүү” гэж байнга зааж зөвлөж байдаг. Би Хилчин спорт хороонд 2018 оны нэгдүгээр сарын 17-нд бүртгүүлсэн. Удахгүй үндсэн тамирчин нь болох гээд хичээж явна. Аливаа шалгуур бий. Тиймээс шалгуурыг нь давах гээд тэмцээн уралдаанд байнга оролцож байна.
-Өөрийн тань дотоод мөн чанарын илэрхийлэл юу вэ?
 -Зөв хүн байхыг хичээдэг. Аль болох олон хүнд тусалж, өөрт байгаа зүйлийг хармын сэтгэлгүйгээр өгч чадах хүн болохыг эрмэлзэж байдаг. Эхлээд өөрийгөө, дараа нь өрөөлийг ял гэдэг үгийг хэлэх дуртай.
- Амжилтуудаасаа бидэнтэй хуваалцахгүй юу?
 - 2014 онд Ховд аймагт зохиогдсон “Дэвжээ” тэмцээнээс хүрэл медаль, 2015 онд Баруун бүсийн “Самбо бөхийн АШТ”-57 кг-ын жинд алтан медаль, “Жудо бөхийн улсын аварга”-Хүрэл медаль, 2016 онд “Азийн хүүхдийн их наадам”-Алтан медал, 2017 онд Жудо бөхийн “Өсвөрийн, Азийн АШТ”-63 кг-ын жинд V байр, “Самбо бөхийн залуучуудын улсын АШТ”-60 кг-ын жинд Алтан медаль авсан. Мөн 2018онд “Самбо бөхийн Азийн АШТ”-65 кг-ын жинд Алтан медаль, “Өсвөр, залуучуудын ДАШТ”-65 кг-ын жинд Мөнгөн медаль авч байсан. Энэ онд “Самбо бөхийн өсвөр, залуучуудын ДАШТ”-68 кг Залуучуудын дэлхийн аварга зэрэг амжилт гаргасан.
Б.СУВДАА

“Өгзөг” Баярмаа: Миний цахим хуудас бол миний гэрэлтэй цонх

$
0
0

1adb2dda8fe499c5cec82f2a9299520f

  • Би үргэлж өөдрөг, үзэсгэлэнтэй зан чанартай нэгэн байгаагүй
  • Өөрийгөө бусдаас өөрөөр мэдэрдэггүй. Миний дотоод ертөнц, гадаад байдал хоёр тусдаа оршдоггүй, нэг шугамд байдаг болохоор бусдад өвөрмөц санагддаг байж магадгүй
  • Ээжийнхээ гэдсэнд байхад арьсных нь цаанаас шар гэрэл тусаж, эмч нар “хайч, хайч” гэж сандарч байсныг нь санадаг. Энэ бол миний эх дэлхийд мэндлэхээсээ өмнө мэдэрсэн анхны мэдрэмж
  • Хүмүүс зөвхөн идэх, өмсөхийн төлөө дургүй зүйлээ хйиж, дотоод хүнтэйгээ зөрчилдөж амьдрах юм бол өөрийгөө тэжээж, өл зогоохын тулд амь зуудаг амьтнаас ялгарахгүй болно

Цахим ертөнцөд “Өгзөг” Баярмаа нэрээр танигдсан фитнес тамирчин Б.Баярмаагийн дотоод ертөнц, үзэл бодлыг нь уншигчидтайгаа хуваалцъя. Амьдралын хэв маяг, ертөнцийг үзэх үзлээрээ бусдаас ялгарч, үзэл бодлоо нээлттэй илэрхийлж, өөдрөг бүхнийг бусдад түгээхийг хичээдэг тэрбээр үүх түүх, өв соёлоо шүтэж, оюуны мөрөө үр хойчдоо үлдээхийг хүсдэг аж. Харин биеийн гоо үзэсгэлэнгээ харуулсан зургийг нь хүмүүс нүцгэн эмэгтэйн хөрөг бус гоо зүйн бүтээл гэж хараасай хэмээн тэр өгүүлсэн юм.

-Сайн байна уу, хүүхэд насны дурсамжаас нь яриагаа эхэлье. Багадаа том хүмүүсийн мэдэрдэг ихэнх мэдрэмжийг мэдэрдэг байсан төдийгүй тэдгээрийг одоо ч санадаг тухайгаа бичлэгтээ хэлж байсан нь олны анхаарлыг татаж, цахим орчинд багагүй шуугиан тарьсан байх аа?

-Би төрөхөөсөө л ихэнх зүйлийг мэдэрдэг байсан. Мөн тухайн үед тохиолдож байсан зарим мэдрэмжээ одоо ч мартаагүй. Миний ээж намайг кесарево хагалгаагаар төрүүлсэн юм. Ээжийнхээ гэдсэнд байхад арьсных нь цаанаас шар гэрэл тусаж, эмч нар “хайч, хайч” гэж сандарч байсныг нь санадаг. Энэ бол миний эх дэлхийд мэндлэхээсээ өмнө мэдэрсэн анхны мэдрэмж. Ээж маань намайг тэвэрч цонхон дээр зогсоод гадаа хүүхдүүд дээс тоглохыг харж байсан дүр зураг мөн л сэтгэлд хадгалагдсан. Өлгийтэй байхдаа эмээдээ тэврүүлээд, бүүвэйн дуу сонсож байсан минь ч сайхан дурсамж болж үлдсэн. Би бүр энэ дэлхийд ирэхээс өмнөх үеэ хүртэл санадаг. Эдгээр дурсамж хэрхэн сэргэж, яагаад миний бодол санаанд буусныг сайн мэддэггүй юм. Ер нь сонин зүйлс надад маш их тохиолддог.

-Сонирхолтой юм. Ер нь таны яриа, амьдралын хэв маяг, үзэл бодол бусдаас өөр санагддаг. Ямар ч үед өөдрөг байдаг нь бичлэг, зургаас чинь анзаарагддаг. Яаж ийм өөртөө итгэлтэй, өөдрөг байдаг нь сонирхолтой санагдлаа?

-Өөрийгөө бусдаас өөрөөр мэдэрдэггүй. Миний дотоод ертөнц, гадаад байдал тусдаа оршдоггүй, нэг шугамд байдаг болохоор бусдад өвөрмөц санагддаг байж магадгүй ээ. Таны хэлсэн өөдрөг, өөртөө итгэлтэй зан чанараа сүүлийн гурван жилийн хугацаанд олж нээсэн. Үүнд хамгийн чухал нөлөө үзүүлсэн хүн бол миний нөхөр. Би нөхөртэйгөө зургаан жилийн өмнө танилцаж, хамт амьдраад дөрвөн жил болж байна. Нөхөр маань бүх зүйлд үнэн ханддаг. Энэ чанар нь надад маш их таалагдаж, өмнө нь байсан Баярмааг өөрчилсөн. Түүний хэлсэн нэг ч цэг, таслал худлаа байдаггүй. Тиймээс энэ үнэн оршлын өмнө би худлаа орших эрхгүй болсон л доо. Хайртай залуугийнхаа ямар гайхалтай хүн болохыг таних тусам өөрийнхөө дотор байгаа худал зүйлүүдийг зөнгөөрөө мэдэрдэг юм билээ. Яг энэ үеэс л үзэсгэлэнтэй зан чанаруудтайгаа танилцаж эхэлсэн. Өөрийгөө таньж эхэлмэгц надад маш олон худлаа зүйл байсныг ухаарсан. Эдгээрийг бага багаар өөрчилснөөр миний амьдралд олон эерэг зүйл бий болж, би үнэний үнэ цэнийг мэдэрч, аз жаргалтай нэгэн болсон. Гэхдээ амнаас гарч буй үг бүрийнхээ худлааг зассан ч миний дотор хүйтэн хөндий, халуун дулаан уур амьсгал дутагдсан хэвээр байлаа. Үүнийг өөрчлөхийн тулд дахиад л өөрийнхөө дотор хүн рүү өнгийсөн дөө. Гэтэл би бусдад худал ярьдаггүй ч өөрийн бодлыг хуурдаг нэгэн болж таарсан. Ийнхүү өөртөө ч, бусдад ч үнэн ханддаг болсон. Өөртөө үнэн байх амаргүй. Хамгийн энгийнээр тайлбарлахад, би 10 тоот дасгал хийх явцдаа дасгалын турш зөвхөн булчингийнхаа тухай бодно гэж өөртөө амласан гэж бодъё. Гэтэл нэг эгшинд л булчин биш төхөөрөмжийн талаар бодоход өөрийгөө хуурсан хэрэг болж хувирдаг. Үүнийгээ өөрчилж, үнэний мөн чанар, үнэ цэнийг ойлгосноор маш олон зүйл өөрчлөгдсөн. Үүнээс өмнө миний амьдралд багагүй саад учирч, харанхуй нүх олон байсан. Би үргэлж өөдрөг, үзэсгэлэнтэй зан чанартай нэгэн байгаагүй.

-Өөдрөг, өөртөө итгэлтэй Баярмааг бий болгохын тулд олон саадыг давсан гэлээ. Уналт, босолт бүхэн ухаарал, амжилт дагуулсан байх нь?

-16 нас хүртлээ ээж, аав, эмээ өвөөгийнхөө хайраар хашуулж, амьдралын мөн чанарыг танилгүй, дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж явсан. Иргэний үнэмлэх авсныхаа дараа өөрийгөө том хүн болчихсон, эрх чөлөөтэй нэгэн гэж ойлгож, хайртай хүмүүсийнхээ хорьдог бүхнийг хийж, амьдралаас олон янзын мэдрэмж авахыг хүссэн. Ийнхүү зовлон жаргал, саад бэрхшээлийн талаар ямар ч мэдэгдэхүүнгүй хүн амьдралд анх хөл тавьсан юм. Харанхуй руу нүдээ боогоод орсон хүн нүхэнд унах нь ойлгомжтой. Надад яг л ийм зүйл тохиолдсон. ЕБС-иа төгсөх жилээ өөрөөсөө зургаан насаар ах залуутай танилцаж, түүнийгээ бүх ертөнц гэж ойлгоод, хүүхэд насны гэгээн итгэл, сэтгэл бүхнээ зориулсан. 16 настайдаа аав, ээжээсээ өрх тусгаарлаж, айлын эхнэр болохоор шийдсэн нь алдаа байж таарсан л даа. Дөрвөн жилийн турш хамт байхдаа сүүлийн хоёр жил нь салах тухай бодсоор 20 настайдаа түүнээс холдсон. Гэхдээ тэр муу залуу болохоор бидний харилцаа төгссөн хэрэг биш. Би сайн эзэгтэй, сайхан бүсгүй байгаагүй учир хоёр тийшээ болсон гэвэл бас л өрөөсгөл. Зүгээр л бид хоёр тохирохгүй хүмүүс байсан юм билээ. Хэн хэн нь амьдрал, хосын харилцааны талаар мэдлэггүй байж гэж боддог. Ингээд хэсэг хугацааны дараа одоогийн нөхөртэйгөө танилцсан. Хайртай залуутайгаа учирч, аз жаргалтай амьдрахад өмнөх бүтэлгүй дурлал минь маш том сургамж болсон. Одоо биднийг үхэл л салгана. Магадгүй миний хамгийн том айдас нөхрөөсөө хагацах. Гэхдээ махан бие минь үгүй болсон ч мөнх сүнсээрээ бид хамт байна гэж итгэдэг.

-Дотоод ертөнц, гадаад байдал хоёр маань тусдаа оршдоггүй гэж хэллээ. Ихэнх хүн дотоод хүнээ анзаарах ч завгүй ажилладаг. Өөрийнхөө хүсээгүй зүйлийг хийж, нийгмийн шаардлагаар амьдардаг хүн ч цөөнгүй. Энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?

-Хүмүүс зөвхөн идэх, өмсөхийн төлөө дургүй зүйлээ хийж, дотоод хүнтэйгээ зөрчилдөж амьдрах юм бол өөрийгөө тэжээж, өл зогоохын тулд амь зуудаг амьтнаас ялгарахгүй болно шүү дээ. Үр хойч маань биднийг дурсахдаа “миний өвөг эцэг өлсөхгүйн тулд л амьдарч, хоолны төлөө хөдөлмөрлөж, тухайн нийгэмдээ дарлуулж явсан нэгэн байсан” гэвэл харамсалтай биз дээ.

-Үлдэх үрдээ мөр төвшин, нэр төртэй дурсагдахыг эрхэмлэдэг болох нь таны ярианаас анзаарагдаж байна. Хойч үедээ сайнаар дурсагдаж, нийгмийн түүчээ болохыг тулд юу хийж, өөрийгөө хэрхэн боловсруулж байна вэ?

-Хүний хөлийн мөр, оюуны мөр хоёрын аль нь мөнх настай вэ гээд бодохоор мэдээж оюуны мөр өнө мөнх. Тиймээс оюун санаагаараа үр, хойчдоо түүчээ болохыг хичээдэг. Тиймээс бидний дотор орших мөнх настай сүнсэн бие, тархиа үргэлж мэдээллээр цэнэглэж, эргэн тойрондоо гэрэл түгээж, эгшин бүрт нэг шугаманд, үнэн байхыг хичээдэг. Мөнх настай сүнсэн бие гэсэн нь учиртай. Бидний дотор оршиж буй сүнсэн бие өмнө нь хаа нэгтээ оршиж байсан гэдэгт би 100 хувь итгэдэг. Энэ махан бие үгүй болсны дараа сүнс минь хаа нэгтээ оршино гэдэгт ч би итгэдэг.

-Өөрийгөө хөгжүүлж, оюун санаа, бие махбодоороо бэлэн болсон үедээ хүүхэдтэй болно гэж ярилцлагадаа дурдсан байсан. Хэзээ хүүхэдтэй болохоор төлөвлөж байна вэ?

-Эмэгтэй хүн хүссэн хүсээгүй ээж болно. Гэхдээ эхлээд өөрийгөө мэдлэг, мэдээллээр цэнэглэчхээд хүүхэдтэй болох хэрэгтэй гэж боддог. Учир нь цус мэдээлэл дамжуулдаг болохоор боловсорсон, ухамсар мэдлэгтэй оюуны минь мэдээллийг агуулж буй цусаар хүүхэд маань бүрэлдэх хэрэгтэй. Энэ нь хүүхдийнхээ төлөө хийх анхны хариуцлага юм. Өмнө нь би 35 нас хүртлээ хүүхэдтэй болохгүй гэж боддог байлаа. Гэхдээ одоо 30 хүрэхээсээ өмнө ээж болохоор төлөвлөж байна. Учир нь би өөрийнхөө мэдэхийг, танихыг хүссэн бүхнээ ойлгосон. Өөрөөр хэлбэл, бэлэн болсон хэрэг л дээ.

-Нүцгэн зургаа цахим орчинд нийтэлж, өдөр тутмын амьдралаа олон нийттэй хуваалцахыг нөхөр тань хэрхэн хүлээж авдаг вэ?

-Эмэгтэй хүний бие галбир бол гоо үзэсгэлэн. Энэ гоо үзэсгэлэнг оюун ухаанаараа чимээд, зураг болгож, дэлгэж байгаа нь урлагийн бүтээл юм. Өөрөөр хэлбэл, цахим орчинд нийтэлж буй зургууд маань зүгээр нэг нүцгэн эмэгтэйн биеийн зураг биш, миний бүтээсэн гоо зүйн бүтээл. Би гадуур явахдаа, бусадтай уулзахдаа биеэ ил гаргасан хувцас өмсдөггүй. Үргэлж сул чөлөөтэй, биеийнхээ бүх хэсгийг далдалж хувцасладаг. Харин дэлгэцийн өмнө гоё ганган байж, надад урлагийн мэдрэмж, чадвар бий гэдгийг харуулахыг хичээдэг. Мөн хүмүүсийн нүдийг баясгаж, бусдад сайхан сэтгэгдэл төрүүлэхийг зорьдог. Харин энэ хүсэл сонирхлыг минь амьдралынхаа хором, мөч бүхнийг хамт өнгөрөөх хүн минь ойлгохгүй бол утгагүй. Тэр хүн миний үг, үйлдэл, үзэл бодол бүхнийг хайрлаж, намайг яг байгаагаар минь хүлээж авдаг.

-Хүмүүс таныг “Өгзөг Баярмаа” гэж дуудах нь олонтаа. Магадгүй энэ нэр таны имижийн нэг хэсэг болсон юм шиг санагддаг?

-Миний постуудаас олон хүнд хүрсэн нь өгзөгтэй холбоотой байсан болохоор хүмүүс намайг ингэж дуудах нь ойлгомжтой. Тийм болохоор надад энэ нэр сонин санагддаггүй. Хэн нэгэн намайг “Өгзөг” Баярмаа гэж дуудвал надад баярлах, гомдохын аль нь ч мэдрэгдэхгүй. Тэгээд ч хүмүүсийн надад дуртай байх эсэх нь тухайн хүний л сонголт. Тиймээс үүнд эмзэглэж, гоморхох нь утгагүй шүү дээ. 100 хүний 99 нь надад дургүй байх сонин биш. Харин би тэднийг бүгдийг нь хайрлахыг хүснэ.

-Та шүтлэгтэй юу?

-Би ямар ч шашин шүтдэггүй. Миний бодлоор шашин бол нийгмийн зөв зүг рүү чиглүүлэгч, зарим талаараа улс төрийн шинж чанартай зүйл. Тэгэхээр хэрэв би шашин шүтвэл өөрийн дотоод бодлоосоо өөр нэгэн болж, нийгмийг чиглүүлж буй зүйлд хамаарагддаг хүн болж хувирна. Харин миний шүтээн бол өвөг дээдэс, үүх түүх, үнэн байдал юм. Би энэ ертөнцөд аж төрж байна гэдэг нь миний өвөг дээдэс, үүх түүхээс улбаатай. Мөн одоо амьдарч буй эх дэлхийг минь бидэнд бүрэн бүтэн үлдээхийн тулд тэд халуун цусаа урсгасан шүү дээ. Тиймээс хүндлэх, хайрлах, шүтэх ёстой бүхэн ихэс дээдэс минь гэж боддог.

-Сүүлийн үед влог хийж, өдөр тутмын амьдралынхаа сонин сайхнаас хуваалцдаг болсон. Яагаад бичлэг хийх болсон юм бэ. Үүгээрээ дамжуулж бусдад юу хүргэхийг хүсдэг вэ?

-Би зураг авч, түүнийгээ уран бүтээл болгож хүмүүст хүргэхийг л хүсдэг байлаа. Тиймээс влог хийх тухай боддоггүй байсан. Гэтэл саяхан намайг цагдаа дуудаад “өсвөр насны хүүхдүүдэд садар самуун сурталчилж байна гэх гомдол ирсэн” гэсэн. Үүнээс хойш би өөрийнхөө мэдэрдэг гэрэл гэгээг бусдад түгээх хэрэгтэйгээ ойлгосон. Миний цахим хуудсыг дагадаг хүмүүсийн ихэнх нь Z үеийнхэн. Тиймээс тэдэнд итгэл найдвар, гэрэл гэгээ, урам зориг өгөхийг хүсдэг. Гэхдээ хүүхдүүдэд нүцгэн зургаа харуулж байгаа нь тэдэнд ямар үлгэр дуурайл болох юм бэ гэж зарим хүн бодож магадгүй. Залуучууд миний зургийг хараад “ямар хөөрхөн, гоё биетэй эгч вэ” гэж бодох нь тэдний дотор сайн сайхныг бий болгож байгаа хэрэг. Зураг бол ердөө л нүдэнд тусах зүйл шүү дээ. Тиймээс харагдах байдал, бодит ертөнц хоёрын ялгааг миний влогоос ойлгох байх. Эмэгтэй хүн харахад сайхан байж болох ч хүрэхэд оргил байх ёстойг ойлгуулахыг хүсдэг.

-Влог хийж, зургаа авч нийтлэхэд багагүй цаг ордог байх. Ер нь ямар ажил хийж, цаг заваа хэрхэн зохицуулж байна вэ?

-Мөнгө олж, хооллох, хувцаслах хэрэгцээгээ хангадаг ажил маань фитнесийн дасгалжуулагч. Гэхдээ хүмүүс намайг дасгалжуулагч, фитнесийн зөвлөгөө гэж хараасай гэж хүсдэггүй. Гоё биетэй, сайхан болохыг хүсвэл хаа сайгүй фитнес заал бий. Галбиржих тухай элдэв бичлэг цахим хуудсанд ч зөндөө байгаа. Харин миний ажил бол үнэн байдал, хязгааргүй сүнсний үнэ цэн, амин чанарыг бусдад түгээж, өөрөөсөө гэрэл, хайр цацруулах юм. Өөрөөр хэлбэл, миний цахим хуудас бол миний гэрэлтэй цонх.

Засгийн газрын мэдээ

Э.Ариунтунгалаг: Дахиад 10 жил тууштай хичээллэж, үр дүнг нь үзмээр байна

$
0
0

-2282078830036396480_900_x_900

  • Биатлон, цана хосолсон бэлтгэлийн баазтай бол өндөр түвшинд хөгжих боломж их байна
  • Боломждоо тааруулаад бэлтгэлээ хийж, тэмцээндээ оролцоод ирлээ. Ер нь мэргэжлийн тамирчид өөрт тохирсон буугаар бууддаг бол бид Монголын биатлоны холбоонд байсан буугаа л ашигладаг байлаа. Байгаа боломждоо тааруулна гэдэг энэ. Гэхдээ Монгол руу буцахын өмнө Беларусьт шинэ буу захиалсан
  • Энэ спортоороо л хоолоо олж идье гэж шийдсэн. Хэрвээ би спортоо ингээд орхивол багшилна, эсвэл армиа дагана. Тэгэхээр ерөөсөө 10-хан жил л хичээе. Өөр илүү зүйл хүссэхгүй

Зэвсэгт хүчний 017 дугаар анги, “Алдар” спорт хороо, биатлоны үндэсний шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Э.Ариунтунгалагтай ярилцлаа. Тэрбээр биатлоны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа Монгол Улсаа төлөөлөн оролцсон юм. Гүйлтийн цанын улсын аваргад 16 удаа түрүүлсэн түүний ярилцлагыг хүргэе.

-Монголын биатлоны спортод нэгэн шинэ түүхийг бичсэн эзэн нь та болж байна. ДАШТ-д оролцсон анхны монгол биатлонч болсон сэтгэгдлээ хуваалцаач?

-Маш их баярлалаа. Хамгийн гол нь надад энэ боломжийг олгосон Монголын биатлоны холбооны хамт олонд талархал илэрхийлмээр байна. Италийн Антхольц хотод болсон ДАШТ-д 33 орны 100 гаруй тамирчин өрсөлдлөө. ДАШТ-д уралдахын тулд Олон улсын биатлоны холбооноос зохион байгуулдаг IBU cup цуврал тэмцээнд зургаан удаа оролцож, оноо цуглуулан эрхээ авсан. Биатлоны ДАШТ-д уралдсан анхны монгол тамирчин болсондоо баяртай байна.

-Таныг цанын спортын тамирчин гэдгийг мэднэ. Хэзээнээс биатлонтой холбогдов?

-Биатлон миний хувьд шинэ зүйл биш л дээ. 2014 онд хичээллэдэг байсан юм. Биатлоны Монголд зохиогдсон цуврал тэмцээнд түрүүлж байлаа. Тухайн үед шигшээ баггүй байсан учраас спортын төрлөө сольж, буцаад цана руу орсон. Гүйлтийн цанын УАШТ-ээс мөнгөн медаль авч, улсын шигшээд багтсан. Энэ нь миний ирээдүйд хэрэгтэй байсан учраас биатлоноо орхисон юм. Улмаар 2019 оны дөрөвдүгээр сард Монголын биатлоны холбооноос Итали руу гэрээгээр явах уу гэж санал тавьсан. Үүнээс хойш эргэлт буцалтгүй биатлоныг сонгож байна даа.

-ДАШТ-д эх орноо төлөөлөн анх оролцоход ямар сэтгэгдэл төрж байв. Монголыг төлөөлж байгаа гэдэг утгаараа сэтгэл зүйн дарамт учирч байв уу?

-Бид Словакт сүүлийн тэмцээндээ оролцоод Италид очсон. Тэмцээний өмнөх бэлтгэлээ хийж байтал беларусь багш маань гэр бүлийн шалтгаанаар нутаг буцдаг юм байна. Дэлхийн аваргын үеэр амжиж ирж чадаагүй. Тэр л надад хамгийн хүнд туссан. Австралийн дасгалжуулагчаар хараагаа тэглүүлээд, гурав хоног бэлтгэл хийсэн. Гэхдээ өөрийн үндсэн дасгалжуулагчгүй болохоор ДАШТ-д оролцох хэцүү юм билээ. Сэтгэл санааны хувьд ч тогтворгүй болдог юм байна. Түүнээс биш бусад тал дээр асуудалгүй байсан шүү. Тэмцээний зохион байгуулалт гайхалтай төгс байсныг хэлье. Цаг агаар ч тэмцээн явуулахад яг тохиромжтой байгаа талаар Антхольц хотод цугласан шилдгүүд ярихыг сонссон.

-Дэлхийн аваргын үеэр Монгол гээд зарлуулахад ямар санагдав?

-Биатлоны ДАШТ сурвалжлахаар ирсэн сэтгүүлчид, шууд дамжуулсан телевизүүд монголчууд анх удаа дэлхийн аваргын замд уралдаж байна гээд л зарлана лээ. “Монголчууд нэг ч болтугай тамирчнаа бэлтгээд ДАШТ-д оролцуулж байгаад маш их баяртай байна. Цаашид нэг биш бүтэн багаараа оролцох боломжтой” гэж Олон улсын биатлоны холбоо талархсан сэтгэгдлээ бидэнд илэрхийлсэн. Үзэгчдийн суудалд Норвег, Итали, Герман тэргүүтэй биатлоны спорт өндөр хөгжсөн орнуудын далбаа намирч байхад дунд нь манай холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Наран-Идэр ах Монголынхоо төрийн далбааг мандуулаад сууж байхыг хараад өөрийн эрхгүй огшсон. Азиас зөвхөн Монголын далбаа л үзэгчдийн дунд мандаж байгааг хараад их баярласан даа.

-Сэтгүүлчид таниас юу асууж байна вэ?

-Тэдэнд их сонин санагдсан бололтой. Чи Монголоос ганцаараа ирсэн үү, хэзээ ирсэн бэ, Монголоос ганцаараа биатлоноор хичээллэдэг үү, дасгалжуулагч байдаггүй юм уу гэх мэтээр асууж байна лээ. Өмнө нь Б.Энхсайхан залуучуудын тэмцээнд сайн оролцоод, дараа нь би ДАШТ-д уралдсан болохоор хүмүүсийн анхаарлыг их татсан байх.

-Монголд хөгжүүлэхэд юу дутагдаж байна вэ?

-Биатлон, цана хосолсон бэлтгэлийн баазтай болбол өндөр түвшинд хөгжих боломж их байна. Гагцхүү бэлтгэлийн орчин, зориулалтын тир алга. Гаднын дасгалжуулагчид бидэнтэй уулзахдаа “Та нар маш сайн буудаж байна. Бэлтгэлээ сайн хийвэл улам сайжирна. Та бүхэн шиг зургаахан сар хичээллээд биатлоны ДАШТ-д оролцож байгаа тохиолдол бараг байхгүй. Хамгийн багадаа л таван жил хичээллэж байж ДАШТ-д оролцдог. Гэтэл монголчууд зургаан сар хичээллээд дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөнө гэдэг ирээдүйтэйн шинж. Төрөлхийн буудах авьяастай, байгалиас заяасан өгөгдөлтэй хүүхдүүд байна. Тууштай байвал монголчууд хэдэн жилийн дараа дэлхийн топуудтай зэрэгцэх хэмжээнд хүрнэ” гэж хэлсэн. Энэ нь маш их урам өгсөн шүү. Ер нь над шиг зургаа, долоохон сар буудаад ДАШТ-д оролцож байгаа тамирчин байгаагүй. Хамгийн багадаа л таван жил буудсан. Стандарт замд илүү сайн бэлтгэл хийвэл боломж байгааг олж харлаа.

-Биатлон өндөр хөгжсөн оронд бэлтгэл хийх ямар байдаг юм бол?

-Бүх зүйл нь бэлэн. Хувь хүн зөвхөн өөрөө хичээж, бэлтгэлдээ л анхаарах ёстой. Бусдыг цаанаас нь зохицуулдаг. Ерөөсөө л тамирчин хүний амжилт гаргах боломжийг маш сайн бүрдүүлж өгсөн байдгийг харсан. Нүдээрээ харж байж л жинхэнэ бэлтгэлийн орчин ямар байх ёстойг мэдэрсэн.

-Ингэхэд замын зардал, байр хоол гээд чамгүй их мөнгө орсон байх. Энэ бүхнийг яаж зохицуулсан бэ?

-Монголын биатлоны холбооноос гадна Биеийн тамир, спортын газраас маш их дэмжлэг үзүүлсэн. Тиймээс албан ёсоор баярлалаа гэж хэлье. Ямар ч байсан боломждоо тааруулаад бэлтгэлээ хийж, тэмцээндээ оролцоод ирлээ. Ер нь мэргэжлийн тамирчид өөрт тохирсон буугаар бууддаг бол бид Монголын биатлоны холбоонд байсан буугаа л ашигладаг байлаа. Байгаа боломждоо тааруулна гэдэг энэ. Гэхдээ Монгол руу буцахын өмнө Беларусьт шинэ буу захиалсан. Энэ бүхэнд манай холбоо болон БТСГ-аас туслалцаа үзүүлсэнд талархаж байна. Италид бэлтгэл хийх хугацаанд ер нь их зүйл сурсан даа. Ямар хоол идэх вэ, хоолоо яаж тохируулах вэ гээд л… Бид монгол хүн махсаг гээд л замбараагүй мах идээд байдаг. Гэтэл мэргэжлийн тамирчин болохын тулд идэх хоолноосоо эхлээд нарийн суралцах ёстойг мэдэж авлаа. Гүйлтийн цана, биатлоны тамирчид ямар хоол идвэл тохиромжтойг Италид байх хугацаандаа судлаад ирсэн.

-Сонирхолтой юм. Ямар хоол зонхилдог вэ. Манай тамирчид ямар ч тэмцээнд оролцсон мах, борцоо авч явдаг шүү дээ?

-Анх очихдоо монгол зангаа гаргасан. Мах идмээр байна, энэ бол бидний үндсэн хоол гэж тайлбарлатал хүлээж аваагүй. Гэтэл тэд хариуд нь “Та нар Монголоос тэр өөр орчинд ирсэн. Цаг агаар, хоол унднаас эхлээд бүгд өөрчлөгдөж байгаа учраас дасан зохицох хэрэгтэй. Нэгэнт мэргэжлийн тамирчин болох гээд зориод ирсэн тул бидний хоолны системийг дагахаас өөр аргагүй. Сайн тамирчин болъё гэвэл бусдын адил бай. Энд их мах идэх шаардлагагүй. Мах их идвэл хүндэрнэ” гэсэн. Тэдний гол хэрэглэж байгаа зүйл нь хүнсний нарийн ногоо, загас, жимс жимсгэнэ, овъёос. Мэдээж алдарт пастагаа хамгийн их иднэ. Байнгын хоол нь паста. Италийн шилдэг биатлонч Доротье Вьерер гэхэд л пастагаар дагнаж хооллодог. Түүний амжилт гаргадаг гол хүчин зүйлүүдийн нэг нь хооллолт гэсэн судалгаа ч байдаг юм билээ. ДАШТ-д түрүүлсэн тамирчин ярилцлага өгөхдөө “Би одоо шөл ууна. Тэгээд пастагаа идээд 10 цаг унтана. Өглөө босоод дахин паста идээд уралдаандаа оролцоно” гэж ярьж байхыг хүртэл сонсоод гайхсан. Эндээс маш хөнгөн хооллож байж л хурд сайн гарна гэсэн ойлголтод хүрсэн дээ. Есөн сарын хугацаанд миний хоолны системд өөрчлөлт орсон. Хоолоо хэтрүүлэхээр бие хүндэрч, маш мэдрэг болж байна. Нэг дор их хоол идэж чадахгүй болсон. Аль болох шөл ууж, жимс ногоо их хэрэглэж байгаа. Мэдээж монгол хүн учраас нэг сар амрах хугацаандаа тохируулаад махаа иднэ. Хүссэн хоолоо багаар ч болтугай идээд аваарай. Бэлтгэл эхэлбэл хүссэнээрээ хооллох боломж олдохгүй гэдгийг багш маань захисан.

-Италид таны нэг өдөр хэрхэн өнгөрч байв?

-Өглөө 06:00 цагт босч хөнгөн гүйж, сунгалтын дасгал хийнэ. Дараа нь өглөөний цай уугаад, нэг цаг амрах хуваарьтай. Хамгийн гол нь үндсэн бэлтгэл эхлэхээс хоёр цагийн өмнө хоолоо идэж дууссан байх ёстой. Амжихгүй бол хоолоо тохируулж, бага идэх дүрэмтэй. Тэгэхгүй бол хийсэн бэлтгэл маань үр дүнгүй болдог гэсэн. Өглөөний цай ууж, амарсаны дараа үдээс өмнөх бэлтгэл эхэлнэ. Тэгээд өдрийн хоол. Дараа нь оройн бэлтгэлд гарна. Ингэхдээ олон цагаар 2500 метрээс дээш өндөртэй ууланд их алхуулдаг юм билээ. Монголд ийм бэлтгэл хийж үзээгүй хүн долоо хоногт 2-3 удаа өндөр ууланд гарна. Ингэхдээ гүйж гарах биш аажмаар алхана. Цанын бэлтгэл, хурдны бэлтгэл, шагайврын бэлтгэл гээд өөртөө зав өгөх боломж байхгүй. Үүгээрээ гүйлтийн цанаас ялгаатай. Зав л гарвал буутайгаа нөхөрлөнө. Цэвэрлэх, тослохоос эхлээд… Олон бэлтгэлтэй учраас гэрээ санах, илүү дутуу зүйл бодох зав огт байхгүй. Бэлтгэл гэж байтал нэг мэдэхэд тэмцээн эхэлнэ. Ингээд тэмцээнээс тэмцээний хооронд явсаар нэг л мэдэхэд хоёр сарын хугацаа өнгөрсөн байдаг. Эх орноосоо яваад есөн сар болсон хэрнээ удсан юм шиг санагдахгүй байгаа.

-Ирээдүйн зорилго тодорхой биз?

-Тэгэлгүй яах вэ. Хамгийн ойрын зорилго маань зуны бэлтгэлээ маш сайн хангаад ДАШТ-д амжилттай оролцох. Миний анхны жил биш учраас бага ч гэсэн туршлагажсан. Тэр утгаараа тэмцээн бүрт үзүүлэх амжилт маань өөр байж, үр дүн сайн гарах ёстой. Хэрвээ олимпод оролцохыг хүсч байгаа бол олимпын өмнөх ДАШТ-д заавал оролцох дүрэмтэй. Тэгэхээр хамгийн чухал тэмцээн нь 2021 оны ДАШТ. Дараа нь олимпын тухай ярих хэрэгтэй болов уу. Ирэх жил ганцаараа биш хоёулаа, гурвуулаа оролцохыг маш их хүсэж байна.

-Цана, биатлоноос өөр спортын төрөл сонирхсон уу?

-Өвөл нь цанаар гулгаж, зун нь хөнгөн атлетикаар хичээллэдэг. Их гүйдэг байсан учраас хөнгөний УАШТ-д оролцдог байсан. 2011 онд Монголын хүүдийн спортын наадмын 1500 метрийн гүйлтэд түрүүллээ. Улмаар Азийн кросс гүйлтийн тэмцээнээс хүрэл, Нанжины Азийн хүүхдийн спортын II наадмаас хүрэл медаль авсан. Гурван сар уйгагүй бэлтгэл хийсний үндсэн дээр саадтай гүйлтийн төрөлд медалийн тавцанд зогсож билээ.

-Бүр саадтай гүйлтээр үү?

-Тийм ээ, тухайн үед Монголоос 103 тамирчин оролцоход жүдогоор л хоёр хүрэл медаль аваад байсан юм. Ингээд монголчуудын медалийн найдвар дууслаа гэтэл би саадтай гүйлтээр хүрэл авлаа. Эхэндээ бүгд итгээгүй. Би ч хүртэл өөртөө итгээгүй. Албаны хүмүүст гадныхан миний амжилтын талаар дуулгахад “андуурсан байх” гээд итгэдэггүй. Би тэр уралдаанд оролцож байхдаа хоёрдугаар тойргоос саадыг өвдгөөрөө цохиж бэртэл авсан. Гэтэл тэр нь миний сүүлчийн тэмцээн учраас бүх боломжоо дайчлах хэрэгтэй гээд шүд зуугаад гүйлээ. Урд гүйж яваа хоёр хятад тамирчныг заавал гүйцэх зорилго тавиад эцсийн хүчээ шавхсан. Бариандаа орлоо, хүрэл медалийн болзол хангасан байлаа. Хүмүүс ирээд намайг тэргэнцэр дээр суулгахад миний өвдөг дээр дахин нэг өвдөг ургасан мэт том хавдсан байсан. Ингэж Монголын баг Нанжинаас гурван хүрэл медальтай ирж байв. Манайхан ч ээлжилж үүрч гүйгээд сайхан дурсамж үлдсэн дээ, надад. Медалиа авахдаа тэргэнцэрээс буугаад өөрөө алхаж гарсан. Тэр бол миний спортоор хичээллэсний хамгийн том, бас бахархам амжилтын нэг.

-Таны мөрөөдөл?

-Биатлон бол залуу насандаа амжилт гаргах спорт биш юм байна гэдгийг мэдрээд ирлээ. Багадаа 10 жил уралдах хэрэгтэй. Сая ДАШТ-д эхний 30 байрт орсон тамирчдын олонх нь 30 болон түүнээс дээш насныхан. Мөнгөн медаль авсан америк биатлонч л гэхэд 37 настай гэж байгаа. Тиймээс дахин 10 жил зөвхөн энэ спортдоо үнэнчээр зүтгэж, хаа хүртэл явахаа үзмээр байна.

-Монголын нөхцөлд эмэгтэй хүн 10 жилийн турш спортоор дагнаад явах боломж байгаа болов уу. Ар гэрийн амьдралаас эхлээд олон хүчин зүйл нөлөөлнө шүү дээ?

-Мэдээж тийм. Гэхдээ болно гэж бодож байна. Тууштай байхад бид гадаадын шилдгүүдээс юугаараа ч дутахгүй уралдаж чадна. Энэ спортоор Азийн биатлончид ч амжилт үзүүлэх боломжтой юм билээ. Цанаар үндсэн техник, хооллолт зэрэг наад захын зүйлээ мэдээгүй л 10 жил гулгажээ. Гэтэл өөрөө л хичээж, өөрийгөө л тордох ёстой юм байна гэдгийг ойлгосон. Улсаас дэмжиж байна, холбоо дэмжлэг үзүүлдэг, Италиас дэмжлэгтэй боллоо. Тиймээс биатлоноороо хичээллэж, энэ спортоороо л хоолоо олж идье гэж шийдсэн. Хэрвээ би спортоо ингээд орхивол багшилна, эсвэл армиа дагах хоёр л зам байна. Тэгэхээр ерөөсөө 10-хан жил л хичээе. Өөр илүү зүйл хүсэхгүй. Биатлон тамирчдаа маш сайн дэмждэг, тэднийхээ амьдралыг боддог, зөв зохион байгуулалттай холбоо юм байна гэдгийг мэдэрлээ. Өөрийгөө сайн бэлтгэсний дараа туршлагажаад ирээдүйд сайн тамирчин төрүүлэх дасгалжуулагч болохоор шийдсэн.

Засгийн газрын мэдээ

Ж.Цолмон: Ковид-19 цар тахлыг эв нэгдэл, нэгдмэл санаа, нэгдсэн хүч устгаж чадна

$
0
0

91014580_218690366003572_1904834862112571392_n

КОВИД-19 вирусийн халдварын талаар АШУҮИС-ийн захирал Анагаах ухааны доктор, профессор Ж.Цолмонтой ярилцлаа.

-Яриагаа вирусийн талаар эхэлье. Шинэ Корона вирусийг лабораторит бүтээсэн ч байж болох юм гэсэн яриа гарч байсан. Танай сургууль манай улсын тэргүүлэх их сургууль, эрдэм шинжилгээний байгууллага. Энэ талаар эрдэмтэд юу гэж үзэж байгаа юм бол?

-Сонирхолтой асуулт байна. Манай сургуулийн эрдэмтэддэлхийн эрдэмтдийн үйлдэл, үйл ажиллагааг маш анхааралтай ажиглаж, импакт фактор өндөртэй эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд гарч байгаа нийтлэлүүдийг цагалдалгүй уншиж анализ хийж байна. Асар олон нийтлэл судалгаанууд гарч олон таамаглалыг дэвшүүлж байгаа болохоор маш болгоомжтой хандах хэрэгтэй.Тийм учир хамгийн нэр хүнд бүхий сэтгүүлүүд болох “Lancet”, “Science”, “Nature”зэрэг сэтгүүлүүд дээр хэвлдэгдсэн бүтээлүүдээс ярихад буруудахгүй байх гэж бодож байна. Эхлээд вирусийн талаар дэлхийн болон багш эрдэмтдийн гаргасан мэдээ, мэдлэгээс дурдая. Дэлхий дээр  нийт 1031 ширхэг вирус байна гэж таамагладаг бөгөөд70 кг жинтэй хүн байлаа гэхэд тэр хүний биед  дунджаар арвын арван хоёр зэргийн \1012\ эс, 1013 бактери байдаг гэж үзвэл дор хаяж  1014 вирус байх боломжтой гэсэн тооцооллыг эрдэмтэд гаргасан. Ер нь вирус нь хоёр хэсгээс бүрдэнэ. Нэг хэсэг нь генетикийн материал /геном/ буюу өөрийгөө олшруулах команд агуулсан дезоксирибонуклеотидын хүчил /ДНХ/, рибонуклеотидын хүчил /РНХ/ юм. Нөгөө хэсэг нь гадна талын бүрхүүл.Вирус нь амьтан, ургамлаас эхлээд бактери, мөөгөнцөр, замаг, археа зэрэг амьдралын бүх хэлбэрт халдварлаж чаддаг.

Коронавирус нь дотроо гучин мянган гаруй рибонуклеотид агуулсан РНХ вирус юм. Хүнд халддаг долоон янзын коронавирус байгаагын гурав нь гоц халдварт өвчин үүсгэгчид. Анхных нь 2003 онд Хятадад илэрсэн САРС гэж бидний нэрлээд байгаа нь, дараагийнх нь 2012 онд дэгдсэн МЭРС гэж нэрлэгддэг төрөл нь бөгөөд хамгийн сүүлийнх нь 2019 онд Хятадад анх бүртгэгдсэн САРС-КоВ-2 гэж нэрлэгдэж байгаа вирус болж байна. Энэ вирус нь хүнээс агаар дуслын замаар халддаг цар тахлыг үүсгэгч бөгөөд бид КОВИД-19 гэж нэрлээд байгаа билээ. Үүсгэгч вирус нь 120 нм хэмжээтэй бөөрөнхий хэлбэртэй, гадаргуу дээрээ титэм хэлбэрийн үзүүрүүдтэй. Энэ үзүүрүүд нь хүний эстэй холбогдох үүрэгтэй. Хүний эс дотроос уушигны цулцангийн эс буюу амьсгалд оролцдог эсүүдтэй амархан холбогддог. Нэгэнт холбогдвол цааш эс рүү нэвчин орж өөрийгөө хуулбарлах чадвартай. Хуулбарлагдан олон болсон вирус эсийг задлан гарахад уг үхсэн эсийг тойрч дархлааны эсүүд үрэвсэл үүсгэж, уушги үхжиж эхэлнэ. Чөлөөлөгдсөн вирусууд цааш дараагийн эс рүүгээ халдварлана. Энэ процесс нэг бол уг хүнийг үхэлд хүргэж дуусна эсвэл вирусуудийг дархлааны эсүүд дийлж устгаж дуусдаг. Вирусийн үүсгэж байгаа үрэвсэл нь хүндэрснээр амьсгалын дутагдалд хүргэж байгаа нь үхэлд хүргэх гол шалтгаан болж байгаа юм. Үүнээс гадна уг үрэвслээр халууралт, сепсис буюу үжил үүсдэг нь бас хүндрэл дагуулж байна.

Энэ шинээр үүссэн Корона вирус нь лабораторит бүтээгдсэн, тэр тусмаа биологийн зэвсэг мөн үү гэдэг талаар асуулаа. Одоо чинь мэдээллийг хүн өөртөө тааруулж, өөртөө ашигтай хэлбэрээр яаж л бол яаж цацдаг болсон үе шүү дээ. Цаана нь хэний сонирхол ямар эрх ашиг явж байна гэдгээс хамаарна. Заримд нь үзэл бодлоо илэрхийлэх ч эрх байхгүй байхад зарим нь дураараа зохиож байгаа шүүдээ. Тийм яриа гарч байсан. Харин одоо КОВИД-19 вирусийн шинж тэмдэг, хувь заяа, хэв шинж дээрээс үндэслээд энэ бол хиймэл вирус биш гэж үзэж байгаа юм билээ. Аль алиныг нь үгүйсгэхийн аргагүй.

-Тэгэхээр вирусийг хиймлээр гаргаж авч болно гэсэн үг үү?

-Вирус судлал өндөр хөгжиж есөн мянга гаруй вирусийг хиймлээр гаргаж авсан тоо баримт байдаг. Үүний нэг ньchimeric коронавирус SHC014 юм.Вирусээр халдварлагддаг гоц халдварт өвчнүүдийг судлах зайлшгүй шаардлага хүн төрөлхтний өмнө тулгарсан нь тодорхой. Генетик, молекул биологийн салбарын хөгжил вирус судлалыг ахисан түвшинд гаргасны үр дүнд вирусийн хувьслын ерөнхий механизмуудыг тайлбарлаж, шинэ төрлийн вирусуудийг нээж эхэлсэн.Шинжлэх ухаан вирус, бактери зэрэг прокариотын генетикийн материалыг хүссэнээрээ синтезлэж цоо шинэ амьд биет үүсгэж чаддаг болтлоо хөгжсөн. Үүнийг амьд биетийг угсарч байна гэж ойлгосон ч болно. Эдгээр үүсгэсэн бактерийг ашиглаж чихрийн шижингийн эмчилгээнд хэрэглэдэг инсулин үйлдвэрлэдэг, хавдар, зүрхний өвчин, нүдний эмгэгүүдийг эмчлэх бодис гаргахад ч хэрэглэж байгаа  учраас вирусийн эсрэг тэсвэртэй бактери бол чухал түүхий эд юм.

Э.Виммер тэргүүтэй Америкийн эрдэмтэд анхны синтетик вирусыг 2002 онд угсарсан нь долоон мянга орчим хос нуклеотид бүхий полиовирусийн бүтэн геном байсан. Энэ вирус нь полиомиелит гэдэг булчингийн хатингаршил үүсгэж үхэлд ч хүргэдэг халдварт өвчний үүсгэгч учраас Америк энхийн гэрээгээ зөрчиж биологийн зэвсэг бүтээсэн гэж олонтой шүүмжлүүлж, яг өмнө нь болсон 2001 оны Нью-Йорк хотын халдлагатай холбож сенцсаци болж байсандаа. Гэхдээ энэ нь цэргийн зориулалттай нууц лабораторид биш харин Америкийн нэг мужийн их сургуулийн жижиг лабораторид хийгдсэн нь нэг талаас вирус судлалын үсрэнгүй хөгжлийг харуулахаас гадна нөгөө талаас вирусийн гаралтай халдварт өвчний судалгааг эрчимжүүлэхгүй бол орчин үеийн биологийн лабораторитой улс орон ямар ч аюултай вирусийг үйлдвэрлэхэд бэлэн байна гэдгийг харуулсан. Одоогийн байдлаар есөн мянга гаруй вирусийг синтезлэж болох бөгөөд протокол нь олон нийтэд нээлттэй байгаа юм. Энэ жагсаалт дотор хамгийн хөнөөлт гоц халдварт өвчнийг үүсгэгч цагаан цэцгийн вирусийн геном ч байна. Синтетик болон генийн өөрчлөлттэй вирусийг биологи, анагаах ухааны маш олон туршилтанд хэрэглэх болсон нь энэ чиглэлийн бизнес хөгжиж микрочипт суурилсан ДНХ синтезлэдэг олон компани үүсэхэд нөлөөлсөн. Одоо зах зээл дээр гурван мянга гаруй хос нуклеотидын геномтой элэгний “B” вирусийг нэг зуун ам.доллараар синтезлэж байна. Үүнээс гадна эрт дээр үед дэгдэж байсан халдварт өвчнүүдийн үүсгэгч вирусуудийг ч хиймлээр гаргаж авч болдог болж. Жишээ нь хамгийн хөнөөлт цар тахлын нэг болох Испаний томуугийн вирусийг 1918 онд уг өвчнөөр Аляскад нас барсан хүний мөнх цэвдэгт оршуулсан цогцосноос авч лабораторид геномын дарааллыг нь тогтоосон байдаг.2008 онд Крэйг Вентерийн хүрээлэн дээр 20 гаруй эрдэмтэд 2 жилийн дотор нэг сая гаруй хос нуклеотидийн генетикийн материал бүхий Mycoplasma mycoides JCVI-syn1.0 гэдэг бактерийн нуклеотидыг синтезлэн угсарчихаад Mycoplasma capricolum гэдэг өөр бактерийн геномгүй эст суулгаж шинэ бактери үйлдвэрлэсэн нь хэвийн үйл ажиллагаатай, үржиж олширч байсан талаар дэлхий нийт шуугиж байсан. Байгалиас гадуур амьд биет угсарч чадсан энэ амжилт нь тэдгээр эрдэмтдийн 10 жилийн нөр их хөдөлмөр, 40 сая долларын хөрөнгө оруулалтын үр дүн байсан.Гэтэл 2008 онд Р.Барич тэргүүтэй Хойд Каролина их сургуулийн эрдэмтэд гучин мянга мянган хос нуклеотид бүхий геномтой САРС-тай төстэй коронавирус/SHC014-chimeric coronavirus/ бүтээсэн бөгөөд энэ нь амьд хулгана, хүний эсийн өсгөвөрт халдварлах чадвартай гэдгийг тухайн үед зарласан.  Энэ синтетик короновирусийг эмчилгээний арга гаргах зорилгоор туршилт судалгаанд ашиглахад чухал ач холбогдолтой нь тодорхой. Гэхдээ нөгөө талаас иймэрхүү хиймэл САРС төст коронавирус хэрэв лабораториос алдагдвал цар тахал үүсгэх боломжтой гэдгийг тэр үед олон эрдэмтэд сануулж байсан байдаг.

-Вирус мутацид орно гээд яриад байх юм. Энэ коронавирус мутацад орох уу? Мутацид орно гэхээр яг яадаг юм бол, бүх вирус мутацид ордог уу?

-Вирус санамсаргүй мутацид орж шинэ генетикийн материал үүсгэдэг. Мутаци гэдэг нь уг вирусийн генетикийн материал буюу ДНХ, РНХ нь эргэж засагдахааргүй өөрчлөлтөнд орохыг хэлдэг. Ерөнхийдөө РНХ вирусууд мутацид илүүтэй ордог. Учир нь РНХ вирус амьд эсийн дотор оронгуутаа уг эсийн рибосомыг ашиглан өөрийгөө хуулбарлан олшруулж эхлүүлдэг. Энэ механизм нь вирусийн РНХ полимераза гэдэг энзимээр зохицуулагддаг бөгөөд уг энзим нь хуулбарлалтын явцад гаргасан алдааг засаж чаддаггүй. Харин ДНХ вирус амьд эсэд орчихоод заавал уг эсийн бөөмөнд нэвтэрч геномтой холбогдож байж хуулбарлалтаа эхлүүлдэг учраас ДНХ полимераза гэдэг өөр энзим ашигладаг. Энэ механизм нь хуулбарлалтын явцад гаргасан алдааг засах боломжтой учраас ДНХ агуулдаг вирусууд мутацид орохдоо бага байдаг байна. Коронавирус нь хүний биеийн эсэд ороод хуулбарлагдахдаа олон янзын мутацид ордог РНХ вирус учраас одоог хүртэл САРС-ыг төгс эмчлэх эм, урьдчилан сэргийлэх вакцин гаргаж чадаагүй байна.

-Короновирус буюу КОВИД 19 вирусийн эсрэг эмчилгээ гарах боломж ойртож байгаа болов уу?

-Энэ цар тахал хүндэрсэн үед үхэлд хүргэдэг аюулт өвчин учраас эмчилгээний арга маш эрчимтэй хайж байна. Баталгаатай арга байхгүй байгаа ч фавипиравир, ремдесивир, калетра зэрэг вирусын эсрэг үйлчилгээтэй эмүүд арай илүү үр дүнтэй байна гэж мэдээлж байна. Гидроксихлороквин гэдэг хумхаагийн эсрэг эм, тосилизумаб гэдэг үрэвслийн эсрэг эм бэлдмэлүүд эерэг нөлөөтэй байж болзошгүй. Өвчлөөд эдгэрсэн өвчтөнүүдийн цусанд уг вирусийн эсрэг дархлааны эсрэг биеэт үүсдэг. Үүнийгашигласанэмүүдтуршилтыншатандбайна.

Өөр нэг дэвшилтэт эмчилгээний арга бол генийн инженерчлэл ашигладаг CRISPR зэрэг арга нээгдсэн байгаа юм. Үүнийг ойлгохын тулд бага зэрэг генетик сонирхох хэрэгтэй болно.  CRISPR-CAS системгэдэгнь clustered regularly interspaced short palindromic repeats- CRISPR-associated protein гэдэг үгнүүдийн товчлол бөгөөд вирусээс өөрийгөө хамгаалах бактерийн дархлааны систем юм. Өөрөөр хэлбэл бактерид халдварлаж чаддаг бактериофаг зэрэг вирусийн геномыг эсийн дотор хуулбарлагдахаас нь өмнө таньж задалж чаддаг шат дараалсан процесс юм. Энэ системийг ашиглаж дурын эс дотор генийн өөрчлөлт хийж болдог аргыг 2013 онд нээж маш олон амжилттай туршилтууд хийгдэж байна. Жишээ нь 2020 оны 2-р сард CRISPR-CAS системийг ашиглан шинэ коронавирусийг 30 минутан дотор оношлодог арга нээснээ Маммот Био сайнс компани зарласан. Энэ нь ердийн RT-PCR хэрэглэж 6 цагийн дотор оношлодог аргатай харьцуулахад хамаагүй богино хугацаанд найдвартай оношлодог учраас онгоцны буудал, хилийн боомт, яаралтай тусламж үйлчилгээнд өргөн хэрэглэж эхэлж байна. Бүр 3 секундэд оношлох цомог бүтээсэн гэдгээ Японы нэг компани саяхан мэдэгдсэн.

Хамгийн үр дүнтэй байж болох энэ эмчилгээний хувилбарыг Станфордын их сургуулийн эрдэмтэд анх гаргахдаа cas13d энзимийг ашиглан шинэ коронавирусийн популяцийн ерэн хувийг устгах боломжтойг эсийн өсгөврийн судалгаагаараа тогтоосон. Гэхдээ энэ судалгаагаар хүний уушигны эсэд уг системийг хүргэх аргыг тодорхойлоогүй байна. Харин саяхан Харвардын их сургуулийн эрдэмтэд шинэ коронавирусийн хуулбарлалтыг хариуцдаг генүүдийг /ORF1, S/ болон өвөрмөц арван пептидийн генийг сонгомлооролж устгадаг CRISPR-CAS13D системийг зохиосон гэдгээ хоёрдугаар сарын 18-нд зарласан байна. Энэ эмчилгээг хэрэглэхэд хүний эсийн геномд өөрчлөлт гарах ёсгүй бөгөөд үүнийг шалгахдаа уушигны эсийн геномын дарааллыг эрүүл ба өвчтэй хүндээр харьцуулж байж гаргадаг. Гэхдээ энэ эмчилгээ нь шинэ коронавирусийн халдвар авсан хүмүүст зориулсан эмчилгээ байх бөгөөд тэдний уушигны эд эсэд уг системийг хүргэхийн тулд хоруу чанаргүй синтетикаденовирусийг хэрэглэнэ гэдгээ тайлбарлажээ. Одоо энэ эмчилгээний арга туршилтын шатандаа явж байна.

Үүнээс гадна уг вирусийг хүний биед халдварлахаас урьдчилан сэргийлэх зорилготой вакцин гаргаж авах нь маш чухал. Яг одоо Герман, АНУ, БНХАУ-ын хэд хэдэн компани РНХ, ДНХ ашигладаг вакцин гаргаж авахаар ажиллаж байгаа бөгөөд төгс үр дүнтэй нь батлагдсан тохиолдолд л үйлдвэрлэж, нийтийн хэрэглээнд нэвтрүүлэх ёстой учраас цаг хугацаа шаардагдаж байна. Үүнээс гадна коронавирус нь РНХ вирус учир маш хурдан мутацид ордог учраас вакцин гаргахад хүндрэл учруулж байгаа юм. КОВИД-19 цар тахал иддэгдэж байгаа энэ үед уг вирусийн эсрэг вакцин гаргаж авахад дор хаяж 12 сар шаардлагатай гэж эрдэмтэд үзэж байна. Энэ нь уг вирусийн геномын дараалал, өсгөвөрлөл, дархлааны хариуурвал, патогенезийг судлах, тохирох вакцины хэв шинжийг олох, эсийн өсгөвөр ба лабораторийн амьтан дээр турших, хүн дээр эмнэлзүйн туршилт хийж баталгаажуулах, үйлдвэрлэх, түгээх зэрэг дэс дараалсан нарийн үйлдлүүдийг зөв зохион байгуулах шаардлагатай байдагтай холбоотой.

-Энэ шинэ коронавирусийн халдвар өмнөх САРС-аас ялгаатай юу?

-Манай эрдэмтэд КОВИД 19 халдварын дэгдэлтийн өмнө нь гарч байсан САРС, МЭРС-ийн дэгдэлттэй ижил төстэй болон ялгаатай талуудыгсудалсан. КОВИД 19 вирус нь САРС МЭРС-ээс илүү халдварлах чадвартай, халдвар авсан хүмүүсийн 80 хувьд шинж тэмдэг илрэхгүй, хөнгөн хэлбэрээр явагдаж байгаа учир шинж тэмдэггүй халдвар тараах, хурдан тархалттай, эрсдэл өндөртэй байна.Түүнчлэн нас баралтын хувь, нийт нас барсан хүний тоогоор ялгаатай бөгөөд бага хувьтай байгаа боловч сүүлийн үед өсч 4,5 хувьд хүрч, насбарагсдын нас 55 наснаас дээш байсан бол залуужиж эхэлж байна.

-КОВИД19- вирусийн дэгдэлт цар тахлын хэмжээнд хүрч маш хурдан хугацаанд бүх дэлхийг бүрхлээ. Монгол улс бусад орныг бодвол харьцангуй гайгүй байдалтай байна. Манай орон энэ байдлаа хадгалж чадах болов уу?

-Дэлхийн тэргүүлэх эрдэм шинжилгээний “Lancet” сэтгүүлд саяхан хэвлэгдсэн судалгаагаар нийгмийн эрүүл мэндийн зүгээс САРС-ын дэгдэлт болон бусад халдварт өвчний үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд хэр үр дүнтэй байгаа дээр анализ хийж таван чиглэлд дүгнэлт гаргасан байна билээ. Өвчтэй тохиолдлыг эрт илрүүлэн тусгаарлах, хавьтлыг илрүүлж хөл хорио тогтоох, бүх нийтийг хамарсан хөл хорио тогтоох, ариун цэвэр эрүүл ахуйн дэглэмийг чанд сахих зэрэг арга хэмжээнүүд нь үр дүнтэй хэвээр байгааг нотолсон.

Манай ЭМЯ, УОК-ын цаг үеээ зөв тооцоолж гаргасан шийдвэрүүд нийт монголчуудынхаа эрүүл мэндийг эрсдэлээс хамгаалж, КОВИД-19 цар тахлын эхний давалгааг ямар ч халдваргүй гаргасан нь бахархалтай хэрэг юм. Одоо ч бид халдвар хамгааллын дэглэмээ чанд баримталж, цаг уур дулаарах тусам хөл хорионы байдлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нь энэ цар тахлыг бага хохиролтой даван туулахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

 Улс үндэстэн бүр КОВИД-19 цар тахлын эсрэг бүхий л бололцоотой арга хэмжээнүүдийг цаг алдалгүй авахын тулд хичээж ажиллаж байна. Хатуу дэглэм, журмыг тогтоож байна. Торгох, эрүү үүсгэх, хорих ял өгөх хүртэл арга хэмжээг авах хуулийн заалтыг хийж, хэрэгжүүлж эхлээд байна.Одоо яг жинхэнэ ДЭМБ, ЭМЯ, Онцгой комиссоос өгч байгаа заавар, зөвлөмжийг урд хоёр сараас илүүтэй дагаж мөрдөх ёстой үе дээрээ ирж байна. Энэ байдал нь нэг улс орны асуудал бус дэлхий нийтийн асуудал болж байна.

Тийм учир улс оронд ард түмний, дэлхий нийтэд улс орнуудын ЭВ НЭГДЭЛ, НЭГДСЭН САНАА, НЭГДМЭЛ ХҮЧ-ээр энэ цар тахлын ард хамтдаа гарна. “STAY STRONG WORLD” гэж дэлхийн хүн төрөлхтөн дуу хоолойгоо нэгтгэж байна.

Энэ өвчинд газар нутаг, гарал үүсэл, албан тушаал, эд хөрөнгө огт хамаагүй гэдгийг бэлхнээ харуулж байна. Манай хөрш орнууд зөвхөн өөрсдийн хүн амыг энэ цар тахлаас амжилттай хамгаалаад зогсохгүй бусад улс орнуудад эд материалын болон хүмүүнлэгийн цогц тусламжуудыг харамгүй сэтгэлээр үзүүлж байгаа нь дэлхий нийтийн улс орнуудын эв нэгдэлд маш чухал эерэг нөлөө үзүүлж байна.Монгол Улс хоёр том хөрштэй, далайд гарцгүй орон. Хамгийн гол нь манайх шиг геополитикийн онцлогтой улс орон нөхцөл байдлаа зөв ашиглаж чадвал бага эрсдлийг амсана. Энэ хэцүү нөхцөлд жинхэнэ сайн хөршүүд шиг бүх түвшинд итгэмжилсэн байдлаар хамтарч ажиллаж болохыг харуулсан сайн жишиг тогтлоо. Ганц энэ тохиолдолд биш цаашид гарч болох байгалийн гамшиг, эдийн засгийн хямралын үед ч манай гурван орны төр засгийн удирдагч нар шууд харилцаж, шуурхай тусламж, харилцан дэмжих арга хэмжээгээ үр өгөөжтэйгээр хэрэгжүүлдэг байх нь манай улсад маш ач холбогдолтой.

Үүнээс гадна халдварын оношлогоог илүү өргөн хүрээнд олон хүнд зэрэг хийх, хүндэрсэн тохиолдолд эрчимт эмчилгээний тасаг, эмнэлэг байгуулах шаардлага гарах өндөр магадлалтай байгаа энэ үед эрсдлээс урьдчилан сэргийлж оношлогооны лабораториудыг шинэчлэн зохион байгуулах, түргэвчилсэн оношлогооны цомгийг их хэмжээгээр нөөцлөх, амьсгалын аппаратуудыг импортолж оруулж ирэх арга хэмжээнүүдийг цаг алдалгүй зохион байгуулах нь зүйтэй гэсэн саналтай байна. Ойрын хугацаанд био аюулгүй байдлын хоёр, гуравдугаар зэрэглэлийн стандарт хангасан лабораторитой болох шаардлага зайлшгүй гарч байна. АШУҮИС-ийн эмнэлгийн үйл ажиллагаа жигдрээд бүрэн хүчээр ажиллаад ирэхээр Монгол Улсад анагаахын шинжлэх ухаан олон алхам ургашлах, олон улсын техник технологийг нутагшуулахаас гадна өөрийн байгаль цаг уур, ард түмний онцлог байдал дээр тулгуурласан технологи, эмчилгээний өвөрмөц арга барил, стандартыг нэвтрүүлэх, эмнэл зүйн судалгаа, шинжилгээ хийх боломж илүүтэй бүрдэх юм.

-Харин бусад орны эрх баригчид ямар арга хэмжээ авч байна? Бид ямар туршлага авч хэрэгжүүлэх нь зүйтэй вэ?

-2020 оны 3 сарын 11-ний өдөр ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Гебреисус коронавирусийн халдварыг цар тахал гэж зарлан бүх орны удирдагч нарыг яаралтай зохих хэмжээний арга хэмжээ авахыг уриалсан.  Олон улсын эрүүл мэндийн дүрмийн дагуу дэлхийн улс орнуудад халдварт өвчний дэгдэлт гарч НЭМ-ийн ноцтой байдал үүсэхэд ДЭМБ-аас боловсруулсан удирдамж, зөвлөмжийг баримтлан ажиллах шаардлагатай. Улс орон бүр өөрсдийн нийгэм эдийн засгийн нөхцөл байдал, халдварын онцлогт тохирсон арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. ДЭМБ дэлхийн улс орнуудыг халдвар тархсан байдлаар нь дөрөв ангилж нэн шаардлагатай авч хэрэгжүүлэх үйл ажиллагааг есөн чиглэлд нарийн тодорхойлсон байгаа. Манай улс НҮБ, ДЭМБ-ын гишүүн орны хувьд дэлхийн хамтын нийгэмлэгийн шийдвэрийг дагаж мөрдөх учиртай.

Төр засаг маань бүхий л арга хэмжээг авч байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ард иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийг Нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвараас чөлөөлж, мөн 1,5 тэрбум төгрөгөөс бага орлоготой компани, аж ахуйн нэгжийг татвараас чөлөөлж, гурав хүртэлх настай хүүхэд болгонд сар бүр гучин мянган төгрөг өгөхөөр болсон гэх мэт олон арга хэмжээ нь улс орон, ард түмнээ энэ цар тахлаас хамгаалахад чиглэгдсэн том арга хэмжээ, төрийн зөв оролцоо, эдийн засгийн том дэмжлэг гэж бодож байна.

-Энэ цар тахлын үед хувь хүмүүст та ямар зөвлөгөө өгөх вэ?

-Бидний өдөр тутмын амьдрал энэ цар тахлаас болж маш хурдан өөрчлөгдлөө. Ялангуяа сургуулийн хүүхдүүд, оюутнууд гэрээрээ онлайн хичээл хийцгээж байна. Энэ нь тэдний бие дааж сурах чадварт эергээр нөлөөлж, мөн ЕБС, Их, дээд сургуулиуд цахим хичээлийн хөтөлбөрүүдээ улам чамбайруулж, дэхий нийтийн боловсролын байгууллагууд туршлагаа хуваалцаж харилцаа холбоо улам найрсагжин лавширч байна. Цахим хөтөлбөрийн хувьд зөвхөн манай оронд төдийгүй дэлхийн боловсролын байгууллагуудын өмнө яг ижил асуудлууд тулгарч байна. Харин тэдний оюутан, сурагчид ч тэр манайхан ч цахим сургалтаар өгөгдөхгүй байгаа мэдлэгээ өөрсдөө олж авахын төлөө хичээн чармайж байна. Ирээдүйн иргэд, оюутан, сурагчидаа халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зөв зохион байгуулж, удирдлага арга зүйгээр хангаж дэмжиж ажиллаж байгаа БСШУСЯ-ныхаа хамт олонд талархал илэрхийлэхийг хүсч байна. Цахим сүлжээнийхээ үнийг хөнгөлж оюутан сургачдынхаа мэдлэг оюунд хувь нэмрээ оруулж байгаа G-mobile, Univision, гээд бусад олон байгууллагууддаа баярлаж байгаагаа хэлье.

Үүнд юуны түрүүнд гэр бүлийн халуун дулаан уур амьсгал чухал нөлөөтэй. Учир нь сэтгэлзүйн тулгамдсан байдал буюу стресс нь дархлааг хамгийн ихээр дарангуйлж чаддаг гол хүчин зүйлүүдийн нэг юм. Тийм учраас хөл хорионы энэ хугацааг гэр бүлийнхэнтэйгээ хамт байх, тэдэндээ цагаа зориулах, чин сэтгэлээсээ бие биенээ хайрлаж хүндлэх боломж бидэнд гарч байна. Нөгөөтэйгүүр биеийн тамирын дасгал хөдөлгөөн эсвэл йогийн дасгал зэрэг зөөлөн дасгалыг өдөр бүр заавал тогтмол хийж байх нь дархлааг дэмжих, сэтгэлзүйн байдлыг сайжруулах үндсэн аргын нэг юм. Хэрвээ боломжтой бол бясалгал зэрэг техникүүдийг эзэмшихэд цаг заваа зарцуулвал маш их ашиг тустай. Энэ талаар сонирхож байвал шинжлэх ухааны үндэслэлтэй нарийн арга техникүүдийг нь сурвал зүгээр. Жишээлбэл Японы эрдэмтдийн боловсруулсан коро-майндфүлнес гэдэг маш үр дүнтэй арга байдгийг манай Тархи судлалын хүрээлэнгийн эрдэмтэд санал болгож байна. Тархи судлалын хүрээлэн мааньдэргэдээ эмнэл зүйн судалгааны лабораторитой болж байгаа. Тэнд монгол хүний уураг тархины бүтэц, үйл ажиллагааны онцлог, сэтгэлгээний хэв шинжийг судлана. Үүнд монгол хүнямар үед стресст ордог, стресст орохоороо дархлаа нь хэрхэн өөрчлөгддөг, тэр нь ямар өвчний шинж тэмдэгээр илэрдэг, түүнийг хэрхэн урьдчилан сэргийлж эмчлэх боломжтой вэ гэдэг бүрэн хариулт өгөх эрдэмтдийн баг удахгүй үйл ажиллагаагаа эхэлнэ.

-Чухал мэдээлэл өгсөн танд баярлалаа. Танд өөр бидэнд хэлэх санал зөвлөгөө байна уу?

-Та бүхэн дэлхийн өнцөг булан бүрт эмч, сувилагч, асрагч нар маань яаж нойр хоолгүй зүтгэн ажиллаж, зарим нь эрдэнэт амь насаа энэ бүх ариун үйлсийн төлөө зориулж байгааг сэтгэл шимшрэн харж байгаа биз ээ. Ийм зүрх сэтгэлээсээ бусдыг хайрлаж, бусдын эрүүл мэндийн төлөө ажиллаж амьдрахдаа сэтгэл нь дүүрэн явдаг буянтай улс үнэхээр ховор байх. Өөрийн амь насаа алдаж магадгүй гэдгийг мэдсээр байж эмнэлгийн хаалгаар зоригтой орж өвтөнүүдийгээ аврахын төлөө чин сэтгэлээсээ тэмцэж байж ажлын байран дээрээ нас барцгаасан тэр баатарлаг эмч, эмнэлгийн ажилтан нарын гавьяаг бид үргэлж санахёстой.

Манай эмч нар, Онцгой комисс, Мэргэжлийн хяналт, цагдаагийн ажилтнууд эрэлхэг зоригтой, өндөр ёс суртахуунтай, бидний төлөө ямар их тэвчээр, ямар их сэтгэл гарган зүтгэж байгааг хараад үнэхээр бахархаж байна. Ялангуяа цар тахлын аюулыг мэдсэн цагаасаа хойш тасралтгүй ажиллаж байгаа нийт эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ЭМЯ-ны удирдлага, ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн газрынхан, тэр тусмаа Халдварт өвчин судлалын үндэсний төвийн хамт олон, манай багш,  резидент эмч нар, вирус судлаач нартаа онцгой баярлаж талархаж байгаагаа илэрхийлье.

Эцэст нь ард түмнийхээ сайн сайхан, эрүүл энхийн төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байж унтах нойр, идэх хоолоо умартан өдөр шөнөгүй зүтгэж байгаа эх орны цагаан халаттай дайчид ЭМЧ Та нартаа Дэлхийн эмч нарын баярын мэндийг хүргэж эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхний дээдийн дээжийг хүсэн ерөөе.

С.Баттулга: Гэр бүл хамгийн нандин гэдгийг харуулахыг зорьсон

$
0
0

91025780_533881867279315_4932141396762034176_n

Бямба, ням гарагт үзэгчдийг дэлгэцийн өмнө уяж, ярих ярианы сэдэв болоод буй “Бүтэн амьдрал” киноны ерөнхий найруулагч Сувидын Баттулгыг түр хүлээлгэж цөөн асуултад хариулт авлаа.

-Киноныхоо зохиолыг хэрхэн сонгосон бэ?
-КBS  телевизээр үзэгчдэд хүрч, өндөр хандалттай байсан Солонгосын олон ангит киног зохиолчоос нь албан ёсны зөвшөөрөл авч хийсэн. Мэдээж зохиолын үйл явдал, дүрүүдийн зарим харилцаа, хандлагыг Монголын орчин нөхцөлд тааруулан хөрвүүлсэн. Түүнээс шууд хуулбарласан зүйл биш.  Ахуйн драм төрлийн кино учраас үзэгчдэд ойр, хүртээмжтэй байх талаас нь сонгосон.

-Гол дүрийн жүжигчдийг хэрхэн сонгосон бэ?
-Продюсер, найруулагчдын баг ярилцаад жүжигчдээ сонгож санал тавьсан. Жүжигчид  маань зохиолоо уншаад маш сайхан хүлээж авсан.  Багаа бүрдүүлээд урам зоригтойгоор ажлаа эхэлсэн.

-Киноны зураг авалтыг нэлээд олон газар хийсэн байсан?
-Кино зургийн зарим хэсгийг Хөвсгөл, Өмнөговь аймаг болон Туркийн Анталия хотод очиж хийсэн. Зураг авалтын ихэнхийг Улаанбаатар хотод авсан. Айл, гэрт өрнөж буй зургуудыг павилион засаж, тохижуулан авсан.  Энэхүү кинонд 100 гаруй уран бүтээлчийн хөдөлмөр шингэсэн. Бид хагас жил зүтгэж байж 24 ангитай кино хийлээ.

-Цаашид олон ангит кино хийх бодол байна уу?
-Одоогоор хэд хэдэн уран бүтээлийн төсөл яригдаж байна. Үүн дотор олон ангит кино бий.

-Киног зөвшөөрөлгүй олон нийтэд цацах тохиолдол цөөнгүй гарсан. Оюуны өмчөө хэрхэн хамгаалж байна вэ?
-Кинонд маань хүмүүсийн ам нааштай байх шиг. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр хулгайн линк, пэйжүүд зөндөө байна. “Юнивишн”, “Номадиа пикчерс”-тэй хамтарч ажилласан. Хулгайгаар цацаж буй асуудал дээр “Номадиа”-гийнхан түлхүү анхаарч байгаа. Сошиалд цацагдсан ангиудыг устгах зэргээр тэмцэж байна. Мөн Оюуны өмчийн газар болон цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллаж байгаа байх. Би найруулагч учраас нарийн асуудлыг мэдэхгүй.

-Энэ бүтээл үзэгчдэд юуг ойлгуулаасай гэж хүсэж байна ?
-Энэ кино бүсгүй хүний амьдралын томоохон эгшнүүдийг харуулсан ахуйн драм. Зохиол тэр дундаа кино зохиол хүний амьдралд байдаг, адармаатай үйл явдлуудыг сийрүүлсэн эгшин. Манай киног үзээд энэ их зовлон, амьдралын бартаатай замд өөрийн мөн чанараа хадгалж үлдэх нь чухал гэдгийг ойлгоосой гэж хүсэж байна. Хүнд хэцүү бүхэнд  өвдөг сөхөрлөө ч хүн хүнээрээ байх хэчнээн сайхан. Эцэст нь гэр бүл хамгийн нандин гэдгийг харуулахыг зорьсон.

http://www.npost.mn/a/166450

П.Өлгийсайхан: Зөвхөн үс засалтаар тухайн хүний харагдах байдлыг 100 хувь өөрчлөх боломжтой

$
0
0

59

Дуртай ажлаа хийж, түүгээрээ дамжуулан үйлчлүүлэгчиддээ сэтгэл ханамжийг мэдрүүлж, сэтгэл ханамжийг мэдэрч, эгэл, энгийнээр ажиллаж хөдөлмөрлөн амьдардаг П.Өлгийсайхан гэх үсчин бүсгүйг энэ удаагийн “ЭГЭЛ ХҮН” ярилцлагын буландаа урилаа.  

Ирээдүйд сэтгүүлч юм уу эмч болно гэх том мөрөөдөл тээж хичээн суралцдаг байсан охин нэг л өдөр үсчин болох шийдвэр гаргасан нь өдгөө түүнийг амжилтын зүг хөтөлж, өөрийн гэсэн үйлчлүүлэгчид, салонтой мундаг үсчин, олон мянган шавьтай гайхалтай багш болох эхлэлийг нь тавьжээ.

 Зориод ирсэн хүн бүрийг өөрөө өөртөө таалагдаж, дурлатал нь гоё сайхан болгохын төлөө бүх сэтгэл зүрхээ зориулан хичээж ажилладаг тэрбээр шүүмжлэлийн үгсийг тун ч бага сонссон гэнэ.  Бид түүнтэй уулзаж, цөөн хором ярилцлаа. Биднийг хэсэгхэн хугацаанд ярилцаад гарч ирэхэд П.Өлгийсайханаар үйлчлүүлэхээр зорьж ирсэн үйлчлүүлэгчид нь дугаарлаад суучихсан хүлээж байсан юм.

-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Zaluu.com сайтын уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг П.Өлгийсайхан гэдэг.  Үсчин мэргэжилтэй. Одоо “ТOPAZ” гээд үсчин гоо сайхны салон ажиллуулдаг.

 -Үсчин болох таны багын хүсэл мөрөөдөл байсан уу?

-Үгүй ээ. Миний багийн мөрөөдөл сэтгүүлч юм уу эмч болох байсан. Харин жаахан том болоод ирэхээрээ хүн өөрийнхөө сонирхол болон бусад хүчин зүйлээс шалтгаалж сонголтоо хийдэг юм билээ. Гэнэт л үсчин болохоор шийдсэн.

-Яагаад үсчин болохоор шийдсэн юм бол?

-Би өөрөө маш шингэхэн үстэй. Шингэн үс янзалж, арчлахад маш хэцүү байдаг. Яаж ч янзлуулаад гоё болдоггүй байсан. Тиймээс шингэн үстэй хүмүүст тусладаг, үсийг нь гоё болгож өгдөг  мундаг үсчин болох юмсан гэж бодоод үсчин болохоор шийдсэн. 

-Хэдэн жил ажиллаж байна вэ?

-2000 оноос ажиллаж эхэлсэн гэхээр яг 19 жил болж байгаа юм байна.

-Ажлын гараагаа хаанаас эхэлж байв?

-Анх Матрикс салоноос ажлын гараагаа эхэлж, тэндээсээ маш их зүйлийг сурч мэдэж авсан.

-“ТOPAZ” салоноо байгуулаад хэр удаж байна вэ?

-2000 онд үсчинд болоод “Матрикс” салонд таван жил ажилласан. Тэндээсээ 2015 онд гараад,  өөрөө салоноо нээгээд,  төнөөдрийг хүртэл ажиллаж байна.

-Хүний “тэргүүн”-тэй байнга харьцдаг хүнд хэцүү бэрхшээлтэй зүйл олон тулгардаг байх. Өнгөрсөн 19 жилийн хугацаанд шантрах үе гарч байв уу?

-Хэцүү, бэрхшээлтэй зүйл зөндөө олон байдаг. Тэр ч утгаараа шантрах үе ч байсан. Үс сайхан бол зүс сайхан. Зүс сайхан бол сэтгэл сайхан гэдэг учраас үс нь ямар байхаас тухайн хүний гадаад төрх тодорхойлогддог гэж боддог. Дээрээс нь сэтгэл санаанд нь хүртэл нөлөөлж байдаг. Тиймээс хүний үсийг муухай засах эрх ямар ч үсчинд байхгүй. Өөрөөр хэлбэл, зассан үс засалт болгон тухайн үйлчлүүлэгчид заавал таалагдах ёстой байдаг. Тэр ч утгаараа маш их толгой ажиллуулдаг, хэцүү мэргэжил. 

-Тэгвэл таны мэргэжлийн хамгийн сайхан зүйл нь юу вэ?

-“Үнэхээр сайхан болжээ. Танд баярлалаа” гэх чин сэтгэлийн үгсийг сонсож, үйлчлүүлэгчдийнхээ аз жаргалтай инээмсэглэлийг өдөр бүр хардаг учраас би өөрийгөө азтай эмэгтэй гэж боддог. Мөн үсээ засуулсан хүмүүст тухайн засалт нь таалагдвал нүд нь гэрэлтээд л явчихдаг. Гаднаас жаахан уравгар орж ирсэн хүн үсээ засуулаад гарахаараа улам илүү өөртэй итгэлтэй болоод, сэтгэл дүүрэн инээгээд гарахыг харах үнэхээр сайхан байдаг. 

-Таны хувьд үйлчлүүлэгчиддээ хэлэх дуртай, байнга хэлдэг үг бий юу?

-Өөрчлөлтөд бэлэн бай гэж хэлэх дуртай. Зөвхөн үс засалтаар тухайн хүний харагдах байдлыг 100 хувь өөрчлөх боломжтой гэж би хардаг. Цаг хугацаа бидний шинэ эрин, шинэ зуун руу авч явж байхад бид ч гэсэн илүү цоглог, илүү залуу, илүү эрч хүчтэй байх ёстой юм шиг санагддаг. Тэр ч утгаараа тухай хүний нэгэн хэвийн үс засалтыг эрч өөрчилж, огт өөр шинэ хүнийг бүтээж өгөхийг эрмэлздэг. Тэр нь ч үйлчлүүлэгчдэд маань таалагддаг. Сүүлийн үед над дээр үснийхээс засалтыг эрс өөрчлүүлэх хүсэл сонирхолтой хүмүүс их ирдэг болсон. “Та намайг өөрчлөөд өгөөч” гэдэг үгийг бараг өдөр бүр, цаг мөч тутамд сонсож байна даа.

 -Мэдрэмж, мэдлэг хосолсон хүн л үсчин хийдэг байх. Тухайн хүнийг өөрчлөхийн тулд гоо сайхны талаар их мэдлэг хэрэгтэй. Хүний үс засахад мэдрэмж маш чухал юм шиг санагддаг?

-Тухайн үйлчлүүлэгчийнхээ үсийг яаж засвал зохих вэ гэсэн бодлоос л ажил эхэлнэ. Миний хувьд гэхэд даруухан, үг дуу цөөтэй, бүрэг ичимхий үйлчлүүлэгчдийнхээ үсийг засахдаа “Би энэ хүнийг яаж даруухан биш, арай жаахан цоглог, галзуу харагдуулах вэ” гэж хамгийн түрүүнд боддог.  Ингэснээр тухайн хүн илүү өөртэй итгэлтэй болж байгаа нь надад мэдрэгддэг.

-Таныг үйлчлүүлэгчиддээ зөв хооллолтын зөвлөгөө өгдөг гэж сонсч байсан юм байна?

-Үс унасан байдлаар нь тухайн үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн байдлыг мэдэх боломжтой байдаг. Цус багадалт, ходоод өвдөх, сэтгэл санаа тавгүйтэх гэх мэт маш олон шалтгаанаар хүний үс унадаг. Бүх өвчний үеийн үс уналт өөр өөр байдаг. Тиймээс би үсийг нь хараад таны тийм юм өвддөг үү. Та хооллолт дээрээ анхаараарай гэх мэт зөвлөгөөнүүдийг өгдөг. 

-Үс эрүүл бол бие эрүүл гэдэг. Гэрийн нөхцөлд бид үсээ хэрхэн арчлах ёстой вэ?

-Манайх жилийн дөрвөн улиралтай. Эрс тэс уур амьсгалтай. Тэр ч утгаараа зун хэрэглэж байсан зүйл нь намар нь таарахгүй байх тохиолдол их байдаг. Тиймээс улирал улиралд нь таарсан арчилгааг хийдэг байх хэрэгтэй. Арчилгаа нь маш энгийн. Юу вэ гэвэл аль болох ангижруулагчаас татгалзах хэрэгтэй. Учир нь ангижруулагч үсний угийг налчийлгаад, үзүүрийг нь арзайлгаад байдаг. Тиймээс ангижруулагчийн оронд тэжээлийн тос хэрэглээд гурав, дөрөвхөн минут болгочход л үс хангалттай хэмжээний тэжээл авчихдаг. Тиймээс ангижруулагчаас татгалзаж, өдөр тутамдаа тэжээлийн тос хэрэглэхийг зөвлөж байна. 

Та зөвлөгөө авах, үсээ засуулж өөртөө итгэлтэй алхахыг хүсвэл Өлгийсайхан үсчиний холбоо барих утас 99273484

Бурак Озчивит: Фахрие бол миний цорын ганц бүсгүй

$
0
0

Олны сэтгэлийг байлдан дагуулсан Туркийн “Мөнхийн хайр” киноны гол дүрийн жүжигчин, модель, бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг булаасан Бурак Озчивитийн ярилцлагыг орчуулан хүргэж байна.

-Ийм сайхан залуу байх нь танд саад болдоггүй юу, асуудал үүсгэхгүй байна уу?

-Энэ асуултад юу гэж хариулах юм бэ? Би дэлхий ертөнцийг энэ талаас нь хардаггүй. Хэрвээ сайхан байлаа гээд л бүх зүйл болдог байсан бол би энэ амжилтад хүрэхгүй байсан. Физиолог хүнд давуу тал болох нь мэдээж ч өөр нэгэн зүйл заавал байх ёстой. Ухаан, авьяас, мэргэжилдээ дуртай байх гээд олон зүйл бий. Би энэ бүгдийн төлөө их хүч зарцуулсан.

-Та үнэхээр л зөвхөн сайхан залуу биш. Би Венад хийгдсэн видеог үзсэн юм. Энэ бол төсөөлшгүй зүйл байсан. Тэнд юу болсон талаар яриач?

-Бид нар ч бас их гайхсан. Эхнэр бид хоёр амрахаар явсан юм. Бид яг л шувуу шиг эрх чөлөөтэй, жаргалтай байлаа. Бид хоёр буусан зочид буудлынхаа тагтан дээр сэлфи хийсэн юм. Хамгийн алдартай талбай бидний ард байсныг ч мэдээгүй… Дараа нь бид зугаалахаар гарсан. Хэдэн цагийн дараа зочид буудалдаа эргэж иртэл зам хааж, хүмүүс бөөгнөрсөн, эргэн тойрон хашигдсан мэт байдал угтсан. Өчигдөр нь шинэ жил байсан ч ийм олон хүн бөөгнөрөөгүй байтал энд сая ямар нэгэн зүйл болж л гэж бид бодсон. Гэхдээ юу болсон юм бол гэдэг нь гайхмаар байв. Гол хаалгыг хаасан байсан учир бид зочид буудлын ажилтан руу залгасан. Тэд эхнэр бид хоёрыг запаас хаалгаар ор гээд тэнд угтаж аван өрөө рүү хүргэж өгсөн.

-Юу болоод байгааг та мэдээгүй л байсан уу?

-Үгүй. Хүмүүс хашхиралдаад л эргэн тойронд бөөн чимээ, бүхэлдээ аймаар байсан. Талбай дээр цагдаагийн 12 машин ирчихсэн, манай өрөөний хаалгыг цагдаа тогшлоо. Тэр “Та нар хэн бэ” гэж асуухад бид “Юу гэсэн үг вэ” гэж асуусан. Цагдаа “Та нар юу хийчихэв ээ” гэхэд нь бид юу хийсэн гэж хэмээн гайхлаа. Тэр биднийг ямар нэгэн зураг цахим хуудсандаа оруулсан, түүнээс болоод энд хүмүүс бөөгнөрчихлөө, тэд нар яачхав аа гэж асуусан. Бид хоёр бүр хөшчихсөн. Тэр олон хүн бид хоёроос болоод цугларсныг ойлгов. Дараагийн өдөр нь биднийг зочид буудлын цайны газраас шууд цагдаа гудамжийг хаагаад биднийг нисэх буудал руу хар шилтэй цонхтой машинаар аваачсан. Бид нисэхээсээ дөрвөн цагийн өмнө тэнд очсон байв. Бүх зүйл ингээд шийдэгдсэн ч хоёр хүн баривчлагдсан. Тэр өдөр бид интернэтэд нийтэлсэн зураг ямар үр дагаварт хүргэж болдгийг ойлгосон.

-Сонинууд энэ талаар юу гэж бичсэн бэ?

-“Венийн бүслэлт”.

-Та өөрийгөө од гэдгээ мэдэрсэн үү?

-Үгүй, би ийм зүйлийг өмнө нь туулсан.

-Дүрдээ “амьдрахгүй” байх тохиолдол байдаг уу?

-Миний хувьд бол үгүй. Ийм зүйл байх ёсгүй. Энэ бол илбэ мэт зүйл. Илбээр “Үүнийг хий” гэж хэлээд л шууд болдог бол бидний мэргэжил өмнө нь бэлтгэж байгаад тэр илбийг хийдэг.

-Гэр бүлийн амьдрал ямар байна?

-Гайхалтай.

-Таныг гэрлээд жил ч болоогүй байхад хүмүүс салсан гэж яриад байх зүгээр үү?

-Юу хэлэх вэ дээ, хүмүүс тийм сонин. Гэхдээ бид хоёр тийм зүйлийг хайхрах дургүй.

-Яаж тэгж чадаж байна. Мэдээнүүд сониноор нил гарсан?

-Өөрөөр яана гэж. Өглөө сэрээд сонин хараад “Ер нь юу болоод байна аа” гэж өөрөөсөө асуудаг.

-Та тэдэн рүү залгаад “Ийм зүйл байхгүй, яах гэж худлаа ярьдаг юм бэ” гэж хэлье гэж бодоогүй юу?

-Үүнд төгсгөл гэж байхгүй. Ёроолгүй худаг. Тэр дундаа орчин үед олон нийтийн цахим сүлжээний эрин үе учир тэдэн рүү утасдаад ямар ч нэмэргүй.

-Таны тухай худал зүйлүүд бичээд байх үед юу хийдэг вэ?

-Энэ өдрийг хүртэл би юу ч хийгээгүй. Ямар ч бичлэг нийтлээгүй. Хүмүүс дараа нь тухайн мэдээлэл худлаа байсныг ойлгоно.

-Фахрие та хоёрыг салгахыг хүссэн фэнүүд байдаг л байх?

-Их сонирхолтой байна, гэхдээ бид тэдний дүгнэж байгаагаар хамгийн сайхан хос. Би үүнд их баяртай байдаг. Биднийг хос гэдгээр нь, бас тус тусад нь хайрлаж хүндэлдэг нь их сайхан байдаг.

-Хэн нэгэн бүсгүй Фахриег сайхан бүсгүй биш гээд өөрийгөө танд тохирох хүн гэвэл түүнд юу гэж хариулах вэ?

-Фахрие бол миний цорын ганц бүсгүй.

-Эх оронч гэдэг нь таны хувьд ямар байхыг хэлэх вэ?

-Энэ бол миний хувьд ямар нэгэн маргашгүй зүйл. Миний эх оронч байдлын талаар хэн нэгэн эргэлзэх шалтгийг би өгөхгүй. Энэ нь миний ажил хэргээс л ойлгомжтой биш байна гэж үү?

-Яагаад дайны сэдэвтэй кино хийсэн юм бэ?

-Америкийн тийм кинонуудыг бид үздэггүй гэж үү? АНУ бол кино урлагт эхний байрыг эзэлдэг. Бид сериалын тал дээр Америкийн дараа хоёрдугаарт ордог. Миний тоглосон гурван сериалыг гадаадад гаргаж байна. Хилийн чанадад надад боломж байна. Америкт ч боломж олдвол би яагаад чадахгүй гэж?

-Жүжиглэх урлагийн хамгийн хүчтэй тал нь юу юм бэ?

-Жүжиглэх чадварт учир нь байгаа юм биш зүгээр л сайн хүн байх хэрэгтэй гэж би боддог.

-Сайхан үг байна…

-Гэхдээ л энэ тийм. Миний цорын ганц зорилго бол сайн хүн байх. Кино бүтээж байхдаа нэг баг байх, зураг авалтын талбайд инээмсэглээд гарах, телевиз үзэгчийг хайрлах, гудамжаар яваа энгийн хүнийг хайрлах зэргээс энэ зүйл эхэлнэ. Сайн хүн байж чадахгүй бол сайн жүжигчин байж чадахгүй.

-Бүгд таныг ийм болохоор чинь л мэддэг. Тийм биш гэж үү?

-Хэрвээ тийм бол би маш их баяртай байна. Хүнийг далдуур “Тэр сайн хүн байсан” гэж ярих нь л чухал гэж би боддог. Ерөнхийдөө бол энэ нь надад хангалттай, өөр юу ч хэрэггүй.

-Фэнүүд чинь таныг хараад дагаж, бөөгнөрөх танд хэцүү байдаг уу. Үүнээс болж эрх чөлөөт амьдралаа санах үе бий л байх?

-Би тийм байдалд дасчихсан. Ийм нөхцөл байдалд гол нь дэмжлэг чухал байдаг. Фахрие үүн дээр надад тусалдаг. Тэр намайг юу мэдэрч, юунд зовж байгааг маш сайн ойлгодог. Иймээс бид хоёулаа бие биеэ дэмждэг.

-Та хоёр Туркт амрах бол хаашаа явдаг вэ?

-Бидэнд Туркт амрах одоо амаргүй болсон. Юу үнэн, тэр л үнэн.

-Та мотоцикл унадаг байх аа?

-Тийм ээ. Нэлээд дээр. Аав үүний эсрэг байдаг юм. Тэр их дургүйцсэн.

-Фахрие та хоёрын хайр сэтгэл хэзээ эхэлсэн юм бэ?

-Бидний харилцаа “Чалыкушу”-гийн дараа эхэлсэн. Бид нэг төсөлд оролцож, тэнд бие биедээ дурласан.

-Гэрлэх шийдвэр хэрхэн гаргав?

-Би дурласан, гэрлэхээр шийдсэн. Бид хоёр их жаргалтай байна. Хүн чамтай зүрх сэтгэл, ертөнцийг үзэх үзлээрээ тохирохоос илүү сайхан зүйл гэж юу байна? Бид илүү эрт гэрлэж болох байсан ч ажлаасаа болоод хуримаа хойшлуулж байж хийсэн. Бид хоёр үерхээд аль хэдийн дөрвөн жил болж байна.

-Харилцаагаа дурлалт хосууд шиг үргэлжлүүлж чадаж байна уу?

-Мэдээж чадаж байна. Гэхдээ бид гэрлэхээр шийдсэн. Манай болон Фахриегийн гэр бүл биднийг дэмжсэн. Бид энгийн турк гэр бүл. Эцэг эхчүүд шигээ л энгийн хүмүүс. Би өөр байхыг хүсээгүй. Бүгдийг ганцаараа эзэмшиж болохгүй, хувааж чаддаг байх хэрэгтэй.

-Эхнэр тань хартай юу?

-Фахрие юу? Огт үгүй.

-Тэр бас маш сайхан бүсгүй. Дур булаам эмэгтэй. Та түүнийг харддаг уу?

-Бид бие биедээ хэдий чинээ их хайртай байна, төдий чинээ нэг нэгнээ хүндэлдэг. Би түүний мэргэжлийг мэднэ, тэр минийхийг мэднэ. Ийм болохоор бидний амьдралд хардалтын зай байхгүй.

-Тэгэхээр та түүнийг хэн нэгэнтэй үнсэлцэж, оронд хамт хэвтэхийг хорихгүй гэсэн үг үү?

-Бид бие биеэ хүндэлдэг. Яагаад гэвэл бид өөрсдийн ажлаа хийж байна. Жүжигчний ажил ийм зүйлийг шаардана.

-Фахриегийн хийдэг хамгийн сайхан хоол?

-Фахрие ер бусын бүсгүй. Би тийм амттай хоол хийдэг хүнийг харж байгаагүй. Тэр манай ааваас илүү тогооч. Жишээ нь, Фахриегийн хийсэн пловноос өөр амттай плов идэж үзээгүй.

-Та ямар хоолыг сайн хийдэг вэ?

-Итгээрэй, юу ч хийж чадахгүй. Би амьд байхын тулд иддэг л хүн.

-Фахриед гэрлэх саналаа хэрхэн тавьсан бэ?

-Фахрие миний төрсөн өдрөөр сюрприз барьсан юм. Би үүнийг нь мэдээд бялуун дээр бөгж тавьчихсан. Бөгжийг хараад тэр шоконд орж, уйлж эхэлсэн. Тэгж би гэрлэх санал тавьсан.

Zindaa.mn


Дарханд амиа алдсан гурван охины ээж Н.Алтанзул: Бага охин маань сүүлийн удаа мөөмөө хөхсөн гэж бодохоор дотор бачимддаг

$
0
0

3-ohin-eej

ӨДРИЙН СОНИН Б.ЭНХЗАЯА

Дархан-Уул аймагт нэгээс таван насны эгч дүү гурван охин гэртээ цаг бусаар амиа алдсан харамсалтай үйл явдал өнгөрсөн хоёрдугаар сарын 5-нд болж байв. Коронавирусийн халдвараас сэргийлж орон даяар төрийн байгууллагууд ажиллахыг хориглоод байсан үед тус аймгийн Тавдугаар цэцэрлэгийнхэн ой тэмдэглэх нэрээр ажилчдаа цуглуулан ажилласан байдаг. Талийгаач охидын ээж Н.Алтанзул тус цэцэрлэгт үйлчлэгчээр ажилладаг байсан бөгөөд тэр өдөр охидоо гэртээ цоожлон ажилдаа явжээ. Харамсалтай нь ажлаа дуусгаад гэртээ ирэхэд охид цахилгаанд цохиулсан байдалтай амиа алдсан байсныг Цагдаа, Онцгой байдлын байгууллагаас мэдээлж байв. Охидын ээж Н.Алтанзултай ярилцлаа.

-Цаг наашлахаар хүн өөрийнхөө нас барсан ойр дотны хүмүүсээ маш их дурсдаг. Цаг наашлахыг харсан ч болоосой, өдийд ингэж байх байсан даа гэж. Танд ч гэсэн ийм байдаг уу. Охид маань өдийд гадна инээж тоглоод л гүйж эхэлнэ дээ гэж…

-Тийм ээ. Би хэзээ ч өнгөрсөн цагаас хойш нэг ч удаа бүтэн нойртой хонож үзээгүй ээ. Тэр өдрийг хүртэл надад хэн нэгэн сануулахгүй яав даа гэж хамгийн их бодож байна. Хүүхдүүдээ маш их санаж орой болгон бодож, “Одоо байсан бол ингээд тоглож байх байсан. Ингээд инээгээд гүйх байсан даа” гээд л маш их үгүйлэгдэж байна. Үнэхээр би тэр хар өдрийг хүртэл хагацал зовлон гэж ямар байдгийг мэдсэнгүй явж. Анх удаа ийм айхавтар зүйлийг үзлээ.

-Залуу бүсгүй хэрнээ гурван хүүхэд төрүүлж өсгөж байсан гэхэд бахархмаар. Ээж болж байсан анхны дурсамжаа хуваалцаач?

-Том охин маань аав, ээж дээрээ маш хурдан ирсэн. Нөхөр бид хоёр үерхээд дөрвөн сар болоод л 19 настайдаа ээж болсон доо. Мэдээж тэр үед аав, ээжээсээ маш их айж байлаа. Жирэмсэн болсноо нөхөртөө хэлтэл манай хүн “Ээжийгээ алдаад олон жил болж байгаа. Тиймээс миний ээж ирж байна” гээд бөөн баяр бол билээ. Тэгээд нэгдүгээр сарын 28-нд том охиноо өлгийдөн авч бөөн аз жаргал болж байснаа санаж байна. Эмнэлгээс гарахдаа “Дахиж төрөхгүй ээ” гээд гарсан хүн дахиад хоёр удаа төрсөн. Ингээд “Хайр аа гурвын гурван охинтой болчихлоо.Гоё байна уу” гээд л нөхөртөө хэлээд манайх гэдэг айл бөөн л аз жаргал байсан нь саяхан. Ажлаа хийгээд орой гэртээ ирэхэд “Ээж ээ, аав аа” гээд л охид маань инээгээд л уралдаад ирдэг байлаа. Одоо бүх зүйл утгагүй хоосон санагдаж байна.

-Тэгэлгүй яахав. Хүүхдүүд гэдэг амьдралын хамгийн гоё дурсамж байдаг. Одоо ч тэр сайхан дурсамжууд хөвөрч байна уу. охид ямар хүүхдүүд байв?

-Их бий. Яагаад ч юм манай охид маш хурдан хэлд, хөлд ордог. Том охин маань 10 сартайдаа хөлд орсон. Их л уйланхай хүүхэд байж билээ. Ээж, аавыгаа дагаад л. Харин дүү нь төрөөд тэр зан нь зүгээр болсон. Дунд охин маань их сэргэлэн. Аливаа зүйлийг маш хурдан ойлгож, хүлээж авдаг. Эгчийгээ хараад л их зүйл сурдаг байсан. Бас 10 сартайдаа хөлд орж, суултуурандаа өөрөө суугаад сурчихсан. Үнэхээр хайр татам. Өнгөрөхөөсөө өмнө тоо бодоод сурчихсан байсан юм шүү дээ. 10 хүртэлх тоог цээжээр боддог байсныг яана. Маш авьяастай. Уран нугарах авьяастай. Том охин маань ч их авьяаслаг. Бага охин маань цэцэрлэгт яваад л хүүхдүүдийг хараад өөрөө шууд хөлд орсон. Нэг ч удаа уйлж ээж, аавыгаа ороож байгаагүй, амгалан, их биеэ даасан хүүхэд. Бас л их хурдан аливаа зүйлийг сурдаг. Ингээд яривал маш их дурсамж байгаа. Хүүхдүүдээ алдахаас хэдхэн хоногийн өмнө хоёулаа “Дунд охиноо энэ зун уран нугаралтанд явуулаад цаашдаа тэр авьяасыг нь сайхан хөгжүүлье. Том охиноо хөдөөнөөс төв рүү ойртуулж сорафонд суулгая” гэж ярилцаж байсан. Бага маань жаахан болохоор авьяас нь тодроогүй байсан. Гэхдээ мундаг охин болгоно доо гэж их зүйлийг бодож байсан. Харамсалтай нь тэгж их зүйл мөрөөдөж бодсоны үр дүн алга болчихлоо. Хүүхдүүд гэдэг чинь зөнгөөрөө л өсдөг жамтай. Гэхдээ аз жаргалыг алсаас биш хажуугаасаа л хайх хэрэгтэй юм байна гэдгийг л ойлгож байна даа. Дахиад ийм сэргэлэн гурван охиноо л авчирмаар байна. Өөр хүсэл зүйл алга.

-Танайх Сэлэнгийн айл гэж сонссон. дарханд суурьшаад удаагүй байсан гэв үү?

-Тийм ээ. Нэг их удаагүй. Дарханд өнгөрсөн есдүгээр сараас эхэлж амьдарсан. Манай хүн уурхайд ажилладаг. Би цэцэрлэгт үйлчлэгчээр ажиллаж байсан.

-Тэр өдөр юу болчихов?

-Тэр өдрийн аймшигт үйл явдлыг нөхөр бид хоёр л мэднэ. Хамгийн түрүүнд гэртээ очсон хүн нь би болохоор тэр аймшигтай байдлыг дурсмааргүй байна, уучлаарай. Охидын маань тэр царай одоо хүртэл нүдээ анихад харагддаг болохоор маш их айдаг.

-Цагдаа, онцгой байдлын газраас ослыг цахилгааны улмаас болсон гэсэн. Үнэн үү?

-Хүүхдүүдийн маань шинжилгээний хариу хараахан гараагүй байгаа. Гэхдэн би мэдэхийг хүсэхгүй байна. Би сонсоод юуг өөрчлөх билээ, бас л шанална. Би одоо хүртэл өөрийгөө буруутгадаг. Бага охин маань сүүлийн удаа хөхөө хөхөөд явсан гэж бодохоор миний дотор бачимддаг. Хамгийн их санаж байгаа нь бага охиноо. Нөгөө хоёрыгоо саналгүй яахав. Бурхан буруу хүүхдүүдээ аваад явсан. Андуурсан зүйлээ заавал буцаах болно гэдэгт би итгэдэг. (уйлав). Энэ дэлхий дээр одоо би хэний төлөө амьдрах уу гэдэг асуулт надад үлдэж байгаа шүү дээ. Тиймээс би ойрын хэд хоногт бодсон. Хүүхдүүд маань ирэх гээд будилж явахад би уйлаад байвал замыг нь улам хаах болов уу. Тиймээс өөрийгөө барихыг хичээж байгаа.

-Тэгэлгүй яахав, уучлаарай…

-Зүгээр дээ. Харамсаад ханахгүй. Бүхэл бүтэн есөн сар хэвлийдээ тээчихээд олон жил харж инээлдэн хөхрөлдчихөөд нэг л өглөө гурвуулаа яваад өгөхөөр би юу болох вэ. Надад үнэхээр галзуурмаар болсон. Гэхдээ надад сэтгэцийн эмч маш их тус болсон. Одоо надад гурван охиноос минь үлдсэн зүйл гэдсэн дэх язархай л байна. Түүнийгээ харахаар л баярлах юм даа. Дахиж ийм муухай зүйлийг битгий өөр эцэг эхчүүд амсаасай гэж хүсэх байна. Манай улсад залуусаа дэмжих дэмжлэг дутаж байсны шинж бол энэ үйл явдал байсан болов уу. Миний гурван охин төрийг донсолгосон байх аа. Одоо хар л даа. Ээжүүд минь айх аюулгүй хүүхдүүдээ харангаа гэрээсээ ажилаж байгаа гэж бодохоор би маш их баярлаж байгаа. Бас маш олон хүүхдүүдийн амийг аварсан гэж боддог.

Ажил хийгээд амьдралаа аваад явахыг залуу хүн бүр хүсдэг. Гэвч Монголд минь залуус ажил хийе гэхээр цалингийх нь 20 хувь нь татварт явчихдаг. Гар дээр нь цөөхөн хэдэн төгрөг үлдэнэ. Ядахдаа гэртээ сууж байгаа ээжүүдийг дэмжих дэмжлэг бага юм. Монгол Улс хүн ам их цөөхөн. Тиймээс хүн амаа өсгөхийн тулд явдахдаа эрчүүдийн үүрч байгаа ачааг багахан ч гэсэн хөнгөвчилж яагаад болохгүй гэж. Жирэмсэн эмэгтэйд 40.000 өгдөг, түүнийгээ 100.000 болгож болно шүү дээ. Олон хүүхэдтэй айл нэг хэсэгтээ хоол хүнсээр тасрахгүй, аавых нь нуруунаас багахан ачааг хөнгөвчилж байгаа болов уу гэж боддог. Миний бодол зарим хүмүүст таалагдахгүй л байх. Гэхдээ энэ Монгол Улсад маань үнэхээр ажил хийе гэсэн залуус зөндөө байдаг.

-Үнэхээр бага насны хүүхэдтэй залуу гэр бүлүүд хоёул ажиллаад хүүхдээ аюулгүй байлгана гэдэг нийгмийн асуудал болжээ?

-Тийм шүү. Энэ аюулт өвчнөөс их л зүйл боллоо. Энэ өвчин гараагүй байсан бол хүүхдүүд маань өдийд амьд сэрүүн байх байлаа. Сургууль, цэцэрлэг карентилаад л хүүхдүүд харах хүнгүй болохоор авч явж боломжгүйгээс гэртээ үлдээхээс өөр арга байгаагүй.

-Нөхөрт тань бас л хүнд байгаа болов уу. Юу гэж ярих юм?

-Манай хүн нэг хэсэгтээ хэцүү байсан. Харах болгонд нь би уйлчих гээд байсан. Одоо арай л дээрдэж байна. Хамгийн сайхан амьдрал элэг бүтэн амьдрал юм байна.

-Хоёр талын аав ээжүүд, ах дүүст ч хүнд туссан болов уу?

-Их цочирдсон. Хөөрхөн гурван ач охиноо алдсан өвөө эмээд нь ямар санагдах вэ дээ. Гэнэт байхгүй болчихлоо гэхээр сэтгэл нь хоосон оргиод одоо хүртэл хэцүү байгаа. Одоог хүртэл манай гэр бүл, ах дүүс итгэж өгөхгүй л байна.

-Монгол түмэн маань охидын буяныг бодож сэтгэлийн дэм хайрлаж байлаа. Тийм үү?

-Монголчууддаа маш их баярлаж байгаа. Бас энэ чинь маш том сэтгэлийг дэм болдог юм байна. Гурван сахиусыг маань маш сайхан хөдөөлүүлж, нутгийн зон олон, ахан дүүс, монголчууд бүгд этгэл зүрх нэг байж чадах ядахаараа бид хоёрт дэм тус боллоо. Олон түмнээс цугларсан мөнгөөр хүүхдүүддээ зориулж буян үйлдье гэж нөхөртэйгөө ярилцан хийсэн. Монголынхоо сайхан хүмүүсүүдийн хандивыг зөв зохистой зарцуулсан байх гэж боддог. Цаашдаа ч гэсэн гурван хүүхдийнхээ төлөө байнга сайн үйлсийн ажил хийж, хүүхэд багачуудыг үргэлж баярлуулна гэж бодож байгаа. Ер нь нөхөр бид хоёр өмнө нь хүүхдүүдийг их баярлуулдаг байсан.

-Хүмүүс охидод зориулж зураг хүртэл зурсан байсан. Харсан уу?

-Харалгүй яах вэ. Би бүхнийг харж байсан. Маш гоё санагдсан. Шүлэг хүртэл зохиосон байсан шүү дээ.

Монголынхоо залуу гэр бүлүүдэд хэлэхэд бүтэн амьдрал гэдэг чинь хамгийн сайхан хамгийн аз жаргалтай мөчүүдийг хэлдэг юм шүү. Хэдий ажил дээрээ бухимдаж хэн нэгэнд уурласан бол түүнийгээ гэрийнхээ хаалганы ард үлдээж гэртээ инээмсэглэл тодруулан ороорой. Үр хүүхэдтэй байна гэдэг хамгийн баян хүнийг хэлдэг.

Өдрийн сонин

М.Амарзаяа: Жүжигчин хүн бусдын сэтгэлийн мяндас хаана чивчирч байгааг хүртэл мэдэрдэг

$
0
0
  • Ээж минь хүртэл “чи чинь ямар айхтар дүрд тоглочихсон юм бэ” гээд цухалдаж байсан удаатай
  • Жүжигчин болно гэхэд дэмжиж байна ч гэж хэлээгүй, дургүй байна ч гэж гээгүй. Гэхдээ И.Нямгаваа найруулагчтай уулзаад “Миний охиныг театртаа аваарай” гэж захисан юм билээ. Би тэрийг нь бурхан болсных нь дараа мэдсэн 
  • Урлагт хайртай бол хэн ч юу ч гэсэн энэ замыг сонгодог юм билээ. Б.Барслхагва, А.Ганчимэг хоёр миний шавь. Би хоёуланд нь ”Шаналал ихтэй амьдардаг юм, дэмий” гэж хэлж байсан. Хэн нь ч болиогүй, урлагт хүчин зүтгэж байна. Ер нь жүжигчний мэргэжил харагдаж байгаа шигээ амар биш
  • Долгорын дүр бол уран бүтээлчээс маш их ур чадвар шаардсан, чансаа өндөртэй дүр. Ийм дүр жүжигчин хүнд тэр бүр олдоод байдаггүй л дээ. Тиймээс надад санал тавихад нь маш баяртай хүлээж авсан. Уг нь миний дүр дээр С.Сарантуяа эгч тоглох гэж байсан гэсэн

Хөгжмийн нэрт удирдаач, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Жамсранжавын охин СТА Ж.Амарзаяатай уран бүтээл, дурсамж, дурдатгалын “дулаан” яриа өрнүүллээ. Тэрбээр Black box театрын жүжигчин, G еntertainment студийн найруулагчаар ажиллаж буй төдийгүй “37-р Точка” киноны Долгорын дүрийг чадварлаг бүтээсэн нэгэн.

-Сүүлийн үед таныг “37-р точка” киноны Долгорын дүрээр андахгүй боллоо. Тайз дэлгэцийн олон уран бүтээлд тоглохын зэрэгцээ цөөнгүй жүжигт найруулагчаар ажилласан шүү дээ. Анх урлагт хөл тавьсан гэгээн дурсамжаас яриагаа эхлэх үү?

-Аавын маань дүү Одончимэг гэж бүсгүй бий. Одоо Black box театрын уран сайхны удирдаачаар ажилладаг юм. Одноо эгч маань намайг жүжигчин болоход хамгийн их нөлөө үзүүлсэн хүн. Эгчтэйгээ хамт сургуулилалт хийж, гурван шатны шалгаруулалтад тэнцээд, ОХУ-д жүжигчний мэргэжлээр суралцах эрх авч байлаа. С.Сарангэрэл, Б.Эрдэнэчимэг, З.Баянзул бид нар нэг үеийнх. 18 настай хүүхдүүд хүний нутагт таван жил хамт суралцсан юм. Тэндээс л жүжигчний ур чадвар, хүн байх жанжин шугамаа олж авсан гэж боддог. Тухайн үед бидэнд чөлөөт цаг бараг байдаггүй байлаа. Өглөөнөөс орой хүртэл уран бүтээлийнхээ сургуулилалт хийнэ. Нэг үгээр хэлбэл, шатаж, дурлаж дүрээ гаргадаг байлаа. Хүний хэлээр ойлгоод, түүнийгээ илэрхийлж гаргана гэдэг амаргүй байсан. Гэхдээ олон мундаг багш нараас номын дуу сонсож, чадварлаг хүүхдүүдтэй мөр зэрэгцэн сурсан маань гайхалтай мэдрэмж, азтай тохиол байв. Одоо ч сайхан дурсамж минь хэвээрээ.

-Жүжигчин хүн олон хүний амьдралаар амьдарч, өрөөлийг өөрөөрөө дамжуулж гаргадаг нь гайхалтай. Гэхдээ тайз, дэлгэцийн цаана багагүй хөлс урсаж, хүч гардаг нь ойлгомжтой. Мэргэжлийнхээ юунд хамгийн их хайртай юу нь хамгийн хэцүү санагддаг вэ?

-Би хүүхдийн ордонд драмын багшаар таван жил ажиллаж байсан. Хүүхдүүддээ жүжигчин байхын сайхан болон муухай талыг аль болох ойлгуулахыг хичээдэг байлаа. Яг үнэнийг хэлэхэд, зарим сурагчдыг жүжигчин болохгүй байхыг зөвлөж байсан. Гэхдээ урлагт хайртай бол хэн ч юу ч гэсэн энэ замыг сонгодог л юм билээ. Б.Барслхагва, А.Ганчимэг хоёр миний шавь. Би хоёуланд нь “шаналал ихтэй амьдардаг юм, дэмий” гэж хэлж байсан. Хэн нь ч болиогүй, урлагт хүчин зүтгэж байна. Ер нь жүжигчний мэргэжил харагдаж байгаа шигээ амар биш. Хүний сэтгэлийн мяндас хаана чивчирч байгааг хүртэл мэдэрдэг нь аймар. Бусдын зовж, шаналж байгааг хараад тухайн хүнийг мэдэрч, дотор нь буцалж байгаа бүхнийг ойлгож, дараа нь өөртөө наахыг хичээнэ. Ер нь сэтгэл зүй тайван байх үе ховор доо. Тийм ч болохоор жүжигчин хүн галзуурах магадлал өндөр гэдэг. Заримдаа өөрийнхөө биеэс гарч, хүний биед орчихсон юм шиг ч санагдана. Бөө, удган шиг. Тэр мэдрэмж их төвөгтэй. Драмын театрын жүжигчид бүрч хэцүү. Нэг дүрийг олон гаргахаар сэтгэл хөдлөл байхгүй болдог юм билээ. Бүх хөдөлгөөн автомат байдалд орчихдог. Тэгэхээр өөрийгөө хүчилж, бүх нөөцөө л шавхах хэрэг гарна даа. Гэхдээ сайхан тал олон бий. Таны хэлсэнчлэн, үрэх мөнгөө барж ядсан баян ч болж, үгээгүй хоосон гуйлгачин ч байж үзлээ. Үхэж, өвдөхийн бэрхийг ч дүрээр дамжуулж туулсан. Нэг үгээр хэлбэл, баялаг мэргэжил.

-Бусад мэргэжилтэй харьцуулахад урлагийн хүнд хөдөлмөрөөс гадна авьяас чухал. Хэчнээн хичээгээд ч өгөгдөл байхгүй бол амжилт алсардаг уу?

-Миний үед нэг хувь нь авьяас, 99 хувь нь хөдөлмөр гэдэг байлаа. Харин одоо 40 хувь нь авьяас, 50 хувь нь хөдөлмөр, 10 хувь нь аз байх хэрэгтэй гэж үздэг болжээ. Ер нь урлагийн хүнд аз чухал. Ялангуяа, сүүлийн үед өрсөлдөөн их болсон. Жүжигчин бэлтгэдэг их сургууль олон хэдий ч ажлын байр алга. Улсын хэмжээнд драмын театр ганц л байгаа. Энд маш бага хувь нь боловсордог. 100 орчим хүн ажилладаг байлаа гэж бодоход цөөн хувь нь залуу жүжигчин байна. Учир нь театрт нас, насныхан ажиллах шаардлагатай байдаг. Урлагийн салбарыг хөгжүүлж, цэцэглүүлэхэд театр маш чухал үүрэгтэй. Нэг үгээр, театр тархины талх юм шүү дээ. Гэтэл манай улсад нүдний гэм болчихсон. Тэгэхээр сургуулиа төгссөн, мэргэжлээрээ ажиллах сонирхолтой хүүхдүүд ур чадвараа дээшлүүлж, амьдралаа залгуулахад бэрх. Тиймээс жүжигчин хүн баян, тансаг байхад бэрх байгаа биз. Миний бодлоор амьд сэрүүнд нь алдар нэр, мөнгө төгрөг их ирсэн жүжигчин Монголд маш цөөхөн дөө, одон, медалиас хэтэрдэггүй юм. Ер нь манайд урлагийн үнэлэмж маш бага шүү дээ. Нэг кинонд тоглоод хэдхэн төгрөг л авдаг. Тэгсэн атлаа гоё ганган байх хэрэгтэй. Уг нь хотын статусыг тодорхойлдог гол хүчин зүйлийн нэг нь соёл урлаг. Гэтэл манайд энэ салбар хаягдчихсан.

-“37-р точка” киноны Долгорын дүр жүжигчнээс их ур чадвар шаардсан харагдсан. Баян эмэгтэй архичин болж, дараа нь архинаас гарах үйл явцыг та маш чадварлаг бүтээсэн. Кинонд тоглох саналыг хэрхэн хүлээж авсан бэ, киногоо үзээд ямар мэдрэмж төрөв?

-Долгорын дүр бол уран бүтээлчээс маш их ур чадвар шаардсан, чансаа өндөртэй дүр. Ийм дүр жүжигчин хүнд тэр бүр олдоод байдаггүй л дээ. Тиймээс надад санал тавихад нь маш баяртай хүлээж авсан. Уг нь миний дүр дээр С.Сарантуяа эгч тоглох гэж байсан гэсэн. Би сүүлд мэдсэн юм. Энэ дүр дээр ажиллах сайхан байсан. Гэхдээ надад баян эмэгтэй болох л хэцүү санагдсан. Түүнээс архичин болох амархан шүү дээ. Доошоо орж, уруудах хялбар байдагтай л ижил. Нүүрээ будуулж, дүрийнхээ, ноорхой хувцсыг өмсөөд гараад ирэхээр хүмүүс дайжаад, шүлсээ хаяхаас наагуур л зөрдөг байсан. Кинонд тоглох сайхан байсан ч киногоо үзэж, өөрийгөө харах амаргүй санагдсан. Ер нь би тоглосон киногоо үзэх дургүй. Буруу, зөрүү үйлдэл, алдаа мадаг гаргаснаа харах хүнд байдаг юм. Гэхдээ “37-р точка”-гийн анги бүрийг алгасалгүй үзсэн. Үзэж байхдаа өөрийгөө өрөвдөөд уйлах үе ч байсан. Найруулагчийн болон операторын ур чадвар өндөр байсан болохоор киногоо үзэж, олон зүйлд суралцсан. Жүжигчний богино хугацаанд гаргадаг сэтгэл хөдлөл, эгзэгтэй агшныг дуранд тусгана гэдэг чадвар шаардсан ажил. “37-р Точка” киноны багийнхан үнэхээр жүжигчинтэйгээ зэрэг амьсгалж чадаж байсан нь хамтарч ажиллахад таатай урамтай санагдсан.

-Кино гарч байх үед хүмүүс Долгорын тухай янз бүрийн сэтгэгдэл бичиж байсан. Архинаас гарахыг хүлээсэн хүн ч цөөнгүй байв. Сэтгэгдлүүдийг уншдаг байсан уу?

-Хүмүүс сайн муугаар их хэлсэн. “Энэ хүүхэн өөрөө архичин болоод сайн жүжиглэсэн байна” гэсэн сэтгэгдэл ч их байсан. Хүмүүс өөр, өөрсдийнхөөрөө л дүгнэнэ. Би үүнд эмзэглэх, баярлах нь утгагүй шүү дээ. Харин таарсан хүн бүхэн архинаас гарах уу гэж асуусан нь жаахан хүндрэлтэй байсан. Би бүр стилээ өөрчилж, үсээ тайруулсан. Гэхдээ л таниад байгаа. (инээв) Ээж минь хүртэл “чи чинь ямар айхтар дүрд тоглочихсон юм бэ, энэ чинь архичин юм байна, бас тамхичин” гээд цухалдаж байсан удаатай. Би “ээжээ архинаас гарна аа, та тайван бай” л гэдэг байлаа. Миний ээж миний тоглосон кино бүхнийг үзэж, намайг хамгийн их дэмждэг. “Миний охин миний бахархал” гэж хэлэх нь том урам өгдөг юм. Ижий минь миний хувьд хорвоогийн хамгийн гайхалтай эмэгтэй.

-Хамгийн дотнын хүмүүс хамгийн сайн шүүгч байдаг шүү дээ. Ялангуяа, аав нь урлагийн хүн байсан болохоор охиндоо өгөгдөл байгааг мэдэрсэн болов уу. Ер нь бүтээсэн дүрийг нь үзээд юу гэдэг байв?

-Аавыгаа амьд байхад би драмын бага театрт ажилладаг байлаа. Хоёр, гурван ч кинонд тоглочихсон байсан. Гэхдээ аав минь миний тоглосон нэг ч киног үзэж амжилгүй бурхан болсон. Тухайн үед зурагт телевиз ховор, цаг зав ч бага байсан учир үзэх завдал гараагүй юм болов уу. Аавыгаа бурхан болохын өмнө би Чин ван Ханддорж киноны зураг авалтад орж байсан юм. Чин ван Ханддоржийг үдэж мордуулдаг хэсэг дээр Л.Эрдэнэбулган ахын царай барайчихсан харагдсан. Зураг дуусаад, харсан чинь эргэн тойрон нэг л эл хуль, нам гүм болчихсон байлаа. Тухайн үед аав минь бурхан болсон гэж үнэхээр төсөөлөөгүй. Гэтэл кино багийнхан маань “Сэтгэлийн тэнхээтэй байна шүү, эмээ өвөө дээрээ уйлчихсан очиж болохгүй. Шөнө ийм мэдээ дуулгаад хэрэггүй, өглөө хэлээрэй” гээд аавыг минь бурхны оронд одсоныг хэлсэн. Тэр мөч одоо ч санаанаас гардаггүй юм. Би шөнө нь цурам хийлгүй хоносон. Өглөө нь цайгаа чанаад, тэр хэцүү мэдээг эмээ, өвөөдөө дуулгасан даа. Эцэг, эхээ алдана гэдэг жам ёсны зүйл. Хамгийн хэцүү зүйл үр хүүхэд, хань ижлээсээ хагацах юм билээ. Эмээ, өвөө хоёр минь сайхан хүүгээ, ижий минь 40 гаруйхан насандаа ханиа зуурдаар алдсан. Би амьдралдаа их юм үзсэн хүн. Аавыгаа үдсэний дараа 13-хан настай хүүгээсээ бас хагацсан. Үрээсээ хагацах ямар хэцүү байдгийг тэр үед л биеэрээ мэдэрсэн. Өмнөөс нь үхчихмээр санагддаг юм билээ. Гэхдээ хэцүү бүхнийг сэтгэлийн хатаар л давдаг. Уйлж, хашхирч харайгаад юу ч өөрчлөгдөхгүй. Ер нь хүнд зовлон бага багаар ирдэггүй юм шиг байна лээ. Чи хэдий болтол дааж чадахаар байна тэр хүртэл чинь өгнө гэж байгаа юм шиг л бөөн, бөөнөөрөө ундарсан.

-Таны сэтгэлийн хатуужил чадвартай, хэрсүү жүжигчин болоход нөлөөлсөн санагдлаа. Анх балетын бүжигчин болохыг хүсдэг байсан ч аав тань зөвшөөрөөгүй гэсэн. Их өвдөлт мэдэрдэг, тэсвэр шаардсан хүнд урлаг учир дургүйцсэн байх. Харин жүжигчин болно гэхэд хэрхэн хүлээж авсан бэ?

-Миний аав дуурийн театрын ерөнхий удирдаач, урлагийн гавьяат зүтгэлтэн байсан. Өөрөө урлагийн хүн болохоор хүнд хэцүү, сайн сайхныг нь мэддэг байсан болов уу. Балетчин болно гэхэд зөвшөөрөөгүй. “Хүнд бэрхийг биеэрээ мэдэрч, туулна. Эмэгтэй хүнд амаргүй” гэдэг байлаа. Харин жүжигчин болно гэхэд дэмжиж байна ч гэж хэлээгүй, дургүй байна ч гээгүй. Гэхдээ И.Нямгаваа найруулагчтай уулзаад “миний охиныг театртаа аваарай” гэж захисан юм билээ. Би тэрийг нь бурхан болсных нь дараа л мэдсэн. “Энэ нэг амьтан ямар ч байсан урлагийн л хүн болох гээд байна” гэж бодсон байх.

Засгийн газрын мэдээ

Коронавирусийг эмчилж буй эмч Ц.Чинбаяр: Амьдралын эцсийн зогсоолоос аварсан хүнээ аз жаргалтай явааг харах сайхан

$
0
0
92461294_240442613675038_5652651559717175296_n
Өвчтөнүүд маань эдгэрэх юм байна гэсэн дүүрэн итгэлтэй болсон

Монгол Улс саяхныг хүртэл дэлхийн олон орноос коронавирусийн халдвар тархаагүй цорын ганц улс байсан. Харин гуравдугаар сарын 10-нд Франц Улсын иргэнээс халдвар  илэрсэн. Үүнээс хойш тусгай үүргийн онгоцоор ирсэн 14 хүн халдвар авсан нь тодорхой болж ХӨСҮТ-д тусгаарлагдсан.Иргэд хүнсээ цуглуулж, хөлийнхөө тавхайг өвдтөл хүнсний захаар хэсэж, өдгөө тайвшраад амны хаалт зүүх нь ч алсарч байгаа энэ үед ХӨСҮТ-ийн эмч нар аль хэдийн дөрвөн өвчтөнөө бүрэн эдгээжээ. Цаг наргүй, амрах завгүй, гэртээ харилгүй өвчтөнүүдээ эмчилж байгаа олон эмч бий. Түүний нэг нь ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Ц.Чинбаяр. Тэрбээр “Эмнэлгийн ажил гэдэг цэвэр багийн ажиллагаа. Ганцхан Чинбаяр гэж эмч мундагтаа хүмүүсийг эдгээгээд байгаа юм биш ээ. ХӨСҮТ-ийн бүх ажилтны хөдөлмөр шүү дээ. Гэртээ харилгүй 14 хоног болж байна. Гэхдээ өвчтөнүүд маань эдгэж байвал миний харих яах вэ, болох биз” хэмээн даруухан өгүүлсэн юм. Амсхийх завгүй ажлынхан нь хажуугаар түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.

-Манай улсад коронавирусийн халдвараар өвчилсөн 15 хүний дөрөв нь эдгэрчээ. Энэ бол танай баг хамт олны хичээл зүтгэл. Хэдэн сар нойр хоолгүй зүтгэсэн хөдөлмөрийнх нь үр шим тод томруунаар гарч байгаад уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе. Одоогийн нөхцөл байдал ямар байна вэ?
-Баярлалаа. Оношлогдсон 15 тохиолдлынхоо дөрвийг нь эдгээгээд эмнэлгээс гаргасан. Хамгийн анхны тохиолдлоор бүртгэгдсэн хүний хувьд хүнд өвдсөн учраас нэлээн удаан хэвтэж байна. Одоо бараг 28 хонох гэж байгаа байх. Гэхдээ биеийн байдал нь сайжирсан. Мөн бусад хүний биеийн байдал сайжирч, хэвийн болж байгаа шүү. ХӨСҮТ-ийн  эмч, сувилагч, асрагч нар 14 хоног гэртээ харихгүй ажиллаж байгаа. Бид нэг баг болж групплэгдээд 14 хоног эмчилгээгээ хийгээд, үүний дараа дараагийн багт ээлжээ хүлээлгэж өгдөг. Миний хувьд хоёр дахь багтайгаа ажиллаж байна. Одоо ажиллаж байгаа багийн ээлж маргааш (өнөөдөр) дуусна.

-Та тэгэхээр маргааш гэртээ харих нь ээ. Хүүхдүүд нь бөөн баяр байна уу?
-Манай гэр бүлийн хүн эмч. Манайх хоёр хүүхэдтэй, бага нь 12 настай. Хүүхдүүд маань аав, ээжийгээ цаг наргүй ажилладгийг мэддэг учраас хэдийн дасчихсан. Би  эмнэлгийн байгууллагад 23 жил ажиллаж байгаа шүү дээ. Тийм ч учраас ар гэр маань намайг хангалттай ойлгодог болсон. Албан үүргээ гүйцэтгэчихээд л харина даа. Өвчтөнүүд маань л эдгэрч байвал бидний харих яах вэ, болох биз. Манай ХӨСҮТ-ийнхэн ийм л нэг сэтгэлээр ажиллаж байгаа шүү дээ.

-Өвчтөнүүдийн сэтгэл санааны байдал тогтворжсон уу?
-Энэ өвчнөөр өвдсөн хүн цочролд орохоос өөр аргагүй. Дэлхий олон орны хүмүүс өвдөж, цаашлаад амь нас нь эндэж байгаа учраас эхний үед эмзэглэж, цочирдох нь аргагүй. Харин эмнэлэгтээ хэвтээд, эмчтэйгээ ярилцаж, шаардлагатай бүх төрлийн эмчилгээг хийлгэж байгаа болохоор өвчтөнүүдийн маань сэтгэл санаа харьцангуй тогтворжиж, дээрдсэн. Ямар ч хүн эх орондоо вирус зөөвөрлөөд ирэхдээ хямралгүй яах вэ. Бүгдийг л тэсээд гарч байгаа даа. Эхнээсээ хүмүүс эдгээд, эмнэлгээс гарч байгаа болохоор өвчтөнүүд маань “эдгэрэх юм байна” гэсэн дүүрэн итгэлтэй болсон. Өвчтөнүүд эмчилгээ хийлгэхгүй гэж янз бүр болохгүй, эмч, эмнэлгийн ажилтнуудад төвөг учруулахгүй байгаа нь сайн хэрэг. Тэд эхний үед эмзэглэж байсан ч одоо “Би та нарын ажлыг хөнгөлөхийн тулд яах ёстой вэ” гэж хүртэл асууж байгаа. Өөрөөс шалтгаалах бүх зүйлд  анхаарч ажиллаж байна. Тийм учраас хүмүүсийг эмчлэхэд тулгарсан бэрхшээл бол байхгүй. Эдгээд гарсан дөрвөн хүн маань “Эрт илрүүлээд, эмчлээд, эрүүл болгож өгсөнд маш их баярлалаа” гээд гарсан.

-Вирусийн голомтод ажиллаж байгаа болохоор гэрийнхэн тань санаа зовж байгаа байх даа?
-Ариутгагч, асрагч, сувилагч гээд бүх ажилчид өдөр, шөнөгүй ажиллаж байгаа. Зөвхөн манай гэр бүл биш. ХӨСҮТ-ийн ажилчдын ар гэр сэтгэл зүйн хувьд өндөр бэлтгэгдсэн байдаг. Бид ямар нэгэн халдварт өвчний голомтод тусгаарлагдаж, байршиж ажиллаж сурсан учраас ар гэрийнхний сэтгэл санаа харьцангуй гайгүй байгаа.

-Таны мэргэжил хэцүүдээ хэцүү, сайхандаа сайхан байх. Мэргэжлийнхээ сайхныг мэдрээд, ажилдаа дурлаж, зүтгэх шиг сайхан зүйл гэж үгүй. Энэ удаад хэцүү гэхээсээ илүү мэргэжлийнх нь сайхныг асуумаар байна?
-Хэцүү үе зөндөө бий. Би чинь анх Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв гэж байхад тэнд зургаан сар ажилласан. Түүнээс хойш 23 дахь жилдээ ХӨСҮТ-дөө ажиллаж байна. Эмч бол үүрэг хүлээсэн, хариуцлага өндөртэй хүн. Тэр тусмаа эрчимт эмчилгээнд ажиллахад хувь хүний идэвх зүтгэл, хариуцлага их шаарддаг. Амьдралын эцсийн зогсоолоос аварсан хүнээ аз жаргалтай явааг харах сайхан байдаг. Харин өвчтөнийхөө амь насыг аварч чадахгүй үе хамгийн хэцүү байдаг. Давагдашгүй хүчин зүйл тулгараад, өвчтөндөө эрчимт эмчилгээ хийж чадахгүй, бүр мөсөн алдана гэдэг үнэхээр хэцүү шүү дээ. Энэ үеийг хамгийн ихээр мэдэрсэн үе маань 2015-2016 он. Тэр үеэр улаан бурхан өвчин дэгдэж, бага насны олон хүүхэд маш хүндээр өвчилж, цөөнгүй хүүхдийг бид алдаж байсан. Тэр үед зөвхөн надад гэлтгүй манай хамт олонд үнэхээр хэцүү байлаа. Бусад үед бол бүхий л боломжоороо зохицуулаад ажилладаг.

-Аюулт өвчний голомтод ажиллаж байх энэ хугацаанд тулгамдаж байгаа асуудал байна уу?
-Монгол Улсын Засгийн газар, ЭМЯ, ХӨСҮТ  халдварын талаар эртнээс мэдээлэл аваад, хамгаалах үйл ажиллагаагаа дэс дараалалтайгаар гүйцэтгээд явж байгаа. Цаашид олон тохиолдол гараад, нийтийг хамарвал яах талаар төлөвлөгөө боловсруулсан. Эмнэлгийн тоног төхөөрөмж, тусгаарлалтын байр  зэргийг бэлдэж байгаа. Манайх коронавирусийн үед дэлхий нийтээр хэрэглэж байгаа гурван төрлийн эмийг хэрэглэж байна. Хамгийн сүүлд гэхэд л өчигдөр Япон Улсаас вирусийн эсрэг эм авчирсан. Одоогоор тулгамдаж байгаа бэрхшээл байхгүй. Гэхдээ халдвар хурдацтай тархаад, олон нийтийг хамрах юм бол амьсгал орлуулах аппарат гээд шаардлагатай тоног төхөөрөмжүүд олноор хэрэг болно. Ийм учраас бид хэрэгтэй тоног төхөөрөмжийнхөө тоо, судалгааг гаргаад эхнээс нь захиалж байгаа.

-Монголд коронавирусийн анхны тохиолдол илрэхэд юу гэж бодогдож байв?
-Халдвар авсан өвчтөнүүдээ эмчилж байгаа нь ганцхан миний хийгээд байгаа зүйл биш ээ. Миний оронд хэн ч байсан энэ үүргийг гүйцэтгэх байсан. Эмч болгоны хийдэг өдөр тутмын ажлаа л бид хийж байна. Эмнэлгийн ажил гэдэг цэвэр багийн ажиллагаа. Эмч хүн гэдэг сувилагч, асрагч, лабораторийн оношлогч, эм зүйч, эм тариагүйгээр хэн ч биш. Тэгэхээр ердөө л багийн ажиллагаа. Анхны тохиолдлыг оношилхоор Дорноговь аймаг руу явах багийг ХӨСҮТ-ийн захиргаа, ЭМЯ гээд л бүх байгууллага тооцож, шийдсэн. Энэ багт ямар хүмүүсийг явуулах уу, хэдэн хүн явах зэргийг бүгдийг нь дээрээс гаргасан.Тэгээд очоод, тархалт судлаач эмч маань дахиж халдвар тархахгүй байх талаарх бүх төрлийн ажлыг хийсэн. Харин биднийг тийш нь жолооч аваад явдаг. Тэгэхээр жолооч хүртэл бидний багийн нэг хэсэг. Тэгээд шаардлагатай бүх арга хэмжээг авсны дараа анхны өвчтөнөө ХӨСҮТ рүү аюулгүй тээвэрлэж авчирсан. Маш олон хүн зохион байгуулсан учраас бид өвчтөнөө аюулгүй авчирсан.

Энд хүрээд бидний яриа өндөрлөсөн юм. Учир нь, түүний өвчтөнүүдээ үзэх цаг нь болчихсон. Тэрбээр “Надтай хамт баг болж ажилласан бүх хүмүүстээ талархсанаа илэрхийлье. Бүх өвчтөнүүдээ эмчлээд, эрүүл саруул болгоод гаргана” гэсэн юм.

Үндэсний шуудан

Б.Жаргалсайхан: “Хасар” Жагаа гэдэг нэр үзэгчдээс надад өгсөн хамгийн том бэлэг

$
0
0

190

Энэ удаагийн дугаарын зочноор тайз, дэлгэцнээ олон сайхан дүрийг бүтээсэн Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Жаргалсайханыг урилаа. Ард түмэн түүнийг “Хасар” Жагаа хэмээн алдаршуулан дууддаг билээ. Тамирчны амьдралаас урлагийн ертөнц рүү шилжсэн Улсын драмын эрдмийн театрын жүжигчин mүүний ярилцлага уншигч танд сонин байх болов  уу.

-Та “Мөнх тэнгэрийн хүчин дор” кинонд Хасарын дүрийг бүтээсэн. Тус киноны барилддаг хэсэгт та үнэхээр чадварлаг тоглодог. Тэр кинонд бөхийн спортоор хичээллэж явсан гэдгээ харуулж, залуу насны ид хаваа дэлгэцэнд мөнхлөн үлдээж  чаджээ?
-Миний бодож, санаагүй зүйлийг чи сануулчихлаа. Үнэхээр тийм байна шүү. “Мөнх тэнгэрийн хүчин дор” кинонд Чилүгэнтэй барилддаг. Угтаа бол би тэр барилдаанд унаагүй л дээ.  Хөөрхий толгой дээрээ тогтоод л босоод ирсэн,  байхгүй юу. Тэгсэн намайг унасан гээд бөөн хэл, ам болсон.  За, за тоглосон юм. Энэ ч яахав, наргиа шүү. Гоёо гоё. Бөхийн спорт үнэхээр сайхан. Дэлгэцийн урлагт залуудаа бөхийн спортоор хичээллэж явсан гэдгээ огт санамсаргүй байдлаар мөнхлөн үлдээж чадсан юм байна гэдгээ сая л анзаарлаа.
-Танай гэр бүлийнхэн том биетэй хүмүүс байдаг уу. Бөхийн удамтай юу?
-Говийн эр хүнээс дутахгүй, эрэмгий, бяр тэнхээтэй бүсгүйчүүдийн нэгэн төлөөлөл нь миний ээж байгаа юм.  Ээж минь  бадируун том биетэй, их тэнхээтэй хүн байсан гэдэг. Моринд эрэмгий, морь унах дуртай байсан гэж ярьдаг юм. Ээжийн талынхан ер нь том биетэй хүмүүс. Ээжийн төрсөн ах нь  цэргийн заан Дарамбазар, манай нутгийнхан Дамбаа заан гэдэг. Батсуурь аваргатай хамт цэргийн алба хааж, барилдаж явсан хүн.  Цэргээс халагдаж Дэрэн сумандаа  ирээд найр наадам хийж Батсуурь аваргатай үзүүр, түрүүнд үлджээ. Тэр хоёр эн тэнцүүхэн барилдан, хаялцахгүй  харуй, бүрий болж,  тэгээд гэрэл тусгаж байж барилдаж байсан гэж нутгийнхан хуучилдаг. Мөн ээжийн ахынх нь том хүүхэд Мундагбаатар гэдэг Элчин сайд хийж явсан хүн бий. Мундагбаатар ах том биетэй. Их ч сайн барилддаг байлаа.  Дэмүүл арслантай барилдаж, хаяж явсан гэнэ лээ.

- Та Орос руу сургуульд яваад бөхийн спортоосоо хөндийрсөн үү. Яагаад жүжигчний мэргэжлийг сонгох болов, багын мөрөөдөл тань байсан юм уу?
-Жүжигчин болно гэж ёстой мөрөөдөж яваагүй. Санамсаргүй тохиолдлоор энэ мэргэжлийг сонгосондоо их баярладаг.  Аравдугаар анги төгсөх жилийн хавар тэмцээний бэлтгэлд гараад “Залуучууд” зочид буудалд байрлаж байлаа. Манай ангийн хүүхэд ирээд “Жагаа Москвагийн Театр, урлагийн сургууль жүжигчний мэргэжлээр хүүхэд шалгаруулж авч байна” гэсэн. Би “Тэр надад ямар хамаатай юм. Тэмцээнд орох гээд бэлтгэл хийж байхад” гэв. “Чи ойлгохгүй байна уу. Алтан Москваг үзэх юмсан гээд хүсээд байдаг биз дээ. Шалгалт өгөөд тэнцчихвэл мөрөөдөл болсон Москвагаа үзнэ шүү дээ” гэж ятгав. Гэнэт л толгойд нээрээ тийм байна. Шалгалт өгөөд үзье гэсэн бодол төрсөн. Шалгалт өгсөн чинь тэнцчихлээ. Тэгж л Москва хотыг үзэх сонирхолдоо хөтлөгдөн жүжигчний мэргэжлийг сонгосон юм. Москвад очлоо. Нэг л өөртөө, хувь заяандаа итгэж чаддаггүй. Зүүд ч юм шиг санагдаад болдоггүй. Улаан талбай дээр зогсоод хөлөө хүртэл дэвсэлж үзэв. Кремлийн цамхаг, алдарт цагийн хонхны уянгалаг дууг сонслоо.  Лениний мавзолейд орж үзэв. Ямар гайхамшигтай гэж санана. Ертөнцийн соёлыг үзэж биширсэн. Юм үзэж, нүд тайлна гэдэг тэр байлаа.
-Та Москвагийн Театр урлагийн сургуульд ороод  Оросын Ардын жүжигчин Папоновын шавь болсон гэл үү? 
-Тухайн үеийн ЗХУ-ын Ардын жүжигчин, Төрийн шагналт Анатолий Дмитриевич Папонов гэж алдартай хүн байлаа. Монголчууд “Эрдэнэ нуусан гар”,  ”53 оны хүйтэн зун” зэрэг киноны дүрээр нь, мөн “Ну погоди” хүүхэлдэйн киноны чононд дуу оруулсан гэдгээр нь андахгүй. Тэр гайхалтай хүний шавь болж мэргэжлийг нь өвлөн авч, өдгөө 35  жил жүжигчин гэж дуудуулж яваа хувь заяандаа их баярладаг. Урлагийн гайхамшгийг надад мэдрүүлж, жүжигчний мэргэжлийн ид шидийг харуулж, бишрүүлсэн, тийм  л агуу хүндээ миний багш.
-Урнаа эгч та хоёр Оросод сурч байхдаа гэр бүл болсон уу?
-Москвагийн театр, урлагийн сургуульд шалгалт өгч тэнцээд Эрхүү хотод хэлний бэлтгэлд сурч байхдаа, танилцаж, гэрлэсэн. 1983 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр албан ёсоор гэр бүл болсон. 1990 оноос хойш монголчууд  Валентины баяр, хосуудын өдөр гэж тэмдэглэх болов. Юу билээ. Нэг л танил сар өдөр байх чинь гэж бодоод, гайхдаг байлаа.  Нэг өдөр бичиг, баримтаа үзэж байтал  Гэрлэлтийн батлах гараад ирлээ. Нээгээд харлаа, 1983 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр албан ёсны гэр бүл болсныг,  1985 оны долдугаар сарын 20-ны өдөр баталгаажуулав гэсэн байж билээ. Оюутны ширээнээс гэр бүл болсон бид одоо ач, зээ 11-үүлээ болчихсон явна. Сайхан өнөр өтгөн болж байна. Амьдрал баян, баялаг сайхан юм. Би спорт болон  жүжигчний мэргэжилгүйгээр амьдралаа төсөөлж чаддаггүй.
-Одоо та спортоор хичээллэж байна уу. Фитнесээр хичээллэх ч юм уу. Эсвэл хааяа нэг гүйж, дасгал хөдөлгөөн хийдэг үү?
-Жүжигчний мэргэжил, тамирчнаас ялгаагүй. Спортоор хичээллэж байгаатай адил. Бид тайзны хөдөлгөөн, дуу бүжиг гээд байнгын хөдөлгөөнд дунд явдаг. Ер нь жүжигчин хүн өөрийгөө тайзан дээр хэзээ ч гарахад 100 хувь бэлэн байлгахын тулд бэлтгэлтэй байх ёстой. Залуу уран бүтээлчид хурдтай араас төрөн гарч ирж байна. Тэдэнтэй эн зэрэгцэхийн тулд, адаглаад таргалж, гэдэс суучихгүй байх ёстой. Хөдөлгөөнтэй, бие бялдрын хөгжлөөр хоцрохгүй байх шаардлага бий.  Би гүйж, дасгал, хөдөлгөөн хийхээсээ илүүтэйгээр цэвэр агаарт алхахыг илүү чухалчилдаг. Жингээ тогтмол хэмжээнд барихыг хичээнэ. Театрт бид  оюуны хөдөлмөр хийж байгаа мэт харагддаг байх. Яг үнэндээ бид тайзан дээр гүйж харайж, үсэрч, бүжиглээд байнгын хөдөлгөөн дунд амьдардаг хүмүүс. Тайзны энэ хөдөлгөөнийг  спорт гэж боддог. Таргалаад, гэдэс суугаад ирвэл хэн намайг тоож тайзан дээр гаргах юм. Тайзны соёл, гоо зүй гэж байх ёстой.
-Та багадаа бөхийн спортын ямар төрлөөр хичээллэж байсан  бэ. Хэн багшийн шавь байв?
-Арван жилд байх үедээ. 1977 оноос 1982 он хүртэл тухайн үеийн Пионерын ордонд Монгол Улсын гавьяат дасгалжуулагч О.Цэрэндагва багшийн үндэсний болон чөлөөт бөхийн  дугуйланд хичээллэж байсан.
-Спортоос та юу олж, авч чадав. Таны амьдралд ямар өөрчлөлт гарсан бэ?
-Спорт хүнд тэсвэр хатуужил суулгахаас гадна хүч хөдөлмөр, амжилт, ялалтын үнэ цэнийг ойлгуулдаг. Мөн бие бялдар, гоо зүй, ёс суртахууны хүмүүжлийг төлөвшүүлж, оюун ухааны цар хүрээг тэлдэг гайхамшигтай  шинжтэй. Багадаа спортоор хичээллэж байсны үр дүнд өдий зэрэгтэй явна. Бөхийн спорт өнөөдрийн миний амьдралд чухал нөлөө үзүүлсэн.
-Тэр үед хэр амжилт гаргаж байв даа?
-Чөлөөт, самбо, үндэсний бөхийн чамгүй олон тэмцээнд оролцож байлаа. Одоо би хааяа телевизээр бөхийн тэмцээн үзээд сэтгэл хөдлөхөөр, хүүхэд үеийнхээ баярын бичиг, дипломуудыг сонирхож үздэг. Голдуу улаан, цэнхэр өнгийн диплом, баярын бичиг байна. Тэр үед гайгүй барилддаг байжээ. Ганц нэг ногоон өнгийн диплом бас байх юм. Тэгэхээр зарим тэмцээнээс хүрэл медаль авч байж.
-Тухайн үед тантай барилдаж явсан, одоо улсын цолд хүрсэн бөх бий юу?
-Бөх сонирхогчдын ярьдаг нөгөөх “алдарт луу жилтнүүд” болох Б.Бат-Эрдэнэ аварга,  Д.Мөнх-Эрдэнэ арслан, Ц.Баярсайхан заан, П.Сүхбат гарьд гээд улсын цолтой олон бөх бий.  Тэд 1981 оны үндэсний бөхийн өсвөрийн улсын аваргад бүгд барилдаж байсан. Тэр тэмцээнд би Пионерын ордноос оролцож байлаа.
-Тэр тэмцээнд хэр амжилт үзүүлэв?
-Тухайн үед  гайгүй барилдаж байв. Эхний хоёр өдрийн барилдааны дараа ганцаараа нэг ч унаагүй 12 даваатай байсан.  Миний араас 2-3 унаатай бөхчүүд нэхэж явлаа. Октябрийн районоос хоёр ихрийн нэг Ло.Энхбаяр барилдсан юм.  Ло.Энхбаяртай 13 дахь тойргийн барилдаанд таарсан. Урд нь би “Хоршоолол” нийгэмлэгт бэлтгэл хийхдээ Ло.Энхбаяртай  барилдаж үзсэн юм. Ло.Энхбаяр хөл сайн авдаг. Барьцанд хүрэх юм бол би Ло.Энхбаярыг давна. Тийм болохоор хөлөө алдахгүй гэж хичээж далбааны араас нь зүүн гараар атгаад, сугадаад татсан чинь баруун хөл нь ороод ирсэн. Этээд  түрээд унагасан чинь, түүний гар нь тээглээд миний тохойг хөшөөд уначихсан. Миний тохой мултарсан болохоор О.Цэрэндагва багш барилдах хэрэггүй гэж болиулсан юм. Тэгээд л “Уран барилдаан”-ы шагнал хүртээд тэмцээнээ өндөрлүүлсэн.
-Том П.Сүхбатыг тэр тэмцээн дээр давсан гэдэг бил үү?
-Эхний өдрийн сүүлийн барилдааныг П.Сүхбат гарьдтай хийсэн. Бид хоёр удаан барилдсан. Хав барьцнаас би тойгдож давсан. Бөх сонирхогчид тэр үед ярьж байсан “Хоёр Мөнх 1960-аад оны үед их удаан барилдсан. Тэрэн шиг юм болох шахлаа” гэж ярьж байлаа.
-Бэртэл эдгэсний дараа дахин барилдав уу?
-Бэртэл эдгэсний дараа чөлөөт бөхийн тэмцээнд П.Сүхбаттай нэг жинд орж барилдсан. Би оноогоор хожиж яваад ялагдчихлаа. Үндэсний бөхөөр би даваад, чөлөөт бөхөөр П.Сүхбат ялсан түүхтэй.  Тэрнээс хойш П.Сүхбат “Хасараа, Жагаа хоёулаа ижил даваатай болсон. Одоо хайнаа хагална шүү” гээд наргидаг байж билээ.  Ер нь бид хоёр их дотно найзууд байлаа. Тэр үед барилдаж явсан олон бөхтэй одоо хүртэл сайн найзууд хэвээрээ л яваа.
-Сэтгэлд чинь үлдсэн дурсамжтай барилдаан гэвэл?
-Наймдугаар ангийн сурагч байлаа.  Сүхбаатарын районы үндэсний бөхийн аварга шалгаруулах тэмцээнд 16 настай байхдаа барилдаж үзэв.  О.Цэрэндагва багш намайг барилд гээд хүчээр оруулчихсан юм. Тэгсэн улсын арслан П.Дагвасүрэнгийн аманд очлоо. П.Дагвасүрэн арсланг хаячихдаг байгаа. Давсан хэрнээ П.Дагвасүрэн арслангаас  сүрдэж, айгаад, ичиж зугтаагаад  бөөн юм болсон. Тэр барилдаан их хөгжилтэй, хэзээ ч мартагдашгүй дурсамж үлдээж дээ.
-Танд олон улсын тэмцээнээс хүртсэн медаль бий биз. Оюутан болоод ахиж барилдав уу?
-1981 онд Ж.Гүррагчаа баатрыг сансарт ниссэн өдөрт зориулсан социалист орнуудын залуучуудын олон улсын тэмцээн болсон. Тэр тэмцээний 90 кг-д барилдаж мөнгөн медаль хүртсэн. Москвад сурч байхдаа оюутны спортын наадамд оролцон түрүүлж, 70 рубелийн шагнал хүртэж байлаа. Хүний зураг төөрөг гэдэг сонин. Надад урлагаар явсан нь буруудаагүй. Спортоор хичээллэсэн нь  жүжигчний мэргэжил сонгоход асар их дэм болсон.
-Хүмүүс таныг “Хасар”  Жагаа гэж нэрлэдэг. Энэ танд ард түмнээс хайрласан том шагнал биз?
-Дүрээрээ овоглуулж явна гэдэг жүжигчин хүн бүхэнд олдоод байдаггүй том хүндэтгэл. Хүмүүс надаас асуудаг. “Хасарын дүрд хэдэн настай байхдаа тоглов” гэдэг. Би “Галзуу барын аманд  гараа хийхээс буцахгүй, хутганы ир шиг  25 насандаа  Хасарын дүрийг бүтээсэн” гэж хариулдаг. Кино гарсны дараа хүмүүс “Хасар”  Жагаа гээд дуудна. Эхэндээ би тийм дуртай байгаагүй. Жаахан ичих шинжтэй байв. Сүүлдээ дассан. Одоо Хасар Жагаа гэж дуудахгүй бол  бараг эргэж харахгүй шүү. За за худлаа. Энэ наргиа шүү.  ”Хасар” Жагаа  гэдэг нэр, үзэгч, ард түмнээс надад өгсөн хамгийн том бэлэг.
-”Мөнх тэнгэрийн хүчин дор” киноноос хойш түүхэн дүр бүтээв үү?
-Гурван  удаа Хасарын дүрд тоглолоо. Л.Эрдэнэбулган гуайн “Үхэж үл болно Чингис хаан” кинонд Хасарын дүрд тоглосон. Мөн Б.Лхагвасүрэн гуайн зохиол, Урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт найруулагч Б.Баатарын  ”Атга нөж”  жүжигт Хасарын дүр бүтээсэн. Б.Баатар найруулагч намайг дуудаад ”Чамтай ярих юм байхгүй. Яаж ч харсан Хасар. Өөр дүрээр харах ямар ч шалтгаан алга. Шууд Хасарт тогло” гэж билээ.

 

Үндэсний шуудан

Б.Энхбат: Хашаандаа орж ирэхэд ажлын стресс, ядаргаа бүрэн тайлагддаг

$
0
0

201

“Цахим танил” буландаа хувиараа бизнес эрхлэгч, гэргийнхээ халамжит хань, гурван сайхан хүүгийн аав болох  Б.Энхбатыг урьж ярилцлаа. Түүнийхувьд ”Хашаандаа сайхан амьдаръя” уриалгыг дэмжиж байгаагаа илэрхийлэн, цахим орчинд өөрийн хашааныхаа зургийг хуваалцсан нь олон хүний талархлыг хүлээсэн юм. 

-Сайн байна уу? Та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Бат-Очирын Энхбат гэдэг. Ам бүл тавуулаа. Эхнэр гурван хүүгийн хамт нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт буюу олны хэлж заншсанаар Толгойтод амьдардаг. Хувиараа саравч, сүүдрэвчний  ажил эрхэлдэг.
-Одоо үед хүн бүр л орон сууцтай болохыг хүсдэг болсон. Харин та яагаад хашаа байшингаа тохижуулж амьдрахыг сонгосон бэ?
-Миний бодлоор заавал үнэтэй орон сууцанд банкны хүү төлж  амьдрах дэмий болов уу гэж боддог. Дээр нь хүү өндөртэй. Тиймээс би хашаа байшиндаа илүү сайхан амьдарч эхнэр, гурван хүүгээ ая тухтай байлгахын тулд энэ бүгдийг хийсэн. Ажлаасаа ядраад хашаандаа орж ирэхэд миний ажлын стресс, ядаргаа бүрэн тайлагддаг. Мөн хүүхдүүдээ хашаандаа инээлдээд гүйж байхыг харах надад маш том урам, зориг болдог гэж хэлж болно.

-Та хашаа байшингаа тохижуулах санаагаа хэзээнээс хэрэгжүүлж эхэлсэн бэ? Мөн хамгийн их тусалж дэмжсэн хүн хэн байв?
-Хоёр жилийн өмнөөс л хэрэгжүүлж эхэлсэн. Хамгийн их тусалж дэмжсэн хүн гэвэл миний хань бас найз маань. Ерөнхийдөө бид ярилцаж байгаад энэ бүгдийг эхлүүлсэн байдаг юм.
-Хашаа байшингаа тохижуулж, янзалж байхад хүнд хэцүү зүйл тулгарч байв уу?
-Гайгүй дээ. Би дээрээ таван ах, хоёр эгчтэй айлын бага хүүхэд. Аав ээж хоёр маань их хөдөлмөрч хүмүүс байдаг. Тиймээс би ямар нэг ажлыг чинь сэтгэлээсээ хийх дуртай. Ажлыг сэтгэлээсээ хийх сайхан шүү дээ.
-Та хашааныхаа зүлэгжүүлэлтийг яаж шийдсэн бэ?
-Өөрсдөө хашаан доторх газраа хагалж, хар шороо дэвсэж байгаад үрээ цацсан. Тэгээд л ногоон байгууламжтай болсон доо. Таван мод тарьсан, ирэх сард нэмж дөрвөн мод суулгах бодолтой байгаа.

-Мэдээж айл, өрх  болгонд  усаа яаж авах, тогоо хаанаас татах, 00-ын асуудлаа яаж шийдэх вэ гэсэн асуудлууд тулшардаг шүү дээ. Тэгвэл танайх энэ тал дээр та ямар арга хэмжээ авсан бэ?
-Тэгэлгүй яахав. Энэ байнга тулгардаг асуудал. Манайх төвийн шугамнаас усаа татаж, өрөөнүүддээ шалны халаалт суулгасан. Харин бохирын асуудлаа Еко 00-оор шийдсэн байгаа. Одоо хийх зүйл гайгүй болов уу гэж бодож байна.
-Тэгвэл энэ бүхнийг хийж гүйцэтгэхэд хэр хэмжээний хөрөнгө мөнгө орсон бэ?
-Үнэнийг хэлэхэд зардлаа тооцож чадаагүй. Мөнгө орж ирэхээр бага багаар хийж гүйцэтгэсэн. Өөрсдөө хийсэн болохоор зардал гайгүй гарсан болов уу даа. Байшингаа эхлээд барьчихсан байсан болохоор хашаагаа блокоор давхарлах, граш тохижилт гэх мэтчилэн зүйлсэд барагцаагаар гэвэл 15 сая төгрөг орсон.

-Цаашид хашаа байшиндаа юу хийж, яаж илүү гоёор тохижуулахыг хүсэж байна вэ?
-Эхний ээлжинд амбаараа урагш нь сунгаж барина. Байшингаа өвлийн болгох бодолтой байгаа.  Мөн хашаандаа ойр зуурын хэдэн зүйл хийнэ.Тун удахгүй ажлаа эхлүүлнэ дээ.  Зургаан сар гараад хашаа маань урьдынхаасаа илүү сайхан болох болно.


Б.Сувдаа
Viewing all 756 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>