![HAbYvcUyg3Yugw6oVM8M]()
“Мэргэжилтний зөвлөгөө” булангийн энэ удаагийн дугаарт “Үнэртэй усанд дурлагчдын” группээр дамжуулан үнэртний соёлыг түгээж буй олон улсын хуульч Н.Орчлонг урьж оролцууллаа. Бид үнэртнийг өөрт тохируулан сонгох, зөв хэрэглэх талаар дэлгэрэнгүй ярилцлаа. Та дараах зөвлөгөөнөөс Eau fraiche-гээс Attar хүртэлх бүхий л ангиллын устай танилцах болно.
Та үнэртэй усны соёлыг өөрийн группээр дамжуулан түгээнэ гэдэг. Ер нь үнэртний соёл гэж юу юм бэ. Та энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?
Үнэртний соёл орчин үеийн хүн бүрд байх ёстой соёлуудын нэг юм. Хүн орчиндоо тохируулж хувцасладаг шиг үнэртнээ зөв сонгож байнга хэрэглэх хэрэгтэй. Гэхдээ үнэртний соёлд суралцана гэдэг нь заавал өндөр үнэтэй брэндийн сүрчиг олноор худалдаж авна гэсэн үг биш. Зүгээр л үнэртний тухай мэдлэгтэй, үнэртнийг урлагийн хувьд нь ойлгож бусдын мэдрэмжийг хүндэтгэж өөртөө зөв тохируулж хэрэглэдэг хүнийг хэлнэ.
Өөрт тохирсон үнэртэй усыг хэрхэн сонгох вэ?
Үнэндээ ѳѳрт тохирох сайн үнэртэн сонгоно гэдэг тийм ч амархан зүйл биш. Хүний мэдрэмжүүдээс хамгийн субъектив буюу ѳвѳрмѳц, биеэ даасан нь үнэрлэх мэдрэмж байдаг. Иймд танд таалагдах үнэр бусдынхаас ѳѳр байхад гайхах зүйлгүй. Заримдаа найз нѳхөд, таньдаг хүмүүсийн хэрэглэдэг эсвэл маш ѳндѳр үнэтэй, алдартай, борлуулалт сайтай сүрчиг таалагдаад байдаггүй шүү дээ. Та зѳвхѳн ѳѳртѳѳ л таалагдсан сүрчгээ түрхэж байж тэр анхилуун үнэрээс таашаал авч бас таны үнэр бусдад таалагдана гэдэгт бүрэн итгэлтэй байж болно. Хэрвээ та ямар нэг сүрчгийг анх үнэртсэнийхээ дараа ѳѳрийн эрхгүй дахин дахин үнэрлээд, хамраа салгаж чадахгүй бол ѳѳрийнхѳѳ үнэртнийг олсон гэсэн үг шүү.
![]()
Сүрчигний чанарыг хэрхэн тодорхойлох вэ?
Сүрчигний чанарыг тодорхойлох зургаан шалгуур бий. Эхний гурав нь хүн бүрийн мэдэх ёстой нийтлэг шалгуур байдаг. Тиймээс энэ тухай тайлбарлая.
Үнэрээ барих чадвар (Longevity) Ерөнхийдөө үнэр барилт нь тухайн сүрчгэнд орсон үнэт тосны нягтрал, түүхий эдийн чанараас шалтгаалаад янз бүрийн хугацаатай үргэлжилнэ. Хамгийн нягтрал багатай “Eau de cologne” ба “Eau de toilette” ангиллын үнэртнүүд дунджаар 3-6 цаг, “Eau de parfum” нь дунджаар 6 – 10 цаг, хамгийн ѳндѳр нягтралтай “Pure parfum“, “Attar“, “Perfume extract” ангиллын үнэртнүүд 10 ба түүнээс дээш цаг үнэрээ барьдаг. Гэвч энэхүү ангилал нь бодит амьдрал дээр тэр болгон хэрэгждэггүй. Учир нь сүрчиг бүтээдэг компани болгон ѳѳр ѳѳрийн арга технологиор үнэртнийхээ нягтралыг тогтоодог учир зах зээл дээр байгаа сүрчиг болгоны үнэр барих чадвар нь харилцан адилгүй байдаг. Жишээ нь зарим брэндийн “Eau de Toilette” нь ѳѳр брэндийн “Eau de Parfum“-aас илүү удаан үнэрээ барьдаг. Тиймээс үнэр барилтыг бодитоор түрхэж байж л мэднэ. Зарим сүрчиг нэг цаг хүрэхгүй хугацаанд ууршиж алга болдог бол, зарим нь хэдэн ѳдѳр ѳнгѳрсѳн ч үнэрээ алддаггүй. Гэхдээ маш удаан үнэрээ барьдаг сүрчиг болгон сайн гэсэн үг биш. Сүрчиг нь үнэрээ хэсэг хугацаанд бариад эрч нь алгуурхан сулрах ёстой. Гэтэл зарим химийн гаралтай бодис ихээр орсон, чанар муутай үнэртнүүд үнэрээ маш удаан, эрчээ алдахгүйгээр барьдаг. Энэ нь үнэрлэх мэдрэмжийг цочоож буй бүхий л үнэртний эрч аажмаар сулрах ёстой гэсэн байгалийн хуулийг зѳрчиж байгаа юм. Тийм хүчтэй үнэр тун удалгүй толгой ѳвтгѳх, дотор муухай оргиход хүргэдэг. Мөн хүн өглөө, ѳдѳр, орой гээд янз бүрийн цагт, ѳѳр ѳѳр газар байж олон хүмүүстэй харьцах хэрэгтэй болдог тул олон тѳрлийн зорилгоор хувцсаа солих, тэгээд мѳн үнэртнээ ѳѳрчлѳх шаардлага гардаг. Тиймээс сайн чанарын сүрчиг дунджаар зургаан цаг үнэрээ барьдаг байхад хангалттай.
Үнэрээ түгээх чадвар(Projection) Энэ нь таны түрхсэн цэгээс тухайн сүрчигний молекулууд агаарт ууршиж үнэрээ ямар зайд түгээж байгааг харуулдаг шалгуур юм. Зарим сайхан үнэртэй ч, чанар сайнгүй үнэртнийг эхлэн түрхсэн тэр цэгээс л үнэрийг мэдэрдэг. Энэ нь үнэр түгээлт муутай үнэртэй ус гэсэн үг. Сайн чанарын сүрчигнүүд хэдэн метрийн цаанаас үнэртдэг ба таны биеийг тойруулаад анхилуун бүрхүүл үүсгэдэг. Гэхдээ та тухайн үед байгаа орчин нѳхцлѳѳс шалтгаалаад сүрчигнийхээ үнэр түгээх чадварыг тохируулж мэддэг байх нь чухал. Жишээ нь олон хүнтэй, агаар солилцоо муу, кино театр, оффис зэрэг газруудад үнэр түгээлт ѳндѳртэй сүрчиг хэрэглэх нь бусдыг үл хүндэтгэсэн хэрэг. Ерѳнхийдѳѳ таны үнэртэн хамгийн ойрхон нь гар сунгах зайнаас, дунджаар цѳѳн алхмын цаанаас үнэртэж байж л танд бүрэн таашаал ѳгѳхѳѳс гадна бусдыг ѳѳртѳѳ татах ид шидээ үзүүлнэ.
Үнэрээ үлдээх чадвар (Sillage) Энэ нь үнэртэй усны молекулууд ууршихдаа үнэрээ хэрхэн цацраан үлдээж байгааг харуулах шалгуур юм. Үнэр үлдээлт сайтай сүрчиг нь таны явсан мѳрѳѳр анхилуун үнэрэн зам татуулдаг. Жишээ нь сайхан үнэртэн хэрэглэсэн хүн орж ирээд гараад явсны дараа ч хэсэгтээ таны ѳрѳѳ тэр чигтээ сайхан үнэрээр дүүрсэн байдаг. Ийм үнэр үлдээлт сайтай анхилуун үнэртэн ханхлуулсан хүний араас эргэж харахгүй байхын аргагүй, болдогсон бол дагаад явчихмаар болдог шүү дээ.
![]()
Үнэртэй усыг сонгохдоо өөрийн нас, хүйс, ажил мэргэжлийн онцлогийг юун түрүүнд харгалзаж үзэх ёстой юу. Эсвэл тухайн үйл явдал, цаг үед тааруулан хэрэглэх ёстой юу?
Үнэртнийг маш олон зүйлд тааруулж болно. Жишээ нь 2015 онд Францын “Guerlain” үнэртний ордноос гаргасан “Le Bouquet de la Mariée” бол зөвхөн хуримын өдөр сүйт бүсгүйн түрхэх сүрчиг юм. Энэ сүрчгийг өөр газар, өөр үед түрхэнэ гэж лав санаанд буухгүй байна. Тиймээс сүрчгийг тодорхой цаг, арга хэмжээнд тааруулах мэдлэг мэдрэмжтэй болохын тулд үнэртний соёлд суралцах зайлшгүй хэрэгтэй.
Та үнэртэй усны ангиллуудыг энгийнээр тайлбарлаж өгөөч?
Энэ бол сүрчигний бортого дээрх шошго ба бусад тэмдэглэгээнүүдийн ойлголт юм. Эдгээр тэмдэглэгээнүүд ихэнхдээ францаар эсвэл англиар бичигддэг.
Eau fraiche/Body splash - Үнэртэй усанд байж болох хамгийн бага нягтрал. Дунджаар 1 хувь үнэт тос/essential oils/ агуулдаг. Ийм тэмдэглэгээтэй сүрчгийг ихэнхдээ ѳѳрийгѳѳ сэргээх маягаар арьсан дээрээ харамгүй цацахаар зориулж хийдэг. Жишээ нь шүршүүрээс гарсаны дараа биен дээрээ цацах гэх мэт. Тиймээс ихэнхдээ үнэ нь хямдхан бѳгѳѳд том савлагаатай байдаг. Үнэт тосны орц хамгийн бага учир үнэрээ барих, түгээх, үлдээх чадвар хамгийн сул.
Eau de Cologne/Cologne - Дунджаар 2-4 хувь үнэт тос орсон. Ихэвчлэн эрэгтэйлэг үнэртэй усанд хэрэглэгддэг тэмдэглэгээ. /Cologne бол Германы баруун хэсэгт орших хот. Энэ хотод эрт дээр үеэс сүрчиг үйлдвэрлэж байсан түүхтэй учир яваандаа Колон хотын ус буюу “Eau de Cologne” гэдэг нэршлийг хэрэглэх болсон./
Eau de Toilette - Үнэртэй усны хамгийн нийтлэг нягтрал. Дунджаар 5-15 хувь үнэт тос орсон.
Eau de Parfum - Үнэртэй усны хоёрдахь хамгийн нийтлэг нягтрал. Дунджаар 15-20 хувь үнэт тос орсон.
Intense/Extrême/Concentreé - Урьд ѳмнѳ худалдаанд гарж байсан сүрчигний дараагийн цуврал буюу үнэрийг нь ѳтгѳрүүлсэн, улам илүү нягтруулсан гэсэн үг. Жишээ нь “Dior Homme” – ийг анх “Eau de Toilette” гэсэн нягтралтайгаар гаргаад дараагийнх нь “Dior Homme Intense” буюу “Eau de Parfum” нягтралтайгаар ѳтгѳрүүлэн гаргасан байдаг.
Voile de parfum- Үнэртэй усны ѳндѳр нягтралыг бага зэрэг хѳнгѳрүүлсэн \light\ хувилбар. Яг хатуу тогтоосон тодорхой нягтралын хувь байхгүй ч, онолын хувьд “Eau de Parfum” нягтралаас илүү ѳтгѳн гэхдээ “Parfum/Perfume/Pure Perfume” ангиллын нягтралаас сул, хѳнгѳн үнэртэй.
Parfum/Perfume/Pure Perfume- Үнэртэй усны ѳндѳр нягтрал. Дунджаар 20-30 хувь хүртэл үнэт тос орсон.
Extrait de Parfum/Perfume Extract- Үнэртэй усны хүрч болох хамгийн ѳндѳр нягтрал. Дунджаар 40 хувь хүртэл үнэт тос орсон. Экстракт хийнэ гэдэг тухайн сүрчигний найрлагад орсон бодисуудыг хамгийн ѳтгѳн болтол нь нягтруулж, цэвэрлүүлж, ширгээж гаргаж авсан гэсэн үг.
Attar - Ѳндѳр нягтралтай Aраб ба Ѳмнѳд Азийн ертѳнцѳѳс гаралтай сүрчиг. Ихэнхдээ алкохольгүй, цэвэр үнэт тос хэлбэрээр бүтээдэг. Тодорхой тогтоосон хувь байдаггүй.
Үнэртэй усыг зөөлөн, чихэрлэг, нялуун, хурц гэж хүмүүс олон янзаар ангилан нэрлэдэг. Эдгээрийг яг ямар голлох найрлагууд бий болгоод байна вэ?
Үүнийг хэлэх боломжгүй зүйл. Учир нь үнэртний ертөнц өөрийн гэсэн үгийн сантай. Эдгээр зөөлөн хурц гэсэн үгнүүд бол маш ерөнхий утгатай болохоор үнэртнийг тодорхойлоход бүдүүлэг ойлголтууд юм. Сүрчигний үнэрийг тодорхойлох хамгийн оновчтой зүйл бол тухайн сүрчигний бүтэц буюу пирамид ба ноотнууд юм.
![]()
Үнэртэй усыг хэрхэн зөв түрхэх вэ. Хүмүүс яагаад үнэртнийг заримдаа арьсан дээр заримдаа хувцсан дээр түрхдэг вэ?
Сүрчгийг заавал арьс эсвэл хувцсан дээр тусгайлан түрхэхээр зориулан гаргасан албан ёсны ангилал байдаггүй. Гэхдээ маш цѳѳн тохиолдолд зарим сүрчгийг ѳѳр зориулалтаар түрхэхээр бүтээж болно. Жишээ нь Chanel-ийн “COCO MADEMOISELLE – PARFUM POUR LES CHEVEUX” гэсэн сүрчиг нь зѳвхѳн үсэнд цацахаар бүтээгдсэн байна. Тиймээс үнэртэй усны бортого дээр тусгайлан тэмдэглээгүй бол ерѳнхийдѳѳ тухайн сүрчгийг нийтлэг маягаар хэрэглэнэ. Гэхдээ үнэртнийг арьс эсвэл хувцсан дээр түрхэхийн хамгийн гол шалгуур бол тухайн сүрчигний нягтрал байдаг. Иймээс үнэртний нягтралуудыг бүлгээр авч үзэх хэрэгтэй.
Eau fraîche/Body splash/Eau de Cologne/Cologne/Eau de Toilette - Энэ бүлэгт үнэртэй усны байж болох хамгийн бага нягтралаас хамгийн нийтлэг нягтрал (дунджаар 1 – 10% үнэт тос орсон)-тай сүрчигнүүд орно. Ихэвчлэн эдгээр үнэртнүүд нь тунгалаг ѳнгѳтэй бѳгѳѳд хурдан ууршина. Тиймээс энэ ангиллын сүрчгийг арьс болон хувцсан дээр аль алинд нь түрхэж болно. Гэхдээ энэ бүлэгт хамрагддаг ч тод ѳтгѳн ѳнгѳтэй сүрчиг бол хувцсанд толбо үлдээх өндөр эрсдэлтэй.
Eau de Parfum/Extrême/Concentreé/Intense - Энэ бүлэгт үнэртэй усны хоёр дахь хамгийн нийтлэг нягтрал (дунджаар 10-15% үнэт тос орсон) -тай сүрчигнүүд орно. Энэ ангиллын үнэртнийг ерѳнхийдѳѳ арьс, хувцсан дээр аль алинд нь түрхэж болох ч арьсан дээр түрхвэл илүү зохимжтой. Учир нь энэ бүлгийн үнэртнүүд (а) тунгалгаас гадна тод ѳтгѳн ѳнгѳтэй байдаг тул дээрхтэй ижил эрсдэлтэй(б). Мѳн энэ бүлгийн сүрчгийг хүний арьсны дулаанд ууршиж үнэрээ түгээхээр бүтээсэн байдаг тул арьсан дээр түрхвэл үнэрээ илүү тод ялгаруулах боломж нь нээгдэнэ.
Parfum/Perfume/Pure Perfume/Extrait de Parfum/Perfume Extract/Attar/Solid Perfume - Энэ бүлэгт үнэртэй усны ѳндѳр нягтралаас, үнэртэй усны хүрч болох хамгийн ѳндѳр нягтрал ба цэвэр үнэт тос хэлбэрээр бүтээгдсэн (дунджаар 25-25% хүртэл ба түүнээс дээш хувийн үнэт тос орсон) сүрчигнүүд орох тул ихэвчлэн арьсан дээр түрхэнэ. (Ялангуяа “Solid perfume” нь хатуу тос хэлбэрээр бүтээгддэг.)
![]()
Үнэртнийг арьсны аль хэсэгт түрхвэл зохимжтой вэ?
Дээр дурдсан бүлгүүдээс эхний нэг, хоёрт дурдсан ангиллын сүрчгийг арьсан дээр түрхэх бол ерѳнхийдѳѳ хүзүү, гар, шуу, цээж, хэвлий гээд хаанаа ч түрхэж болно. Зарим хүмүүс сүрчигээ агаарт цацаад доор нь зогсох, нэвтэлж алхах мэтээр түрхдэг юм билээ. Үүнд буруу зүйл байхгүй ч миний хувьд бол гарз мэт санагддаг. Харин гуравдугаар бүлэгт хамрагдах сүрчгийг мэдрэмтгий нимгэн арьстай, судас илүү ойр байдаг буюу хүний биеийн дулаан хамгийн их мэдрэгддэг хэсгүүд болох хүзүү, чихний ар талын хонхорхой, бугалганы судас, тохойны эсрэг тал эсвэл зун юбка ѳмссөн үедээ бол ѳвдѳгний ард гэх мэт газруудад түрхэж болно. Мѳн зарим бүсгүйчүүд хөхнийхөө дунд түрхдэг.
Арьсан дээр сүрчиг түрхсэний дараа хуруугаараа зѳѳлхѳн тарааж болно. Гэхдээ ямар ч тохиолдолд хурдан үрэх хэрэггүй. Учир нь үрэлтийн улмаас таны арьс бас сүрчиг халж тухайн үнэртэнд агуулагдсан үнэт тоснууд цагаасаа ѳмнѳ уурших эрсдэлтэй.
Хуурамч үнэртэй усыг хэрхэн ялгах вэ. Ер нь үнэртэй ус худалдан авахдаа юунд анхаарах вэ?
Та хуурамч бүтээгдэхүүн авснаар нэгдүгээрт мѳнгѳѳ үр ашиггүй зүйлд үрнэ. Хоёрдугаарт тэрхүү хуурамч бүтээгдэхүүнд ямар ч чанарын баталгаагүй химийн бодисууд орсон байх тул арьс түлэх, харшил ѳгдөг. Мөн хүн түрхсэн үнэртнээрээ амьсгалж байдаг тул та хорт химийн бодисоор амьсгалах аюултай. (Европ болон Хойд Америкад албан ёсны үнэртэй ус хийдэг компаниуд бүгд бүтээгдэхүүнээ маш ѳндѳр эрүүл ахуйн стандартаар шалгуулж худалдаанд гаргадаг.) Тиймээс хэзээ ч битгий хуурамч үнэртэй ус худалдаж ав!
Хуурамч үнэртнийг танихын тулд та сүрчиг худалдан авахаасаа ѳмнѳ дараах зүйлсийг анхаараарай.
Нэгдүгээрт, баталгаатай дэлгүүрээс худалдан авах. Ер нь үнэртэй ус бол тансаг хэрэглээ. Тиймээс ихэвчлэн нэр хүндтэй тансаг хэрэглээний бүтээгдэхүүн борлуулдаг томоохон компанийн дэлгүүрүүдэд зарж буй бүтээгдэхүүн найдвартай байдаг. Таны үйлчлүүлж байгаа дэлгүүр тухайн үнэртэй усыг зарах албан ёсны эрхтэй байх ёстой. Үүнийг лавла. Нийтлэг хэрэглээний үнэртний хувьд маш олон сая тоогоор үйлдвэрлэж бусад барааны адилаар дэлгүүрүүд бѳѳний сүлжээнээс авч цааш нь жижиглэн худалдаалдаг тул тэр болгон тухайн үнэртнийг ямар оронд яг хаана худалдаж байгааг нягтлах боломж багатай байдаг.
Хоёрдугаарт, онлайн дэлгүүрээс үнэртэн худалдан авах бол зѳвхѳн баталгаатай үйчилгээ үзүүлдэг томоохон компаниудын вэб хуудаснаас авах хэрэгтэй. Тухайн дэлгүүрүүдэд ѳгсѳн хэрэглэгчдийн “rating” буюу хараат бус хѳндлѳнгийн үнэлгээг заавал шалга. Мѳн бараа буцаах журам (return policy)-тай нь сайн танилц. Бас youtube дээр хуурамч үнэртнийг ялгах тухай видео олон бий, сүрчигнийхээ нэрээр хайгаад үзээрэй..
Гуравдугаарт, Хайрцаг, шил сав ба усны ѳнгѳ, код, гуурс. Сүрчигний хайрцаг ба сав шил нь маш цэвэрхэн, мэргэжлийн хэмжээнд хийгдсэн байх ёстой. Үнэртэн хийдэг фирмүүд нь мэргэжлийн дизайнерийн компаниудаар хайрцаг, сав шил, баглаа боодлыг нь бүтээлгэдэг тул ямар нэгэн болхи хийц, мэдээжийн нэр үг үсэглэлийн алдаа байх ёсгүй. Хайрцгийн гадуурх сэлфань бүрхүүл нь ямар нэгэн ѳѳ сэвгүй, хайрцаг ба шил савны хэлбэр, лого, бичилт тэмдэглэлийн хэвлэлт, ѳнгѳ будаг, цавуу наалт нь болхи, чанар муутай биш байх ёстой. Бас шүрших, цацах даралттай механизм нь ямар нэгэн саадгүй ажиллах ёстой. Үнэртэн нь тунгалаг жигд ѳнгѳтэй, ямар нэгэн тунадасгүй, хэт шингэн эсвэл хэт ѳтгѳн биш.
Сүрчигний оригинал, хуурамч эсэхийг кодыг нь хараад мэдэж болно эсвэл оригинал үнэртний гуурс нь тэгшхэн байдаг зэрэг буруу ойлголт байдаг. Үнэртний бортого дээр ч бай, гаднах хайрцаг дээр ч бай, тухайн код (barcode) бол зүгээр л тоо. Ямар ч үйлдвэрлэл явагдаж байгаа газар бүтээгдэхүүнээ тоолж бүртгэж авах нь мэдээжийн асуудал. Хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид тухайн үнэртэн, бортого, хайрцаг савыг дуурайлган хийж чадаж байгаа бол хэдхэн тоог хуурамчаар хийж чадахгүй гэж үү. Мѳн үнэртний гуурстай холбогдох буруу ойлголт бий. Зах зээл дээр байгаа олон мянган үнэртнүүдийн дунд шулуун гуурстай нь ч бий, далий нь ч бий. Үнэхээр гуурсны шулуун эсэхээр таньж болдог байсан бол тэр хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нар тийм жижиг зүйл дээр алдана гэж үү. Код ба гуурс зэрэг нь ерѳнхийд нь харах олон зүйлийн нэг хэсэг болохоос дангаараа ямар ч баталгаатай шинж тэмдэг биш.
Дөрөвдүгээрт, хуурамч бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч этгээдүүд мѳнгѳ олохын тулд тухайн үед хамгийн их зар сурталчилгаа нь идэвхтэй явж байгаа эсвэл амжилттай зарагдаж байгаа бүтээгдэхүүнийг дуурайлгаж хийдэг. Тиймээс зах зээлд ѳндѳр эрэлттэй байгаа бүтээгдэхүүнийг танд үнэмшихээргүй үнээр санал болгож байгаа нь ѳѳрѳѳ сэжигтэй зүйл. Дэлхийн хаана ч нийтлэг хэрэглээний үнэртэй усны үнэ нь тогтвортой байдаг. Ерѳнхийдѳѳ брэндийн үнэртнүүд нэг мл нь нэг ам.доллар байдаг. Хэмжээ нь томрох тусам үнэ нь 20-25 хувиар хямдарна. Жишээ нь 50 мл-ийн ус ойролцоогоор 50 доллар ба 100 мл нь 75-80 доллар байдаг. Зарим тансаг хэрэглээний брэндүүд огт хямдардаггүй. Тиймээс үнэмшмээргүй хямдхан бол хуурамч байх магадлал ѳндѳр. Ялангуяа хувь хүнээс хямдхан авах нь эрсдэл өндөртэй. Гэхдээ энд албан ёсны томоохон дэлгүүрүүдийн улирлын эсвэл баярын хямдралыг тооцохгүй. Жишээ нь Европ болон хойд Америкт баярын хямдралаар үнэртэн 50 – 70 хувь хүртэл хямдардаг.
Үнэртэй усны хадгалах хугацааны тухай тайлбарлана уу. Тэмдэглэгээг хэрхэн таньж унших вэ?
Үнэртэй усанд хүнсний бүтээгдэхүүн шиг нарийн хадгалах хугацаа гэж байхгүй. Учир нь сүрчигний орцод маш олон тѳрлийн химийн болон байгалийн гаралтай материал ордог. Удаан хадгалснаас болж хоол хүнс шиг мууддаггүй. Ер нь үнэртнийг ойролцоогоор нэг жил хагасаас гурван жил орчим хадгалах хугацаатай гэсэн ерѳнхий ойлголт бий. Ихэнх сүрчигний бортого дээр нээлттэй таг шиг тэмдэглэгээний хажууд сарын тоо бичсэн байдаг. Энэ нь тухайн сүрчигний тагийг нээснээс хойш тэдэн сар хадгалж болохыг илэрхийлдэг.
Гэхдээ мэдээж энэ хугацаа бол тухайн сүрчгийг зориулалтын буюу харанхуй, хуурай, сэрүүн газар хадгална гэж тооцоолсон хугацаа шүү дээ. Миний хувийн бодол бол ерѳнхийдѳѳ тухайн сүрчигний бортого дээр ийм тэмдэглэгээ байгаа бол тэрхүү хугацаанд нь хэрэглэсэн нь дээр, хэрэв тийм тэмдэглэгээ байхгүй бол ойролцоогоор 3 жил гээд тооцож болно.
Харин чанар муутай хямдхан ба буруу хадгалсан сүрчигнүүд үнэрээ хурдан алддаг. Бас үйлдвэрлэлээс шууд гарсан үнэртэн худалдан авч цуглуулахаас гадна маш олон жилийн ѳмнѳ, жишээ нь 20, 30 жилийн ѳмнѳ худалдаанд гарсан хуучны сүрчиг цуглуулж хэрэглэдэг дурлагчид бий. Ийм сүрчгийг англиар “vintage” гэж нэрлэнэ. Сайн чанарын ийм сүрчиг ѳдийг хүртэл маш сайхан үнэрээ огт алдаагүй байдаг. Энэ юуг хэлж байна гэхээр яг үнэндээ сүрчгийг хэр удаан хадгалах нь нэгдүгээрт тухайн үнэртний чанар, хоёрдугаарт та сүрчигнийхээ цуглуулгыг яаж, ямар нѳхцѳлд хадгалахаас л бүрэн хамаарна гэсэн үг.
Хэрэв та сүрчгээ гэрэл шууд туссан, халуун эсвэл уур савссан чийгтэй газар хадгалбал хэдэн жил байтугай хэдхэн хоногийн дотор тухайн үнэртэй усанд агуулагдсан үнэт тоснууд шарагдаж дуусна. Тиймээс цонхны тавцан дээр эсвэл ванны ѳрѳѳнд толины ѳмнѳ сүрчигнүүдээ хадгалах нь буруу юм.
Иймд та ѳѳрийнхѳѳ үнэртнүүдийг урт хугацаагаар хадгалахын тулд харанхуй, хуурай, сэрүүн газар байрлуулах хэрэгтэй. Хайрцагтай нь хамт хадгалбал сайн.
![]()
Энэ зун ямар уснууд тренд болж байгаа вэ?
Миний хувьд трэнд дагадаггүй тиймдээ ч бусдыг трэнд бүү дага гэж зөвлөнө. Үнэртний сонголт бол зөвхөн тухайн хүний хүсэл сонирхол, зан төрх, амьдралын элдэв дурсамж, бас үнэртний мэдлэг, торгон мэдрэмж мөн хувийн санхүүгээс нь шалтгаалах зүйл учир хүн өөрөө шийдвэрээ гаргах ёстой. Тиймээс ч би “энэ оны топ эмэгтэй үнэртнүүд” гэдэг ч юм уу өнгөцхөн, хэт хувийн үзэмжийн юм ярих дургүй. Магадгүй тэгж ярьж байгаа хүнд өөрт нь л таалагдсан арав байхаас бүх хүнд таарсан сонголтыг өмнөөс нь хийх гэдэг утгагүй явдал юм.
Харин би хүмүүст хэрхэн үнэртний соёлд суралцах вэ, өөрийнхөө үнэртний ертөнцийг нээж ойлгох вэ, хэрхэн дуртай үнэртний төрөл, ноотоо олох вэ, үнэрний чиг хандлагаа хэрхэн тодорхойлж илэрхийлж сурах вэ гэх мэт илүү гүн гүнзгий ойлголтуудыг өгөхийг хичээдэг.
Эрэгтэй, эмэгтэй хүнд зориулсан үнэртэй усны ялгаа нь юу вэ. Найрлагад нь ямар өөрчлөлт байдаг вэ?
Үнэндээ эрэгтэй ба эмэгтэй сүрчигний хооронд ямар ч ялгаа байхгүй. Харин хүйсээр ялган зар сурталчилгааг хийж, эрэгтэй эмэгтэй тасагт хуваан зардаг учраас л бид үнэртэй усыг хүйсээр хоёр хуваагаад сурсан байх. Сайхан үнэр бол сайхан л үнэр, үнэрт хүйс байхгүй.
Эмэгтэйчүүд ямар үнэрэнд эсвэл ямар үнэртэй усанд дуртай вэ гэж хүмүүс их асуудаг. Тэгвэл энэ асуултыг хариулахаас ѳмнѳ би асууя “Эмэгтэйчүүд ямар амтанд эсвэл ямар хоолонд дуртай вэ, энэ хорвоо дээр байгаа хэдэн мянган янзын амтыг хүйсээр ялгах боломжтой юу, эрэгтэй эсвэл эмэгтэй амт, хүйстэй хоол бий юу, эрэгтэй эмэгтэй хѳгжим дуу байдаг уу, эрэгтэй эмэгтэй уран зураг бий юу, ер нь урлагийн бүтээл хүйстэй байх боломжтой юу тэгвэл үнэртнийг хүйсээр ялгах нь үүнтэй л адил зүйл юм. Энэ талаар үнэртэй усны нэрт мастер Рожа Дов “Бүх л тѳрлийн үнэртэн хийдэг материал түүхий эд, жишээ нь цэцэг навч, жимс, мод, давирхай, байгалийн болон химийн гаралтай үнэт тоснууд, тэдгээрийг найруулдаг спирт зэрэгт ямар ч хүйс байхгүй” гэж хэлсэн юм.
Эрт дээр үеэс үнэртэй усыг ямар ч хүйсний тодорхойлолтгүйгээр эрэгтэй ч эмэгтэй ч хүмүүс зэрэг хэрэглэхээр “unisex” хэлбэрээр бүтээж ирсэн. Харин сүүлийн хэдэн арван жилд л үнэртэй усны бортого, саван дээр “pour homme/for men” гэх мэт бичилтүүд гарч ирсэн байна. Энэ үзэгдлийг үнэртэй усны олон улсын хэмжээнд хүлээн зѳвшѳѳрѳгдсѳн шүүмжлэгч Чандлер Бур их сонирхолтойгоор тайлбарласан байдаг. Зарим үнэртэй усыг “pour homme” буюу “эрэгтэйчүүдэд зориулав” гэж албан ёсоор хаяглах болсон учир нь 1970-аад оноос дэлхийн зарим оронд үнэртэн түрхдэг эрчүүд ижил хүйстэн гэж харагдах вий гэсэн бодит айдас бий болсон ба энэ нь тухайн үеийн нийгмийн сэтгэл зүйг давж гарахын тулд сүрчиг хийдэг компаниудын хэрэглэсэн зар сурталчилгааны арга байсан гэжээ. (Эрэгтэй үнэртэн дээр заавал “pour homme” гэж тэмдэглэдэг мѳртлѳѳ эмэгтэй сүрчгэн дээр заавал эмэгтэйчүүдэд зориулав гэж бичдэггүй, зѳвхѳн тухайн үнэртний нэрийг бичдэг.)
Үнэндээ үнэртэй ус бүтээдэг мастерууд ч гэсэн үнэртэн бүтээхдээ анхнаасаа нэг сүрчгийг эрэгтэй эмэгтэй гэж тэр болгон ялгадаггүй. Жишээ нь эрэгтэй эмэгтэй хос үнэртэн гаргалаа гэхэд тэд ихэвчлэн нэг сүрчиг хийснийхээ дараа түүнийгээ дахин хуулбарууд дээр нь цѳѳхѳн хэдэн үнэрний ноот нэмэх эсвэл агуулгаас нь зарим үнэртний ноотыг хасаад л эр эсвэл эм хувилбарыг гаргаж ирдэг гэнэ. Нийтлэг хэрэглээний үнэртэй усны зах зээлд үнэртнийг ялгаж ѳгдѳг хамгийн хүчтэй хэрэгсэл нь үнэр гэхээсээ илүү бүтээгдэхүүний бортого, сав баглаа боодол, зар сурталчилгаа юм.
Үнэртэй усны ертѳнцѳд домог болсон хамгийн сайн үнэртнүүд ихэвчлэн бүх л хэрэглэгч нарт таалагддаг эр эмгүй хайрлагдсан сүрчигнүүд байдаг. Тиймээс ч ихэнх “ниш” (niche) ба тансаг хэрэглээний ѳндѳр үнэтэй үнэртнүүдэд огт хүйс заадаггүй. Жишээ сүүлийн үед хамгийн их моодонд ороод байгаа “Tom Ford Prive Blend” цуглуулгын 90 хувь нь unisex юм.
Тиймээс ч зарим эмэгтэй гэж сурталчилгаа нь хийгдсэн үнэртнүүд эрэгтэй хүний арьсан дээр маш сайхан үнэртдэг. Жишээ нь “Chanel” -ийн “Sycomore” гэдэг сүрчиг нь албан ёсоор бол эмэгтэй үнэртэн гэх боловч миний хамгийн дуртай дээд зэргийн чанартай үнэртнүүдийн нэг. Мөн нь “Dior Homme” гээд эрэгтэй гэж сурталчлагдсан үнэртэнд хатагтай нар их дуртай. Энэ үнэртнээс эмэгтэй хүний уруулын будаг мэт анхилуун үнэр үнэртдэг гэдэг.
Дүгнэж хэлэхэд таны түрхэж буй үнэртэн таныг эр эм гэж мэдэхгүй харин яаж сайхан үнэртэхээ л мэднэ шүү дээ. Мэдээж зарим сүрчиг таны бодлоор эрэгтэй эсвэл эмэгтэй хүнд зохихоор илүү “эрэгтэйлэг/эмэгтэйлэг” үнэртэж байж болох юм. Гэхдээ та ѳѳрѳѳ яг ямар үнэртнээс таашаал авах нь таны л хувиараа шийдэх асуудал.
![]()
Таны санал болгох үнэртэй ус?
Би яг энэ усыг сонгож ав гэж хэлэхгүй. Харин үнэртэнд дурлагчид нөхцөл байдлаас хамаараад нийтлэг ямар сүрчигнүүд байвал зохих талаар зѳвлѳгѳѳг ѳгье. Миний бодлоор дурлагсдад дараах сүрчиг байвал тохиромжтой. Үүнд:
Ѳдѳр тутмын (Office/school) Энэ нь та ѳдѳр тутам ажил сургууль дээрээ түрхдэг таны үнэрний гарын үсэг болсон сүрчиг юм. Ихэнхдээ бусад хүмүүстэй агаарын солилцоо муу орчинд хамт байх тул энэ үнэртэн нь хурц биш боловч таны ажил хичээлийн ѳдрийг дааж гарах сайн чанарын танд амжилт бүтээлтэй сурж ажиллах сэдэл тѳрүүлсэн эд байна.
Ажил хэргийн уулзалт ярилцлагын (Business meetings or interviews) Энэ нь чухал зүйл ярилцах үед хүний анхаарал сарниулахгүй боловч ярилцаж буй хүнд таныг итгэл даадаг бѳгѳѳд гоо сайхны нарийн мэдрэмжтэйг харуулсан сонгодог сүрчиг байна.
Амралтын ѳдрийн (Weekends/Vacation) Таныг үнэрээрээ амраадаг бѳгѳѳд та түрхэхэд ажил сургуулиа марттал ѳѳр ертѳнцѳд аваачдаг ѳвѳрмѳц урам сэтгэмжтэй сүрчиг.
Шоудах (Clubbing) Энэ нь та найзуудтайгаа гадуур хөгжилдөх, бүжиглэх үеийн сүрчиг юм. Иймд энэ нь олон хүнтэй газарт хүмүүсийн хѳлс, тамхи ба согтууруулах ундааны үнэрийг дарахаас гадна таныг олон хүн дундаас онцгойруулан үнэртүүлэх чадвартай байх ёстой.
Болзооны (Dating) Анх уулзаж буй бѳгѳѳд сонирхол татсан хүндээ онцгой сэтгэгдэл тѳрүүлэн дурыг нь булаах ховстой сүрчиг. Tаны эмэгтэйлэг, энхрийхэн эсвэл эрэгтэйлэг талыг тань тодотгосон тансаг зэрэглэлийн сүрчиг байна.
Романтик мѳчүүдийн (Romantic evenings) Хайр дурлалдаа шатаж яваа хосуудын сүрчиг. Гүнзгий мѳртлѳѳ дулаахан ба хайрласан халамжилсан мэдрэмжүүдийг тѳрүүлсэн үнэртэн.
Халуухан шѳнийн (Sexy) Нэг тийм үнэр. За за дэлгэрэнгүй ярих гэхээр жаахан хүүхдүүдийн чих алт болчих гээд байх.
Ганцаардлын ба сэтгэл уналтаас аврах (Loneliness/Emergencies) Таныг гэр бүлээсээ, хайртай хүнээсээ хол байх үед ганцаардлаа давж туулахад туслах дотны хүн/хүмүүсийг, тэдний хайр халамжийг санагдуулсан үнэртэн. Сэтгэл уналтаас аврах сүрчиг нь ерѳнхийдѳѳ адилхан боловч таныг ямар ч үед сэтгэлийг чинь сэргээх шидтэй эд байна.
Спортын (Sporty) Биеийн тамираар хичээллээд гарч ирсэний дараа хѳлс шүршүүрний ѳрѳѳний үнэрийг дарахаас гадна танд сэргэг эрч хүч ѳгдѳг үнэртэн байна.
Гэр бүлийн цугларалтын (Family gathering) Таны тѳрѳлхийн зан чанарыг илэрхийлсэн бас таныг сайн охин хүү, ах эгч, ээж аав болохыг тань баталсан зѳѳлѳн бѳгѳѳд цэвэрхэн үнэртэй энгийн сүрчиг байна.
Найзуудын дунд (Among Friends) Та ажил сургууль гэр бүлийнхээ хүрээнд түрхэж чаддаггүй “найзууд маань намайг байгаагаар минь л хүлээж авна” гэсэн утгыг илэрхийлсэн ямар ч хамаагүй үнэртэн.
Олон нийтийн арга хэмжээ (Public events) Олон хүнтэй гар барьж олны ѳмнѳ гарах тул аль болохоор тѳвийг барьсан үнэртэй мѳртлѳѳ таны ѳѳртѳѳ итгэх итгэлийг ѳндѳрсгѳдѳг сайн чанарын сүрчиг.
Хурим, тѳрсѳн ѳдѳр болон бусад онцгой ѳдрийн (Weddings/Birthdays/Other specials occasions) Зѳвхѳн та бусдын анхаарлын тѳвд байх тул таны гоо үзэсгэлэн, хамгийн сайн зан чанарыг илэрхийлсэн таны хамгийн тансаг сүрчиг. Энд цэвэр “Parfum” эсвэл “Attar” мэт ѳндѳр нягтралтай бѳгѳѳд тансаг зэрэглэлийн үнэтэй сүрчиг байна.
Бясалгалын (Meditation) Таныг гүн гүнзгий юм бодогдуулдаг үнэртэн. Цэвэрхэн боловч ухаарал хайрласан сүрчиг.
Үнэртэнд дурлагсдын дунд (Perfumeheads gathering) Энэ нийтлэг хэрэглээний бус эрээд эрээд олддоггүй ховор эрдэнэ мэт бѳгѳѳд ѳндѳр үнэтэй байх ба бусад дурлагсдад гайхуулах боломж олгодог онцгой эд байх ёстой.
Ярилцсанд баярлалаа.