Quantcast
Channel: Ярилцлага – Miss.mn
Viewing all 756 articles
Browse latest View live

Ирина Шейк: Загварын ертөнцөөс хайр, үзэн ядалтыг зэрэг мэдэрсэн

$
0
0

Оросын супермодель Ирина Шейк “Teen Vogue” сэтгүүлд өгсөн ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

-Таны бахархал юу вэ?

-Би эх орноороо бахархдаг. Агуу уудам газар нутаг, нэг нэгнээ хайрладаг ард түмнээрээ бахархдаг. Би хэдээ Орос улсад байнга очиж чадахгүй байгаа хэдий ч зүрх сэтгэлдээ үргэлж эх орныхоо тухай боддог.

-Та бол Оросын загварын ертөнцийг олон улсад танилцуулсан ачтан?

-Би их хичээсэн. Гэр бүлийнхээ дэмжлэгтэйгээр энэ салбарт орсон. Ээж намайг таван настай байхад загварын дамжаанд явуулж, өнөөдрийн амжилтад бэлтгэсэн.

-Энэ салбарт орж ирээд магтаалын үг эсвэл хараалын үгний алийг нь илүү сонссон вэ?

-Аль алийг нь тодорхой хэмжээгээр сонссон. Сэтгэлийг эмзэглүүлж, баярлуулсан олон үгтэй учир ч явлаа. Загварын ертөнцөөс хайр, үзэн ядалтыг зэрэг мэдэрсэн.

-Та хоолны дэглэм барьдаг биз дээ?

-Таргалалттай өлөн ходоод бус хөдөлгөөнөөр тэмцдэг. Ер нь хоолоо сойх нь тун муу. Хэдээ хоолоо сойход турдаг ч дараа нь гарах үр нөлөө тун муу.

-Хэдийнэ та 30 нас хүрсэн. Энэ насан дээр ирэхээр эмэгтэйчүүдийн ихэнх нь гэр бүл, хуримын тухай боддог байх?

-Нас нэмэх бүрдээ гэр бүл, хайр халамжийн тухай бодох нь ихэсдэг юм байна лээ.

-Та өөр шигээ хөөрхөн охинтой болсон. Охин тань сайн уу?

-Тийм ээ. Тэр минь их сайн байгаа. Охиноосоо эрч хүч аваад л ажлаа хийж явна. Охин минь миний далавч.

-Брэдли Купер хэр сайн аав вэ?

-Тэр минь үнэхээр сайн аав шүү. Надаас илүү охиндоо анхаарал хандуулдаг.

-Таныг төрөхөд Брэдли хажууд чинь байгаагүй гэж сонссон. Энэ үнэн үү?

-Тиймээ. Тэр зураг авалттай өөр хотод байсан юм. Тэгээд л хажууд минь байж чадаагүй.

-Хуримаа хэзээ хийх вэ?

-Сайн хэлж мэдэхгүй байна.

-Таны хувийн амьдралын талаар хүмүүс ярилцахад бухимдал төрдөг үү?

-Үнэхээр хэцүү байдаг.

-Таны карьер, хувийн амьдрал олон хүний анхаарлыг татдаг. Энэ бүхэн танд хэцүү санагддаг уу?

-Тиймээ. Тоохгүй байхыг хүсдэг ч заримдаа тайлбар хийхээс аргагүй мэдээ мэдээлэл цацагддаг.

-Загвар өмсөгчөөс жүжигчин болсон. Дахин кинонд тоглох бодол байгаа юу?

-Кино урлагаас би татгалзаж чадахгүй.

-Ямар дүр бүтээхийг хүсдэг вэ?

-Супер баатрын дүр. Хүчирхэг эмэгтэйн дүрийг бүтээхийг хүсч байна. Саяхан бид Бэтмэн, Супермэний киног үзсэн. Кино үзснийхээ дараа л энэ бодол төрөх болсон. Тун удахгүй мөрөөдлийн дүрээ бүтээнэ гэдэгт итгэлтэй байна.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn


Э.Энхриймаа: Сонирхсон зүйлдээ тууштай байх дуртай

$
0
0
“Дэлхийн мисс-2018” тэмцээнд Э.Энхриймаа эх орноо төлөөлөн оролцож байна. Түүнийг Хятад улсыг зорихоос нь өмнө холбогдсон юм.
–Эх дэлхийн эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон “Дэлхийн мисс” тэмцээнд оролцох болсонд баяр хүргэе?
-Баярлалаа. Би тэмцээнээр дамжуулж, ээж бүр үр хүүхдээ зөв хүмүүжүүлж, эерэг хандлага төлөвшүүлснээр эх дэлхийн олон асуудал, бэрхшээл шийдэгдэнэ гэсэн санааг илэрхийлж “Сайн ээжүүд сайхан дэлхий ертөнцийг цогцлооно” гэсэн уриалгыг  хүн төрөлхтөнд хүргэхийг зорьж байна.
–Тэмцээн болох дөхжээ. Хэр догдолж байна?
-Догдлохоос илүү хариуцлага гэж хүлээж авсан. Ямар ч байсан амжилттай оролцож, эх орныхоо нэрийг өндөрт өргөнөө.
–Та тасраад байсан “Монголын сайхан бүсгүй-31” уралдаанд түрүүлсэн. Тэмцээнд оролцох саналыг хэн тавьж байв?
-Ээж минь анх санал тавьсан. Эхлээд гайхаж хүлээж авсан ч өөрийгөө сориод үзэхээр шийдсэн. Бүсгүй хүн эрдэм мэдлэгтэй байхаас гадна байгалиас заяасан өгөгдлөө яагаад хөгжүүлж болохгүй гэж. Энэ тэмцээнд орсноор би өөрийгөө нээж, ялан дийлсэн гэж бодож байна.
–Таны хувьд гадаад гоо үзэмжээс илүү дотоод гоо сайхан, эрдэм боловсролыг эрхэмлэдэг юм шиг санагдсан?
-Би бүсгүй хүн оюунлаг байх ёстой гэж боддог. Ээж минь багаас намайг эрдэм мэдлэгтэй болгохын төлөө бүхнийг хийсэн. Одоогоор Санхүү, эдийн засгийн дээд сургуульд нягтлан бодогчоор сурч байна.
–Тиймээс ч “Оюунлаг мисс”-ээр шалгарсан байх?
-Тэмцээний үеэр намайг хурцалж, урам өгч байсан хүмүүс нь бол гэр бүлийнхнээс гадна хамт оролцсон охид. Бид бие биетэйгээ өрсөлдөж, ялагч болох нь гол байгаагүй. Нэгэн зорилгын төлөө тэмүүлж нэгдэж чадсан нь л сайхан. Байр эзэлсэн ч бай, эзлээгүй ч бай бүх охидын маань ирээдүйн зам гэрэлтэй байна гэдэгт итгэж байна.
–Э.Энхриймааг Эрдэнэтийнх гэж сонссон. Багадаа ямар хүүхэд байв?
-Хүүхэд нас минь Эрдэнэт хотод өнгөрсөн. Багадаа урлаг, уран сайханд дуртай хүүхэд байлаа. Шүлэг уншина, драмын дугуйланд явж, хайчилбар хийж өөрийгөө сорьж үзсэн. Би нэг сонирхсон зүйлдээ тууштай байх дуртай.
Ч.Гантулга
Эх сурвалж: Зууны мэдээ сонин 

Г.Мөнхтуяа: Халуурч, ханиалган, уушгины хатгалгаа тусч байвал агаарын бохирдол хурцаар нөлөөлж эхэлсний дохио

$
0
0

width2x_OzLjLSnJUvBLtB2Улсын нийслэл УЛААНБААТАР ХОТ АГААР БОХИРДЛЫН ХЭМЖЭЭГЭЭРЭЭ ДЭЛХИЙД 2-Т ОРЖ БАЙНА. Улаанбаатарын тоосжилт, утаа буюу агаарын бохирдлоос шалтгаалж иргэд уушгины хавдар, зүрхний шигдээс, тархины харвалтын аль нэгээр өвдөх болсныг судалсан байдаг. Энэ удаад агаарын бохирдол бидний уушгинд хэрхэн нөлөөлж байгаа талаар Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн Салбар Амбулатори №1-ийн дотор, зүрх судасны их эмч Г.Мөнхтуяатай ярилцлаа.

-Улаанбаатар хотын агаарын бохирдол хэвийн хэмжээнээс хэтэрснээс болж иргэдийн эрүүл мэнд ихээр хохирч байна. Агаарын бохирдол бидний уушгинд яаж нөлөөлж байна вэ?
Агаарын бохирдол бидний уушгинд яаж нөлөөлж  байгааг ярихаас өмнө амьсгалын эрхтэн тогтолцоо гэж юу болох, ямар үүрэгтэйг яримаар байна.
Амьсгалын эрхтэн тогтолцоонд: Хамар, хамрын дайвар хөндийнүүд, залгиур, төвөнх, цагаан мөгөөрсөн хоолой, уушиг, гялтан, цээжний хэнхэрцэг, амьсгалын  булчин, мэдрэл, шингэний зохицуулгын аппарат болон хийг тээвэрлэгч цус зэрэг гадаад амьсгалд оролцдог эрхтнүүдийг багтаан авч үздэг.
Эдгээр нь хийн солилцоо явуулах үндсэн үүрэгтэйгээс гадна бодисын солилцоонд оролцох ,хамгаалах,биологийн идэвхт бодис ялгаруулах ,дуу гаргах, хүчил шүлтийн тэнцвэрийг зохицуулахад оролцдог .
-Агаарын бохирдол ихтэй энэ үед бага насны хүүхдийнхээ уушгийг яаж хамгаалах вэ?
Агаарын бохирдлын улмаас агаарт хорт хийн агууламж ихсэн хүчилтөрөгч буурсанаар  уушгинд хийн солилцоо хангалттай явагдахгүй үүний дүнд эд эсэд тэжээлийн дутагдал  үүсэн халдварт амархан өртөж цааш үрэвсэлийн явц эрчимжин хөдөлмөрийн чадвар буурч идэвхтэй эрүүл амьдралын чанар буурч улмаар хөдөлмөрийн чадвараа бүрэн алдахад цаашлаад амь насаа алдахад  хүргэж байна .
-Агаарын бохирдол бага насны хүүхдэд илүү хүндээр нөлөөлж байдаг. Учир нь:
  • Хүүхдийн амьсгалын эрхтэн гүйцэд хөгжөөгүй
  •  Эцэг эхийн эрүүл мэндийн боловсрол хангалтгүй
  •  Цэцэрлэг , сургууль хэтэрхий олон хүүхэд хамрагдсан
  •  Ард иргэдийн  санхүүгийн боломж муугаас  илчлэг чанарлаг хоол хүнсээр хангаж чадахгүй байгаа зэрэг олон асуудлууд нөлөөлдөг.
-”Агаарын бохирдлын улмаас жилд 120 хүүхэд нас баржээ” гэсэн судалгаа байсан?
  • /АШУҮИС/-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн судалгааны баг АНУ-ын Беркелей дэх Калифорнийн их сургууль, БНСУ-ын Сөүлийн үндэсний их сургуулийн судлаачидтай хамтран Улаанбаатар хотын агаарын бохирдол хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буй байдлыг өнгөрсөн онд судалсан байдаг.
    Судалгааны үр дүн 0-5 насны буюу бага насны хүүхдүүд Улаанбаатарын утаа, тоосжилтын нөлөөнд хамгийн их өртдөгийг харуулсан байсан. Жилд 120 хүүхэд, 1200-1300 том хүн агаарын бохирдлын шалтгаантайгаар өвдөж, нас барсан гэсэн мэдээг судалгааны баг өгсөн.
    Хүүхэд халуурч, ханиалган, уушгины хатгалгаа тусч байвал агаарын бохирдол хурцаар нөлөөлж эхэлсний дохио юм. Ер нь онцын шаардлагагүй тохиолдолд хүүхдээ олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, дулаан хувцаслах, сүү цагаан идээг түлхүү хэрэглэх, өглөө оройд шүдийг тогтмол угаалгах амны хаалтыг тогтмол хэрэглэж хэвших, жамц давстай усаар хоолойг зайлуулж сургах, агаар цэвэршүүлэх аппарат хэрэглэх энэ хэдэн энгийн зүйлийг хэвшүүлвэл хүүхдээ уушигны үрэвслээс хамгаалж чадна гэж хэлмээр байна.
-Тэгвэл насанд хүрсэн хүн уушгиа хэрхэн хамгаалах вэ?
Юуны өмнө тамхинаас татгалзах, дам тамхидалтанд өртөхгүй байх, амны хаалтыг хэрэглэж хэвших, амьсгалын замын цочмог үрэвслийг цаг тухайд нь бүрэн дүүрэн эмчлэх, таамгаар дам сургаар эм хэрэглэхгүй байх шаардлагатай. Чөлөөт цагаараа цэнгэг агаарт алхах, биеэ чийрэгжүүлэх  биеийн тамираар хичээллэх зэрэг нь уушгиа хамгаалах арга юм шүү.
-Агаарын бохирдол хэрээс хэтэрсэн энэ үед давхар тамхи татах нь ямар хор нөлөөтэй вэ?
-Тамхины утаанд никотин, давирхай, олон цагирагт ароматик нүүрстөрөгч, кадмий азотын исэл зэрэг 4000 гаруй хорт бодис агуулдаг. Тамхи удаан хугацааны туршид эсвэл богино хугацаанд хүчтэй үйлчлэл үзүүлснээр амьсгалын эрхтний хамгаалах тогтолцооны үйл ажилгаа хямарч бүтцийн эмгэг өөрчлөлтүүд гардаг  Мөн тамхины найрлаганд орсон бодисууд уушигны хорт хавдрын үндсэн шалтгаануудын нэг.
-Агаарын бохирдлоос болж уушигны ямар өвчин иргэдийн дунд их тохиолдож байна вэ?
Манай дүүргийн хувьд Гуурсан хоолойн архаг бөглөрөлт үрэвсэл, Гуурсан хоолойн  багтраа сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж байна.
-Танд баярлалаа. Ажлын амжилт хүсье!

Х.Дарьсүрэн:Асбестийн хор нөлөөлөл олон жилийн дараа илэрдэг учир оношилгоо эмчилгээ оройтох эрсдэл ихтэй

$
0
0

47685916_2165488797112028_317465600060293120_n

Манай улсад асбест агуулсан бүтээгдэхүүнийг дулааны цахилгаан станц, дулааны шугам сүлжээ, барилгын салбарт хэрэглэсээр байна. Асбест агуулсан бүтээгдэхүүн нь хүний биед асар хор хөнөөлтэйг мэргэжлийнхэн онцолсоор байгаа юм. Тэгвэл асбест гэж юу болох, түүний хор нөлөөллийн талаар ХНХЯ-ны харъяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн мэргэжилтэн Х.Дарьсүрэнтэй ярилцлаа.

- Юуны түрүүнд асбестийн талаарх ерөнхий ойлголтыг уншигчиддаа өгье?

-Асбест гэдэг бол байгалиас олборлодог эрдэс юм. Олборлосон асбестийг үйлдвэрт бутлаж, задлаж төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хэрэглэдэг. Асбестийн төрөл олон янз байдаг л даа. Тухайлбал, харагдах байдлаас нь хамаарч цагаан (кризотил), хөх (крикодолит), бор (амозит) асбест гэх мэт олон төрөл байдаг. Гэхдээ бүх төрлийн асбест хүний биед онцгой хортой, хорт хавдар үүсгэгч бодис юм.
- Манай улс асбест агуулсан бүтээгдэхүүнийг хэдэн оноос хойш импортлон хэрэглэж байна вэ?

-Асбест агуулсан бүтээгдэхүүнийг манай улс анх 1961 оноос эхлэн дулааны цахилгаан станц, дулааны шугам сүлжээ, барилгын салбаруудад хэрэглэж эхэлсэн байдаг. Асбест агуулсан бүтээгдэхүүн нь халуун, химийн урвал, хүчил шүлт зэрэгт тэсвэртэй, мөн дуу чимээ тусгаарлах чадалтай, үнэ өртөг бага гээд олон давуу талуудтай тул өргөн хэрэглэгддэг. Манай хоёр хөрш ОХУ, БНХАУ нь асбест агуулсан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, ашиглаж байгаа нь манай улсын импортын хэрэглээг нэмэгдүүлэх бас нэг гол шалтгаан гэж үзэж болох юм.
- Бүх төрлийн асбест нь хүний биед асар хортой гэлээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу? 
-Асбестийн маш нарийн ширхэгтэй тоос ажлын байр, орон сууц, гадаад орчинд тархан улмаар хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг. Хүмүүс асбестийн нөлөөлөлд шууд болон дам байдлаар өртдөг. Шууд нөлөөнд асбест агуулсан бүтээгдэхүүнтэй харьцаж ажилладаг иргэд өртдөг бол дам өртөлтөнд асбестийн тоосонцорт орчин нөхцөл, хувцас хэрэглэлээр дамжин дам байдлаар өртөхийг хэлж байгаа юм. Асбестийн тоос тоосонцор нь хүний үснээс 20 мянга дахин нарийн ширхэгтэй амьсгалын замаар хүний биед нэвтрэн орж уушгинд удаан хугацаагаар тунаж үлдэн үрэвсүүлэх, цээжний гялтан хальсны зузаарал, уушиг тоосжих өвчин, уушигны хортой хавдар, зэрэг өвчнийг үүсгэх аюултай. Мөн хэвлий болон цээжний гялтан хальсны хортой хавдраар өвчлөгсдийн 80-85 хувь нь асбестийн тоосны нөлөөнд ямар нэг хэмжээгээр өртсөн байдаг. Олон улсын хавдрын эрдэм шинжилгээний агентлагаас асбестийг хавдар үүсгэдэг бодисын ангилалд оруулсан байгаа юм. Зарим судалгаагаар асбест нь ходоод, бүдүүн, шулуун гэдэсний хавдар үүсгэх төдийгүй бөөр, улаан хоолой, цагаан мөгөөрсөн хоолой, давсагны хавдраар өвчлөх эрсдлийг нэмэгдүүлдэг гэж үзсэн. Түүнчлэн асбестийн нөлөөнд анх өртсөнөөс хойш 15-30 жилийн дараа шинж тэмдгүүд илэрдэг. Тиймээс асбестийн хор нөлөөллөөс сэргийлэх тал дээр төдийлөн анхаарч ач холбогдол өгөхгүй байна.

- Асбест агуулсан бүтээгдэхүүнийг голдуу барилга, эрчим хүчний салбарт
хэрэглэдэг. Яг ямар зүйлд 
ашигладаг вэ? 
-Эрчим хүчний салбарт дулаан тусгаарлагч, дулааны жийргэвч /шилэн хөвөн/, барилгын салбаруудад үндсэн болон туслах материал асбестан цемент, тааз, хана, дээврийн хавтан, шалны хулдаас, хуулга, цонхны дулаалга, асбестан цементээр хийсэн сантехникийн хоолой, хавтан, хашлага зэрэгт хэрэглэж байна. Үүнээс гадна асбестийг нунтаг, картон, хавтан гэх мэт олон хэлбэрээр ашигласаар л байна. Асбестийн нөлөөнд цахилгаан станцын засварчид, барилгын материал худалдаа эрхлэгчид, барилгын ажилчид, шугам сүлжээний засварчид, мөн барилгын материалын агуулахын нярав, худалдагч, жолооч, түгээгч, ачигч, зэрэг ажил мэргэжлийн 4000 гаруй хүмүүс шууд өртөж байна. Асбестийн дам нөлөөнд асбестийн тоос тоосонцортой орчин нөхцөл, хувцас хэрэглэл, асбест агуулсан бүтээгдэхүүнээр үйлдвэрлэл явуулж байгаа, худалдаалж байгаа бүх хүмүүс өртдөг.
- Асбестаас үүдэн ямар төрлийн өвчин тусах эрсдэлтэй вэ? 
Aсбестоз, Aсбестын тоосны нөлөөгөөр үүсэх уушигны хавдар, Гялтан хальсны хавдар(цээжний, хэвлийн, үнхэлцэг, аарцгийн хөндийн), Асбестийн шалтгаантай цээжний гялтан хальс шохойжиж сорвижих өвчнүүд, Цээжний гялтан хальсны тархмал зузаарал гэх мэт өвчлөлд өртөж байна. ДЭМБ-аас дэлхий дээр жилд 25 сая хүн асбестийн шалтгаант өвчинд өртөж байна гэсэн судалгаа гарсан байдаг.

- Барилга, болоод эрчим хүчний салбарын ажилчид асбестийн хор хөнөөлийн талаар мэдлэг мэдээлэлтэй байж чадаж байна уу?

-Манай төв өнгөрсөн онд “Асбест агуулсан бүтээгдэхүүний хэрэглээ, өртөлт”-ийн судалгааг барилга, эрчим хүчний салбараас түүвэрлэн хэд хэдэн албан байгуулагуудаас авсан. Судалгааны дүгнэлтээс харахад асбестийн талаарх мэдлэг мэдээлэл хангалтгүй байсан. Тиймээс бид асбестийн талаарх сургалт сурталчилгааг өргөн зохион байгуулах, хор холбогдлыг ажил олгогч, ажиллагсдад ойлгуулах нь нэн тэргүүний асуудал гэж үзсэн учраас өнгөрсөн 06 дугаар сард “АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХЭРЭГЛЭЭ ТҮҮНИЙ ХОР НӨЛӨӨЛЛӨӨС СЭРГИЙЛЭХ НЬ” СЭДЭВТ СЕМИНАР-ыг барилга, эрчим хүчний салбарын төлөөллийг хамруулан зохион байгуулсан. Түүнчлэн асбестийн нөлөөлөлд өртөж буй ажилчид болон дам байдлаар өртөх эрсдэлтэй хүмүүсийн өртөлтийг бууруулах, эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх сургалт, мэдээллээр хангах, асбест агуулсан бүтээгдэхүүний хэрэглээг багасгах, хориглох асуудлыг дэвшүүлэх нь чухал юм. Асбест агуулсан бүтээгдэхүүний хэрэглээ бидний хүрээлэн буй орчинд байна аа гэдэг чинь их бага хэмжээгээр асбестийн хор хөнөөлд өртөж байна гэсэн үг.

- Асбест агуулсан бүтээгдэхүүнийг бутлах, эвдэх үед л хорт тоосонцор нь
ялгардаг гэсэн үг үү? 

Асбест агуулсан бүтэгдэхүүнээр үйлдвэрлэл үйлчилгээ явуулж буй /зүсэж огтлох, эвдэх нураах, өрөмдөх г.м/ газарт заавал тоос дэгддэг. Тиймээс барилга барих, буулгахад адилхан асбестийн нөлөөлөлд их багаар өртөж байна гэсэн үг. Тэгэхээр бид энэ тохиолдолд өөрсдийгөө хамгаалах нь чухал.

- Барилгын материалын “100 айл” захад ажиллаж буй хүмүүс асбестийн
тоосонцороор амьсгалж байна гэж шууд ойлгож болох уу? 

Барилгын материал худалдаалж байгаа газруудад асбестийг кг-аар зарж буй тохиолдол цөөнгүй байна. Асбест агуулсан бүтээгдэхүүнтэй харьцаж л байгаа бол ямар нэгэн байдлаар асбестийн хор нөлөөлөлд өртөж л байгаа юм..

- Тэгвэл асбестийн тоосонцорын нөлөөнд өртөхгүйн тулд ямар урьдчилан
сэргийлэх арга хэмжээг авах вэ? 

ü Хамгийн үр дүнтэй арга нь бүх төрлийн асбестийн хэрэглээг бүрэн зогсоох
ü Асбестийг орлуулах аюулгүй бүтээгдэхүүний талаарх мэдээллээр хангах, түүний эдийн засаг технологийн механизмыг боловсронгуй болгох
ü Асбест ашигласан барилга байгууламж, хэрэгслээс түүнийг аюулгүй салгаж өртөлтөөс сэргийлэх арга хэмжээг авах
ü Эрт үеийн оношлогоо, эмчилгээ, нөхөн сэргээх арга хэмжээг сайжруулах
ü Өнгөрсөн үед өртсөн хүмүүсийн бүртгэлийг бий болгох, болон одоо өртөлтөнд байгаа ажилчдын тандалтыг хийх
ü Асбест болон түүнийг агуулсан бүтээгдэхүүн, хор хөнөөлийн талаар хүн амын эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг авах шаардлагатай юм.

- Асбестаас шалтгаалж хавдар туссан эсэхийг манайд оношлох боломжтой юу?
Асбестийн хор нөлөөлөл маш олон жилийн дараа илэрдэг учир оношлогоо эмчилгээ оройтох эрсдэл их байдаг. Ер нь бол асбестийн шалтгаантай хавдар гэдгийг оношлох боломжтой. 
- Асбест агуулсан бүтээгдэхүүний хэрэглээний талаар холбогдох хууль, дүрэм журам бий юу? Түүний хэрэглээг хориглох боломж хэр байгаа вэ?

Монгол Улсын Засгийн Газрын 2007 оны 95 дугаар тогтоолоор Монгол Улсад ашиглахыг хориглосон химийн хорт болон аюултай бодисын жагсаалт баталсан байдаг. 2010.07.14-ний 192-р тогтоолоор асбестийг 1-р хавсралтын 84-р заалтад нэмж оруулсан. Гэвч орлуулах бүтээгдэхүүн зарим салбарт байхгүй байгаатай холбогдуулан 2011.06.08-ны 176-р тогтоолоор 1-р хавсралтын 84-р заалтыг хүчингүй болсонд тооцсон байдаг. Гэвч бид өөрсдийн эрүүл мэндийг хамгаалж асбест агуулсан бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарлах орлуулах бүтээгдэхүүнийг дэмжих зорилго тавьж байгаа боловч хэрэглээ байсаар байна. Гэтэл дэлхийн хөгжилтэй улс орнууд асбест агуулсан бүтээгдэхүүнийг хориглож, хэрэглээг нь бүр мөсөн хязгаарлаж байна.

- Харин одоогийн нөхцөлд асбест агуулсан бүтээгдэхүүнийг орлох
бүтээгдэхүүн байна уу? 

Орлуулах бүтээгдэхүүнүүд олон төрөл байна. Гэвч үнэ ханшийн хувьд өндөр, олдоц ховор гэдэг шалтгаанаар хэрэглээ бага байна. Тиймээс энэ талын зохицуулалт хэрэгтэй байгаа юм.
-Асбест агуулсан бүтээгдэхүүн хэрэглэж буй ажилчдад хийсэн хамгийн сүүлийн үеийн судалгаа юу байна вэ?  
-ХАБЭА-н үндэсний хорооны даргын баталсан “Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх” арга хэмжээ 2018 оны төлөвлөгөөний дагуу манай төв Нийгмийн даатгалын ерөнхий газартай хамтран  “ДЦС-2”,“ДЦС-3”, “ДЦС-4” ТӨХК-ийн асбесттай харьцан ажилладаг ажилчдыг судалгаанд хамруулан цаашид хяналтыг бий болгохоор зорин ажиллаж байна.

 

“Тэнгэрийн охин” И.Одончимэг: Уран бүтээлч хүн сэтгэлдээ ачаатай явдаг

$
0
0

МУГЖ, Х-TҮЦ хамтлагийн жүжигчин Одoноо гэхэд монгол туургатан бараг бүгд мэднэ. Ишдоржийн Одончимэг гэх энэ сайхан бүсгүйг Монголчууд драмын жүжгийн тайзнаа гарч эхэлснээс нь сайн мэддэг байсан бол Өвөр Монголчууд Монголын хошин урлагийг сонирхдог болсноор дэлгэцээс таньдаг болсон. Харин 2018 оноос Одончимэгийн “Фен”-ий цар хүрээ тэлэгдэж, албан ёсоор “Олон улсын Одoноо” болж чадсан юм. Үүний учрыг өгүүлбээс:

Энэ оны 06 дугаар сард БНХАУ-ын Чиндао хотноо зохиогдсон “SCO Film Festival-2018” наадамд ШХАБ-ын 8 гишүүн орон болон ажиглагч 4 орныг багтаасан 12 орны кино уран бүтээлчид 55 бүтээлээрээ оролцож, зургаан номинацад шилдгээ тодруулсан. Үүнээс Монголын “Солиот эх” уран сайхны кино шилдэг эмэгтэй жүжигчний номинацын шагнал хүртсэн ба уг уран бүтээлийг И.Одончимэг найруулж, өөрөө гол дүрийг бүтээсэн билээ.

МУГЖ И.Одончимэг

Ийнхүү шагналын эзэн И.Одончимэгтэй ярилцах хүсэл тэр үеэс эхлэн хөвөрч, олон сар бодож явсны эцэст 11 дүгээр сарын нэгэн өдөр Улаанбаатар хотноо уулзсан юм.

Хамгийн агуу их юм энгийн байдаг гэдэг үнэн.

- Сайн байна уу? Тантай танилцахад таатай байна. Эхийн хайрын тухай уран бүтээл Монголд гэлтгүй ямар ч оронд маш олон байдаг. “Солиот эх” гэдэг хятад зохиолыг яагаад сонгосноос яриагаа эхлэхийг хүсэж байна?

Ямар ч уран бүтээлч хүн аливаа нэгэн уран бүтээлийг хийхдээ судалгаа хийж, эрж хайж, өөртөө таалагдах, өөрийнхөө нүдэнд харагдах тийм л бүтээлийг хийхийг хүсэн эрмэлздэг. Тийм нөхцөлд энэ зохиол надад уншигдсан. “Ямар сайхан өгүүллэг вэ? Үүнийг бүтэн кино зохиол болгож бичвэл их сайхан кино болох юм байна” гэдэг бодол төрсөн. Уран бүтээл кино болсноор илүү олон хүнд хүртдэг гэж би ойлгодог. Тиймээс энэ сайхан зохиолыг кино болгохоор шийдсэн. Эхийн хайрын тухай шүлэг, дуу, кинонууд маш олон байдаг л даа. Гэхдээ энэ өгүүллэг бол эхийн хайрыг их өөр өнцгөөс харуулсан, өгөгдөлтэй өгүүллэг гэж надад санагдсан. Хүмүүс яаж хүлээж авах бол гэж дотроо эмээж байлаа. Харин Монголын ард түмэн маань маш сайхан хүлээж авсан. Мөнхийн сэдэв. Ийм сэдвийг ямар ч орны хүн хүлээж авдаг юм байна.

“SCO Film Festival-2018” наадмын тайзнаа

Энэ сайхан өгүүллэгийг зохиогоод, хүмүүст хүртээл болгосон “Солиот эх”-ийн зохиогчид би маш их баярлаж байна. Мянга бодоод сайхан зохиол гаргаж чадахгүй хүмүүс зөндөө. Зохиолч хүн гэдэг оюуны хамгийн дээд хэмжүүр. Оюуны ажлын хамгийн дээд оргил нь зохиолын ажил юм байна. Хамгийн агуу их юм энгийн байдаг гэдэг үнэн гэж надад бодогдсон.

Миний хувьд ямар нэгэн үндэстнийх гэдгээсээ илүү хүн төрөлхтний үлдээсэн оюуны өв сангаас авч байгаа гэж ойлгодог.

- Танай хамт олон нэлээд хэдэн Хятад зохиолыг тайзанд гаргасан гэдэг мэдээлэл авсан. Энэ тухай тодруулж яривал?

Сонгодог гэхээр манайхан 1700, 1800-аад оны Европын зохиолуудыг л ойлгож, тэрийгээ л малтаад байдаг. Аргагүй сайхан жүжгүүд. Ингэхэд бичиг үсэг, ном зохиол Дорно дахинд л үүссэн шүү дээ. Ийм эртний сурвалж, соёлтой Дорно дахины ард түмний сонгодгуудыг яагаад тавьж болохгүй гэж. Ингээд Х-ТҮЦ эртний болон орчин үеийн Дорнын сонгодгуудаас судалж үзсэн. Эхний ээлжид Цао Юйгийн “Аянгын бороо”-г сонгосон. “Аянгын бороо”-г үзсэн хүмүүс мөн өчнөөн минут алга ташиж байсан. Драмын театрт 12 жил жүжигчин байхдаа би “Ромео Жүлет”-ийг тоглоход л хүмүүс гарахгүй алга ташиж байсныг санадаг. Тэгэхэд хэдэн жилийн дараа “Аянгын бороо”-ноос тийм сайхан мэдрэмжийг дахиж авсан юм.

Дараа нь хоёр дахь жүжгээ тавья гээд 4 жил хайснаа “Шюэ Кэ бүсгүй” зохиолыг сонгож, “Сэрүүн хасын нууц” нэртэй жүжиг болгож тавьсан. Зохиогч нь Чюн Яо гэдэг эмэгтэй уран бүтээлч байгаа. Эмэгтэй хүний торгон нарийн мэдрэмж гэдэг өөр шүү дээ. Тэр нь яг драмын жүжиг болохоор харагдаад “Сэрүүн хасын нууц” жүжиг төрсөн юм. Дорнын зохиолоор тавьсан жүжгийг Монголчууд маш сайн хүлээж авдаг гэдгийг энэ хоёр зохиолоос мэдсэн.

“Сэрүүн хасын нууц” жүжиг

Миний хувьд ямар нэгэн үндэстнийх гэдгээсээ илүү хүн төрөлхтний үлдээсэн оюуны өв сангаас авч байгаа гэж ойлгодог.

Настай хүнээс юм сонсоод суух их сайхан. Гэхдээ тэд үнэнийг л ярьдаг.

- Уран бүтээлийн талаарх шүүмжлэлийг та яаж хүлээж авдаг вэ?

Сайн бүтээл гэдэг магтуулна, хажуугаар нь шүүмжлүүлдэг юм. Ер нь сайн, муу гэлтгүй хүмүүс чинь өөр өөрийн нүдээр хардаг учраас өөр өөрийнхөө л санал бодлоо илэрхийлдэг.

Нэг юм руу үнэнч зүтгэнэ гэдэг өөр. Манай ээж миний хүссэн зүйл рүүгээ сэтгэлээрээ зүтгэдэг занг өвөөгөө дуурайсан гэдэг юм. Жишээ нь нэг зүйлд зүтгэсэн тохиолдолд бүх хүн үзэн ядсан ч гэсэн тэр зүйлдээ л яс үнэнч байдаг. Мөн энэ чанар нь уран бүтээлд нөлөөлдөг байх гэж ээж маань ярьдаг юм.

Жүжигчин И.Одончимэг

Би зун хөдөө их явдаг хүүхэд байсан учраас хөдөөний ахуй надад ойр байдаг. Жишээ нь гэхэд “Солиот эх” киноны зургийг авахад би “энэ ор биш, тийм ор тавь” гэх мэтээр өөрийнхөө шаардлагаар тэр ядуу эмгэний гэрийг бүтээсэн. Ядуу хүмүүс бол өөрт байгаа боломжоороо л амьдардаг. Зарим нэг шүүмжлэгч “Арай л үгээгүү ядуугаар хийсэн” гэж шүүмжилж байсан. Гэхдээ түүнээс ядуу хүмүүс байсан юм. Манай эмэг эх өөрөө тайж хүний охин. Зарцтай ч байсан гэдэг. “Яг нарийндаа Монголд цагаан гэр байгаагүй. Дандаа утаанд нэвшсэн шар эсгий гэрүүдтэй. Ганцхан ноёдын гэр л цагаан байсан. Саах саалийн хоёр л ямаатай, тэр битгий хэл, бүр ганц ч малгүй гөрөөчин айл байсан юм” гэж эмэг эх минь ярьсан. Эмээ ээж гэдэг чинь түүхийн бодит гэрч шүү дээ.

Би түүх их уншдаг. Түүхэн хэрэг заавал түүхэн баримттай байх албагүй. XIX зууны эхний үеийн амьдралыг эмэг эхээсээ маш их сонссон. Бидний огт мэдэхгүй юмыг тэд ярьдаг. Жишээ нь би халх үстэй хүүхэн чинь яг духандаа зориулсан жижигхэн дэрэн дээр доошоо харж унтдаг байсныг мэддэггүй л байсан. Үүнийг настай хүмүүс л хэлж өгч байгаа. “Солиот эх” дээр эвэр үс цавууддаг. Тэр “эвэр үс”-ийг эсгийний цавуугаар цавууддаг гэж байгаа. Сайн цавууддаг хүн чинь айл айлд уригдаад л үс засаад явдаг гэнэ. Одоогоор бол үсчин л юм шиг байна. Гэх мэтчилэн настай хүнээс юм сонсоод суух их сайхан. Гэхдээ тэд үнэнийг л ярьдаг.

Хүн сэтгэлээ засахын тулд сүсэглэдэг юм байна.

- Үс гэснээс таныг халимаг, тайрмал үстэй байхыг хараагүй юм шиг санагдах юм?

Би үсээ янзлаад байдаггүй. Шашин шүтдэггүй хэрнээ энерги гэдэг зүйлд итгэдэг. Миний үсэнд маш их энерги байгаа юм шиг надад мэдрэгддэг. Ямар нэгэн хүч, ямар нэгэн энерги, тэр бүх юм миний энэ үстэй холбоотой юм шиг санагддаг.

Миний ээж мөн шашин шүтдэггүй хэдий ч “Сэтгэлээ засахын тулд сүсэглэх хэрэгтэй” гэж сургадаг. Би өмнө нь шашныг үгүйсгэдэг байсан бол аавыгаа өнгөрөхөд “сүсэглэх хэрэгтэй” гэсэн ээжийнхээ үгийг ойлгосон. Аавынхаа араас ерөөл уншуулахад тэр их шаналал, зовуураас сэтгэл онгойж ирсэн юм. “Хүн сэтгэлээ засахын тулд сүсэглэдэг юм байна” гэдгийг мэдэрсэн.

Ээж маань намайг “Тэнгэрийн охин” гэдэг юм. Яагаад гэхээр би багадаа битүү цоохор “салхин цэцэг” туссан гэнэ. Эмч нар “Танай охин тэсэхгүй, амьд үлдсэн ч битүү цоохор хүүхэд болно” гэж ээжид минь хэлсэн байна. “Та намайг харж л байдаг бол миний охиныг амьд үлдээгээч” гэж ээж минь шөнөжин талийгаач өвөг эцгээсээ гуйсан гэдэг. Аргаа барахдаа тэгж байгаа. Маргаашаас нь би хачин сайхан эдгээд ирдэг юм байна. “Миний ийм сайхан охиныг үлдээсэнд баярлалаа гэж одоо ч гэсэн өвөг эцэгтээ баярладаг” гэж ээж минь ярьдаг юм. Би үүнийг юу гэж зөвтгөж боддог вэ гэхээр “Энергийн хүч” гэж шинжлэх ухаанаар тайлбарладаг. Тэр “энерги” гэх зүйлд би итгэдэг юм. Тэгээд үс маань өөрийн тэр мэдрэмжид байдаг болохоор их оролдоод байдаггүй.

Хошин урлаг гэдэг нийгэмд их хэрэгтэй урлаг. Инээдэм гэдэг хүний эрүүл мэндэд асар их нөлөө үзүүлдэг.

 - Өвөр Монголчууд Монголын хошин урлагийг маш таатай хүлээж авдаг. Сүүлийн үед Өвөр Монгол залуус Монголын хошин урлагийн жанарыг дуурайж тоглох болсон. Та үүнийг дэмжиж байна уу?

Урлаг бол үүсэж, хөгжиж, өөрчлөгдөж байдаг. Яагаад гэхээр нийгэм хөгжихийн хэрээр хүмүүсийн үзэл бодол бас дагаж өөрчлөгддөг. Хүмүүс л тэр урлагийг чинь хийж байгаа учраас өөрчилж хөгжүүлэх нь зөв. Өвөр Монголын уран бүтээлчдийг хөгжиж байгаа гэж харсан.

Хошин урлаг гэдэг нийгэмд их хэрэгтэй урлаг. Инээдэм гэдэг хүний эрүүл мэндэд асар их нөлөө үзүүлдэг. Хошин урлагийг судлаад эрдмийн зэрэг хамгаалсан Францын эрдэмтэд байгаа. Хошин урлагаар хүн стрессээ тайлж, аз жаргалын гормон ялгаруулж, биеэ эмчлэх гэдэг болсон. Эмнэлгүүд хошин урлагийнхантай гэрээ байгуулж өвчтөнүүдэд зориулсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Үр нөлөөтэй л байгаа биз. Тэгэхээр энэ инээдмийн жанар чинь өөрөө их агуу урлаг байгаа юм.

Сайн багш гэдэг өөрөө ур чадварыг тавихаас гадна оюун сэтгэлийг нь бэлддэг.

 - “Алтан өндөг” киноны зураг авалтыг Өвөр Монголд хийсэн гэсэн. Өвөр Монголын уран бүтээлчид таны нүдээр?

Өвөр Монголын уран бүтээлчдээ харахад сайн найруулагч хэрэгтэй юм шиг санагдсан. Мэргэжил сурч, төгсөөд ирсэн залуусаар сайхан бүтээл хийх боловсон хүчин хэрэгтэй. Хятадын жүжигчин, урлагийн боловсон хүчин бэлтгэдэг сургуулиуд маш сайн ажилладаг гэсэн. Гэхдээ маш сайн бэлддэг байлаа гээд жүжигчин хүмүүс бол ер нь гүйцэтгэгч л байдаг юм. Тэр гүйцэтгэгч нарыг ажиллуулах нарийн ухаантай найруулагч гэдэг маш чухал. Өвөр Монголд очоод “Энэ чиглэлээр зааж, сургах багш нар хэрэгтэй. Туршлагатай, мэдлэгтэй, авьяастай, чадвартай багш, найруулагч хэрэгтэй юм байна” гэж харсан. Тиймээс урлагт дуртай хүүхдүүд маш их байгаа юм байна.

Ер нь тэгээд сууриа маш зөв тавих нь цаашдаа сайхан бүтээл хийх эх үүсвэр бий болдог. Сайн багш гэдэг өөрөө ур чадварыг тавихаас гадна оюун сэтгэлийг нь бэлддэг. Оюун сэтгэлийг нь урлагийн хүн болгодог. Тэр хүн урлагийн хүн болж, урлагт хайртай байж сая үр дүн гарна. Ер нь урлагийн ертөнц бол урлагт дурласан, урлагийг хайрласан, урлагийг шүтсэн, урлагтаа сэтгэлээ өгсөн хүнд эргүүлж хайраа өгдөг. Тиймээс шинэ төрж байгаа, урлагт өөрийнхөө хүчийг сорьж, урлагтай амьдралаа холбохыг зорьж байгаа залуучууд эхлээд урлагаа хайрлаж, урлагийг мэдрэх хэрэгтэй. Тэгж байж л чи үр дүнг нь харна.

Авьяас гэдэг мэдрэмжийн урлаг. Би бол авьяастанд хайртай.

- “Жүжигчин хүнд авьяас нь нэг хувь, хичээл зүтгэл 99 хувь” гэж ярьдаг. Та энэ үгтэй санал нэгддэг үү?

Санал нэгдэхгүй. Би бол авьяас чухал гэж боддог. Авьяас гэдэг чинь өөрөө хорвоогоос өгсөн өгөгдөл нь байгаа. “99 хувь нь хөдөлмөр” гэж хүмүүс ярьдаг. Би бол эсрэг. Яагаад гэхээр хэчнээн ч хөдөлмөрлөөд авьяасгүй хүн хүнд харагддаггүй. Авьяас гэдэг чинь өөрөө мэдрэмжийн урлаг учраас авьяастай хүнийг хүн хараад мэдэрдэг. Мөн хөдөлмөрөөрөө “авьяастай” гэж хэлэгдэж, сайн явж байгаа уран бүтээлчид олон байгааг би үгүйсгэхгүй. Зүтгэх нь сайн л биз. Гэхдээ би бол авьяастанд хайртай. Яагаад гэхээр төрөлхийн тийм сайхан авьяастай хүн ховорхон төрдөг. Авьяас хүнд үнэртдэг, мэдрэгддэг. Харин авьяастай хэрнээ залхуу хүмүүс байдаг. Тэр бол хайран. Авьяастай дээрээ аливаад үнэн сэтгэлээсээ хандаж, сэтгэлээрээ зүтгэдэг хүмүүс ч бас бий. Тэд бол агуу хүмүүс. Ингэхээр би ерөнхийдөө тэр үгийн эсрэг байдаг.

Уран бүтээлч хүн гэдэг сэтгэлдээ байнга ачаа тээж явдаг.

- Та уран бүтээлийн сэдвээ хаанаас олдог вэ? Амьдралаас уу эсвэл?

Янз янз байдаг. “Үүнийг л хүмүүстэй хуваалцах юмсан” гэх мэтээр өөрийн бодсон юм гэж бас байдаг. Уран бүтээлч хүн гэдэг сэтгэлдээ байнга ачаа тээж явдаг. Тэр ачаа чинь хүндрээд л байдаг. Хүндэрч хүндэрч байгаад дүүрээд ирэхээр нь нэг гаргана. Дахиад л дараагийн ачаагаа тээгээд эхэлдэг.

Бас заримдаа хүний яриа, харсан зүйлээс болоод гэнэт нэг санаа төрөх тохиолдол байна. Жишээ нь “Алтан өндөг”-ийн санаа ингэж л төрсөн. Нэг эмээ надад ярихдаа “Үнэтэй эд хогшил, ээмэг зүүлт ямар ч үнэ цэнэгүй, амьдралын үнэ цэнэ өөр зүйлд байдаг. Үүнийг залуу байхдаа л бодож, үнэ цэнэ гэдэг зүйлийг арай эрт ухаарах ёстой. Хүн ямар ч үнэ цэнэгүй зүйлийн хойноос үхэн хатан гүйдэг юм байна” гэж байсан. Ингээд би үнэ цэнийн тухай, хүн яах гэж, юуны төлөө амьдраад байгаа юм бэ гэдгээ нэг бодох ёстой юм байна гэдэг тухай хөнгөн жанарын уран бүтээл хийе гэж бодож хийсэн юм. Тэр эмээгийн ярианаас ийм кино төрсөн байх жишээтэй.

Уран бүтээлч хүн санаагаа ингэж амьдралаас авна, эсвэл өөрийнхөө эмзэглэлийг тээсээр тээсээр том ачаа болгоод гаргадаг. Хүмүүс үзээд бас нэгийг бодоосой гэж хүсэж байгаа. Нүдээр харж, дүрслэлээр мэдэрсэн зүйл хэзээ ч мартагдахааргүй үлддэг. Кино, жүжгийн ямар ч лекцтэй дүйцэхгүй үнэт чанар нь тэнд оршдог юм.

- Тантай ярилцахад таатай байлаа. Цаг зав гарган бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Танд уран бүтээлийн өндөр амжилт хүсэж байна.

Баярлалаа.

 

Зохиогч: Ярилцсан: С.УРЬХАН, Ц.ЦЭЛМҮҮН
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж: Солонго мэдээллийн төв

М.Уранцэцэг: Жүдо бөх миний амьдралын гол зорилго

$
0
0
712-1544485204c71115741a9c1daffefa9050051556e9
Монголын үндэсний шигшээ багийн шилдгийн нэг, дэлхийн аварга, гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэгтэй төсөрхөн ярилцлаа. Түүнтэй амжилтын буухиагаа эхэлж “Лондон-2012” олимпод оролцох эрхээ аваад байхад нь анх уулзаж байсансан. Тэгвэл өнөөдрийн М.Уранцэцэг зорилгынхоо оргилд хүрэх дөхсөн нэртэй тамирчин, Монголын жүдогийнхний гол найдвар гэгдэж байна.
-2018 оныг амжилтаар үдэх гэж байгаад баяр хүргэе?
-Баярлалаа. Миний хувьд тун өгөөж арвинтай жил байлаа. Улсын аваргад түрүүлснээс эхлээд оны сүүлчээр болсон Абу-Дабигийн “Гранпри”-д аваргаллаа. Дараа нь Японд болсон “Их дуулга”-аас мөнгөн медаль хүртлээ.
–Японы “Их дуулга”-д олон удаа оролцсон байх шүү дээ. Өөрөө?
-Тийм ээ. Таван удаа оролцож дөрөвт нь медаль авлаа. Жүдогийн эх оронд болдог энэ тэмцээнийг “бага олимп” гэж нэрлэдэг. Аргагүй л олимпийн дайтай олон орны шилдгүүд ирдэг тэмцээн учир өрсөлдөөн их байдаг.
–Өөртэй чинь хэдэн жилийн өмнө уулзаж байхад жүдогийн төрлийг хэрхэн сонгосноо ярьж байсан даа?
-Би уг нь боксын тамирчин болох чин хүсэлтэй байсан юм л даа. Баянхонгороосоо нийслэлд шилжин ирж дунд сургуульд сурч байхдаа сав л хийвэл Спортын төв ордноор ордог. Бокс хаана нь тоглодог юм бол гэж. Ингэж явахдаа жүдогийн тамирчид бэлтгэлээ хийж байгаатай таарч нэг хэсэг сонирхлоо. Тэгээд л жүдог сонгож самбогийн дасгалжуулагч Баярсайханд саналаа хэлснээр санаа амарсан даа.
–Тэгээд жүдог сонгосноор буруудсангүй дээ тийм ээ?
-Тийм л дээ. Хоёр удаагийн олимпод зодоглолоо. Дэлхийн аварга хэмээн цоллуулдаг боллоо. Зорилгоо биелүүлж л явна.
–Одоо ямар тэмцээнд явах гэж байна вэ?
-БНХАУ-ын Гуанжоу хотноо болох дэлхийн чансааны 16-д багтах шилдэг жүдочдын “Мастерс” тэмцээнд оролцохоор мордох гэж байна. Оны сүүлчийн тэмцээн учир амжилтын буухиагаа үргэлжлүүлнэ л гэж хичээнэ дээ.
–Энэ тэмцээнд эмэгтэй гурван тамирчин явах юм гэл үү?
-Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумъяа, бас гавьяат тамирчин Б.Мөнгөнчимэг бид гурав л даа.
–М.Уранцэцэг гэдэг жүдоч тив, дэлхийн чанартай “Гранпри”, “Их дуулга” тэмцээнээс 30 гаруй медаль хүртсэн. Түүний 10 гаруй нь алтан медаль байдаг гэж сонссон. Энэ тухайд..?
-Тэр бүхэн миний жүдод үнэнчээр 10 гаруй жил зүтгэсний минь үнэлгээ. Анх “Женко”-д тамирчин болсныхоо дараа 2009 онд үндэсний шигшээ багийн гишүүн болсон. Өмнөх жил нь жүдогийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлээд анхны алтан медалиа хүртснээс хойш нэг мэдэхнээ тив, дэлхийн олон медаль авлаа. Энэ бол миний бахархал. Бас зөвхөн жүдо биш самбо, кураш бөхийн дэлхийн аваргын алтан медаль бас бий. Та тоо хэллээ. Би өөрөө бол медалиа тоолоод байдаггүй л дээ. Ямар ч гэсэн тууз маань медалиар дүүрсэн л дээ.
–Өөрийн чинь гол өрсөлдөгч 48 кг-д хэн бэ?
-Казахстаны нэрийн өмнөөс барилддаг Г.Отгонцэцэг. Түүнтэй сүүлийн гурван жилд олон тэмцээний финалд учраа таарч байна даа. Бас Японы нэртэй жүдочидтой өгөө, аваатай л өдий хүрлээ.
–Цаашдын зорилго тань юу вэ?
-2020 оны Токиогийн олимпод хэн гэдгээ харуулахыг хичээнэ ээ.
Д.Надмид
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

“Барилгын салбарт ХАБЭА-н хууль дүрмээ баримтлан ажиллахад осол гарахгүй байх боломжтой”

$
0
0

48266974_1941864695927103_1390016141866303488_nХНХЯ-ны харъяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн газрын дарга П.Энхтайвантай барилгын салбар дахь  ХАБЭА-н асуудлаар ярилцлаа.

-Барилгын салбарын ХАБЭА-н ойлголтын талаар ярилцлагаа эхлье?

-Барилгын салбарын ХАБЭА нь нэг номерын яригдах зүйл. Манайд хэвийн бус нөхцөлтэй 4 салбар бий. Үүний нэг нь мэдээж барилгын салбар. Хуулиндаа ч мөн адил тэгж заасан байдаг. Ер нь ямар ч салбарыг мэргэжлийн хүмүүсээр удирдуулах нь чухал гэдгийг бид мэднэ. Тус салбарт ХАБЭА-н мэргэшсэн боловсон хүчин  ажиллаж байж осол аваар гарахгүй байх боломжтой. Хэрвээ мэргэжлийн бус хүн нь удирдаад ирэхээр доошоо тавигдах шаардлага нь сулраад ирж байгаа юм. Хэвийн бус нөхцөлтэй ажил олгогч аж ахуйн нэгжийн хуулийн өмнө хүлээх үүрэг хариуцлага нь тодорхой байгаа боловч түүнийг мэдэх хүн ховор болсон байна. Өнөөдөр барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд тавих хяналт суларсан. Тиймээс тэд үүргээ мэдэхгүй байна. Ингэснээр тухайн ажилчдад эрүүл аюулгүй ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлж өгч чадахгүй байгаа юм. Гэхдээ барилгын салбарын ХАБЭА-н сахилга бат зөвхөн ажил олгогчоос хамаарах асуудал биш гэдгийг онцолж хэлье.

-Ажил олгогч тухайн ажилтныг анх ажилд авахдаа эрүүл мэндийн үзлэгт заавал хамруулах ёстой юу?

-Тухайн ажилтныг тухайн ажлын байранд тэнцэх эрүүл мэндийн үзлэгт оруулах нь  ажил олгогчийн гол үүрэг. Жишээлбэл, ажилд орох гэж буй ажилтан харааны болон сонсголын бэрхшээлтэй эсэх, мэргэжлээс шалтгаалах өвчинтэй эсэх зэргийг тодорхойлуулсны дараа энэ хүн энэ ажлыг хийж болно гэсэн эмнэлгийн дүгнэлт гарна. Үүний дараа ХАБЭА-н нийт ажилчдын сургалтад хамруулна. Байгууллага өөрөө ХАБЭА-н сургалт явуулах эрхгүй бол сургалтын байгууллагатай хамтарч ХАБЭА-н сургалтыг зайлшгүй явуулах ёстой. Ингээд урьдчилан сэргийлэх заавар зөвлөгөөгөө өгсний дараа ажилд гаргана. Зааварчилгааг тухайн байгууллагын үйл ажиллагаатай холбогдсон онцлогт тохирсон, тусгай сургалтын анги танхимд 2 цагаас багагүй хугацаагаар явуулна.

-Ажилтан тухайн ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ хийхээс гадна аюулгүй байдлын гэрээг хамтад нь хийх шаардлагатай гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?  

-Аж ахуйн нэгж байгууллага тухайн ажилтантай хөдөлмөрийн гэрээг аюулгүй байдлын гэрээтэй хамт хийх ёстой гэж хууль дүрмэндээ заасан байдаг. Аюулгүй байдлын гэрээ гэдэг нь ажилчин болоод ажил олгогч ямар үүрэг хүлээх, харилцан энэ үүргийг хүлээх, хариуцлагаа хүлээхгүй бол ямар хариуцлага үүрэх вэ гэдгийг тодорхой зааж өгсөн. Ингээд ажилтан ажлынхаа цагаас хоцрохгүй, хөдөлмөр хамгааллын хувцсаа бүрэн өмсөж, өгсөн зааварчилгааны дагуу ажиллах ёстой. Мэдээж цалин хөлсөө цаг тухайд нь авах ёстой. Энэ процессүүд алдагдахаараа л цаашаа явах үйл ажиллагаа нь доголдоод байгаа юм. Тэгэхээр тухайн ажилтан өөрийнхөө эрх үүргийг маш сайн ойлгож, биелүүлэхгүй бол эрсдэл гарах аюултай. Мөн тухайн бригадыг ахлагч нь хүний амь насыг хариуцаж байгаа гэдгээ бүрэн ойлгосон бол ХАБЭА-н анхан шатны зааварчилгаа, сургалт, урьдчилан сэргийлэх зөвлөмжийг байнга өгөх ёстой. Ажилтан үүнийг үл ойшоож алдаа гаргасан бол түүний буруу болно.

-Барилгад хөдөө орон нутгийн ХАБЭА-н мэдлэг ойлголтгүй хүмүүс ажиллах нь элбэг байдаг шүү дээ. Тэгэхээр энэ нь осол, аваар гаргах шалтгаан гэж үзэж болох уу?

-Манайд Хойд солонгос болон Хятад иргэд гэрээгээр ажиллах нь элбэг байна. Амьдрахын тулд орон нутгаас ирж барилга дээр ажиллаж буй нь буруу биш л дээ. Тэд ажил хийж болно. Гэхдээ тэднийг хамгийн гол нь дүрэм журмын хүрээнд ажиллуулах ёстой. Мэдээж эхлээд ХАБЭА-н сургалтад хамруулж, шалгалт авна. Тэнцэж байгаа тохиолдолд ажилд авахад асуудалгүй. Угаасаа барилгын салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг нэг номерт тавихгүй бол болохгүй байна. Түүнчлэн ХАБЭА-н чиглэл алдагдаж, хүний амь нас эрсдээд байгаа нь тоног төхөөрөмжтэй холбоотой. Уг нь хөдөлгөөнт машин механизмтэй харьцах аюулгүй ажиллагааны дүрэм гэж байдаг. Үүнийг мэдэхгүй болохоор осол гараад байгаа хэрэг. Барилгын салбар зохион байгуулалт, менежментээ зөв хийвэл аюул, осолгүй байх боломжтой.  Харин түүнийгээ хангаж чадахгүй бол хамгийн эрсдэлтэй салбар. Гэтэл сүүлийн үед уул уурхайн салбарт осол аваар гарах нь бага болоод байна. Яагаад гэвэл тэд урьдчилан сэргийлэх сургалтуудаа маш сайн явуулдаг. Ингэснээр ажилчдынх нь ХАБЭА-н мэдлэг дээшилж, тархи нь цэнэглэгдээд байгаа юм. Барилгын салбарт ХАБЭА-н хууль дүрмээ яс баримталж, урьдчилан сэргийлэх заавар, зааварчилгаагаа өгөөд явахад осол гарахгүй гэдгийг дахин дахин онцолж хэлмээр байна.

-Барилгын салбар нь улирлын шинж чанартай учраас олон цагийн сургалт явуулахад цаг алддаг байж болно шүү дээ?

-Хүмүүс барилгын салбарыг зөвхөн зун ажилладаг гэж ойлгодог. Яахав зун ид ачаалалтай байж болно. Гэхдээ жилийн дөрвөн улиралд ажлаа явуулж буй компаниуд байна. Эдгээр нь өвөл ажиллах аюулгүй ажиллагааны заавараа гаргаж, зохион байгуулалтай явж байгаа учраас аль аль талдаа асуудал гарахгүй байна. Харин ХАБЭА-н хууль дүрмээ баримтлаагүй байгууллагууд л осол аваар гаргаад байна. Энэ л хамгийн аюултай.

-Тухайн ажилтан хадаасан дээр гишгэж хөлөө гэмтээхэд хэнийх нь буруу болох вэ?

-Хадаасан дээр гишгэсэн хүн өөрөө нэгдүгээрт буруудна. Яагаад гэвэл аюултай орчинд ажиллахгүй байх эрхтэй гэдгээ мэдээгүй. Мөн хадаастай мод талбай дээр байлгаж байгаа талбайн инженерийн буруу. Яагаад гэвэл ажлын байрны нөхцөл бололцоог хангаж өгөөгүй гэсэн үг. Ажлын байрны нөхцөл бололцоог хангаж, аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгсний дараа тэр хүн гэмтэж байвал тухайн хүний буруу. Ийм л хоёр талтай. Тэгэхээр аюулгүй ажиллагаа нь ажил олгогч, ажилтан хоёроос шууд хамааралтай.

-Ажилчин эрүүл, аюулгүй орчин нөхцөлд ажиллах эрхтэйгээ тэр болгон мэдэхгүй байх тохиолдол байдаг. Хуулиндаа энэ талаар яг юу гэж заасан байдаг вэ?

-Хөдөлмөрийн хуулийн 18-р зүйлд ажилчин хүний эрх, үүргийг заасан байдаг. Үүнд ажил олгогч ажилтанд эрүүл аюулгүй ажлын байр бэлдэж өгөөгүй бол ажилтан хөдөлмөрлөхгүй байх эрхтэйг заасан. Ажилтан өөрөө өөрийнхөө аюулгүй байдлыг хангуулах эрхтэй. Үүний дараа ажлаа хийх үүрэгтэй.

-Танай байгууллага барилгын салбарын ХАБЭА-н асуудалд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Манай төв нь барилгын салбарын үйл ажиллагаанд Хөдөлмөрийн сайдын А/33 дугаар тушаал, MNS-4969:2000 стандартаар оногдсон төрийн үйлчилгээ үзүүлэх эрхийнхээ дагуу хууль эрх зүйн орчин, сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа нь ямар түвшинд байна гэдгийг нь хянах хүрээндээ ажлаа явуулж байна. Бид тухайн байгууллагад очиж зааварчилгаа өгөх, зөвлөмж хүргүүлэх, сануулах үүрэгтэй. Сануулсан хугацаанд алдаагаа засаагүй бол дараагийн шатны арга хэмжээг авах буюу МХЕГ-т хандана гэсэн үг.

Ярилцсанд баярлалаа.

Д.Цэнд-Аюуш: Зайсан Хилл нь заалаа түрээслүүлэх зарчмаар ажилладаг байгууллага, хоолны хордлогод хамааралгүй

$
0
0

tsendee-1

Өндөг болон тахианы мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр үйл ажиллагаа явуулдаг НВЦ холдинг компанийн ажилчид хордлого авч эмнэлэгт хүргэгдсэн тухай мэдээлэл цацагдах болсон. Тус байгууллагын хамт олон Зайсан хилл цогцолборт 12 дугаар сарын 07-ны өдөр шинэ жилийн баяраа тэмдэглэжээ. Үүнээс гурав хоногийн дараа ажилчдад нь хордлогын шинж тэмдэг илэрсэн байна. Гэхдээ цөөн тооны хүн одоогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин эдгээр ажилчид яг юунаас хордсон бэ гэдгийг одоогоор шалгаж, тогтоохоор мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна. Энэ асуудлаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, Боловсрол, Соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюушаас тодрууллаа.

–НВЦ компанийн ажилчид шинэ жилээ тэмдэглэж байгаа хоолны хордлого болсон хэрэг гарлаа. Яг юунаас хордлого авсан бэ. Шинжилгээний хариу гарсан уу?

-Зайсан Хилл цогцолборт Блүфин/BlueFin/ компани катеринг буюу хоол хийж, нийлүүлэх үйл ажиллагаа явуулж байсан юм билээ. Энэ компанийн хийсэн хоолноос дээж авч лабораторийн шинжилгээнд явуулсан. Мөн дахин нэмэлт шинжилгээ авах шаардлага гарсан учраас Улсын мал эмнэлгийн ариун цэврийн лаборатори, Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лабораторид хоолны дээжийг өгсөн, хариуг хүлээж байна. Лабораториудаас ирсэн шинжилгээг нэгтгэнэ. Мөн бусад тодруулах зүйлс бий. Үүний дараа яг юунаас болж хордсон бэ гэдгийг дэлгэрэнгүй тогтооно. Тэрнээс өмнө НВЦ компанийн ажилчид яг юунаас хордсон бэ гэдгийг хэлэх боломжгүй. Хордлого мөн үү гэвэл мөн. Гэхдээ бид ямар хүнсний бүтээгдэхүүнээс хордсон бэ гэдэг шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.

-“Зайсан Хилл л хордуулчихлаа” гээд мэдээлэл яваад байгаа шүү дээ. Гэтэл хоолоо өөр газраас авсан юм уу?

-Зайсан Хилл нь түрээсийн үйл ажиллагаа л явуулдаг байгууллага. Блүфин компанид заалаа түрээслүүлэх зарчмаар л ажилладаг юм билээ. Томоохон албан байгууллагууд өөрийн заал, талбайгаа түрээслүүлдэг биз дээ. Түүнтэй л адил гал тогоо, хүлээн авалтын танхимаа энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах сонирхолтой компаниудад түрээслүүлсэн байна.

-Хүлээн авалтад оролцсон бүх хүнээс шинжилгээ авсан уу. Тухайлбал, хүлээн авалтыг зохион байгуулсан хүмүүс, уригдан ирсэн зочид гээд л …

-Тухайн өдөр хүлээн авалтад ирсэн, үйлчилгээ үзүүлсэн гээд бүх хүмүүсээс шинжилгээ авсан. Яг ямар өвчний үүсгэгчээр илэрсэн бэ гэдгийг тодруулна. Үүсгэгч тодорхой болвол үүнтэй хамаарал бүхий хүмүүс, ямар хүнсний бүтээгдэхүүн гээд тодруулах зүйлс их бий. Энэ бүгдийг шинжилгээний хариу гарсны дараа тодруулах боломжтой юм. Хүлээн авалтад оролцсон НВЦ компанийн ажилчдаас хордлого илэрсэн. Бусад үйлчилгээний ажилчид болон катерингийн үйлчилгээ үзүүлсэн хүмүүсээс хордлого илрээгүй.

–НВЦ-гийн шинэ жилийн арга хэмжээ 12 дугаар сарын 7-ны өдөр болсон. Гэтэл 12 дугаар сарын 10-ны өдөр хордлогын шинж  тэмдэг илэрсэн гээд байгаа. Энэ хугацаанд өөр зүйлсээс хордсон байх боломжтой юу?

-Аливаа хордлогыг хурц, архаг гэж ангилдаг. Хурц хордлогын илрэл нь нууц үед явагдаж болно. Хоёр цаг байж болно. Эсвэл долоо хоног ч байж болно. Тухайн хордлого үүсгэгчийн шинж чанар, өвчтөний бие организмын байдал зэргээс хамаарч хугацаа янз янз байдаг. Ханиад томуу ч бас халдвар авснаас хойш шууд илрэхгүй байх тохиолдолд байдаг шүү дээ. Үүнтэй адил юм. Ер нь бол хүн өвчилсөн гэдэг нь тодорхой.

Яг юунаас болсон бэ гэдгийг л тогтоохоор ажиллаж байгаа гэж хэлж болно. Яг юунаас болсон бэ. Ямар компани, ямар хүнсний бүтээгдэхүүнээс болж хордлого үүссэн бэ гэдгийг нь тогтоож өгнө. Үүний дараа албан ёсоор нийтэд мэдээлэл түгээнэ.

Үгүй бол сургаар сонссон мэдээгээр л бусдыг буруутгах хандлагатай байна. Гэтэл Зайсан Хилл-ийн асуудал үнэндээ мөн үү гэдгийг ухаж ойлгох хэрэгтэй. Тэд бол зүгээр л байраа түрээслүүлдэг компани байхгүй юу. Жишээлбэл, Зайсан Хилл дотор гурван хоолны компани үйл ажиллагаа явуулдаг. Тэдгээр нь бүгд л түрээсийн байгууллагууд. Тэгэхээр нэрнээс нь хараад л шууд дайраад байж болохгүй л дээ. Халуун хоолны үйлчилгээ үзүүлэх гэрээтэй Блүфиний хоолноос үүдэлтэй хордлого гарсан байж болзошгүй. Гэхдээ хордлого хоолноос уу, үгүй юу гэдгийг л тогтоохоор бид ажиллаж байна.


Брэд Питт: Хэтэрхий гүн шархалсан зүрх минь хэзээ эдгэхийг мэдэхгүй байна

$
0
0

Холливуудын нэрт жүжигчин Брэд Питт “PEOPLE” сэтгүүлд ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

-Таны хувийн амьдрал үргэлж л олны анхаарлыг соронз мэт татдаг. Энэ бүхэн танд дарамттай санагддаг уу?

-Миний хийсэн ганцхан үйлдэл бусдын талархал эсвэл дургүйцлийг хүргэдэг гэдгийг сонсоод их гайхдаг. Би уран бүтээлч. Миний уран бүтээлийг хайрладаг хүмүүсийг би хүндэлдэг. Харин хувийн амьдрал руу минь хошуу дүрж буй нэгнийг харахаар ой гутдаг.

-Өнгөрсөн оноос л таны гэр бүлийн асуудал олныг гайхшруулсан. Жоли та хоёр холливуудын хамгийн сайхан хос. Та хоёр зургаан хүүхэдтэй. Нэг  л өдөр энэ сайхан өнөр гэр бүл салахаар болсон нь олон хүнийг цочирдуулдаг.

-Гэр бүл минь салсанд одоог хүртэл харамсч байна. Өнгөрсөн хугацааг би шаналал дунд өнгөрүүллээ. Гэр бүлээ бүтнээр авч үлдэх гэж их хичээсэн. Даанч миний үйлдлийг бурхан таалсангүй.

-Гэр бүлээсээ салах амаргүй шийдвэрийг гаргах хэцүү байсан биз?

-Мэдээж хэрэг. Би гэр бүлээ бүтнээр нь авч үлдэхийг их мэрийсэн. Миний хэлсэн үг бусдад тааламжгүй санагдах байх. Гэхдээ л би хичээсэн. Хэлсэн үгээ бусдад батлах гэж оролдмооргүй байна.

-“Холливуудын алдартнууд гэр бүлээ цуцлуулах нь хэвийн үзэгдэл” хэмээн олон нийт үздэг.

-Уран бүтээлчид зүгээр сууж байгаад гэр бүлээ цуцлуулдаггүй. Мэдээж хэрэг тэдэнд ч гэсэн хүнд, бэрхшээлтэй тулгарсан учир л салахаар шийдвэрлэсэн.

-Дээрх дуулианы дараагаас  та уран бүтээлээсээ хөндийрч, ихэнх цагаа ганцаараа өнгөрүүлэх болсон?

-Би удахгүй урлагтаа эргэн ирж, дуртай ажлаа хийх болно. Кино бол миний дуртай ажил. Би энэ ажлаасаа аз жаргалыг мэдэрдэг.

-Та холливуудын сайхан залуусын нэг.

-Магтсанд баярлалаа.

-Таныг нэгэн бүсгүйтэй болзож байгаа гэх дуулиан сүүлийн үед хэвлэлийн хуудаснаа цуурайтах боллоо?

-Би маш их баяртай байгаа. Архи эсвэл мөнгө ганцаардлыг үгүй хийхгүй гэдгийг ойлгосон. Хүнд хайр, халамж хэрэгтэй.

-Тэгэхээр та болзож байгаа гэсэн үг үү?

-Зүрх минь хэтэрхий гүн шархалсан. Ганцаардалд оршин тогтнож буй зүрх минь хэн нэгнийг хайрлахад бэлэн биш байна.

-Та хүүхдүүдтэйгээ холбоотой байгаа юу?

-Мэдээж хэрэг. Хүүхдүүд минь миний бүх зүйл. Тэднийг мартсан өдөр гэж үгүй. Би хүссэн үедээ тэдэнтэй ярьж, уулздаг. Эцэг, хүүхдүүдийн харилцааг хэн ч зогсоож чадахгүй.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn

Ц.Ундармаа: Хямдралтай бараанд ч НӨАТ-ын баримт олгох ёстой

$
0
0

ccd9cc9540262f45c5b222677f3cafc8_x3Татварын ерөнхий газрын Татвар төлөгчидтэй харилцах газрын Татварын улсын байцаагч Ц.Ундармаатай ярилцлаа.

-Татварын ерөнхий хуульд худалдаа үйлчилгээ үзүүлж буй аж ахуйн нэгж, байгууллага бүр цахим төлбөрийн баримт хэвлэх кассын машинтай байх ёстой гэдэг чухал заалт бий. Гэтэл төлбөрийн баримт олгодоггүй худалдааны зах, төвүүд пос машиныг үнэтэй гэдэг. Заавал үнэтэй пос машин авах ёстой гэсэн үг үү?

-Татвар төлөгчид боломжийн үнэтэй, хэрэглээндээ тохирсон кассын болон пос машиныг сонголтоороо хэрэглэх боломжтой. Дотоодын кассын систем нийлүүлэх эрх бүхий аж ахуйн нэгжүүдээс судлан, өөрт тохирсон боломжийн үнэ бүхий төхөөрөмжүүдээс сонголт хийж болно. Зах худалдааны төвд бизнес эрхэлж байгаа иргэд гар утасны аппликейшнээрээ төлбөрийн баримтыг худалдан авагчдадаа олгох боломжтой болсон. Жишээ нь, 100 айл, Барс худалдааны төв нь худалдан авагчдадаа гар утасны аппликейшн ашиглан баримт өгч байна. Одоогоор Дүнжингарав худалдааны төв холбогдож эхлээд байна.

-Хямдралтай бараа бүтээгдэхүүнд төлбөрийн баримт өгдөггүй. Энэ тохиолдолд төлбөрийн баримтыг заавал авах ёстой юу?

-Энэ бол зөрчил гэдгийг анхааруулмаар байна. Ямар нэгэн байдлаар үйл ажиллагаа явуулж байгаа бол төлбөрийн баримт өгөх ёстой хэмээн хуульд заасан байдаг учраас худалдаа, үйлчилгээ эрхэлж буй хуулийн этгээд төлбөрийн баримтыг заавал өгөх ёстой. Тиймээс хямдруулсан бараа үйлчилгээг худалдан авсан хэрэглэгчдэд төлбөрийн баримт өгөхгүй гэж хэлж болохгүй. Иргэдийн хувьд заавал төлбөрийн баримтаа авах үүрэгтэй.

-Зарим худалдааны төв Е-баримтыг нь олгохгүйгээр бараа бүтээгдэхүүнээ 10 хувь хөнгөлдөг. Иргэд худалдан авалтын хөнгөлөлт авсан ч төлбөрийн баримтаа авах эрхтэй юу?

-Баримт олгохгүй байна гэдэг нь өөрөө зөрчил юм. Ямар нэгэн байдлаар борлуулалт хийж, үйлчилгээ үзүүлж байгаа бол заавал төлбөрийн баримт олгох ёстой. Нөгөө талаас үйлчлүүлэгчид төлбөрийн баримтаа нэхэх хэрэгтэй. Бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр олгосон ч хуульд зааснаар баримт өгөх үүрэгтэй. Хэрэв төлбөрийн баримт олгоогүй бол Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцно.

-Иргэд, аж ахуйн нэгжийн буцаан олголттой болон сугалаанд оролцох эрхтэй баримтаа хэрхэн ялгах вэ. Мөн тухайн баримтыг аж ахуй нэгж илгээгээгүй гэсэн асуудал иргэдийн дунд түгээмэл байдаг. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Энэ тохиолдолд татвар төлөгч, худалдан авагчдын хувьд төөрөлдөх асуудал байдаг. Сугалааны дугаартай, буцаан олголттой баримтыг НӨАТ-ын суутган төлөгч газрууд олгодог. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгж, иргэдийн жилийн борлуулалтын орлого нь 50 сая төгрөгт хүрсэн НӨАТ суутган төлөгчөөр бүртгүүлсэн иргэн болон аж ахуй нэгжээс авсан төлбөрийн баримт нь буцаан олголтын хоёр хувь болон сугалааны дугаар бүхий баримт олгогдоно. Мөн жилийн орлого нь 50 сая төгрөгт хүрээгүй, НӨАТ суутган төлөгч биш иргэн, аж ахуйн нэгжээс худалдан авсан бараа үйлчилгээнд олгогдсон төлбөрийн баримт зөвхөн сугалаанд оролцох баримт олгож байгаа. Ер нь татвар төлөгчид ebarimt.mn цахим хуудсаар орж мэдээллийг маш сайн авч байх хэрэгтэй. Хоёрдугаарт, аж ахуй нэгж илгээгээгүй гэсэн тохиолдолд баримтаа устгаад дахин давтагдашгүй дугаар бүхий 32 оронтой дугаараар дахин бүртгүүлэх боломжтой. Хэрэв засагдахгүй байвал харьяа дүүргийнхээ Татварын хэлтэст хандах болон 1800-1288 дугаарт холбогдож гомдол бүртгүүлэн шийдүүлэх боломжтой.

-НӨАТ-ын буцаан олголтоор 2017 онд авч чадаагүй иргэдийн урамшууллыг олгохоор яригдаж байгаа. Тиймээс мэдээллээ баталгаажуулсан байх шаардлагатай гэсэн санамж бичгийг иргэдэд цахим хаягаар нь мэдэгдсэн. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлана уу?

– НӨАТ-ын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг буцаан олгох журмын дагуу жил бүрийн нэгдүгээр улиралд өмнөх онд бүртгүүлсэн е-баримтын хоёр хувийн буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлдэг. 2017 онд нийт 272 сая 697 мянга 943 баримт хэвлэгдэж, иргэд 169 сая 370 мянга 846 баримтыг е-баримтын системд бүртгүүлэн баталгаажуулсан. Үүнээс 6117 иргэний мэдээлэл зөрүүтэй байсан тул 2017 онд авах нэмэгдсэн өртгийн албан татварын урамшуулал Монгол банкнаас гүйлгээ хийх явцад буцаагдсан байна. Мөн НӨАТУС буюу сугалаанд оролцож, хонжвор таарсан иргэдийн 2143 нь мэдээллээ баталгаажуулаагүй, эсхүл данс, нэр зөрсөн зэрэг иргэдээс өөрсдөөс нь шалтгаалсан зүйлээс шалтгаалан урамшууллаа авч чадаагүй. Иймд дээрх иргэдийн е-баримт бүртгүүлдэг апп руу санамжийг илгээсэн.

–Энэ жилийн хувьд нийт хэчнээн баримт бүртгэгдээд байна?

-Энэ оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд 362 сая 832 мянга 639 баримт хэвлэгдэж 238 сая 737 мянга 388 баримт баталгаажсан байна.

-Сугалааны тохирлоор азтан болсон ч баримтаа үрэгдүүлсэн тохиолдолд яах вэ. Иргэдийн зүгээс ямар асуудлаар ихэвчлэн хандаж байна?

-Сугалааны тохиролд 200 мянган төгрөгөөс доош хонжвор хожсон хүмүүсийг мэдээллээ цахимаар баталгаажуулан тухайн иргэний бүртгэлтэй дансанд урамшуулал нь тодорхой хугацааны дараа шууд орно. Энэ мөнгөн дүнгээс дээш хонжвор хожсон иргэдээс баримт шаарддаг. Хэрэв баримтаа цуглуулахгүй хаясан бол Гааль, татвар, санхүү мэдээллийн технологийн төвийн улсын үйлдвэрийн газраас /ГТСМТТ-УҮГ/ дахин хэвлүүлж авах боломжтой. Иргэдийн зүгээс дийлэнх нь нууц үгээ мартсан, цахим хаяг руугаа нэвтэрч орж болохгүй, аж ахуй нэгж илгээгээгүй төлөвтэй баримт байна гэсэн асуудлаар ханддаг. Тэгэхээр цахим хаяг руугаа нэвтэрч орох нууц үгээ мартсан бол бүртгэлтэй утасны дугаараас асуултын тэмдгийг 131313 дугаарт илгээж нэвтрэх нэр, нууц үгээ авах боломжтой.

-Дэлгүүр худалдааны төвүүдийн ажилчид хэрэглэгчийн үлдээсэн баримтыг их хэмжээгээр бүртгүүлж, олон удаагийн хонжвор хожих тохиолдол гарч байсан. Тухайн иргэний өмнөөс аж ахуй нэгж байгууллагын ажилчид баримтыг нь бүртгүүлсэнтэй холбоотой гомдол хэр их гардаг вэ?

-Хэрэв ийм тохиолдол гарсан бол гомдлоо мэдүүлж, тухайн баримтаа шалгуулж, ямар иргэн дээр бүртгэгдсэн байна гэдгийг шаардлагатай бол мэдэх боломжтой. Харьяа дүүргийн татварын алба болон 1800-1288 дугаарт хандан гомдлоо бүртгүүлж болно.

Эх сурвалж: Татварын ерөнхий газар

С.Билэгт: Би илбийг бус илбэ намайг сонгосон

$
0
0

bilegt-10

Илбийн урлагаар дамжуулж, дэлхийд эх орноо сурталчлах зорилготой илбэчин С.Билэгттэй нэг жилийн өмнө ярилцсан ярилцлагыг ахин хүргэж байна. Тэрбээр “Авьяаслаг Монголчууд-2018” шоуны ялагч болсон билээ.

-Таны мэргэжил монголчуудын хувьд нэлээд хол хөндий. Яагаад илбэчин болохоор шийдсэн бэ?

-Би багадаа урлаг, спорт хичээллэдэг их сониуч хүүхэд байсан. Бас аливаа зүйлд маш тууштай. 35 үсэг сурахдаа өглөө зургаан цагт өөрөө сэрээд “Цагаан толгой” номоо уншдаг байсан гэсэн. Үүнээс гадна багаасаа илбэтэй кино, видео үзээд энэ төрөлд татагдаж эхэлсэн. Тэгээд илбийн тухай ном авч бие дааж хичээллэх болсон. Сонирхлынхоо дагуу илбийг судалсаар нэг мэдэхэд ихэнхийнх нь нууцыг тайлж, өөрөө хийж чаддаг болсон. Тэгэхээр би илбийг бус илбэ намайг сонгосон гэж бодсон.

- Та “Илбэ намайг сонгосон” нэвтрүүлгийнхээ төслийг өөрөө бичсэн юм билээ?

-Би анх найман жилийн өмнө илбийн бичлэг хийж байсан. Тухайн үедээ тэр бичлэг хүмүүст сайн хүрсэн. Харин дараа нь өөрөө үзээд гаднын илбэчидтэй харьцуулахад нэлээд алдаа дутагдалтай байсан. Тэгээд бичлэгээ устгасан. Харин одоогоос гурван жил(дөрөв)-ийн өмнө би өөрийгөө болсон гэсэн цагтаа нэвтрүүлгийн төслөө бичээд хэд хэдэн телевиз рүү очсон.

Харин Ч.Номин захирал миний ганцхан илбийг үзээд л “Нэвтрүүлгийн төсөлд чинь хэдэн төгрөгийн санхүүжилт хэрэгтэй вэ, дэмжье” гэж хэлсэн. Ааваас минь өөр намайг дэмжсэн хүн Ч.Номин захирал байсан. Энэ хоёр хүний дэмжлэгээр би олон хүнд танигдсан.

-Танд багш байсан уу?

-Монголд илбэ заадаг багш гэж байдаггүй. Хичээнгүй зан минь надад тусалсан. Би илбэ хэрхэн хийхийг 100 хувь өөрийн хичээл зүтгэлээр сурсан. Одоо бол хаяа БНХАУ, ОХУ-руу очиж гаднын илбэчидтэй туршлага солилцдог. Тэдний цугларалт дээр очдог.

-Илбийн урлагийг товчхоноор юу гэж тайлбарлавал оновчтой вэ?

-Маш богинохон хугацаанд хүнийг гайхшруулж чаддаг урлаг. Хөгшин залуу, эмч, ял эдэлж буй хоригдол, хөгжлийн бэрхшээлтэй иргэн гээд бүхий л хүний дотор хүүхэд зан, сэтгэхүй нь нуугдаж байдаг. Тэр занг нь гаргаж ирж чаддаг урлаг бол илбэ. Тиймдээ ч энэ урлагийг бүх л насныхан үзэх боломжтой. Нэг өгүүлбэрээр илбэ аливаа хүнийг хамгийн түргэн хугацаанд баярлуулдаг. Тэрнээс илбийг ид шид юм уу заль гэж тайлбарлаж болохгүй.

-Илбийг хэдэн төрөлд ангилдаг вэ?

-Ойрын болон тайзны гэж ангилдаг. Би ойрын зайн илбэ үзүүлдэг. Цаашдаа тайзны илбэ үзүүлнэ. Мөн 2020 онд бүрэн хэмжээний тоглолт хийхээр төлөвлөсөн. Тэр хүртэл бэлдэх зүйл их бий. Учир нь ойрын зайн илбийг би ганцаараа цөөхөн үзэгчид үзүүлдэг. Тайзны илбийг 1000 гаруй үзэгчид үзүүлдэг учир бүхэл бүтэн баг ажиллаж байж тэр бүх хүнийг гайхшруулна.

-Таны хувьд өөрийн багаа хэрхэн бүрдүүлж байна?

-Миний найз, шавиас бүрдсэн надтай нийлээд дөрвөн хүн бий. Надаар илбэ заалгадаг хүүхдүүд бий. Гэхдээ тэд хараахан бусдад үзүүлэх хэмжээнд очоогүй. Мөн Монголын илбэчид хараахан бэлэн болоогүй. Илбэ маш удаан хугацаанд бэлтгэл хийж байж туршлага дээр сурдаг урлаг. Манай илбэчдэд нэг дутуу зүйл нь туршлага.

Тэрнээс ирээдүйд Монголоос мундаг илбэчид төрнө. Илбийн урлагт хүчин зүтгэж буй хүмүүс үзэгчдийн өмнө гарахын тулд дор хаяж 5-10 жилийн хугацаа зарцуулна. Би одоо байгаа хэмжээндээ хүрэхийн тулд маш олон удаа алдаа гаргасан. Тэр тоогоор хүмүүст шоолуулж байсан. 800 үзэгчийн өмнө тайзан дээр бүтэлгүйтэж л байлаа.

-“Авьяаслаг Америкчууд” шоунд оролцох сураг байсан?

-Тийм ээ. Энэ шоунд оролцох хүсэлтээ илгээсэн. Одоо үзүүлбэрийн тал дээр бэлэн болоогүй зүйлс бий. Бэлтгэлээ бүрэн хангаад үзүүлбэрээ 100 хувь болгосны ард АНУ-ыг зорино. Мөн илбэтэй холбоотой кино хийхээр төлөвлөж байгаа.

-Өөрийн тань биелүүлж чадахгүй хүсэлт хүүхдүүдээс ирж байсан уу. Хүүхдүүд илбийг ид шид гэж боддог?

-Илбэ бол бие махбодын урлаг. Ид шид бол оюун ухааны тайлагдаагүй нууц. Илбийг ид шид гэж хүүхдүүдэд ойлгуулж болохгүй. Илбэ бол бусдыг баярлуулдаг нууц дээр суурилсан урлаг. Тэр нууцыг задалж болохгүй. Хүсэлтийн тухайд хүүхдүүдээс “Ээжийг минь эдгээж өгөөч”, “Мөнгө өгөөч” гэсэн хүсэлт ирдэг. Томчуудаас бизнестэй холбоотой асуудлаар мөн зөн билигтнээс хамтран ажиллая гэсэн хүсэлт ирж байсан. Тэр бүгдэд татгалзсан хариу өгсөн.

-“Авьяаслаг Азичууд-2017” шоунд Индонезийн илбэчин “Sacred Riаnа” түрүүллээ. Үүнтэй адил манай илбэчид гаднын том шоуны ялагч болох боломж бий юу?

-Боломж бол байгаа. Гэхдээ нэг зүйлийг тайлбарлахад гадны илбэчдэд бэлэн тоног төхөөрөмж байдаг. Харин манай илбэчид өөрийн бие махбод, ур чадвартаа үндэслэж илбэ сурдаг. Түүнчлэн гадаадын илбэчид бэлэн тоног төхөөрөмж ашиглаж байгаа учир ур чадвар нь тааруу. Манай илбэчид цэвэр ур чадвар дээр дөрөөлж буй учир энэ талаараа илүү болж байгаа.

Жишээлбэл, миний хөзрийг гарынхаа ар талаар шиддэг бичлэг бий. Энэ үзүүлбэрийг дэлхийд маш цөөхөн хүн хийдэг. Харин Монгол илбэчид дийлэнх нь хийгээд сурчихсан. Манай илбэчид гадны зах зээлд гарах үүд хаалга нээлттэй. Хамгийн том асуудал нь хөрөнгө мөнгө. Манай циркчид гадны тэмцээн уралдаанд амжилттай оролцож байгаа. Циркчдийг дагаад илбэчид гадаадын оронд болж буй тэмцээн уралдаанд оролцох боломжтой байдаг. Тиймээс циркийн баг бүрэлдэхүүнд илбэчдийг ороосой гэж боддог.

-Аав, ээж тань ямар мэргэжилтэй вэ?

-Манай аав хувиараа бизнес эрхлэгч. Ээж тогооч гэхдээ одоо аавтай цуг ажиллаж байгаа. Миний амжилтад хүрэхэд нөлөөлсөн хамгийн том хөшүүрэг бол манай аав. Намайг шөнийн дөрвөн цаг хүртэл унтахгүй хөзрөөр оролдоод сууж байхад харчихаад юу ч хэлэлгүй хүлээцтэй ханддаг. Манай гэрийнхэн мөнгө төгрөггүй хэцүүхэн үе байсан. Тэр үед “БНХАУ руу явж илбийн талаар судалгаа хийх хэрэгтэй байна” гэхэд аав нэг сая төгрөг олоод л явуулж байсан.

Би аавын олж өгсөн мөнгөөр БНХАУ-д очиж олон зүйл сурч, туршлага судалсан. Заримдаа бодсон ямар нэг ажил бүтэх болов уу гэсэн айдас төрөх үед би аав ард минь байгаа юм чинь гэж бодохоороо зоригтой хөдөлж чаддаг. Мөн эргэлзсэн үедээ ааваасаа зөвлөгөө аваад дараагийн хийх алхмаа олдог. Аав надтай багаас минь цуг шатар тоглодог мөн тулааны урлагаар хичээллүүлдэг байсан.

-Алдаа гаргасныхаа дараа илбийн урлагаас татгалзъя. Өөр зүйл хийе гэж бодож байсан уу?

-Илбэ хийхээ больё гэсэн бодол зөндөө орж ирсэн. Гэхдээ хэсэг хугацаанд завсарлаад бэлтгэлээ ахин хийдэг. Би 800 орчин хүний өмнө үзүүлбэр үзүүлж байхдаа 3-4 удаа алдаж байсан. Эрдэмтэн докторууд, УИХ-ын гишүүд, урлагийнханд илбэ үзүүлж байгаад алдсан. Гэхдээ би тэр бүх алдаанаас суралцдаг учир надад бүгд ололт болсон. Анхандаа алдаа гаргах бүрт бүгд инээж шоолдог байсан. Харин саяхан (нэг жилийн өмнө) нэг шинэ жилийн хүлээн авалтад алдаа гаргасны ард хүмүүс намайг үнэлдэг, ямар их хичээл зүтгэл гаргаж буйг мэддэг болсон гэдгийг анзаарсан. Намайг алдаа гаргасны дараа үзэж байсан хүмүүс “Энэ удаад бүтэлгүйтсэн ч дараа нь болно доо” гээд урам хайрлаж, хамт зургаа татуулсан. Тэр хүмүүс намайг бус хичээл зүтгэлийг минь үнэлсэн. Мөн намайг дэмждэг маш олон хүн байдаг. Тэр бүх хүнд баярлаж явдгаа хэлье.

-Илбэчин хүн ямар чадвар эзэмшсэн байх ёстой вэ?

-IQ өндөртэй байдаг гээд өөрийгөө магтахгүй юу (Инээв). Ер нь илбэ математик, хими, физик, оюун ухааны спорт, урлаг гээд бүхий л мэдлэгт суурилдаг. Нэн ялангуяа илбэчид математиктаа маш сайн байх хэрэгтэй. Мөн антропологи буюу хүн судлал чухал. Би 10 хүнд илбэ үзүүллээ гэхэд эхний хэдэн секундэд тэр хүмүүсийн тухай мэдээлэл цуглуулаад тэр хүн ямар хөзөр сугалахыг, ямар үйлдэл хийхийг таамагласан байх хэрэгтэй. Мөн үзэгчтэй яриа өрнүүлж, эхлэхдээ л тухайн хүний зан чанарыг таньдаг.

-Казинод илбэчид тэр дундаа хөзөртэй илбэ үзүүлдэг хүмүүсийг орохыг хориглодог уу. Өөрт тань казино орж үзэх юмсан гэсэн бодол төрж байсан уу?

-Хориглодог. Би илбийн урлагийг маш их хүндэлдэг учир мөрийтэй тоглоомтой хутгахыг хүсдэггүй. Тиймээс казино орох бодол байдаггүй. Харин надаар казино тоглуулах гэсэн хүмүүс байсан. Макаогийн казино руу цуг очиж тоглоё гэсэн хүсэлт ирж байсан. Мөн ийм бодолтой илбэчид байвал бүтэхгүй зүйл гэж хэлмээр байна.

Дэлхийн бүх л том казинод ширээг нь тойроод камер, энд тэндгүй хяналт, хөзөр нь гэхэд тусгай үйлдвэрийнх хольж, солих боломжгүй. Саяхан (нэг жилийн өмнө) “И-март” дэлгүүр дээр нэг хүн таараад надтай ярилцсан. Илбэ сурч болох уу гэсэн ч цаад зорилго нь мөрийтэй тоглоом юм байна гэж санагдсан. Ер нь бүх казинод ширээний камерыг илбэчид хянаад суудаг байж магадгүй. Учир нь ирээдүйд Монголд хуулиар хүлээн зөвшөөрөөд том казино байгуулбал намайг ажиллуулна гэж хүн хэлж л байсан.

-Гадны зарим кинонд илбэчид гэмт хэрэг хийж байгаа талаар гардаг. Амьдрал дээр ийм тохиолдол бий юу?

-Өмнө нь гадны илбэчид луйвар хийдэг тохиолдол байсан. Урд хөршид их мөнгөн дэвсгэртийг багаар сольдог. Тэр дундаа таксины жолоочид илбийн арга ашиглаж, мөнгө сольж бусдыг хохироодог. Халаасны хулгайчид бас л илбэтэй төстэй арга барил ашигладаг. Гэхдээ би гадуур явж байхдаа халаасны хулгайчдыг таньдаг. Оюутан байхдаа автобусанд гурван хүнийг хараад халаасны хулгайч байна гэж бодсон. Гэтэл удахгүй нэг хүний утас алга болсон.

-Дэлхийн хамгийн алдартай илбэчдийг нэрлээч. Маш цөөн тооны хүн байдаг байх?

-АНУ-д ойрын зайн David Blaine, тайзны David Copperfield, Англид Dynamo,Хятадад Yif, Японд Такаяама гээд дэлхийн хэмжээнд бүгдэд хүлээн зөвшөөрөгдсөн таван илбэчин л бий. Анх илбийн суурийг тавьсан мундаг илбэчид ихэнх нь одоо байхгүй. Хүмүүс ч тэр бүр тэднийг мэддэггүй.

-Илбэ үзүүлээд тогтмол орлоготой байж чаддаг уу?

-Яг тогтмол орлого олдоггүй. Үнэнийг хэлэхэд шинэ жилийн баярын үеэр л илбээр орлого олж байна. Би сошиал маркетинг компанитай. Энэ ажлаа л хийж мөнгө олдог. Тэр мөнгөнийхөө ихэнхийг шинэ илбэ, уран бүтээлдээ зарцуулдаг.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ
MNB.mn

Б.Цэрэндолгор: Загварын салбарт бүгд адилхан эхэлж, ижилхэн дуусдаггүй

$
0
0

40

Загвар өмсөгч охин харамсалтайгаар амиа алдсантай холбоотойгоор энэ салбарынхан болон олон нийт үзэл бодлоо илэрхийлж байгаа билээ. Тэгвэл модель Б.Цэрэндолгор буюу Цэкү “Загвар өмсөгч болгон мөнгө, биеэ үнэлэлт, архи, хар тамхинд гүн шигдсэн байдаг гэсэн нийтлэл уншаад бичье гэж бодлоо. Үнэний хувь байх ч бүгд нэг ижил замаар явж энэ салбарт ордоггүй юм шүү. Энэ бүхэн 200 хувь тухайн хүний ухамсар, хүмүүжил, ар гэрийн хараа хяналт, хэрэгцээ зэрэг олон зүйлстэй холбоотой байдаг. Бүгд адилхан эхэлж, ижилхэн дуусдаггүй юм. Эцэг эх нарт бас өөрийн зүгээс зөвлөмөөр байгаа юм нь охиноо шилжилтийн насан дээр нь загварын салбар руу битгий оруулаарай гэж хэлмээр байгаа юм. Монгол бол шилжилтийн насны ба түүнээс доош насны хүүхдүүдэд хэцүү цаг үе ирсэн орон шүү дээ. Томчууд нь хүүхдүүдийгээ сэтгэл зүйн дорой байдалд өөрсдөө оруулдаг, доромжилдог, ойлгоо ч үгүй байхад нь буруутгадаг зүйл зөндөө. Энэнээс үйдээд амиа хорлолт, биеэ үнэлэлт гээд олон буруу зам өмнө нь гараад ирдэг юм шиг санагддаг. Хүүхдээ сайн хүмүүжүүлж, хараа хяналт үргэлж өндөр байгаарай. Загварын салбар хатуу, хэцүү салбар шүү. Энэ салбар зүгээр нэг энгийн дам ярианаас болж муу хэлүүлэх учиргүй, их тэвчээр хөдөлмөр шаарддаг салбар юм шүү, шүүлтүүртэй хандаарай та минь” гэжээ.

Эх сурвалж http://www.info.mn

Дэлхийн 33 орноор аяласан Б.Сарантуяа: Чамд хангалттай зориг, нарийн сайн төлөвлөгөө байвал үүргэвчээ үүрээд гэрээсээ гараарай

$
0
0

“The Nomadic Soul”-ийн үүсгэн байгуулагч, үүргэвчтэй аялагч Б.Сарантуяатай ярилцлаа. Дэлхийн 33 орноор аяласан түүнд багагүй сонирхолтой хэдэн асуулт тависан билээ. Харин хариулт нь энэ гурван цэгний араас хөврөнө…

2b1264db3efc9d14c256557a1bb6cd5c

-Анх аялалд гарахын өмнөх айдсаа хэрхэн давсан бэ?

-Хамгийн анх үүргэвчээ үүрээд Индонезоос гараад Тайланд, Хонгконгоор дамжиж аяласан. Би Индонезод сурдаг байх үед манай найзууд, сурагчид их аялдаг байсан. Тиймээс ч би өөрөө ганцаараа аялаж үзэхээр зориг шулуудсан. Анх аялалд гарна гэдгээ гэрийнхэндээ хэлээгүй байсан. Ганцаараа аялана гээд хэлчихвэл санаа нь зовох байх гэж бодсон. Тиймдээ ч дотроо айдастай байсан хэдий ч би аялалынхаа төлөвлөгөөг сайн боловсруулж чадсан.

-Хэрэв Монголдоо байсан бол ганцаарчилсан аялалд зориглож гарах байсан уу?

-Чадахгүй байх байсан. Учир нь Индонезод цуг суралцаж байсан хүмүүсээс би аялах сэдэл, урам зориг авсан.

-Би бол гэртээ суухыг илүүд үздэг хүн л дээ, тиймээс ч нэг зүйл асуумаар байна. Аялал таны амьдралд ямар өөрчлөлтүүдийг авчирч өгсөн бэ?

-Маш олон өөрчлөлт гардаг. Нэгдүгээрт хувь хүний чадварууд нэмэгдэнэ. Аялалд гарахаас өмнө маш нарийн төлөвлөгөө боловсруулах шаардлагатай байдаг. Тиймээс тухайн хүний төлөвлөлт, зохион байгуулах чадвар нэмэгддэг. Мөн гадны оронд биеэ зөв авч явах, хүнтэй эелдэг зөв боловсон харьцах гээд олон эерэг үзүүлэлтүүд бий болдог. Басхүү би аялалд явах тусам гэр орон, ээж аавыгаа илүү их санадаг. Өөрийн үнэ цэнэтэй зүйлсээс холдох тутам тэднийг хэчнээн үнэ цэнэтэйг ухаардаг юм билээ.

-Таны аяласан орнуудаас ямар улс хамгийн найрсаг ард түмэнтэй орон байв. Нөгөө талаар аль улс нь хамгийн их айдас төрүүлсэн бэ?

-Иран руу аялахаас өмнө хүн бүр л “Иран Ирак дайн самуун их, маш аюултай” зэргээр анхааруулж байсан ч хүмүүс нь маш элэгсэг байсан. Нэг цайны газар орж гэрийнхэнтэйгээ цахимаар холбогдчихоод гарах гэхэд надад үйлчлэгч нь цай үнэгүй өгч байсан. Намайг үүргэвч үүрсэн болохоор аялагч гэж мэдсэн байх. Хүмүүсийнх нь тэр сайхан сэтгэлийг мэдрэх мэдрэмж үнэхээр гоё. Тиймдээ ч хамгийн их айж очсон Иран маань хамгийн найрсаг улс болж таарсан. Харин айдастай орон гэвэл Палестин байсан. Тэнд надад ямарч муу зүйл тохиолдоогүй ч гэсэн дайн самуун, Израиль хоорондын мөргөлдөөн зэргээс болоод дотроо маш их айдас тээж явсан. Аялалын явцад огтхон ч тайван байж чадаагүй. Харин сүүлд бодоход аливаа нэг улс руу аялахаар болвол хүмүүсийн ярьж хэлснийг хүндээр тусгаж авах шаардлагагүй санагдсан.

-Мэдээж эмэгтэй хүнд их ачаа хэрэггүй байх, аялалын цүнхэнд чинь хамгийн хэрэгтэй зүйлс юу багтддаг вэ?

-Тэгэлгүй яахав. Маш цөөхөн зүйлс байдаг. Нэн түрүүнд гадаад паспорт, олон улсын картаа цүнхнээсээ огт салгалгүй найдвартай хадгалж авч явдаг. Дээр нь солих хувцас, хувийн хэрэглээний эд зүйлс л багтана. Ерөнхийдөө том, жижиг гэсэн хоёр үүргэвчтэй явна. Жижгийг нь урд талдаа, томыг нь хойноо үүрч, балансыг нь тэнцүүлээд аялалдаа гардаг даа. Хөнгөхөн үүргэвчтэй байж олон газараар аялах зорилготой байдаг учир маш хямгач бөгөөд минималист байх хэрэгтэй.

-Гадаадад аялаж явах хугацаандаа санамсаргүйгээр гадаад паспортоо гэмтээх, гээж үрэгдүүлэх тохиолдол гарвал яах вэ?

-Энэ бол маш эрсдэлтэй асуудал. Гадаад аялагчдын хамгийн чухал зүйл паспорт. Аялаж буй газарт Монголын Элчин сайдын яам байхгүй бол бүр ч их хүндрэлтэй байдалд орно. Би Филиппин улсад аялаж явахдаа нэг удаа цүнхээ газар тавиад унтчихсан юм. Өглөө сэрээл хөлөө газар тавьсан чинь нэл ус болчихсон байсан. Сандраад шууд л цүнхээ аваад үзтэл бүх хувцас хунар норчихсон, азаар паспорт маань зүгээр байсан. Учир нь би ус бороонд норгохгүй гэдэг үүднээс зиптэй гялгар уутанд хийчихсэн юм. Хэрвээ норсон бол тухайн улсаас би гарч аялалаа үргэлжлүүлж чадахгүй хэмжээний эрсдэлд орно.

-Өөрөө гэр бүлтэй юу?

-Гэр бүл байхгүй.

-Мэдээж эмэгтэй хүн ганцаараа аялана гэдэг маш том тэвчээр. Аль нэг улсад явж байхад чинь чамайг өдөж хоргоох тохиол ер гарч байсан уу?

-Эмэгтэй хүн ганцаараа аялахад эрэгтэйчүүдээс дор хаяж хоёр дахин их эрсдэлтэй байдаг. Би саяхан хэд хоногийн өмнө Зүүн Тимор гэх улсаар аялчихаад ирсэн. Гудмаар нь алхаж явахад “гадаад, гадаад” гэж энд тэндээс орилох, нүд салгалгүй ширтэх зэргээр намайг сэтгэл санааны тухгүй нөхцөлд хүргэх явдал их гарсан. Иранд явж байхад нэг залуу машинтайгаа салахгүй дагаж байж билээ. Гэхдээ аливаа зүйлийг би эерэгээр хүлээж авахыг боддог. Би гадны аялагч учраас тэдэнд сонирхолтой санагдсан байх гэж бодоод л өнгөрдөг. Учир нь хэн нэгэн миний бие рүү халдах эрсдэлтэй тохиолдол гараагүй болохоор тэр.

Өөр нэг зүйл гэвэл Изриалийн сөнөсөн тэнгис дээр байхад тохиолдсон. Тэнд нэг араб залуу миний гуяыг илэх шахсан. Азаар сууж байсан газраас маань холгүй бас хоёр эмэгтэй аялагч байсан. Би тэдэн дээр очиж тусламж гуйсан. “Энэ хүн надад сонин хандлага төрүүлээд байна, намайг хажуудаа аваад туслаач” гэж хэлэхэд тэд надад өчүүхэн ч цааргалалгүй тусласан. Харин дараа нь өөртөө дүгнэлт хийсэн чинь Исламын шашинтай тус газарт хүний анхаарлыг татахуйц хэт ил задгай хувцастай явж байсан юм билээ л дээ. Мэдээж тухайн хүний буруу ч гэсэн өөрийн аюулгүй байдлаа хангах аялагч бас сайн хангаж явах хэрэгтэйг эл үйл явдлын дараа сайтар ойлгосон.

-Аялахаас өөр сонирхол бий юу?

-Гэрэл зураг авах сонирхолтой.

-Фатимагийн талаар яриач, чиний хамгийн сайн найзуудын нэг гэсэн?

-Энэ хүн байгаагүй бол би аялалд хэзээ ч гарахгүй байсан байж магадгүй. Фатима бол надад аялах урам зориг өгсөн хүн. Өмнөд америк гаралтай хүн л дээ. Түүнийг анх аялалд хамт явах санал тавихад нь зөвшөөрөөгүй. Эргэж ирээд надад аялалын тухай шинэ содон зүйлс, адал явдлуудаа ярихад нь цуг яваагүй дээ их харамссан. Дараа бид хамт аялаж, би ч ганцаарчилсан аялалд явж чадах урам зоригтой болсон. Фатима намайг “Сараа нөгөө монгол шпагеттигаа хийгээд өгөөч” гэдэг. Тэр нь борцтой цуйван юм л даа. Фатима миний хийсэн цуйванг амтархан иддэг шүү.

-Ганцаараа ер нь 33 улсаар яаж аялах вэ, бусдад юу гэж зөвлөмөөр байна вэ?

-Дээр чиний гадаад паспортоо аялалын явцад алга болговол яах вэ гэсэн чинь их аймаар сонсогдсон шүү. Нэн түрүүнд паспортоо аюулгүй авч яваарай гэе даа. Тэгээд чамд зориг, нарийн төлөвлөлт, хэнтэй яриад ойлголцож чадах хэлний мэдлэг байхад л болно. Ер нь заавал хэн нэгний туршлага ч шаардлагагүй. Чи зориглоод, үүргэвчээ үүрээд гэрээсээ гарахад л болно.

Б.Алтанхуяг

Эх сурвалж: Монцамэ агентлаг

С.Саянцэцэг: Магадгүй би 50 нас гараад XVII зуун руу “явчих”ч юм билүү

$
0
0

755142_10361_x974Төгөлдөр хуурч С.Саянцэцэг Монголдоо ирээд нэг жил болж байгаа билээ. Тэрээр өдгөө Хөгжим бүжгийн сургуульд төгөлдөр хуурын багшаар ажиллаж байна. Түүний шавь Б.Оюунгэрэл удахгүй тоглолтоо хийх гэж байх үеэр нь түүнтэй уулзаж ярилцлаа. Бидний яриа зөвхөн төгөлдөр хуурч хүний хөдөлмөрийн тухай өрнөснийг тодотгоё.

-Төгөлдөр хуурч Б.Оюунгэрэл таны багш, ардын жүжигчин Т.Цолмонгийн шавь гэсэн. Тэгэхээр нэг багшийн хоёр шавь эргээд багш шавийн барилдлагатай болсон гэсэн үг үү?

- Би жил гаруйн өмнө Испаниас нутагтаа суурьших гэж ирсэн. Анх 15 настайдаа нутгаасаа гарч сурахаар явсан. Өнгөрсөн хугацаанд би тайзан дээр 25 жил тасралтгүй тоглосон байна. Миний анхны тоглолт Москвагаас эхэлж байсан. Намайг тоглогчийн хувьд залуу хөгжимчинд тооцдог. Аав маань “Нутагтаа ирж ажилла. Гарын шавьтай бол” гэдэг байсан. Гэхдээ би энд ирээд монгол хүүхдэд хичээл зааж байгаа биш л дээ. Испанид байхад нутгаас маань том хүүхдүүд ирдэг байсан. Гарын шавь гэдэг бүр багаас нь сургасан хүүхдийг хэлнэ шүү дээ. 4-5 жил өөр дээр нь явсан хүүхдийг өөрийн шавь гэж хэлж болдог. Би Оюунгэрэлтэйгээ таван жилийн өмнө танилцсан. Цолмон багш маань “Энэ хүүхдэд би заах юмаа заалаа. Одоо чам руу явуулья” гэсэн. Таван жилийн дотор хэд хэдэн хамтарсан тоглолт хийсэн. Харин энэ удаа ганцаарчилсан тоглолт хийх гэж байна. Тэр дундаа Шопены хөгжмийг тоглоно. Учир нь Оюу маань сая Шопены нэрэмжит хоёрдугаар тэмцээнд амжилттай оролцсон.

-Та одоо ч залуу тоглогч гэж тооцогддог гэлээ. Ер нь төгөлдөр хуурч гэж хэзээ хэлүүлэх боломжтой вэ?

-Төгөлдөр хуурч гэж төгөлдер хуур тоглодог хүнийг хэлдэггүй юм. Төгөлдөр хуурч гэдэг бол тусгай нэр. Жилдээ 10-аас дээш удаа тоглолт хийдэг. Гар хуруугаа өдөрт 2-6 цаг хөдөлгөдөг, тоглох хугацаа нь нэг цагаас дээш байх ёстой. “Карманы” программ тоглодог байх ёстой. Хүмүүс “Браво” гэж дахиулах тохиолдолд карманы зохиол тоглох чадвартай байх ёстой. Тэр нь харин ч үндсэн тоглолтоосоо илүү ур чадвар харуулсан байх хэрэгтэй. Би тийм зохиол тоглоод 25 жил болж байна. Миний карманд үргэлж 5-7 зохиол байж байдаг. Тоглох зохиол нь хүртэл учир утгатай. Ямар зохиол сонгож авснаараа тухайн төгөлдөр хуурчийн мэргэжлийн түвшин харагддаг. Тэр утгаар би хамгийн түрүүнд тоглогчдын тоглох программыг нь сонирхдог. Хичээл заахдаа ч үүн дээр анхаардаг. Зарим хүүхэд “Багшаа би үүнийг тогломоор байна” гэхэд би өгдөггүй. Учир нь тэр хүүхдийн насанд, гаранд, оюун ухаанд гээд бүх талаас нь харж программ өгдөг. Миний багш нар ч тоглогч байсан учраас надад түүнийг сургасан. Түүнийгээ одоо шавь нартаа заахаар аавынхаа захиасаар ирсэн. Тэгээд ч ээж маань ганцаараа байгаа учраас хань болох хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд нутгаа их ч саналаа. Сүхбаатарын талбай, Хөгжим бүжгийн сургууль, тэр байтугай хоол иддэг байсан жижиг гуанз хүртэл бодогддог байсан. Хүүхдийн ой санамж гэдэг бол маш чухал. Хүүхэд яаж өссөн, түүгээрээ хүн болдог гэж боддог. Тиймээс би хүүхдүүдээ багаасаа гоё дурсамжтай байгаасай гэж хичээлийнхээ гол чиглэлийг үүнд бас анхаардаг. Зөвхөн ноот заах биш ноотны ард олон зүйл байдаг. Болж өгвөл хөгжмийг хүмүүжилтэй нь холбож өгье гэж боддог. Нотыг бол хэн ч сурдаг, түүнийг заах маш амархан. Ноотны цаана хүмүүжил, хөгжмийн соёл, хөгжмийн гүнд орно гэдэг бол маш хэцүү. Миний хувьд энэ бүхнийг аав маань, Цолмон багш, орос багш нар их сургасан. Миний орос багш бол ЗХУ-ын ардын жүжигчин тоглогч хүн байдаг. Оросын толь бичигт орсон том хүнээр хичээл заалгаж байснаа сүүлд мэдээд маш их бахархсан. Аав ээж хүртэл “Бидэн дээр ирээд яахав ээ, багш дээрээ оч” гэдэг байсан. Тэр багш маань одоо 87-той. 81 настайдаа сүүлчийнхээ тоглолтыг хийсэн хүн байдаг.

Оюунгэрэл маань Шопены их хүнд зохиолуудыг тоглож байгаа. Тоглолт бүрийнх нь өмнө би өөрөө лекцээ уншина. Ер нь би сүүлийн 7-8 жил өөрийн концертоо ийм лекцтэй хийдэг болсон. Миний концерт дээр ирж байгаа хүмүүс голдуу мэргэжлийнх байдаг учраас лекц илүү мэргэжлийн талдаа байдаг. Харин шавь нарынхаа тоглолт дээр эцэг эхэд нь хандаж хэлэх үгээ тайзан дээрээс хэлдэг. Сонирхлоороо төгөлдөр хуур тоглож байгаа хүүхдүүд юу анхаарах, тоглож байгаа зохиолын утга, тайзан дээр яаж ёслох, бүр тоглолт хэрхэн үзэх соёлыг би ярьдаг.

-Төгөлдөр хуурч болох нь таатай орчин, эдийн засгийн боломжгой шууд холбоотой гэдэг. Манай нөхцөлд мэргэжлийн тоглогч төрөхөд хэр хүндрэлтэй байна вэ?

-Манай нөхцөл бол их хэцүү. Гэхдээ бид хоёр том гүрний дунд байдгаараа их азтай хүмүүс гэж боддог. Оросоос европын соёлыг, Хятадаас дорнын соёлыг авч байна. Хятадууд өнөөдөр хөгжмөөрөө тэргүүлж байна шүү дээ. Хүн өөрийн нөхцөлдөө тохируулж амжилтаа бүтээх ёстой гэж боддог. Би гурван дүүтэй, гурвууланд нь төгөлдөр хуур давтуулдаг байсан. Дөрвүүлээ нэг хөгжим дээр зохицуулаад давтдаг байсан. Өнөөгийн хүүхдүүд компьютер, гар утастай их зууралдаж байна. Жинхэнэ номын үнэрийг авч чадахгүй байна. Гэхдээ хүн болгон над шиг замналаар явах албагүй. Манайх бол гэр бүлээрээ урлагийн хүмүүс байсан. Ийм гэр бүл ховор. Испанид хичээл зааж байхад ч гэсэн тийм гэр бүлтэй хүүхэд ховор орж ирдэг. Хүүхдүүд эхлэхдээ бол их сайн байдаг. Одоо миний хамгийн бага шавь дөрвөн настай. Цаашаа 3-4 жилээс яах нь харагдаад эхэлдэг. Түүний шалтгааны ихэнх хувь нь гэр орны байдалтай холбоотой. Манайд орчин бол үнэхээр хэцүү байгаа. Тэр байтугай тоглох заал ч алга. Хуруу дарам хэдэн заал нь чөлөөт тоглогч нарт үнэ төлбөртэй. Жилдээ маш олон тоглож байх ёстой хүүхдүүд эдийн засгийн боломжгүй болохоор хэцүү. Мөн тоглогч орчин сольж тоглож байх хэрэгтэй. Жишээ нь, би олон орны тайзан дээр тоглож байсан. Латин америкт хоёр удаа, Европт арваад орноор тоглосон. Одоо бас Москвад дахин тоглох урилгатай байгаа. Зарим тохиолдолд алдартай хөгжмийн зохиолчдын түүхт хөгжим дээр тоглох ч боломж гардаг. Зарим газарт хөгжим их муу байвал өөрийнхөө хөгжмийг авчирч тоглодог байсан. Тэр байтугай концертын өмнө гар халаах төгөлдөр хуургүй үе таардаг. Тийм үед ширээн дээр гараа халаадаг.

-Та олон оронд тоглосон бас олон оронд өөрийн хөгжмийн наадмыг зохион байгуулдаг. Тэгсэн атлаа маш даруу. Ийм байх нь төгөлдөр хуурч хүн бүрт байх чанар уу?

-Тоглогч хүмүүсийн сэтгэхүй их адилхан байдаг. Гадаадад байхад олон газраар тоглолт хийж, нээлттэй хичээл зааж, тэмцээнд шүүгч хийж байхад бид их адилхан бодолтой байдаг нь анзаарагддаг. Жишээ нь тоглогчид ер нь нойргүй байдаг. Биеийн тамираас хол, өөрсдийн бичлэгээ сонсох их дургүй гэдэг ч юм уу. Сурагчиддаа тавьж байгаа шаардлага нь хүртэл ижил. Тэр байтугай тэмцээн дээр шүүж байгаа бодлого нь хүртэл төстэй байдаг. Учир нь, бид олон цагийг ганцаараа төгөлдөр хуурын ард сууж байхдаа өөртөө ярьж, тоглож байгаа зохиолынхоо хэлэх гэж байгаа үгийг хөгжмийн хэлээр гаргадаг. Хөгжим тоглохдоо зохиолын сонголт бас чухал. Жишээ нь, би романтик зохиол илүү тоглох дуртай. Бетховен, Шуберт, Шуман гээд явчихаж байгаа юм. Магадгүй би 50 нас гараад XVII зуун руу “явчих” ч юм бил үү. Зохиолын сонголт туршлага, настай холбоотой байж магад. Тоглогчдыг хараад байхад залуудаа тоглож байсан зохиолын өнгө 70, 80 нас хүрээд тоглоход гайхалтай өөр байдаг. Нэг л зохиолыг тоглож байгаа мөртлөө шүү дээ. Хүний тархины фантаз бол хязгааргүй. Тиймээс сэтгэхүйгээ хөгжүүлэх асар их боломж нээлттэй. Гол нь энэ бол олон цагийн хөдөлмөр.

-Зохиолын сонголт тухайн тоглогчийн характерт таарах нь чухал гэсэн үг үү?

-Тэгэлгүй яахав. Зарим зохиолыг яагаад ч тоглож болохгүй тохиолдол байна. Гэтэл өөр нэг тоглогч түүнийг гайхалтай сайн тоглодог. Гэхдээ тухайн зохиолыг тоглож чадахгүй байснаараа түүнээс муу гэсэн үг биш. Гол нь зохиол таарах таарахгүй гэж байна.

Тоглогчдын амьдралын өнгө нь хүртэл адилхан байдаг. Гэрээсээ бараг гардаггүй, хаана төгөлдөр хуур байна, тэндээ шигдээд суучихдаг. Манай ээж “Миний охин амралтад яв” гэхэд би их дургүй байсан. Учир нь, бидний амьдрал бол их богинохон. Амарна гэдэг бол бидний хувьд концертын дараахь 2-3 өдөр тоглохгүй байх байдаг. Тоглолтын үед бидний нойр хүрдэггүй. Учир нь, тэр олон сая нотыг яг киноны үйл явдал шиг учир утгатай тоглодог учраас тархи ер амардаггүй. Тэр байтугай нойрны эмийг хамгийн хүчтэй доозыг ууж байж унтдаг. Учир нь, бид тархиа амрааж байх ёстой. Бага байхад аав маань нэг бол төгөлдөр хуур дээр тоглоод, эсвэл нэг их гоё пянз тавиад эсвэл орос ном уншина. Эсвэл хөгшин ээж ирж морин хуур тоглож хөгшин аав баяд бүжиг хийгээд, ээж маань аавын ДУУГ дуулаад гэх мэтээр миний бага нас өнгөрсөн. Би цэцэрлэгт байхаасаа үсэг мэдэхгүй мөртлөө ноот сурч, төгөлдөр хуур тоглоно. Хөгжимчин хүний амьдрал их багаас эхэлдэг. Сонирхогчоор сурч байгаа хүүхэд хүртэл төгөлдөр хуурч болж болно. Одоо над дээр гоц авьяастай хүүхэд ч явж байна. Одоо зөвхөн эцэг эхээс нь л шалтгаална. Гарыг нь хайрлаарай гэж би гуйдаг. Гэрийн ажил үнэхээр хийж болохгүй нь үнэн. Хөнгөн ажлыг бол болно. Багаас нь оюуны талаас нь хөгжүүлэх ёстой. Балет, дуурь, зургийн үзэсгэлэн гээд урлагийн бүх зүйл үзүүл. Мөн уран зохиол тэр дундаа яруу найргийг уншуулах хэрэгтэй. Зүгээр нэг унших биш яруу тод унших бас өөр. Ер нь зураг, яруу найраг бол хөгжимтэй зайлшгүй холбоотой. Орос багш маань хичээл зааж байхдаа яруу найргийг герман, польшоор уншдаг байсан.

-Хөгжим тоглоно гэдэг нэг талаар уншилт юмаа даа. Ном уншиж байгаатай адил шинэ  ертөнцийг нээдэг гэдэг утгаас нь асууж байна?

-Би хүүхдүүдийнхээ ноот унших, тоглох хоёрыг тусад нь ойлгуулахыг боддог. Ноот харж тоглох гэдэг  их  хүнд. Жаахан хүүхэд бараг ноот хардаггүй.

Тэдний ой тогтоолт их сайн байдаг. Ялангуяа 4-5 настай хүүхдүүдийн ой тогтоолт дээд цэгтээ ажилладаг. Энэ насандаа дугуйланд явах нь их зөв гэж боддог. Бүгдийг нь багшийн гарыг харж байгаад тогтоочихдог. Ноот тогтооно гэдэг дотроо олон янз. Хоосон тогтооно гэж байна. Буруу хуруугаар тогтооно гэж байна. Зарим хүүхэд тогтоолт нь маш хурдан. Тоглож байгаагаасаа хурдан тархи нь ажилладаг.

-Таны нэрэмжит тэмцээнд монголчууд оролцох нь Монголыг гадаад ертөнцөд таниулах нэг чухал гарц санагдсан?

-Тухайн орон нутгийн захиргаа нь ивээн тэтгэдэг учраас яг миний нэрэмжит гэж хэлж болохгүй байх. Испанийн Веска гэж хотод миний төгөлдөр хуурын тэмцээн болдог. 1999 оноос хойш болж байгаа энэ тэмцээнд олон монгол хүн оролцдог. Өнгөрсөн нэгдүгээр сард Хөгжим бүжгийн сургуулийнхан яваад ирсэн. Хөгжим бүжгийн багш нараасаа жил бүр нэг хүнийг явж явъя гэж шийдээд өнгөрсөн жилээс хэрэгжүүлж эхэлсэн нь тэр. Мөн Испанийн Наске гэж хотод дан хөгжмийн олон улсын фестиваль хийгээд тав дахь жилдээ болж байгаа. Энэ олон улсын төгөлдөр хуурын болон фестивалийг анх тухайн засаг захиргаанаас нь намайг зохион байгуулна уу гэсэн урилга ирээд тоглож эхэлсэн. Хаа хамаагүй монгол хүнийг үнэлээд, тэмцээн зохиож байна шүү дээ. Фестиваль голдуу зургадугаар сард болдог. Өнгөрсөн жил Хөгжим бүжгийн сургуулиас зургаан настай хүүхдүүдийн хийлийн чуулган явсан. Тэр хот бол жуулчид ихтэй. Тэд хүүхдийн хийлийн чуулгынхныг биширч хүлээж авсан байна лээ. Тэр хотын дарга “Хийлийн чуулгыг дахин авчирмаар байна. Одоо чи юу үзүүлэх гэж байна” гээд би бүр өртэй болчихоод байна. Миний бодол бол морин хуурыг сонирхож байгаа. Фестивалийг нэгэнт монгол хүн зохион байгуулж байгаа учраас үндэсний хөгжмөө таниулъя гэж бодож байна. Би таван жилийн өмнө Японы морин хуур тоглодог охиныг өөрийнхөө таван концертын хөтөлбөрт оруулж явсан. Тэгэхэд Испаничууд уйлж хүлээж авсан. Яагаад та уйлав гэж би асуухад, “Их тайвшруулдаг хөгжим байна” гэсэн. Энэ удаа бол Япон биш Монголоосоо хүн “нүдэлсэн” байгаа.

-Хөгжим бүжгийн сургууль дотроосоо юу?

-Үгүй. Өөр морин хуурч залууг бодсон байгаа. Фестивалийнхаа нээлт хаалтыг морин хуур хөгжмөөр хийж болох юм. Токиогийн мянган хүний суудалтай зааланд тэр япон охин морин хуураар аавын маань зохиосон “Зулай цагаан алтай”-г тоглоход тэнд ирсэн 50-иад монгол хүн босч зогсч хүндэтгэсэн. Японууд ч гэсэн үнэхээр биширч хүлээж авсан. Би яагаад аавыгаа яриад байна вэ гэхээр өөд болоод хоёр жил болж байгаа ч гэсэн миний сэтгэл маш хэцүү байгаа. Учир нь би аавынхаа зүрхийг зогсч байхад гарыг нь бариад сууж байсан. Ер нь би концертдоо аавынхаа зохиолуудыг их оруулдаг. Испани хүүхдүүдээр ч тоглуулж байсан. Хамгийн сүүлд Испанид “Тэмээчин ээж”-ийг хийлээр тоглоход Македон хийлч “Саяа аа чи ноотыг нь өгөөч” гэж уйлаад гуйж байсан.

-Таны амьдарч байсан Испанийн тэр хотынхон аавыг тань бүгд мэддэг байсан гэсэн байх аа?

-Аавыг нас барахад тэндхийн сонин дээр эмгэнэл гарахад би маш их баярласан. Аавыгаа жаахан эрт явчихав уу гэж харамсдаг. Уг нь аав бид хоёр утсан хөгжмийн дөрвөл бичнэ гэж ярьж байсан. Мөн “Салхи” гэдэг дууны үгийг ноотлох гэж байгаад амжаагүй. “Аавд нь ая нь ороод ирсэн. Ноотлох л дутуу” гэж хэлж байсан. Тэр үед би Хятадад нээлттэй хичээл хийж байхад, аавын бие муудлаа гэсэн мэдээг сонсоод ирсэн. Гэртээ оронгуут аймшигтай санагдаж байсан. Яагаад гэвэл ширээн дээр үзэг харандаа ноот нь, “Салхи” гэдэг дуу нь төгөлдөр хууран дээр соль түлхүүр тавиад нотлоход бэлэн байсан. Түүнийг хараад эхэр татаад, ер нь галзуурах шахсан. Өнгөрснийх нь дараа миний шавь Оюунгэрэл, Ли хоёр ээжид зориулж төгөлдер хуурын тоглолт хийсэн. Ер нь урлагийн хүний амьдрал ийм л байдаг. Тоглогч хүний зам их олон зүйлтэй холбоотой. Бид настринаар/настроение/ амьдардаг. Аав маань бас их настринаар амьдардаг хүн байсан. Би эмэгтэй л болохоос биш аавтайгаа зан чанараараа адилхан. Одоо ч ээж хаалга тогшоод ороод ирэх нь хүртэл яг аав гэдэг. Миний хань тоглогч хүний байдлыг сайн ойлгодог. Уран бүтээлч хүнд хань их чухал байдаг. Тиймээс ихэнх тоглогч ханьгүй байдаг. Учир нь үүнийг ойлгодог хань олдоход хэцүү. Ааш араншингаараа ч хэцүү хүмүүс байдаг. Ер нь нийгэмтэйгээ нэг их тохирдоггүй. Тийм ч учраас энэ хорвоод тоглогч хүн тоотой хэд л байдаг.

Д.ПҮРЭВСҮРЭН

Б.Мөнхзул: Тогтсон цагт, зөв хүнс хэрэглэвэл 3-6 сарын дотор хэвийн жиндээ хүрнэ

$
0
0
712-15484021244f6ae41f7eb8ef9857451d3af3dab8ebЗорилгынхоо төлөө спортоор тууштай хичээллэж Монгол Улсын бодибилдинг фитнессийн улсын аваргаас гурав дахь алтан медалиа хүртсэн, “Протэйм”фитнесс клубийн тамирчин Б.Мөнхзултай ярилцлаа. Тэрбээр энэ жип мөн “Бикини модель” үнэмлэхүй аваргаар шалгарсан юм.
-Бодибилдинг фитнессийн улсын аварга шалгаруулах тэмцээн хэдхэн хоногийн өмнө болж, та амжилттай оролцсон. Өмнөх жилийнхийг бодвол зохион байгуулалт сайтай болсон тэмцээн өрсөлдөөн ихтэй байв уу?
-Энэ жилийн тэмцээнд шинэ ангилал нэмж, 180 гаруй тамирчин улсын аваргад оролцсон. Өмнөх жилүүдтэй харьцуулахад олон тамирчин оролцсон учир тэмцээн өрсөлдөөнтэй боллоо. 30,40-өөс дээш насны модель ангиллыг нэмсэн нь тэмцээнийг улам сонирхолтой болгосон гэж бодож байна.
Би анх 2017 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байхдаа учраа олохгүй зүйл олон байсан. Тухайн үед улсын аварга болсон нь надад илүү хичээх урам зориг өгсөн юм. Манай фитнессийн спортын тамирчдын дунд нэг буруу ойлголт байдаг. Тамирчин нэг удаа бүхий л хүч бололцоогоо дайчилсны дараа дахин өөр тэмцээнд өрсөлдөх боломжгүй болчихдог гэж. Би энэ ойлголтыг эвдээд “Яагаад хоёр, гурван жил дарааллан тэмцээнд оролцож болохгүй гэж” хэмээн өөрөөсөө асууж зорилго тавьсан. Хүн бүр тамирчин болох албагүй. Гэхдээ хүн бүрт эрүүл, зөв бие галбиртай болох боломж бий. Тиймээс эрүүл, идэвхтэй амьдралын гол тулгуур болгож гурван жил дарааллан улсын аваргад өрсөлдөж түрүүллээ. Ер нь өмнө гаргасан амжилтаа бататган ахиулах нь тамирчин хүний хувьд зорилго, хариуцлага болдог. Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа тамирчдыг харахад жилээс жилд ур чадвар, чанар чансаа нь дээшилж байна. Бодибилдинг фитнессээр хичээллэгсдийн тоо олшрохоор тамирчдын дунд өрсөлдөөн бий болж байгаа юм.
-Зорилгынхоо төлөө тууштай явсан хүн амжилтад хүрдэг. Тамирчин хүн амжилтад хүрэхийн тулд олон даваа давдаг. Энэ үед хамгийн том өрсөлдөгч нь өөрөө байдаг гэсэн. Та өөрийгөө хэрхэн ялан дийлсэн бэ?
-Өөрийгөө ялан дийлэнх нь хүний сэтгэл зүйтэй холбоотой. Булчин муутай хүний сэтгэлийн хат ч бага байдаг юм шиг санагддаг. Хүн уураг, кальциа нэмээд эхлэхээр тэвчих эсэх нь хүний сэтгэлийн хатаас шалтгаалдаг. Өвдөлтийг тэсч байж булчин бий болно. Гэтэл манайхан өвдөж эхлэхээр нь шантраад дасгал хөдөлгөөнөө хийхээ больчихдог.
-Спортоор хичээллэсэн дөрвөн жилийн хугацаанд танд ямар өөрчлөлт гарсан бэ?
-Намайг “Чуба чупс” гэж хочилдог байсан нь өнөөдрийг бүтээхэд хурцалсан. Спортоор хичээллэснээр сэтгэлийн хаттай, хүмүүстэй харилцахдаа нээлттэй, өөртөө итгэлтэй болоход нөлөөлсөн. Өмнө нь би фитнессийн зааланд ороод бусдаас ичдэг байлаа. “Туранхай, дээр нь дасгалаа хийж . чадахгүй бол тэнэг харагдана” гэж хүртэл боддог байсан. Үүнийгээ өөрчилж, бусдад мэдсэнээ зааж, зөвлөдөг болсон. Хэдхэн жилийн өмнө туранхай байсан би өнөөдөр зөв дасгал, зөв хооллолтын ачаар 17 кг-ыг нэмж, өмнөхөөсөө илүү хүчтэй болсноо мэдэрдэг. Дээр нь хувь хүний зохион байгуулалт, цаг төлөвлөлт, амьдралын хэв маягаа нэлээд өөрчилсөн. Өмнө нь үд хүртэл унтаж, амралтын өдөр гэхээр нь зүгээрийг хийхийн нэр гэж боддог байлаа. Спортоор хичээллэснээр оюуны ажил хийдэг хүмүүс биеийн хөдөлмөр эрхпэх нь амралт болдгийг ойлгосон. Тиймээс оюуны ачаалалтай ажилладаг хүмүүс фитнессээр хичээллэж ядаргаагаа тайлдаг.
Б.Мөнхзулын дөрвөн жилийн хугацаанд гаргасан амжилт:
- 2017 оны “Бикини модель ” хотын аварга
-2017 оны “Бикини модель” улсын аварга -2017 оны дэлхийн аваргаас мөнгөн медаль -2018 оныулсын аварга
-2019 оны улсын аварга
-2019 оны “Бикини модель” үнэмлэхүй аваргаар тус тус шалгарчээ.
-Та туранхай байсан учир жин нэмэхийн тулд олон зүйлд өөрийгөө сорьж байсан юм билээ. Гэтэл хөнгөн эсвэл мяраалаг хүн хэвийн жинтэй болох нь зөв хооллолт, дасгал хөдөлгөөнөөс ихээхэн хамаардаг. Энэ талаарх мэдлэгээ та бидэнтэй хуваалцана уу?
-Хүний бие уургийг бус, нүүрс ус, өөх тосыг нөөцөлдөг. Гэтэл манайхан уураглаг хүнс хэрэглэхээ болиод нүүрс ус, өөх тосоор баялгийг нь хэрэглэдэг. Хүний бие организм биологийн зөв цагтаа зөв хэмнэлээр идэж уух ёстой гэсэн үг. Илүүдэл жинтэй эсвэл жингийн алдагдалтай хүн ч байсан тогтсон цагтаа,зөв хүнсээ хэрэглээд сурчихвал хичээсэн хэн ч 3-6 д сарын дараа хэвийн жиндээ хүрнэ. Гэтэл хүмүүс 10 хоногт 10 кг-аар жингээ бууруулна гээд стрессдээд байдаг. Цагийн юмыг цагт нь хийвэл сэтгэлээр унах, стрессдэх ямарч шаардлагагүй. Хамгийн түрүүнд цагаан гурилан бүтээгдэхүүнийг унтахаас өмнө идэх хэрэггүй. Учир нь, энэ цагт хөдөлгөөн багасдаг. Би одоо энэ чиглэлээр онлайн сургалт явуулж байна.
-Та яриандаа зөв цаг гэж олон удаа дурдлаа. Хэдээс хэдэн цагийн үед хооллохыг та зөв гэж хэлээд байна вэ?
-Хүн 6.00-8.00 цагийн хооронд өглөөний цайгаа уух ёстой. Энэ үед ходоод идэвхтэй ажилладаг учир эд эс тэжээлээ зөв авч чаддаг болохоор өдрийн турш эрч хүчтэй байх суурийг бий болгочихож байгаа юм. 10.00-11.00 цагийн үед дахин хооллоно. Энэ үед хүний идэвх сулардаг учир сэргээх зориулалттай хүнс сонгох хэрэгтэй. Гэхдээ кофе уу гэж хэлж байгаа хэрэг биш шүү. Кофе хүний бие дэх усыг шимдгээс болоод маш их ядардаг. Харин үүний оронд хөнгөн чанарын хүнс хэрэглэхийг зөвлөж байна.13.00-14.00 цагийн хооронд халуун, чанартай хоолоо идэх юм. Улмаар 15.00-16.00 цагийн үед хөнгөн хооллож, орой унтахаасаа 2-3 цагийн өмнө хоол, уух зүйлээ зогсоочихсон байх шаардлагатай. Шөнө хүний бие калориа шатаадаг. Гэтэл унтахдаа хооллосон хүний ходоод шөнөжингөө ажиллаж, амарч чаддаггүй.
-Та клубтээ багшилж байна уу. Зөв хооллолтын талаар олон хүнд зөвлөгөө өгдөг үү?
-Тийм ээ. Зөв хооллолтын хувийн зөвлөх хийдэг. Хугацаа зааж биечлэн дасгал сургуулилт хийхээс илүү онлайнаар эсвэл тогтсон цагт цөөн тоогоор чанартай зөвлөгөө өгөхийг хичээдэг.
-Та өдрийн хоолоо идэхээс өмнө унтдаг гэсэн. Энэ нь ямар нэг учиртай юм бэ?
-Ингэж амрахаар бэлтгэл хийхэд илүү эрч хүчтэй болдог. 30 минутаас нэг цаг унтахад хүний тархи амардаг.
 -Өдрийнхөө хоолыг өөрөө бэлтгэдэг үү. Энэ их ажлын хажуугаар цаг заваа хэрхэн зохицуулдаг вэ?
-Би 6.00 цагт босоод өөртөө нэг цагийг зарцуулдаг. Өглөөний цайгаа уухын зэрэгцээ өдөр идэх хүнсээ бэлтгэчихдэг. Өөрийгөө хайрлаж байж бусдыг хайрлана. Биедээ тохирсон зөв хүнсээ бэлтгэх нь надад чухал. Намайг өдрийнхөө хоолыг өөрөө бэлтгэдгийг шавь нармааньхаржүлгэрлэн дуурайдаг. Энэ нь миний бусдын эрүүл мэндэд тусалж буй хэрэг юм. Түүнчлэн би шавь нартаа заавал усны саваа бэлтгэхийг зөвлөдөг. Усны саваа бэлтгээгүй хүн ус бага уудаг.
-Дасгал хөдөлгөөн, зөв хооллолт, амралтаас хүний эрүүл мэнд болон бие галбир ямар байх нь шалтгаалах юм байна. Зарим хүн гоё сайхан биетэй болно гээд өдөртолон цагаар бэлтгэл, дасгал хийдэг. Энэ зөв үү?
-Хоол хүнсээ зохицуулж чадахгүй бол хэчнээн дасгал хөдөлгөөн хийгээд ямар ч үр дүнд хүрэхгүйг ойлгох хэрэгтэй. Эсрэгээр хөлсөөрөө эрдэс бодис, кальциа алдаж ядардаг. Дасгал хөдөлгөөн, зөв хооллолт, амралтыг 100 бүхэл гэж тооцвол спортоор хичээллэх нь 20 хувийг бүрдүүлдэг. Хооллолт 70, үлдсэн 10 хувь нь унтаж амрах буюу нойртой холбоотой.
-Хүмүүс ус уухаар хавагнаад байна гэдэг. Ер нь усыг ямар хэмжээгээр уух ёстой юм бэ?
-Ус уухгүйгээр булчингаа хэзээ ч хөгжүүлж чадахгүй. Бэлтгэлтийн үед усаа бага хэмжээгээр, амаа чийглэх төдий уух хэрэгтэй. Ус уусны дараа та шээгээд л байвал буруу ууж байна гэсэн үг. Тухайн хүний жингээс өдөрт ямар хэмжээгээр ус уух нь шалтгаална.
-Жин хасахаар арьс суларч, унждаг. Үүнд та хэрхэн анхаарахыг зөвлөдөг вэ?
-Уураглаг хүнс хэрэглэхгүйгээс шалтгаалж, булчингийн масс багатай хүний арьс амархан унждаг. Булчингаа хөгжүүлсэн хүний арьс унждаггүй. Дээр нь арьсаа чийглэг байлгах хэрэгтэй.
-Та МУИС-ийн Математик, компьютерийн сургуулийг төгссөн ч одоо тамирчин болжээ. Цаашид спортын карьераа үргэлжлүүлэх үү?
-Би цагт баригдаж ажиллах дургүй. Спортоор хичээллэснээрээ аз жаргалтай болдог. Дээр нь хүмүүст зөв хооллолтын талаар зөвлөгөө өгөх дуртай. Дасгалаа буруу хийж байгаа хүний хажуугаар дуугүй өнгөрч чаддаггүй. Болбол засаад зөв болгохыг хичээдэг.
-Та.“Маш чухал тэмцээнд оролцохоор бэлтгэлдээ орлоо” хэмээн цахим хуудастаа бичсэн. Хэзээ болох тэмцээнд бэлтгэж байна вэ?
 -БНСУ-д ирэх дөрөвдүгээр сард болох сонирхогчдын мистер олимпод оролцоно. Энэ нь мэргэжлийн картын төлөөх тэмцээн юм. Зорилгоо биелүүлэхийн тулд Цагаан сарын дараачаас эрчимжүүлсэн бэлтгэлдээ орно. Нэг сайхан мэдээ дуулгахад, Монголын бодибилдинг фитнессийн холбооныхон ирэх наймдугаар сард мистер олимпыг эх орондоо зохион байгуулахаар болсон. Би мөн энэ тэмцээнд оролцох зорилготой байгаа.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

Жак Ма: Бусдад өөрөөсөө ч илүү итгэ

$
0
0

48

Цаг хугацааг 20 жилээр ухрааж 1999 онд очвол эрч хүчтэй залуу Жак Ма дэлхийн цахим худалдааны аварга групп Аlibaba­-г дөнгөж байгуулж байх болно. Mэр одоо ч үд дундын нар шиг эрч хүчээ алдаагүй байгаа нь Давосын чуулганы индэрээс залуу энтрепренерүүдэд өгсөн зөвлөгөөнөөс нь харагдаж байна. Жак Ма жил бүр залуу удирдагчидтай туршлагаа хуваалцах боломж олддог учраас Давост дуртайяа ирэх болсноор тэрбээр хэлсэн юм.

-Та 20 жилийн өмнө анх компаниа байгуулж байх үедээ амжилтад хүрнэ гэдэгтээ итгэлтэй байсныг чинь тэр үед хийсэн бичлэгээс мэдсэн. Гэхдээ энэ их эрсдэл дунд та айдас, эргэлзээгээ хэрхэн даван туулдаг юм бэ?

-Мэдээж айдас, эргэлзээ аль аль нь надад байсан. Энэ салбарт бид биш ч өөр хэн нэгэн ялагч болно, амжилтад хүрнэ гэдэгт би итгэдэг байсан. Тэр үед маргааш юу болохыг хэлж чадах хэн ч байгаагүй, гагцхүү өчигдөрт үнэлэлт өгдөг хүмүүс маш олон бий.

Өнөөдөр ч тэр үеэс дээрдсэн зүйл алга. Бизнес хийж байгаа бол өрсөлдөөн, дарамтаас хэзээ ч бүү ай. Дарамт шахалтаас айгаад байх юм бол бизнесмэн байгаад яах юм бэ. Үнэ цэнэтэй зүйл бүтээе гэж хүсэж байгаа бол цаана чинь боломж байна. Өнөөдөр дэлхий тэр чигтээ л болгоомжилсон, биеэ барьсан байдалд байна. Энэ бол чамд маш том боломж байгаа гэсэн үг.

-Ирээдүйн хүмүүс ямар чадвар эзэмших хэрэгтэй вэ?

-Ирээдүйн хүмүүс гэнээ?

-Тийм.

-Таны бодол юу вэ?

-Нэг нэгнээ илүү их ойлгодог, хүнлэг байх чадварууд шаардагдах юм болов уу гэсэн бодол чуулганы үеэр төрлөө?

-Би Аlibaba группын зургаан үнэт зүйлээр туйлын их бахархдаг. Эдгээрийн хоёр нь үнэхээр онцгой. Ирээдүйд бусад үнэт зүйл өөрчлөгдөж болох ч энэ хоёр бол огт өөрчлөгдөхгүй. Бид нэгт хэрэглэгч, хоёрт ажилчид, гуравт хувьцаа эзэмшигдийн эрх ашгийг тавьдаг. Өөрөөр хэлбэл, хүмүүсийг улам чадвартай болгоход анхаардаг.

Тиймээс шинэхэн төгсөгчдөд өгөх зөвлөгөө бол хамгийн эхний ажил чинь маш чухал байдаг юм шүү.

Яг л багш хүн шавиа өөрөөсөө илүү байгаасай гэж хүсдэгтэй адил. Тиймээс хүн төрөлхтөнд хамгийн хэрэгтэй зүйл бол бие биедээ итгэх итгэл. Эргэн тойрныхоо хүмүүст өөрөөсөө ч илүү итгэж сур.

Бас өөрчлөлтийг хүлээж ав. Ямар ч өөрчлөлт ирсэн бай чи нэгэнт өөрчилж чадахгүй бол хүлээж ав. Энэ хоёр чадвар л ирээдүйд сайхан амьдралд хөтлөх гол зүйл. Өөрчлөлтөөс хүмүүс айдаг. Гэхдээ чи шийдэж чадвал боломж хэмээн хүлээн ав.

-Шинэ үеийнхэн нэг ажлын байранд удаан байх дургүй гэсэн шүүмжлэл бий. Та үүн дээр ямар байр суурьтай байдаг вэ?

-Би дунд сургуулийн багш байхдаа багшлахыг үзэн яддаг байлаа. Гэтэл төгсөлтийн өдөр

сургуулийн захирал намайг сургуульдаа үлдэж, яг зургаан жил багшлахыг ятгасан. Захирал надад хамгийн зөв замыг сонгосон гэж бодсон учраас би саналыг хүлээж авсан. Энэ хугацаанд би багшлах ур ухаанд суралцаж, залуу хүмүүстэй хэрхэн ажиллахыг сурсан.

Надад маш их боломж гарч ирсэн ч би амласнаа биелүүлсэн. Харин дараа нь карьераа эхлүүлсэн. Тиймээс шинэхэн төгсөгчдөд өгөх зөвлөгөө бол хамгийн эхний ажил чинь маш чухал байдаг юм шүү. Энэ үедээ л хүн болж төлөвшдөг юм. Тиймээс өөрөө өөртөө ядаж гурван жил тэснэ гэж амла. Амлалтдаа хүрчихээд дараагийн алхмаа хий. Ийш тийш үсчих нь зөв зам биш. Ингэж явсаар бүтэлгүйтсэн маш олон түүхийг би мэднэ.

Яагаад гэвэл хүн 22, 23 настайдаа юу хийж амьдрахаа мэддэггүй юм. Маш их санаа төрж, юуг ч хийж чадах эрч хүчтэй байдаг. Тиймээс энэ үедээ тогтож хайрла. Харин 30-40 насанд бол хүссэн зүйлээ хийгээд үз. 40-50 насанд хамгийн сайн чадах зүйлээ, 50-60 насандаа залуучуудыг дэмжиж, 60-аас дээш бол амьдралыг тааваараа мэдэр. Үр хүүхэдтэйгээ аль болох их цагийн өнгөрүүл. Энэ чинь л амьдрал шүү дээ.

-Таны нойрыг хулжаадаг зүйл юу вэ?

-Тийм зүйл байхгүй. Би зүгээр л нойрондоо тийм ч сайн биш. Гэхдээ энэ санаа зовохоор зүйл биш. Мэдээж би сайн унтвал илүү сайн тэмцэх боломжтой болно гэсэн үг.

gogo.mn

Эмма Стоун: 20 насандаа эргэж очихыг хүсч байна

$
0
0

235768-30012019-1548812867-1636939645-favourite

“Зомбилэнд”, “Үйлчлэгч эмэгтэй” кинонд тоглосон. Энэ жилийн  “Оскар” кино наадмын шилдэг киноны төрөлд өрсөлдөж байгаа АНУ-ын жүжигчин Эмма Стоуны “Fotogramas.es” цахим хуудаст өгсөн ярилцлагыг хүргэе.

-“Фаворита” киноны Абигайль шиг хэцүү эмэгтэйг олоход хэцүү байх?
-Гурван хэцүү зан араншинтай эмэгтэй  нэг кинонд тоглосон. Рэйчел, Оливиятай тоглоно гэдэг зүүд шиг байсан шүү.  Кино зураг авалтын үеэр биднээс энэ киноны хамгийн хорон санаатай нь хэн бэ гэж асуусан. Асуултад хариулаагүй. Учир нь бидний бүтээсэн дүрийн хэн ч муу эсвэл сайн биш.

Абигайль эрх мэдлээ өршөөл үзүүлэхгүйгээр  хэрэгжүүлж чаддаг ч бид түүний уйлахыг киноноос харна. Тэрээр гуйланчлалаас зугтахын тулд сэтгэл хөдлөлөө дарж сурах шаардлагатай болдог. Хэдийгээр түүний  амьдрал, хайр дурлал үргэлж аюул дунд байсаар ирсэн ч сэтгэлийн гүндээ хайрлаж чадах нэгэн хэвээрээ байдаг. Гэвч хүмүүсийн зэрлэг араншин түүнийг юу ч болж байсан тоодоггүй хэн нэгэнтэй гэрлэх, сонирхол татдаггүй хүмүүстэй унтахад хүргэдэг.

-Абигайль шавар шавхайгаар мөлхөж, тулалдаанд оролцдог. Киноны зураг авалт ямар байсан бэ?
-Их эрчимтэй байсан. Киноны зохиолыг  унших нэг өөр хэрэг. Чиний бүтээж байгаа хүн тэрэгнээс унах, өөрөө унаснаар хамраа гэмтээх, хавцал жалганаас үсрэх үзэгдлийг уншиж болно. Гэхдээ энэ нь бодит байдалд өөр байдаг.  Харин тэр үеийн эмэгтэйчүүдийн дотуураа өмсдөг  байсан бэлхүүсэвч өмсөх… Би хэзээ ч үүнийг өмсч байгаагүй.

-Ямар байсан бэ?
-Аймшигтай. Зураг авалтын эхний сард надад амьсгалахад их хэцүү байсан. Дараа нь миний махбодь энэ өмсгөлд дасан зохиц­сон доо. Би энэ өмсгөлийг өмсөх шиг төстэй  тамлалыг эмэгтэйчүүд удаан хугацаагаар тэвчиж байсан гэ­дэгт итгэж чаддаггүй. Харин миний хувьд энэ өмсгөл хаант улсын газар нутгаасаа гардаггүй эмэг­тэйн дүрд хувирахад тусалсан.

Мөн англи жүжигчдээр дүүрэн киноны зураг авалтад оролцсон цорын ганц эмэгтэй жүжигчин нь би байсан нь миний гайхлыг төрүүлсэн шүү. Түүхэн цуст үзэгдлийг харуулсан хэсэгт англи жүжигчид тоглосон. Учир нь энэ миний хийх ажил биш байсан. Гэхдээ энэ нь сорилтын нэг хэсэг болж байсан.

-30 нас хүрснээ хэрхэн хүлээж авав?
-Баяртайгаар. Гэхдээ би 20 насан­даа эргэж очихыг хүсч байна. Тэр үед би их зүйлийг сурснаас гадна надад гайхамшигтай зүйл их тохиолдож байсан. Гэхдээ 20 нас бол солиорол. Өөрийгөө яг жинхэнээр нь таниагүй, ирээдүйгээ судалж байх үе юм.

-Та өөрийгөө хэрхэн олсон бэ?
-Эмчилгээ хийлгэж, найз нартайгаа их ярилцсан. Хамгийн хүнд хэцүү үед би хэн болж хувирснаа өөрөө ч ойлгохгүй байгаагаа мэдэрсэн. Энэ явдал намайг 25 настай, их ажилладаг байх үеэр тохиолдсон юм. Тэр жил ямар ч кино зураг авалтад оролцоогүй. Учир нь тэгэх шаардлагатай байсан. Ингэснээр би хайрладаг хүмүүстээ зав гаргаж, амьдралаа цэгцэлж, тэнцвэржүүлсэн.

-Тэгвэл өнөөдрийн Эмма Стоуныг юу гэж тодорхойлох вэ?
-Би тайван байна. Шинэ адал явдлаар амьдрах сайхан юм. Гэхдээ өөрийн таньж мэдэх газарт аюулгүй байдлаа хангасан орчныг бий болгох шаардлагатай. Энэ бүхэн намайг тэсвэр хатуужилтай хүн болгосон байна. Би гайхамшигтай олон сайхан зүйлсийн дунд амьдарч байна. Гэхдээ эцэст нь харж байхад амьдрал бол хэцүү, сайн сайхан бүхнээс бүтсэн амьдралын нийлбэр юм.

-Таны амьдралын хамгийн сайхан, хүнд үе хэзээ байсан бэ?
–Миний амьдралын хамгийн сайхан үе бол найз нөхдийн харилцаагаа бэхжүүлсэн үе байсан. Тухайлбал, найз нөхөдтэйгөө өөрийгөө ойрхон байгааг мэдрэх. Энэ бол миний хувьд их чухал зүйл. Мөн хамгийн муу нь зугаа цэнгэлийг их хүсдэггүй. Гэр бүлтэй холбоотой сэдэв бол аймшигтай биш. Заримдаа өөрчлөлт түүнд бэлэн биш байхад болдог. Ялангуяа, бүгд зэрэг тохиолдоход… Өмнө нь энэ нөхцөл байдлыг зохицуулах аргыг эзэмшээгүй байсан. Одоо бол эзэмшсэн.

-Холливудад эмэгтэйчүүд эрх тэгш байдал, өөрийн өмчийг шаардаж байна. Энэ танд ямар санагдаж байна вэ?
-Бидэнд манай орны Засгийн газар  үнэндээ эмэгтэйчүүдийн эрхийн төлөө санаа зовдоггүй гэсэн мэдрэмж төрдөг. Миний хувьд эмэгтэйчүүдийн эрхийн төлөө 1960 оноос тэмцэж байгааг харуулсан “Хүйсийн тулалдаан” киноны зураг авалтын үеэр Билли Жинг Кингтэй танилцсан нь их урам өгсөн.

Тэр надад “Энэ тэмцэлд оролцоод 45 жил болж байна. Ямар ч шинэ юм алга. Сайн нь гэвэл энэ тэмцэлд илүү олон хүн нэгдэхээс гадна энэ талаар сонсоход бэлэн байгаа явдал” гэж хэлсэн юм.

-Гэхдээ эрэгтэй найруулагчаас эмэгтэй найруулагч цөөн байсаар байна?
-Тиймээ. Бидэнд удирдаж байгаа илүү олон эмэгтэй хэрэгтэй байна. Үүний тулд энэ эмэгтэйчүүд тэдний төслийг хэрэгжүүлэхэд их хэмжээний санхүүжилт зайлшгүй чухал. Хувь хүний хувьд тэдэнд тусалж чадахын тулд эмэгтэйчүүдийн удирдсан төслийг санхүүжүүлэхийг улам сонирхож байна.

Мөн найруулагч Грета Гэрвиг найруулагчаар нь ажиллах шинэ кинонд тоглохоор төлөвлөсөн. Гэвч ажил их байгаа учраас чадахгүй болж байна.  Грета Гэрвиг өөрөө зохиолыг нь бичсэн гайхамшигтай кино болно.

Зууны мэдээ

Б.Одончимэг: Би аав, багш хоёрынхоо заасан замаар л амьдарч байгаа

$
0
0

235364-20012019-1547997094-763263311-odonchimeg5

Энэ удаагийн дугаарын зочноор УДЭТ-ын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Б.Одончимэгийг урилаа. Тэрээр саяхан Энэтхэгт болсон Физикл жүжгийн тэмцээнд тэргүүн байр эзэлсэн юм.

-Олон улсын фестивалиас тэргүүн байрын шагнал авсанд тань уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе?
-Энэтхэгийн Колката хотод болсон “International Theatre 2019” наадамд эхний шатанд бичлэгээ явуулж тэнцсэн. Энэ бол моно жүжгийн фестиваль биш. Физикл жүжгийн наадам юм.Миний хувьд Ардын уран зохиолч Д.Урианхайн “Цонхоор харсан хүн” зохиолоор оролцлоо.

Тус жүжгийг анх Б.Баатар найруулагч надад санал болгож, найруулсан юм. Харин шинэчилж, физикл төрөлд оруулсан хүн бол СУИС-ийн багш Эрдэнэбаяр гэж залуу бий.

-Физикл гэхээр содон байна. Монголын театрын урлагт төдийлөн нэвтрээгүй, шинэ төрөл бололтой?
-Үг багатай, хөдөлгөөн ихтэй гэсэн үг. Зохиолын утга санааг үгээр бус үйлдлээр үзүүлэх гэж ойлгож болно. Энэтхэг улсад театрын урлаг эрчимтэй хөгжиж байна. Фестиваль болсон Колката хотыг театрын хот гэдэг юм билээ. Драм, мюзикль гээд театрууд нь бүр төрөлжчихсөн.

-Энэ төрөл дэлхийд аль хэзээний хүлээн зөвшөөрөгдчихөж. Харин Монголын хөрсөнд буулгахаар таниас гадна ямар уран бүтээлчид хөдөлмөрлөж байна?
-Сүүлийн жилүүдэд СУИС-д энэ төрлийн сургалтыг зохион байгуулж байна. Физикл төрлийг уран бүтээлчид болон оюутнуудад ойлгуулж, мэдлэг олгоход “Гэгээн муза” академи их түлхэц болж байна. Солонгос улсаас энэ төрлийн хоёр мундаг найруулагч багшийг урьж, вакум сургалт хүртэл зохион байгуулсан. Үүнд манай Эрдэнэбаяр багш хамрагдаж байлаа. Ер нь “Гэгээн муза” академи уран бүтээлчдийг гадны наадам, фестивалиудад оролцох замыг нээж, холбож, гүүр болж өгдөг.

-Физикл жүжигт зориулсан тусгай зохиол гэж байдаг уу?
-“Цонхоор харсан хүн” бол абсурт ба абсурт бус жүжиг. Үүнийг анх Б.Баатар найруулагч физикл төрлөөр тавиагүй. Тэгэхээр ямар ч жүжгийг энэ төрөлд хувиргаж болно гэсэн үг. Ямар сайндаа л хоёрдугаар байрт “Гамлет” жүжиг орохов дээ.

-“Цонхоор харсан хүн” жүжигт нийгмийн хар барааныг өгүүлдэг санагдаж байна?
-Нийгмийн хар бараанд нэвчих үү эсвэл өөртөө үнэнч үлдэх үү гэсэн сонголт дунд энэ бүтээл өрнөдөг. Миний хамтран тоглогч бол цонх. Цонхны цаана байгаа муу муухайг батганаар төлөөлүүлсэн.

Миний өмнө илүү ихийг мэдэх, өөрийгөө сорих урт аялал, адал явдал бий.

Батгана үргэлж муу муухай юман дээр суудаг, ялаанаас өөр муухай дуутай. Жүжгийн эхэнд би хүн байсан бол жүжиг дундаа ороход батганд соруулах жишээний. Нийгмийн муу муухайг өөрийн биеэр амталж үзээд ингэж болохгүй, хүн байх учиртай юм байна гээд хар бараантай тэмцэлдэж буйгаар жүжиг төгсдөг юм.

-Хамгийн сүүлд театрын тайзан дээр “Би эндээс явахгүй” жүжгийн Сэржмаагийн дүрээр тантай уулзсан. Анх удаа өөрийг тань эсрэг дүрээр харах сонирхолтой байлаа?
-Би театрт ороод анх удаа эсрэг дүр авсан нь Сэржмаа. Сэржмаа хэдийгээр эсрэг дүр ч би жүжигчний хувьд дүрээ өмөөрч тоглосон. Эмэгтэй хүний л шаналан, сэтгэлийн асуудал. Энэ жүжгээс хойш надад “Нинжин сэтгэл” кинонд эсрэг дүр дээр ажиллаач гэсэн санал ирээд зөвшөөрсөн. Тайзан дээр болсон юм чинь дэлгэцэнд үзээд алдъя гэж бодлоо.

-Эерэг болон эсрэг дүр дээр ажиллаад үзчихлээ. Уран бүтээлчийн хувьд аль нь илүү амттай санагдав?
-Уран бүтээлч хүний шуналын хувьд аль аль нь амттай. Миний л сонгосон мэргэжил. Хүмүүс тухайн бүтээлийг эргээд дурсахдаа, надтай уулзахдаа таны тэр дүр сайхан, нөгөө дүр нь муухай гэж яривал би ажлаа сайн хийжээ гэж өөрийгөө дүгнэнэ. Тэртэй тэргүй уран бүтээлч, жүжигчин хүн ямар ч дүр дээр ажиллах чадвартай байх ёстой.

-Дэлгэцийн уран бүтээл жүжигчдэд нэг ёсондоо өөрийгөө таниулах сурталчилгаа болох нь бий. Алтан тайзаа орхиж, кино урлагийг сонгосон олон уран бүтээлчийг мэднэ. Эргээд тэднийг театрын тайзнаас харахсан гэсэн хүсэлтэй олон үзэгч байдаг юм билээ. Харин таны хувьд хэдийгээр дэлгэцийн салбарт амжилттай яваа ч театраасаа холдолгүй үнэнч байгаад баярлаж байна?
-Би театрт ороод 11 жил болжээ. Театр миний зүрх сэтгэлийн дуудлага байсан. Сургуульд байхаасаа л театрын жүжигчин болно гэж зорьсон. Оюутан байхдаа жүжиг үзээд өөрийн эрхгүй огшдог байлаа. Өмнөөс нь уйлмаар, би байсан бол гэж өөрийгөө тавьж төсөөлөөд л. Харин театр хэмээх их айлд ороод, уран бүтээлээс уран бүтээлийн хооронд амьдрах нь миний хувьд сэтгэлийн таашаал.

Жүжгийн задаргаа, бэлтгэл, уран бүтээлийн цагаахан маргалдаан, дүрийнхээ төлөө асч ажиллах ямар сайхан байдгийг магадгүй театрын жүжигчин л мэдэрдэг байх. Энэ бүхэн намайг театрт татдаг. Одоог хүртэл би театраас холдож чадаагүйн хамгийн том шалтгаан юм даа.

-Театрын жүжигчин гэсэн нэрний ард асар том хүндлэл бас хариуцлага явдаг байх даа?
-Би хаана ч явсан театрынхаа нэрийг өндөрт өргөхсөн гэж хүсдэг. Драмын театрын жүжигчин ямар байх ёстой вэ. Авьяас чадвар, хүн чанар, төлөвшлийн хувьд. Үүнээс гадна ажилд хандах хандлага, уран бүтээлд гаргах сэтгэл их чухал.

-Хэрэв жүжигчин, уран бүтээлч болох гэж байгаа бол эхлээд хүн бол. Хүн судлалыг эзэмш гэж багш нар захидаг юм билээ. Хүн судлалд нэвтрэхийн тулд эхлээд өөрийгөө олно гэдэг их урт аялал юм шиг ээ?
-Найруулагч Б.Баатар агсан “Өөрийгөө олсон жүжигчин цаашаа явдаг юм. Өөрийгөө олоогүй, таньж мэдээгүй хүн ямар зарчмаар ажиллах вэ. Өөртөө итгэлгүй, үзэл бодолдоо үнэнч биш байна. Тиймээс жүжигчин хүн эхлээд өөрийгөө олж байж бусад дүрийг босгож чадна” гэж ярьдаг байж билээ. Би энэ хугацаанд өөрийгөө бүрэн олсон гэж хэлж чадахгүй ч олохын төлөө хөдөлмөрлөж яваа залуу уран бүтээлч. Миний өмнө илүү ихийг мэдэх, өөрийгөө сорих урт аялал, адал явдал бий.

-Сүүлийн үед та драм төрлийн уран бүтээлд ихэвчлэн тоглож байна. Инээдмийн кинонд тоглох санал ирж байна уу?
-“Том толгойтын романс”-аас хойш инээдмийн кинонд ажилласангүй. Уран бүтээлчийн хувьд инээдмийн киногоор өлсч байгаагаа мэдэрсэн. Анх хэд, хэдэн кинонд ажилласныхаа дараа одоо нэг драм төрлийн кинонд хүч үзэхсэн гэсэн хүсэл төрж байлаа. Яг тэр үеийн мэдрэмж өнөөдөр төрж байна.

-“Аз жаргалын шок” таны анхны гол дүр байсан. Тус бүтээлээс хойш багагүй хугацаа өнгөрчээ. Өөрийгөө дэлгэцийн бүтээлд хэр туршлагажиж байна гэж боддог вэ?
-Энэ хооронд олон найруулагч, кино багтай хамтарч ажиллалаа. Тухайн баг хамт олон хүртэл надад өөр, өөр мэдрэмжийг төрүүлдэг. Би энэ хүмүүст ямар сэтгэгдэл төрүүлэх ёстой вэ. Өмнө нь хамтарч үзээгүй найруулагчтайгаа ажиллахад ямар байх вэ.

Би тэр хүний хэлэх гэсэн санааг гаргаж чадаж байна уу гээд уран бүтээлээс уран бүтээлийн хооронд суралцдаг, их олон зүйлийг мэдэж авдаг. Үүнээс хамгийн чухал нь би хамтарч тоглосон уран бүтээлчид, баг хамт олонд сайн нэртэй байх учиртай. Одноотой ажиллахад сэтгэл хангалуун байлаа гэсэн сэтгэл ханамжийг ажлын үзүүлэлт болон хувь хүний харилцааны хувьд үлдээхийн төлөө би хичээдэг.

-Таныг уран бүтээлч нөхөд тань их зарчимч, хэлье гэснээ хэлчихдэг шударга гэж үнэлж байхыг олон удаа сонссон. Магадгүй таны энэ чанар гэр бүлийн хүмүүжлээс эхтэй байх?
-Хүний ирээдүйн төлөвшилд суурь хүмүүжил их чухал гэж боддог. Би зургаан хүүхэдтэй айлын тав дахь хүүхэд. Хоёр эгч, хоёр ахтай. Нэг ёсондоо багаасаа даруулж өссөн л дөө. Хүүхэд насандаа хэрхэн хүүхдээрээ байх вэ, буруу хүмүүстэй нөхөрлөж, буруу замд уруу татагдаж болохгүй гээд хүн болоход хэрэгтэй бүхий л төлөвшлийг гэр бүлийн орчин надад олгосон. Дунд сургуульд байхдаа сурлага сайтай байлаа. СУИС-д ороод ч нэгэнт л энэ мэргэжлийг сонгосон бол мэрийх хэрэгтэй гээд хичээдэг байсан.

-Та аавынхаа хүслийг биелүү­лэх гэж жүжигчний мэргэжлийг сонгосон гэж дурссан байна лээ?
-Энэ мэргэжлийг сонгоход хамгийн их нөлөөлсөн хүн нь миний аав. Манай гэрээс нэг хүн жүжигчин болоосой гэж үргэлж ярьдаг байсан. Сургуулиа төгссөний дараа намайг хөтлөөд СУИС-ийн босгоор алхуулсан. Үргэлж  “Чи л сайн жүжигчин бол” гэж захидаг байж билээ.

-Магадгүй тэнгэрээс охиноо хараад бахархаж суугаа байх?
-Миний мэргэжлийн багш С.Сугар багш байсан юм. Тэр хүн анх намайг онцолж “Чи театрын жүжигчин болно” гэж хэлсэн. Би аав, багш хоёрынхоо заасан замаар л амьдарч байгаа. Сониноос тэр хоёр их адилхан буурал толгойтой байж билээ. Яагаад ч юм хоёр ачтан минь өнгөрсний дараа миний өчүүхэн амжилт хором хормоор дээшилсээр байна.

Энэ нь аав, багш хоёр араас минь дэмнээд түлхээд байна даа  гэж би боддог. Хааяа үзэгчдийн алга ташилтан дунд тайзан дээр зогсч байхдаа хоёр буурал минь энэ мөчийг харсан ч болоосой гэсэн бодол өөрийн эрхгүй төрдөг юм. Яг тэр огшсон мэдрэмжээрээ дээшээ харахад аав, багш хоёр минь инээгээд харж байх шиг нэг л дотно бодлууд хөвөрдөг. Тэгэхээр би мундагтаа өдий зэрэгтэй яваа юм биш. Хоёр буурлын минь буян заяа намайг хөтөлж байгаа гэж өөрийн эрхгүй санагддаг.

-Энэ театр, алтан тайзнаас та хувь хүндээ ямар ололтыг авсан бэ?
-Театр хүнийг хүмүүжүүлж, байх ёстой байранд нь аваачдаг юм. Би үе, үеийн уран бүтээлчид, хамтран тоглогчдоосоо Одноо чи ийм хүн шүү гэсэн өөрийн оршихуйгаа л таньж авч байна.

Зууны мэдээ

С.Сэрчмаа: Валентины баяраар хүмүүсийн сэтгэлд хоногшсон бүтээлээсээ хүргэнэ

$
0
0
31
Гэгээн хайрын баяраар хосууддаа уран бүтээлээ хүргэхээр зэхэж буй поп дива С.Сэрчмаатай цөөн хором ярилцлаа. “Freezone” хамтлагийн дуучин Э.Энхтөртэй хамтарсан тоглолтоо хийх гэж буй тэрбээр саяхан хөгжмийн зохиолч, гитарчин Д.Өлзий-Оршихын үг, ая “Үгүйлэх сэтгэл” дууг сэргээн сонсогч фэнүүддээ хүргэсэн юм.
-Хоёр хоногийн дараа болох тоглолтынхоо сонин сайхнаас хуваалцана уу?
-Гэгээн хайрын баяр буюу хоёрдугаар сарын 14-нд “Freezone” хамтлагийн дуучин Э.Энхтөртэй АСА циркэд хамтарсан тоглолтоо хийхэд бэлэн болоод байна. Бид шинэ жилээр “Цасан хаялга” дууг дуулсан. “Нэг сургуулийн хоёр хамтарч дуулж байна” хэмээн үзэгчид хүлээн авсан, мөн өмнө нь хэд хэдэн уран бүтээлд гар нийлсэн учир тоглолт хийх боломжтой юм байна гэж бодсон. Тэгээд ч бидний хэн хэнд нь хайр дурлалын сэдэвтэй дуу цөөнгүй байдаг учир хамтран тоглолт хийхээр болсон юм.
-“Чиний нулимсыг салхи л арчина” дууг та бүхэн өмнө нь хамтран дуулсан. Энэ удаад ямар нэг бүтээлд хамтарч байна уу?
-Бид тоглолтын үеэр нэг нэгнийхээ дууг хамтран дуулна. Хамгийн гол нь хайрын сэдэвтэй шилдэг дуу буюу хүн бүрийн сэтгэл зүрхэнд хоногшсон бүтээлээс Гэгээн хайрын баяраар хүргэх нь тоглолтын онцлог юм. Хүмүүсийн дурсамжид хадгалагдсан хайрын дууг үзэгчид дахин сонсч нэгэн үдшийг өнгөрөөнө гэсэн үг.
 -Тоглолтын үеэр та хийл хөгжмөө эгшиглүүлэх үү. Мөн дуучин Э.Энхтөр ч лимбээ тоглох байх?
-Мэдээж би үзэгчдэдээ хийл хөгжмөө тоглож сонирхуулна. Түүнчлэн тоглолтын үеэр азтай үзэгчийг тодруулж, рок попын дуучдаас мэндчилгээ хүргэнэ. Тоглолтод зууны манлай дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Сарантуяа хүрэлцэн ирж, ая дуугаа өргөнө. “Титэм”, “Guys” хамтлагийн тоглолтод оролцож, уран бүтээлээ хүргэхээр болсон.
-Дуучин Э.Энхтөр та хоёр хөгжмийн зохиолч, гитарчин Д.Өлзий-Оршихын ая, үг “Үгүйлэх сэтгэл” дууг сэргээн сонсогч фэнүүддээ хүргээд удаагүй байна. Энэ дууг тоглолтод дуулна биз дээ?
-Тоглолтын оргил хэсэгт  бид энэ дууг үзэгчдэдээ хүргэнэ. Дуулахад урамтай сайхан уран бүтээл учир үзэгчид алга ташилтаар хүлээн авна гэдэгт эргэлзэхгүй байгаа. Энэ дууг дуулсны дараа Э.Энхтөр “Чи өөрийнхөө дуу шиг гоё дууллаа” гэж хэлсэн.
-Тоглолтоос гадна сүүлийн үед та ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-30 гаруй дууг шинээр бичүүлээд байна. Дуучдын хувьд цомог гаргах нь тайлан маягтай болжээ. Цахим ертөнц хөгжсөнтэй холбогдуулан хүмүүс цомгоо цахимаар гаргаж, онлайнаар худалдаалдаг болсон. Энэ утгаараа дуучид цомог гаргах нь цөөрсөн. Би ч гэсэн цомог гаргахгүй удаж байна. Харин сүүлийн үед киноны дуу түлхүү дуулж байгаа. Тухайлбал, “Хөхөөний үүр” уран сайхны киноны дууг дууллаа. “Амьдралын нар”, “Хайр эргэсэн хавар” зэрэг дэлгэцийн бүтээлийн дууг дуулж үзэгч сонсогчдодоо хүргээд байна. Бас Өвөрмонголын хөгжмийн зохиолчидтой түлхүү ажиллаж нэлээд хэдэн дуу хийсэн. Эдгээр дуу Өвөрмонголд хит болж, өнгөрсөн оны шилдэг арвын нэгээр шалгарсан.
-Аялан тоглолтын төлөвлөгөөгөө гаргасан уу. Тоглолтын санал ирж байна уу?
-Европын орнуудад ажиллаж амьдарч байгаа монголчуудаас маань ирж тоглолтоо хийгээч гэсэн санал ирсэн. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр БНСУ-д ирж уран бүтээлээ хүргээч гэсэн санал ирсэн. Явах эсэхээ гэрээгээ харж байгаад шийднэ.
-Хоёрхон хоногийн дараа болох Гэгээн хайрын баяраар та ямар бэлэг авахыг хүсч байна вэ. Ер нь энэ баяраар ямар бэлэг авч байсан дурсамжаасаа хуваалцана уу?
-Валентины баяраар ихэнхдээ баглаа дүүрэн цэцэг бэлгэнд авдаг. Сарнайг цэцгийн хатан хаан гэдэг. Ер нь дуучин хүн цэцгэнд дуртай, үзэгчдийн алга ташилтаас баяр баясал мэдэрдэг. Тийм болохоор удахгүй болох Валентины баяраар цэцгээс гадна үзэгчид алга ташилтаар бэлэг бариасай гэж хүсч байна даа.
Б.Сийлэн
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

Т.Энхбаатар: Урлагийнханд нийгмийн хариуцлага гэж байх ёстой

$
0
0

Т.Энхбаатар: Урлагийнханд нийгмийн хариуцлага гэж байх ёстой undefined

Туурга тусгаар МОНГОЛ улсын минь уул ус, ургамал амьтан, өв соёл, зан заншил, уламжлал зэргийг нэвт шингээсэн шинэхэн уран бүтээл мэндлээд удаагүй байна. Чоно хамтлагийн нэг жил гаруйн хугацаанд хийж, бүтээсэн “МОНГОЛ” хэмээх уг бүтээл үзэгч, сонсогчдын талархал, магтаалыг хүртсээр байна. Бид “Монгол” хэмээн шинэ уран бүтээлийн талаар болоод урлагийн тухай тус хамтлагийн гитарчин Т.Энхбаатартай уулзаж, хэсэгхэн хором саатлаа.

-Сайн байна уу? Сайхан хаваржиж байна уу? Та бүхэн Гахай жилийн нар мандахтай зэрэгцээд шинэхэн МОНГОЛ хэмээх уран бүтээлээ хүргэж эхэллээ. Нилээд удаан хугацаанд бүтээгдсэн, бас ч чамгүй судалгаа хийгдсэн бүтээлийнхээ  талаар та хуваалцаач…
-Юуны өмнө нийт уншигчдынхаа амар амгаланг айлтгаж мэндчилье. Чоно хамтлагийн шинэхэн уран бүтээл “Монгол” хэмээх дуу маань мэндэлж, үзэгч, сонсогчдодоо хүргээд удаагүй байна. Энэ дууны маань үгийг Г.Жаргалсайхан Том Жагаа ах бичиж, аяыг Г.Түвшинтөр хийсэн. Монгол улсын тухай нэвт “үнэртсэн”  бүтээл болсон гэж ойлгож болно. Монгол хэмээн зургаахан үсэг асар их утга, билэгдэлийг шингээдэг, өргөн утга агуулгатай. Ийм ч учраас уг бүтээлийг хийхэд чамгүй их судалгаа хийгдсэн.
Энэ дөрвөн минутын дуунд уран бүтээлчид бид маш их утга санаа, агуулгыг шингээхийг хүссэн. Үндэс угсаа, 16 ястаны онцлогийг харуулахыг зорьж,  үүнийг дагаад клипээ хийхдээ ч нилээн судалгаа хийсэн. Монгол өв соёл, ёс заншил болгоныг л шингээхийг зорьсон доо.

-Клипны зураг авалт нэг жил гаруй хугацаанд үргэлжилсэн гэсэн?
-Тэгэлгүй яах уу. Зөвхөн клипний зураг авалтыг жилийн дөрвөн улиралд хийсэн. Олон хүний сэтгэл зүрх, хөдөлмөр шингэсэн уран бүтээл боллоо.  Урлагийн ах эгч нараас ч өндөр үнэлгээ авч байгаадаа сэтгэл хангалуун л байна. Мөн энэхүү уран бүтээлийн саналыг Азийн шилдэг яруу найрагч, Дорнын их яруу найрагч Д.Урианхай гуай сонсоод таатайгаар хүлээн авч, “Мөнхийн” нэртэй шүлгээрээ Монгол дуунд хөг нэмсэнд  бид маш их билэгшээж байгаа.

Т.Энхбаатар: Урлагийнханд нийгмийн хариуцлага гэж байх ёстой
-Чоно хамтлаг нэг хэсэг урлагаас холдож, одоо эргэн эрчимтэйгээр уран бүтээлдээ ороод байна. Урлагаас хол байх үедээ та бүхэн юу хийж байсан бэ?
-Бид бүхэн уран бүтээлдээ эргэж ороод 2 жил өнгөрчихлөө. Тэрнээс өмнө  тус тусдаа хувийн амьдралдаа анхаарал хандуулж өөр өөр ажил хийж ирсэн. Миний хувьд Америкд гэр бүлээрээ 5 жил ажиллаж амьдарлаа. Гэхдээ төрсөн газар, эх орноос сайхан зүйл үгүй шүү дээ. Америк улс  хэдий өндөр хөгжилтэй орон ч гэсэн хүний төрсөн нутгийг хэзээ ч гүйцэхгүй.  Багагүй хугацаанд тэнд амьдарч монголдоо ирэхэд сайхан байсан ч нэг зүйл дээр их эмзэглэсэн шүү. Хүүхэд багачууд маань их задгай сэтгэлгээтэй, замбараагүй болж, ахмад хүмүүсээ хүндэлэхээ больж, хараалын үгийг хамаагүй хэлдэг, үүнд ичиж зовохоо ч байж… Сошиал ертөнцөөр хүний нэр төрд халдахад амархан болж. Энэ бүгдийг хараад эцэг хүний хувьд хүүхдийнхээ ирээдүйд үнэхээр санаа зовж эхэлдэг юм билээ. Тийм ч учраас залуу хүнийхээ хувьд, уран бүтээлч хүний үүднээс зүгээр сууж болохгүй юм байна гэдгийг ойлгосон. Бидний хийж чадах зүйл бол уран бүтээл. Тийм ч учраас чансаатай, чанартай уран бүтээл хийж хүүхэд багачууддаа соён гэгээрүүлэхэд хувь нэмэр оруулахыг зорьж, уран бүтээлдээ орсон доо.

-Та АНУ-д амьдраад өөр нэг шинэ орчинг мэдэрсэн. Мэдээж авах, гээх зүйлүүд их байсан байх?
- Америк  эрх чөлөөний орон гэдэг ч тэнд хүмүүс нь миний эрх бусдын эрхээр хязгаарлагддаг гэдгийг маш сайн ойлгож, бусдын эрхэнд хүндэтгэлтэй ханддаг. Бүх зүйл хуулийн дагуу. Харин Манай улс эсрэгээрээ. Хүмүүс өөрийнхөө эрхээ сайн мэддэг ч бусдын эрхийг хүндэтгэх тал дээр  тааруу. Энэ нь өнөөдөр урлагаас ч бас илэрсээр л байна.  Гадны соёлыг маш их даган дуурайж байна. Бид чинь уртын сайхан дуутай, уянгалаг сайхан шуранхайтай, хөөмий, уран биелгээ бүжигтэй, утга эгшиглэнт урлагтай улс. Үүнийгээ гээгээд эхэлжээ. Харин дэлхий манай ардын урлаг, өв соёлыг сонирхоод эхэлсэн. Нүүдэлчдийн үндэсний өв соёл бол манайхаас өөр хаана ч байхгүй шүү дээ.
Т.Энхбаатар: Урлагийнханд нийгмийн хариуцлага гэж байх ёстой

-Урлаг хүмүүжил олгож, соён гэгээрүүлдэг. Бас муу ч үлгэр дуурайлал үзүүлэх нь бий… Хайрлаж, хүндлэж, шүтэж явдаг дуучид нь ямар үг үйлдэл гаргана тэрийг нь залуус, хүүхдүүд дуурайдаг болж. Дууны үг, клип дээр ч гэсэн анхаармаар байдаг шүү. Садар самуунд уруу татсан, хараалын үг хэлсэн дуу олноор төрөх боллоо… Тиймээс урлагийнхан маань нэгдэж, уран бүтээлээрээ соён гэгээрүүлэхэд анхаармаар санагдаад байдаг юм?
-Яг тийм. Хэтэрхий хөнгөн, садар самуун, задгай байдлыг сурталчилсан бүтээлүүд урлагийн багагүй хувийг эзлэж байна. Дуучид, жүжигчид ялгаагүй. Нэг ёсондоо урлаг соён гэгээрүүлэх үүргээ алдаад зөвхөн баясан цэнгүүлэх л хандлагатай болчихжээ.  Миний уран бүтээлээс залуус, хүүхдүүд юуг ухаарч ойлгож үлдэх вэ гэдгийг цаг ямагт бодох хэрэгтэй шүү дээ. Амархан мөнгө олж байвал болно гэсэн ядмагхан сэтгэлгээгээр уран бүтээлдээ хандаад байдаг юмуу даа гэж бодогдож байгаа.  Энэ нь хүүхдүүд хараал хэлж, садар самуунд дурлах муу үлгэр дуурайлалыг л үзүүлж байгаа хэрэг. Урлагийнханд бас нийгмийн хариуцлага гэж байдаг. Тийм ч учраас манай хамтлагийнхан нийгмийн хариуцлагаа ухамсарлаж уран бүтээлээрээ мартагдах гэж буй өв соёлоо сэргээж, хүүхэд багачууддаа таниулж мэдүүлэх зорилготой ажиллаж байгаа.

-Таньтай санал нэг байна. Урлагийнхан нийгмийн хариуцлагаа л ухамсарламаар байгаа юм даа?
- 300 сая хэдийнэ давчихсан хүн амтай Америкийг даган дуурайж хараалыг хамаагүй урсгаад байж үнэндээ болохгүй л дээ. Авах гээхийн ухаанаар хандах л хэрэгтэй. Мөн уран бүтээл хийж байгаа хүмүүст нийгмийн хариуцлага гэдэг зүйл байх ёстой. Бүр заавал шүү. Тэрнээс биш хараал, садар самуун үг дуундаа оруулчихаад бусдаас онцгойрно гэдэг бол урлаг биш шүү. Урлагт насны хязгаар гэж байдаггүй. Бага балчир хүүхдээс эхлээд залуус, ахмадууд хүртэл сонсоно. Тэрнээс биш ойрын ашиг биш холын үр дүнг л харж уран бүтээл хийх ёстойг дахин дахин хэлмээр  санагддаг шүү.
Т.Энхбаатар: Урлагийнханд нийгмийн хариуцлага гэж байх ёстой

-Уран бүтээлд цензур байх ёстой санагддаг?
-Чоно хамтлаг байгуулагдаад 20 жил боллоо. Хүнээр бол юмыг ойлгож ухаарах, олон талаас нь харж дүгнэх хэмжээнд хүрсэн. Бид дөнгөж  18-20 настай залуучууд урлагт хөл тавьж, Харанга, Никитон, Хурд зэрэг хамтлагийн ах нараас үлгэр жишээ авч, тэдний хийж буй үйлдэл, ярьж буй яриаг нь даган дуурайдаг байсан. Тэдний зөв үлгэр дуурайлал биднийг зөв чиглүүлсэн гэж боддог. Тэр зөв хандлагаараа бид дараагийн үедээ мөн л зөвөөр үлгэрлэх ёстой. Өгсөөр ч байх болно. Иймээс л манай хамтлаг эргэн нэгдэхдээ “Бид яавал хүүхэд залуучуудад зөв хандлага төрүүлэх вэ?” гэдгийг нэн тэргүүнд бодсон. Одоогоос хэдэн жилийн өмнө “Харанга” хамтлаг “Амьдрал” тоглолтоо хийх гэж байхад тухайн үеийн соёлын хороо зэрэг байгууллагуудын бүх шалгуураар оруулдаг байсан. Ингэхдээ дууны үгийг хүртэл болно, болохгүй гэж шүүдэг байсан юм байна лээ. Энэ нь нэг ёсондоо хүүхэд залуучуудыг хааш нь уриалан, дуудах, хөтлөх гэж байна вэ гэдгээс урьдчилан сэргийлж байсан хэрэг юм байна л даа.
Одоо бол ямар ч хяналт, цензурь гэдэг зүйл байхгүй болчихлоо. Тэр соёлын хороо зэрэг байгууллага л өнөөдөр манай урлагт хэрэгтэй байна даа. Одоо бидний үеийн залуус л зөв хандлага, зөв үйлдэлийг харуулж, үлгэрлэн түүчээлэх хэрэгтэй.   Чоно хамтлаг 20 жил урлагтай холбогдсон. 20 жил бол багагүй урт хугацаа. Тиймээс бид урлагт үүссэн “гажуудал”-ыг засаж, залруулахын төлөө нэгдсэн гэж хэлж болно. Дуу хөгжим хүүхэд залуучуудад ямар ихээр нөлөөлдгийг мэдэрсэн уран бүтээлчдийнхээ хувьд урлагийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх, урлагийн соён гэгээрүүлэх үүргийг биелүүлэхийн төлөө нэгдэх ёстой. Тэрнээс биш өнөөдөр хэн нэгнийг шүүмжлэх, хэн нэгнийг доош хийх гэсэн санаа огтхон ч байхгүй юм шүү.

-Олны танил байх, жинхэнэ урлагийн хүн байх хоёрын зааг ялгаа таныхаар?
-Асар их ялгаатай. Урлагийн хүн гэдэг чинь аливаа юмыг урнаар сэтгэж, хийдэг хүнийг л хэлээд байгаа биз дээ. Бүтээлийг амилуулдаг, амьдруулдаг жинхэнэ уран бүтээлч хүн ковер дуу дуулсан, нэг тэмцээнд ороод гараад ирсэн хүнээс огт өөр. Хийсэн юмтай, хэлэх үгтэй, тодорхой цаг үед ард түмний хүндлэлийг хүлээж чадсан хүнийг уран бүтээлч гэж хэлэх болов уу гэж бодож байна.
Гадны дууг коверлож дуулах, хуучны дууг сэргээж дуулаад өөрийгөө дуучин, уран бүтээлч гэж өнгөцхөн бодох  хүмүүс мэр сэр бий…Эцсийн дүндээ жинхэнэ л уран бүтээл урт замыг туулж, үлддэг шүү дээ.
-Бидэнтэй шинэ уран бүтээл болох “Монгол” дууныхаа талаар, мөн урлагийн талаар ярилцаж, үзэл бодлоо хуваалцсан таньд их баярлалаа. Та бүхэнд уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

-Маш их баярлалаа. Та бүхний амжилт амжилт хүсье.

ТӨР.МН
С.Нандинцацрал

Viewing all 756 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>